Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-20
Дугаар 001/ХТ2020/00121
Хэргийн индекс 101/2016/07909/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч Э ХХК
Хариуцагч Н ХХК
Гуравдагч этгээд Д ХХК
Маргааны төрөл Ажил гүйцэтгэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/03392 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 659 дүгээр магадлалтай,

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Н” ХХК-д холбогдох,

“Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт 248 414 811 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

465 752 985 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч “Э” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Шинэ Яармаг орон сууцны цогцолбор хорооллын ерөнхий захиалагч “Н” ХХК болон ерөнхий гүйцэтгэгч “Д” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15/204 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан тухайн хорооллын гадна бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу нийт 715 541 986 төгрөгийн ажлыг гэрээний хавсралт VIII. “Гэрээт ажлын санхүүжилтийн график”-т зааснаар 2 үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож манай компани эхний ээлжийн санхүүжилтийн дагуу ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн.

Мөн үндсэн гэрээн дээр нэмэлт оруулж 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээний нэмэлт хавсралтаар А1-А4, L1-L2 барилгуудын “түр бохир усны шугамын ажлыг” гэрээний нэмэлт хавсралт-2-оор А1-А4, L1-L2 барилгуудын “түр  цэвэр усан хангамжийн шугам угсралтын ажлыг” 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрээний нэмэлт хавсралт-3-аар “түр бохир усны гүний худгийн өргөтгөлийн насос, халаалт, цахилгааны угсралтын ажлыг” тус тус гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Бид дээрх ажлын гүйцэтгэлийг тухай бүр дүгнэж хүлээлгэн өгч байсан ба 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хийгдсэн ажлуудыг багцлан “Н” ХХК-тай “тооцоо нийлсэн акт” үйлдэж холбогдох тооцоог гаргасан байдаг.

Тооцоо нийлсэн актын дагуу хийгдсэн ажлын гүйцэтгэлд 338 818 227 төгрөг төлөхийг тооцож, үүнээс 217 541 289 төгрөгийг шилжүүлснийг бартераар буюу баригдсан орон сууц, үйлчилгээний талбайн хэсгээс арилжин тооцож өгөх тооцоонд 33 881 823 төгрөгийг, баталгаанд 8 586 504 төгрөгийг суутган үлдэж, бэлнээр 78 808 611 төгрөгийн өглөг байгааг тооцож гаргасан. Ийнхүү тооцоо нийлсэн актыг гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл ямар ч төлбөрийн үүрэг гүйцэтгээгүй бөгөөд “Шинэ яармаг хаусинг прожект” ХХК-ийн зүгээс 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 01/072 тоотоор “Ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцлахыг мэдэгдсэн.

Манай компанийн зүгээс тус мэдэгдлийн хариуг гаргаж гэрээг үргэлжлүүлэхийг, мөн төлбөр тооцоог дуусгахыг хүссэн албан тоотыг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байх тул гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдлийг тооцоо нийлсэн актад зааснаар бартерын 33 881 823 төгрөг, бэлэн өглөг 78 808 611 төгрөг, нийт 112 690 434 төгрөгийг, гэрээний IV. “Гэрээний тусгай нөхцөл”-ийн 15-т зааснаар тооцоо нийлсэн акт үйлдсэн өдрөөс энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргах хүртэл хоногийн 0.1 хувийн 18 593 922 төгрөгийн алданги, нийт 131 284 356 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хэрэг шүүхэд хянагдах явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж: 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “тооцоо нийлсэн акт”-ын дагуу 112 917 275 төгрөг байсныг 165 609 874 төгрөг болгон, алданги 17 276 343 төгрөг байсныг 82 804 937 төгрөг болгон, нийт 248 414 811 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “Н” ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр тооцоо нийлсэн актын дагуу гэдэг. Акт үйлдсэнээс хойш манайхаас нэхэмжлэгч рүү мөнгө шилжүүлсэн. Хамгийн сүүлд буюу 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн акт дээр үлдэгдэл 72 230 191 төгрөг, бартер 33 125 682 төгрөг гэж байгаа. 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн актаас үүдэж анхны нэхэмжлэл гаргасан. 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг явуулж, мэдэгдэлд ажлын ур чадварын туршлага, мөн алдаа доголдол гарсан талаар дурдсан байгаа. Ажлын ур чадвар туршлага нь тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулахтай холбоотой. Тусгай зөвшөөрлийг авахын тулд Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангадаг. Хангахын тулд тухайн байгууллагад мэргэшсэн инженер 1 хүн, бакалаврын зэрэгтэй ажилтан 1 хүн байх ёстой. Мэргэшсэн инженер нь тухай үедээ захирал байсан н.Баатарчулуун /одоо нас барьсан/, бакалаврын зэрэгтэй хүн нь н.Баатархүү гэдэг хүн байсан. н.Баатархүү гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэрчийн мэдүүлэг дээр би барилгын талбай дээр инженер хийгээгүй гэсэн байдаг. Талбайн инженер хийж байсан хүн нь н.Жавхлантөгс гэдэг хүн байсан. Тэр хүн ямар мэргэжилтэй гэдэг нь тогтоогдоогүй. Мэргэжлийн хүн ажиллаагүй, гэрээ байгуулсан нөхцөл байдал өөрчлөгдсөн. Эдгээр байдлыг үндэслэл болгож гэрээ цуцлахаар талаар мэдэгдэж байсан. Гэрээнд заасан ажил гүйцэтгэх хугацаа нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл байсан. Хугацаандаа ажлаа хийгээгүй. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэх үед ажлын явц 80 хувьтай байсан. Ажил дуусаагүй тул ажлыг дуусга гэх акт үйлдээд тухайн үеийн инженер гарын үсэг зуруулсан. 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дахин акт үйлдэх үед бас л 80 хувьтай байсан. Ажил нэмж хийгээгүй. 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хоолой гэмтэлтэй гэдгийг мэдсэн. Барилгын хөгжлийн төвд мэдэгдсэн. Хоолой тэсвэрлэх чадваргүй гэдэг дүгнэлт өгсөн. Энэ дүгнэлтийн дагуу сөрөг нэхэмжлэл гаргасан. Ус сувгийн газраас хоолойнд хөрсний ус илэрсэн тул солих шаардлагатай гэсэн. Бид хоолойг ашиглах боломжгүй болж, солихоор шийдсэн. Нэхэмжлэгчийн хийсэн ажил нь ямар ч хариуцлагагүй, доголтой, ашиглах боломжгүй байдалтай байсан. Бид нэхэмжлэгчийн хийсэн гэх ажлыг нь сольсон. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч “Н” ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Н” ХХК, “Д” ХХК болон “Э” ХХК нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан “Шинэ яармаг орон сууцны цогцолбор хорооллын доторх гадна бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралт”-ын ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.15, 3.4.16 дах заалтад заасан үүрэг, Хавсралт 7-д зааснаар баталгаажуулсан “Гэрээт ажлын гүйцэтгэлийн нарийвчилсан график”-д заасан хугацаанд ажил гүйцэтгэх үүргээ “Э” ХХК нь зөрчсөн тул Иргэний хуулийн (цаашид “ИХ” гэх) 225 дугаар зүйлийн 255.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, ИХ-ийн 227 дүгээр зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, ИХ 227.3 “Үүрэг гүйцэтгэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлсэн бол гүйцэтгүүлэгчид зайлшгүй орон байсан орлогыг хохиролд тооцно.” гэж заасны дагуу Э ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс “Н” ХХК нь 171 100 000 төгрөгийн зардлыг гаргаж, нийт 278 655 391 /Хоёр зуун далан найман сая зургаан зуун тавин таван мянга гурван зуун ерэн нэгэн/ төгрөгийн алдагдалд орсон тул “Э” ХХК-иас 278 655 391 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна.

“Н” ХХК нь “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хорооллын доторх гадна бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажлыг “Э” ХХК-иар гүйцэтгэхээр “Э” ХХК болон “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хорооллын барилгын ажлын Ерөнхий гүйцэтгэгч “Д” ХХК-тай харилцан тохиролцож 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ (цаашид “Ажил гүйцэтгэх гэрээ” гэх)-г байгуулсан. Тус гэрээний дагуу 2 үе шаттай ажил гүйцэтгэх байсан бөгөөд эхний үе шатны ажлыг “Э” ХХК нь 80 хувийн гүйцэтгэлтэй гэж “Н” ХХК-нд ажил хүлээлгэж өгөх акт бусад бичиг баримтуудын хамт хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу 2015 онд буюу эхний үед хийгдэх ажилд 357 770 993 төгрөгийн санхүүжилт олгох байснаас “Э” ХХК-ийн ажлын гүйцэтгэлийг “Н” ХХК нь ажлын гүйцэтгэл дүгнэх аргачлалын дагуу дүгнээд 278 655 391 төгрөгийн санхүүжилтийг олгохоор тооцсон бөгөөд “Э” ХХК нь тус санхүүжилтийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Гэрээний дагуу бартерд 27 865 539 төгрөгийг, баталгаанд 8 359 662 төгрөгийг суутгаад нийт 171 100 000 төгрөгийг “Э” ХХК-ийн дансруу шилжүүлсэн байна.

“Э” ХХК-нд 278 655 391 /бартерд 27 865 539 төгрөгийг, баталгаанд 8 359 662 төгрөгийг суутгаад нийт 171 100 000 төгрөгийг дансруу нь шилжүүлсэн/ төгрөгийн санхүүжилтийг олгосон боловч ИХ-ийн 225 дүгээр зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-д заасны дагуу 278 655 391 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулан авахаар нэхэмжилж байна. Үүнд:

- “Э” ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргээ ажил гүйцэтгэлийн графикт хугацаанд биелүүлж, 100 хувь ажлаа дуусган хүлээлгэн өгөөгүй.

Ажил гүйцэтгэх гэрээний хавсралт 7 “Гэрээт ажлын гүйцэтгэлийн нарийвчилсан график”-ийн дагуу “Э” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд “Шинэ яармаг” хорооллын гадна бохир ус зайлуулах (газар доор, хөлдөлтийн гүнээс доош, хөрсний даралт даах үйлчлэх гүнд угсрагддаг инженерийн шугам сүлжээ)-г 100 хувь хийж гүйцэтгэн Захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Захиалагч буюу “Н” ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлтэй танилцахад гүйцэтгэл 80 хувьтай байна гэж үзсэн бөгөөд гүйцэтгэгчид гэрээнд заасан хугацаа өнгөрчихөөд байгааг анхааруулан ажлаа 100 хувь болгон хүлээлгэж өгөх нэмэлт хугацааг өгч байсан. Тус нэмэлт хугацааг тогтоож өгсөн актыг үйлдсэнээс хойш гүйцэтгэгч нь барилгын талбай дээр нэмж ажил хийгээгүй бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдөр гүйцэтгэгчтэй тооцоо нийлэхэд ажлын гүйцэтгэл хэвээр байсныг баталгаажуулсан байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд захиалагч нь гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх хугацааг сунгаж үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгөөд байхад гүйцэтгэгчээс ажлыг хийж дуусгаагүй нь уг гэрээг цааш үргэлжлүүлэн явуулах шаардлагагүй нөхцөл байдал үүссэн тул ИХ 225.1-д заасны дагуу Захиалагч нь гэрээнээс татгалзах эрхтэй болсон.

- Гүйцэтгэгч нь захиалагчтай зөвшилцөж тохиролцоогүй, чанар муу материал ашигласан.

Гэрээний 5-р хавсралт “Техникийн шаардлага” 2А1-д “Стандартууд нь Монгол улсад хүчин төгөлдөр буй барилгын норм, стандартын дагуу байх ба хэрэв тохирох стандарт байхгүй бол олон улсын норм, стандартыг Захиалагчтай зөвшилцсөний үндсэн дээр хэрэглэж болно.” “Барилгын ажлын зураг, гэрээний тусгай нөхцөлд заагдсан норм, стандартыг заавал мөрдөнө.” Гэрээний техникийн тусгай шаардлага 1с-д "Материалын сонголтыг захиалагч талд танилцуулж зөвшөөрөл авч гэрээг хийнэ. Зөвшөөрөлгүй материалаар угсралт хийхийг хориглоно” гэж заасны дагуу 2015 оны 09 дүгээр сард “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон төслийн менежер нар нь “Н” ХХК-нд гэрээний дагуу ашиглах хоолойгоо биетээр авчран танилцуулсан. Тус хоолой нь дотор тал болон гадаргуу нь хар өнгөтэй байсан бөгөөд энэ хоолойгоор “Э” ХХК нь “Асем Велла” хотхоныг барихад ашигласан сайн чанартай хоолой юм гэж Захиалагчид танилцуулсан байна. “Нью яармаг хаусинг прожекг” ХХК нь танилцуулсан хоолойгоор гэрээт ажлыг гүйцэтгэхээр болж тус хоолойн үнэ, тээврийн зардал зэргийг гүйцэтгэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр санхүүжилтийг олгосон.

“Н” ХХК 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр барилгын талбайгаас буюу газар доороос авсан гадна бохирын шугаманд ашигласан материалын дээжийг Барилга хөгжлийн төвийн барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 16001986 дугаартай сорилт шинжилгээний дүн гарсан. Тус шинжилгээнээс “...Н2804 хүхрийн хүчлийн 30 хувийн уусмалд дэвтээхэд жингийн хорогдол нь МNS ISO8772:2008 стандартын шаардлагын дагуу -0.2мг/см2 байх ёстой хэмжээнээс хэтэрч -0,33861мг/см2, хуванцар хоолой нь хурдан элэгдэж, цоорох эрсдэлтэй байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.

Мөн “Э” ХХК-ийн хэрэглэсэн тус хоолой нь анх захиалагчид танилцуулж, хэрэглэхээр харилцан тохирсон хоолойноос өөр буюу цэнхэр дотортой, хар гадартай хоолой байсан бөгөөд хөрсний даралт даах хэмжээ нь норм, стандартыг хангахгүйгээс цаашид ашиглах боломжгүй, хэв гажилтанд орж суулт үүсч, хөндлөн огтлолтод өөрчлөлт орсон, нэвтрүүлэх чадваргүй бөглөө таглаа үүсэхээр болсон байгаагаас шугам хоолойг нь улсын комисс хүлээн авахгүй, цаашид ашиглах боломжгүй байгууламж болсон. Тухайлбал 2016 оны 10 дугаар сарын 1-ны өдөр Ус сувгийн удирдах газраас “Э” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн тус шугам хоолойг сольж тавих шаардлагатай байгаа талаар албан шаардлага ирүүлээд байна.

“Э” ХХК нь хямд, чанар муу материал ашиглаж гэрээт ажлыг гүйцэтгэснээс болж одоо талбай дээр хоолойнд доголдол гарсан, УСУГ-аас акт тавьсан, улмаар улсын комисс хүлээн авах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул манай компани нь “Э”-ийн хийж гүйцэтгэсэн хоолойг сольж дахин шинээр өөр компаниар гүйцэтгүүлэх щаардлагатай болсон.

Иймд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Э” ХХК-нд олгосон санхүүжилтийг буцаан гаргуулах, “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хэрэг шүүхэд хянагдах явцад сөрөг нэхэмжлэлийг нэмэгдүүлсэн шаардлагдаа: “Н” ХХК, “Д” ХХК болон “Э” ХХК нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан тус гэрээний дагуу 80 хувийн ажлын гүйцэтгэлийг “Н” ХХК нь хүлээн авсан боловч “Э” ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд доголдол илэрч гадна шугам хоолоо тэр чигээр эвдэрч ашиглах боломжгүй болсон байсан. Тус хоолойг ухан гарган ирж, шинэ хоолой хийж засварлах шаардлага үүссэн ба тус хоолойг гуравдагч этгээдүүдээр гүйцэтгүүлсэн. “Лабо” ХХК нь “Н” ХХК-тай 2017.10.12-нд 17/107 дугаартай /Шинэ яармаг орон сууцны төслийн хорооллын доторх А1-А4 барилгын урд талын газар шорооны эргэн булалт, нягтруулалт, явган зам дэвсэх ажлыг хийж гүйцэтгэх/ гэрээг байгуулан ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгсөн бөгөөд гэрээний нийт дүн 17 860 370 төгрөг бөгөөд өнөөдрийн байдлаар “Н” ХХК нь 12 286 940 төгрөгийг өгөөд байна. Мөн “Гурван булаг сод” ХХК-тай 2017.09.19-нд /Шинэ яармаг орон сууц төслийн хорооллын доторх А1-А4 барилгын урд талын гадна бохир усны шугамын засварлах ажил/ гэрээний нийт дүн 47 000 000 төгрөг, 2017.06.22 -ны өдөр байгуулагдсан “Шинэ яармаг орон сууцны төслийн хорооллын доторх баруун талын гадна бохир усны шугамын засварлах ажил”-ын гэрээний дүн 76 000 127 төгрөг ба өнөөдрийн байдлаар 93 600 076 төгрөгийг “Лабо” ХХК-нд шилжүүлээд байна. “Э” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн хуванцар хоолойг ширмэн хоолой болгон сольж хийсэн бөгөөд тус хоолойг “Н” ХХК-нь өөрсдөө захиалж авчруулсан. Тус хоолойн төлбөрийг 2017.09.01-нд 24 607 688 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Дээрх гэрээнүүдийн төлбөрийн үлдэгдлийг “Н” ХХК нь төлөх нь тодорхой бөгөөд төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл болон ширмэн хоолойн худалдаж авсан хоолойн үнэ, “Лабо” ХХК-нд шилжүүлсэн 7 500 000 /дугуйн замын засварын зардал/ дүнгийн нийлбэр болох 63 689 969 төгрөгөөр нэмэгдүүлж байна. “Э” ХХК-нд төлсөн байсан 171 100 000 төгрөгийг буцаан авах сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээр хохирол гэж 59 286 940 /бохир ус зайлуулах зардал, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхэд төлсөн төлбөрийн нийлбэр/, 117 361 000 /байр захиалсан захиалагч нарын урьдчилгаа төлбөрийг буцаан шилжүүлэн төлбөр/, 54 315 076 /”Гурван булаг сод” ХХК-нд шилжүүлсэн төлбөр/ нийт 402 063 016 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага дээр 63 689 969 төгрөгийг нэмэгдүүлж, нийт 465 752 985 төгрөгийг “Э” ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК-иас сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Шугам хоолой гэмтэлтэй байсан гэдэг нотлох баримт байхгүй. Гэмтэл байгаад манайхаас хийгээд өгье гэж байхад өөр компаниар хийлгэсэн. Үүнээс ашиг сонирхлын зөрчил харагдаж байна. Тухайн үедээ хугацаа хэтэрсэн гэрээ цуцалсан гэдэг асуудлыг яриагүй байж одоо ярьж байна. Шинжээчийн дүгнэлт гарсан гэдгийг талууд хүлээн зөвшөөрч байна. Доороо суулт өгөөд бяцарсан гэдэг нь ойлгомжгүй байна. Дээрээс нь даралт өгөхөд бяцрах ёстой. Нэхэмжлэгч тал үлдсэн газар шорооны ажил буюу 10 хувийн ажлаа хийх саналыг тавьсан. Гэтэл өөрсдөө хийлгүүлээгүй. Хариуцагчийн зүгээс өнөөдөр ажлаа хийгээгүй гэж тайлбар гаргаж байгааг ойлгохгүй байна. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасан гэрээг задалж үзээд, үүний дагуу илэрсэн доголдлоо манайх засварлах байсан. Бохирын хоолойг хуванцараар хийхээр болж талууд хүлээн зөвшөөрсөн. 5 иргэний гэрээг цуцалсан гэж байна, гэрээ цуцлах нь талуудын хоорондын бүрэн эрх. Өөр зүйлээс болж цуцалсан байж болно. Одоо бол тухайн 5 орон сууцыг худалдан борлуулсан. Манай ажил хийж дууссаны дараа бохир усыг соруулсан. Ус сувгийн шинжээчийн дүгнэлтээр нотлогддог гэдэг гэжээ.

Гуравдагч этгээд “Д” ХХК-иас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд захиалагчийн хувьд оролцсон. Гэрээний үйл явцад оролцоогүй. Шүүх хуралдааны явцад ажил гүйцэтгэх гэрээний дагуу ямар үйл баримт явагдсан гэдгийг ойлгож байна. Сиди дээр буугдсан бичлэгээс харвал шугам хоолой хагарсан, цууралт өгсөн байсан. Зарим газарт дээрээсээ цөмрөлт өгсөн байна. Цөмрөлт нь дээрээсээ хурц үзүүртэй, чулуу цухуйсан байдалтай байсан. Зарим газраасаа суулт өгсөн гэх мэт байдлаас харвал хоолой механик үйлчлэлд орсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч үүнийг тайлбарлахдаа манай хоолой чанарын шаардлага ханган. Хариуцагч өөрсдөө хүнд даацын машин явуулснаар гэмтээсэн гэдэг. Хүнд даацын машин зогссоноор шугам хоолой дагуу явсан гэдэг зүйл бишээ. Магадгүй зогсож байгаа газрын доор шугамын хоолой байгаа гэдэг нь ч эргэлзээтэй. Үүнийг метрлэж баталгаажуулаагүй байна. 10 худгийн хооронд явуулсан камерын бичлэгээс харахад хоолой бол даац авахдаа муу гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс мэргэжлийн боловсон хүчин байхгүй учир гэрээг цуцалсан гэж байсан. Үүнийг нэг талаасаа үндэслэлтэй гэж үзэхээр байна. Захирлын дараа мэргэжлийн хүн ажиллаагүй талаар өмнөх хурал дээр тайлбарлаж байсан. Шугам хоолойг тавиад дээд талын газар болгосон байсан. Үүнийг дахин засварласан нь зайлшгүй гарах зардалд хамаарна. Бохир соруулах ажил нь хийгдэх ёстой зүйл. Бохирын шугам ашиглалтад ороогүйгээс болж захиалга буцахаас биш өөр шалтгаанаар захиалга буцах боломжгүй. Шугам хоолойны гэмтэлтэй байдлаас болж хохирол учрах нь үндэслэлтэй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/03392 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас 174 708 000 төгрөг гаргуулж хариуцагч “Н” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хариуцагч “Н” ХХК-иас 239 174 595 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь, хариуцагч “Н” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлээс 291 044 985 төгрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 1 563 432, хариуцагчийн төлсөн 3 119 019 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч “Э” ХХК-иас 1 031 490 төгрөг гаргуулж хариуцагч “Н” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 659 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/03392 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүнээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2 385 312 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ныю яармаг хаусинт прожект” ХХК-нд холбогдох иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 659 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2.1-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхийн магадлалын хянавал хэсэгт “... Талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хорооллын доторх гадна бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлд зааснаар гүйцэтгэх ажлын баталгаат хугацааг талууд 3 жил гэж тохиролцсон байх ба нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил биет байдлын доголдолтой бол Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т зааснаар доголдлыг арилгуулахаар захиалагч шаардах эрхтэй, гүйцэтгэгч өөрийн зардлаар ажлын үр дүнгийн доголдлыг арилгах санал гаргасан боловч ажлыг шинээр гүйцэтгэх эсхүл өөрийн зардлаар доголдлыг хэрхэн арилгахаар талууд тохиролцсон баримт хэрэгт авагдаагүй” гэжээ. Шүүх тус дүгнэлтийг хийхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн эсэх талаар дүгнэлтийг өгөөгүй байдаг бөгөөд нэхэмжлэгч бол ажлыг захиалагчид 100 хувь гүйцэтгэн хүлээлгэн өгсөн гэж үзэж гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн байдаг. Гэтэл бодит байдалд нэхэмжлэгч тал ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгсөн акт байхгүй, хавтаст хэрэгт авагдаагүй байдаг.

Мөн 2015 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Барилгын тухай хууль (2008.02.05)-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6- д зааснаар “барилгын чанарын баталгаат хугацаа” гэж барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас хойш түүний чанар, аюулгүй байдлыг барилгын гүйцэтгэгч хариуцах хугацааг ойлгохоор заасан бөгөөд мөн хуулийн 3.1,4-т “барилга байгууламж” гэж барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж магадлал хийгдсэн зураг төслөөр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн барьсан орон сууц, олон нийт, иргэн болон үйлдвэрийн барилга, эрчим хүч, холбоо, зам гүүр, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж, инженерийн шугам сүлжээг ойлгох бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гадна бохир ус зайлуулах шугам сүлжээ нь барилга байгууламж гэж ойлгохоор байна. Нэхэмжлэгч тал Барилгын тухай хуульд зааснаар ажлын үр дүнг ашиглалтанд хүлээлгэж өгснөөс хойш баталгаат хугацаа болох 3 жилийн хугацааг тоолох тухай зохицуулсан. Гэтэл шүүх 80 хувийн гүйцэтгэлийг захиалагчийн ашиглалтанд хүлээлгэн өгсөн гэж шууд дүгнэж Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-ийг баримталж нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна гэж үзэн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Гүйцэтгэгч талын хийсэн ажил бүхэлдээ доголдолтой тухай магадлалын хянавал хэсэгт “...харин нэхэмжлэгчийн 80 хувийн гүйцэтгэлтэй ажлын хэдэн хувь нь доголдолтой байсан, тухайн доголдлыг захиалагч өөрийн зардлаар, бусдаар гүйцэтгүүлсэн хэмжээ тодорхойгүй байхаас гадна гэрээ цуцалсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажилд тохирох хөлсийг төлөхөөс захиалагч бүрэн хэмжээгээр татгалзах үндэслэлгүй гэж үзнэ” гэжээ. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил нь доголдолтой болохыг захиалагч тал хариуцагч болсон хойно мэдсэн бөгөөд тус гарсан доголдол нь гадна бохир шугам хоолойг зориулалтын дагуу ашиглахад саад болох эсэх талаар талуудын хүсэлтээр томилогдсон шинжээч нарын дүгнэлт, гэрчийн тайлбар, мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон.

Харин шүүх гүйцэтгэгч талын хийсэн ажлын гүйцэтгэлийн доголдлыг хувьчилж үзэх талаар магадлалд тусгасан боловч нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу хийсэн ажлаа 100 хувь гүйцэтгэсэн гэж үзэж төлбөрийг нэхэмжилсэнд дүгнэлт хийлгүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын өмнөөс гэрээнд заагаагүй хэлбэрээр хийсэн ажлыг нь хэсэгчлэн хуваах гэж нотлох баримтыг шаардсан нь ойлгомжгүй үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр Барилгын тухай хуульд зааснаар гадна бохир ус зайлуулах шугам хоолойн ажил нь нэг бүхэл байгууламжийн ажил бөгөөд үүнийг хэсэгчлэн салгах боломжгүй талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч тал байгууламжийг барьж ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан болохоос байгууламжийн хэсэгчлэн гүйцэтгэх үүрэг хүлээгээгүй бөгөөд захиалагч тал доголдлоос үүдэлтэйгээр гэрээ болон Иргэний хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг.

Сиди-нд бичигдсэн бичлэг нотлох баримт болох тухай магадлалын хянавал хэсэгт “...хариуцагч талаас шүүхэд гаргасан дүрс бичлэгт /Сиди/ шүүх хуралдааны явцад үзлэг хийсэн байх ба энэ бичлэгт байгаа мэдээллийг шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй гэж үзэхээр байна. Учир нь дээрх бичлэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан “хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтат мэдээлэл” гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй юм” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу талууд өөрсдийн татгалзлыг нотлох баримтыг гарган өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч тал Ус суваг удирдах газарт хүсэлт гаргасны дагуу шугам хоолойгоор зориулалтын камер явуулдаг төлбөртэй үйлчилгээг авч тус \Сиди\-г нотлох баримтаар шүүхэд өгсөн байдаг. Анхан шатны шүүх тус Сиди-нд үзлэг хийж тэмдэглэл үйлдэн үнэлсэн бөгөөд тус бичлэг нь маргааны зүйл болсон шугам хоолой доголдолтой гэдгийг бодитоор нотолсон ганц баримт гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-т заасны дагуу давж заалдах шатны шүүх магадлал гаргах бөгөөд магадлалын хянавал хэсэгт “анхан шатны шүүх “захиалагч буюу хариуцагч нь гэрээ цуцлах талаар гэрээнд заасан журмыг хэрэгжүүлсэн эсэхэд нэхэмжлэгч маргаж байх ба захиалагч гэрээг цуцлах үндэслэлээ Н.Баатарчулуун захирал М.Бямбажав ерөнхий менежер Н.Пүрэвдорж инженер нар гүйцэтгэгч компанид цаашид ажиллах боломжгүй болсон...” гэсэн нь хууль болон гэрээнд нийцсэн эсэхийг шүүх дүгнээгүй байна” гэсэн нь давж заалдах шатны шүүх өөрөө дүгнэлт хийж Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжтой байх атал заавал хэргийг хэрэгсэхгүй болгож буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Н” ХХК-д холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт 248 414 811 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ажлыг доголдолтой гүйцэтгэснээс учирсан хохиролд 465 752 985 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 174 708 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг, үндсэн нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо: “...нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчиж, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй...” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 118 дугаар зүйлийн 118.4., 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар зохигч 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч “Э” ХХК Шинэ яармаг хорооллын доторх гадна бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажлыг Монгол Улсын хууль тогтоомж, барилгын норм ба дүрэмд заасан шаардлагад нийцүүлэн гэрээгээр тохирсон хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэх, захиалагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Гэрээний дагуу гүйцэтгэгч үндсэн гэрээний ажлын 80%-ийг гүйцэтгэж, мөн нэмэлт гэрээний дагуу А1-А4, L1-L2 барилгуудын түр бохир усны шугамын ажил, түр цэвэр усан хангамжийн шугам угсралтын ажил, түр бохир усны гүнийн худгийн өргөтгөлийн насос, халаалт, цахилгаан угсралтын ажлыг тус тус гүйцэтгэн, хүлээлгэн өгч, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хийгдсэн ажлуудыг багцлан Тооцоо нийлсэн акт үйлджээ.

Тус актаар гүйцэтгэгч нь үндсэн гэрээний ажлаас 80%, нэмэлт, хавсралт гэрээний ажлыг тус бүр 100% гүйцэтгэсэн, нийт 410 372 426 төгрөгийн ажил гүйцэтгэснээс 217 541 289 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл бэлнээр 78 808 611 төгрөг, бартераар 33 881 823 төгрөгийн өглөгтэй, баталгаанд 8 586 504 төгрөгийг суутган үлдээсэн болохыг тогтоосон байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК дээрх Тооцоо нийлсэн актыг үндэслэн гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлсийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2. дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Харин хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх явцад нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой болох нь гуравдагч этгээдийн шаардлагаар тогтоогдсон үндэслэлээр хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх үүргээ хангалттай биелүүлээгүй, гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил бүхэлдээ доголдолтой гэж үзсэн нь учир дутагдалтай, тухайлбал хариуцагч нь шугам хоолойг холбосон худгийг ашигласаар байхад энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 659 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 031 490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД