Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-03-05
Дугаар 001/ХТ2020/00126
Хэргийн индекс 104/2019/00006/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч С.Б
Хариуцагч М
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

С.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 104/ШШ2019/00067 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 718 дугаар магадлалтай,

С.Бгийн нэхэмжлэлтэй,

Мд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч С.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Налайх дүүргийн Мд гагнуурын багшаар олон жил ажилласан. 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр манай эхнэр өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн. Би тухайн үед өдрийн цагаар ажилдаа яваад, оройн цагаар эхнэрийгээ сахиж хонодог байсан. 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр би ажлаа тараад эмнэлэг дээр очиход Танай эхнэрийн бие тун тааруу байна. Иймд Гялс төв дээр очиж өнгөт зураг авахуулах шаардлагатай байна гэж хэлсэн. Би 2018 оны 09 сарын 25-ны өглөө эхнэртэйгээ хамт сургууль дээрээ очиж удирдлагаас чөлөө авах гэхэд байхгүй байсан. Тухайн цаг хугацаанд миний хувьд цаг хугацаа давчуу байсан тул сургуулийн захиргаанд албан ёсоор бичгээр өргөдөл гаргах боломжгүй болсон. Харин намайг сургууль дээр ирэхэд Дүгэрмаа багш байсан болохоор Манай эхнэрийн бие тааруу байна. Улаанбаатар хотод яаралтай зураг авахуулах шаардлагатай байна. Та сургуулийн захиргаанд хэлээд өгөөрэй гэж хэлээд явсан. Би явахдаа Дүгэрмаа багшаас тэнхимийн эрхлэгч Б.Алтансарнайгийн дугаарыг авч яваад замдаа залгахад утас нь холбогдохгүй байсан. Харин Гялс төв дээр очоод сургуулийн захирал Ц.Сонгуулийн утас руу залгаж Манай эхнэрийн бие өвдөөд Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлээд явж байна. Та надад 3, 4 хоногийн чөлөө өгөөч гэж чөлөө авахад Ойлголоо гээд утасаа салгасан. Намайг эхнэрээ сахиад эмнэлэгт байж байтал 2018 оны 09 дүгээр сарын 26-ны орой Б.Алтансарнай залгаад Та маргааш ирэх шаардлагатай байна гэсэн. 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө ажилдаа ирээд хичээлийнхээ бэлтгэлийг хангаад өрөөндөө сууж байхад намайг захирлын өрөөнд дуудсан. Намайг захирлын өрөөнд очиход тус сургуулийн захирал Ц.Сонгууль, сургалтын албаны дарга С.Мөнхбат, сургалтын албаны арга зүйч Б.Алтансарнай, хүний нөөц Б.Даваадалай, нягтлан Г.Ганцэцэг, аж ахуйн дарга Ж.Мөнхбат нар цугларсан байсан. Тэгээд намайг ороход таныг халах тухай асуудлыг ярилцах болно гэсэн. Мөн Энэ хүнийг захиргааны чөлөө, зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан гэж үзэж ажлаас халах нь зүйтэй гэхэд бүх ажилчид дэмжсэн. Түүний дараагаар Ц.Сонгууль захирал надад та дараа, дараагийн ажилдаа ороход хүндрэлтэй учир өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан нь танд ашигтай мэтээр ярьж надад тайлбарласан. Тухайн үед эхнэрийнхээ болон өөрийн биеийн эрүүл мэндээс болоод сэтгэл санаа тааруу байсан болохоор ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр хүсэлтээ бичиж өгсөн. Би ажлаасаа тараад гэртээ очоод эхнэртээ ажлаасаа халагдсан тухайгаа хэлээгүй. Харин эхнэрийнхээ биеийг гайгүй болохоор нь ажлаас халагдсан тухай хэлсэн. Гэтэл миний хувьд ажлаас халагдах сонирхолгүй байсан болохоор өөрийнхөө хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа нотлох баримт, тайлбарыг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө сургуулийн захиргаанд өгөхөд 2018 оны 09 сарын 27-ны өдөр тушаал гарчихсан учир таны баримтыг хүлээж авах боломжгүй гэсэн. Миний хувьд өөрийн хүсэлтээр ажлаас гарсан мэтээр тайлбарлаж тушаал гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Тухайн үед өөрийгөө эмчлүүлэх, эхнэртээ анхаарал халамж тавих үүднээс эмнэлэгээр явж байсан. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зэрэг үйл явдлаас болж миний бие нэхэмжлэл гаргах хугацаандаа багтаан шүүхэд нэхэмжлэл гаргаж амжаагүй. Хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой хүсэлт, баримтаа хэрэгт хавсаргасан. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Сонгууль шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б нь тус сургуульд 2009 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн барилгын сантехник мэргэжлийн дадлагажигч багшаар ажилд орж 9 дэх жилдээ гагнуурын багшаар ажиллаж байна. Манай байгууллага нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. С.Б нь ажиллаж байсан хугацаандаа нийт 5 удаа арга хэмжээ авагдаж байсан. Намайг энэ сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаанд 2018 оны 02 дугаар сард нийт 3 өдөр захиргааны зөвшөөрөлгүйгээр ажлаа тасалсан. Үүнийг нь хувь хүнийхээ үүднээс С.Бгийн ажилласан жил, нас, гэр бүлийнх нь байдлыг харгалзан үзэж сахилгын шийтгэл оногдуулж байсан. Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгч тэр үед архи ууснаас болж ажилдаа ирээгүйгээс гадна ажлын байран дээр согтуу ирсэн. Гэтэл өөрийнхөө архи уугаагүй гэж ажилчидтай маргасан учраас Цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулахад 1.64 хувийн согтолттой гарсан. Түүний дараагаар 2018 оны 03 дугаар сард над руу залгаж 3 өдрийн чөлөө авъя гэхэд нь Та өөрийн биеэр ирж чөлөө зөвшөөрлөө сургалтын менежер Б.Алтансарнайгаас авах хэрэгтэй. Надаас утсаар чөлөө авахгүй шүү гэж хэлсэн. С.Б чөлөө зөвшөөрөлгүйгээр 3 хоног ажил тасалсан тул 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулж байсан. 2018 оны 09 дүгээр сард мөн адил чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалсан учраас энэ асуудлаар захирлын дэргэдэх зөвлөлийн ээлжит бус хуралдааныг хуралдуулахаар болсон. Ингээд захирлын дэргэдэх зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар С.Бг ажлаас халах нь зүйтэй гэж үзсэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1.-д заасны дагуу ажлаас халах тушаалыг гаргасан. Өмнө нь нэхэмжлэгч ажиллаж байх хугацаанд Солонгос улс руу яваад архи уухаа болиод ирсэн байсан. Бидний зүгээс С.Бг архи уухаа больсон байна гэж их талархаж байсан. Гэтэл өнгөрсөн 2019 оны 09 дүгээр сард дахин архи ууж, ажлаа тасалсан. Нэхэмжлэгч өмнө нь эхнэртэйгээ хамт ирж уулзаж байсан. Нэхэмжлэгчийн эхнэр нь манай ажил дээр ирээд Энэ хүний архи уух асуудлыг зогсооно. ОХУ-д руу явж кодлуулна. Та манай нөхрийг харж үзээч, манай гэр бүлийг тэжээдэг ганц хүн юм гэж надад хэлж байсан. С.Бтэй манай сургалтын менежер болон миний бие олон удаа албан журмаар ч төдийгүй, хувь хүнийхээ үүднээс ч архи хэтрүүлэн хэрэглэж байгаа талаар нь олон удаа захиж, ярилцаж байсан. С.Б өмнө нь захиргааны шийтгэл авахдаа “Би дахин шийтгэл авах үйлдэл гаргавал ажлаас халагдахад татгалзах зүйлгүй” гэсэн амлалтыг хүртэл өгч байсан. Гэтэл бидний итгэлийг алдсан тул ажлаас халахаас өөр аргагүй болсон. Хэдийгээр би нэхэмжлэгчийг шууд ажлаас халах байсан ч энэ хүний тэтгэвэрт гарах нас, жилийг нь харгалзан үзээд өөрийнхөө хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэх нь зүйтэй гэж үзсэн. Нэхэмжлэгч нь гурван өдөр ажил тасалчихаад ирэхдээ согтуу ажлын байран дээр ирсэн. Миний хувьд уг тушаалыг хуульд заасан журмын дагуу гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 104/ШШ2019/00067 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 129 дүгээр зүйлийн 129.2.-д зааснаар Шарнууд Содномын Бат-Өлзийгийн нэхэмжлэлтэй Налайх дүүрэг дэх Мд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 718 дугаар магадлалаар: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 104/ШШ2019/00067 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Миний бие С.Б нь Налайх дүүргийн МСҮТ-д гагнуурын багшаар олон жил ажилласан. Гэтэл 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр миний эхнэрийн бие гэнэт муудаж эмнэлгийн тусламж дэмжлэг авах шаардлагатай болсон. Иймд сургуулийн захиргаанд албан ёсоор бичгээр өргөдөл гаргах боломжгүй байсан тул сургалтын менежер Б.Алтансарнайгийн утас луу залгахад тухайн үед утсаа аваагүй, утсаа авахгүй байсан тул 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө нь эхнэрээ эмчлүүлж, хотод “Гялс" төвд бүх төрлийн зургийг нь авахуулж байхдаа сургуулийн захирал н.Сонгууль  утас луу залгаж чөлөөгөө авсан. Гэвч маргааш өглөө нь сургалтын менежер миний утас луу залгаад албан ёсоор бичгээр чөлөө аваагүй тул таныг ажлаас халах гэж байна. Сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар оруулж шийднэ гэж хэлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө миний бие сургууль дээр очтол сургуулийн захирлын зөвлөл хуралдаад бүх гишүүдийн зүгээс намайг ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэдэг санал дээр санал нэгдсэн. Сургуулийн захирал, сургалтын менежер нар ажлаас өөрийн саналаар гарч байгаа бичиг хийж өг гэж шаардсан. Тухайн үед санаа сэтгэл тогтворгүй байсан төдийгүй бие тааруу байсан тул тус бичгийг нь шахалт, дарамтын үүднээс бичиж өгсөн. Уг бичгийг үйлдэхдээ тайлбар болгож ямар шалтгааны улмаас уг бичгийг хийж өгч буйгаа илэрхийлсэн тайлбарыг мөн хавсаргасан. Үүний дараагаар 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр сургуулийн захиргаанд учир явдлаа тайлбарласан тайлбарыг бичиж өгсөн үйл явдал болсон. Миний бие 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн тушаалаар намайг хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1-г барьж ажлаас чөлөөлсөн байдаг. Миний бие 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ажлаас халагдсан тушаалаа авсан. Гэтэл шүүх шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129,2-т зааснаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт хавтаст хэрэгт авагдсан эмчлүүлэгч миний картан дээрх баримтын он сар өдрөөр шүүсний үндсэн дээр 2017 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн баримт, он нь мэдэгдэхгүй 10 дугаар сарын баримтуудыг хавтаст хэрэгт өгөгдсөн гэж үзэж 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд гомдол гаргах эрхтэй байсан гэж дүгнэж. Дээрх дүгнэлттэй миний бие санал нийлэхгүй байна. Учир нь миний бие 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс миний хавирга хэсгээр өвдөөд байсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үзлэгээр хавирга хугарсан тухай онош тавьсан. Мөн 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн үзлэгээр зайлшгүй зүрхний бичлэг хийх ёстой, цуллаг эрхтнүүдээ зайлшгүй рентгенд харуулах ёстой болохыг эмч надад хэлсэн. Иймд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн эмчийн үзлэгээр ходоодны энгийн зэрэглэлийн хорт хавдартай болох нь тогтоогдсон. Иймд эмчилгээ хийлгэх, эмчийн хяналтанд зайлшгүй орох шаардлагатай болсон. 2018 оны 10 дугаар сарын 01-ээс  авхуулан  байнгын  эмчийн хяналтанд орж үзүүлж эмчилгээний эм тариа авч явсан. Мөн 2018 оны 11 дүгээр сард уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлага гарсан. Өөрийн эрүүл мэндээ бодохоос гадна өөрийн эхнэртээ эмчилгээний эм тариа авах, эмчилгээнд хамруулах зэрэг гэр бүлийн асуудал ихээхэн байсан тул шүүхэд хандах боломж олдоогүй. Миний бие муу байсан төдийгүй 2018 оны 12 сар гарснаар илүү дээрдсэний учраас миний бие шүүхэд гомдол гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс гомдол гаргах  хугацаагаа хэтрүүлсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байдлаар дүгнэсэн гэж үзэж давж заалдах шатны шүүхэд хандсан.

Давж заалдах шатны шүүхээс 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар 7/8 бүхий магадлалаар дээрх  Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 104/ШШ2019/00067 бүхий шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай гэж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт ямар төрлийн баримтыг үндэслэсэн эсэх эдгээр баримтууд нь чухамдаа ямар төрлийн үйл явдлыг нотолж байгаа эсэхийг тайлбарлаагүй бөгөөд, шүүхийн шийдвэрийг хуулийг буруу хэрэглэсэн эсэхийг дүгнээгүй нь чухамдаа давж заалдах шатны шүүх үнэн зөв шийдвэр гаргасан эсэхэд эргэлзээ төрөхүйц байна.

Өөрийн гаргаж өгсөн нотлох баримтын хугацааг тоолбол 2018 оны10 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд эмчилгээнд хамрагдаж байсан тухай баримтыг хүлээлгэн, гаргаж өгсөн. Эдгээр баримтууд нь бодит амьдрал дээр хоногийн тоолоод үзвэл нийтдээ /гомдол гаргах хугацаа өнгөрөөснөөр тооцвол/ 28 хоног л өнгөрсөн байгаа юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй бөгөөд хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байдал хөндөгдөөгүй байхад шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх нэгд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэсэн.

Хоёрт шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журам зөрчсөн байдлаар хэргийг шүүн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Эцэст нь анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх миний гомдлыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байдлаар шийдвэрлэсэн байдаг нь нотлох баримт, хүндэтгэн үзэх шалтгааныг маань зөвөөр ойлгоогүй дүгнэсэн. Мөн тайлбарласаар атал хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч С.Б Налайх дүүргийн Мд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг үндэслэлгүй хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар С.Б нь Налайх дүүргийн Мд гагнуурын багшаар ажиллаж байсан, Төвийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/64 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1.-д заасан үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.

Дээрх тушаалыг ажилтан 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гардаж авсан талаар зохигч маргаагүй, нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж зохицуулжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах сүүлийн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарыг 01-ний өдрийн эмчийн үзлэгээр нойр булчирхайн хорт хавдартай, тэр нь удаан хугацаанд эмчлээгүйгээс хүндэрсэн болох нь тогтоогдсон тул энэ өдрөөс байнгын эмчийн хяналтад орж, үзүүлж эм тариа авсан, 2018 оны 11 дүгээр сард уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, өөрийн эрүүл мэндээ бодохоос гадна эхнэртээ эмчилгээний эм тариа авах, эмчилгээнд хамруулах зэрэг асуудал их байсан, 12 дугаар сар гарсаар эрүүл мэндийн байдал илүү дээрдсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхээр хүсэлт гаргаж, холбогдох баримтыг хавсаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болох тул нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх учиртай.

Нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтээ нотолж өгсөн баримтаар 2018 оны 10 дугаар сарыг 31, 11 дүгээр сарын 06, 07, 16-ны өдрүүдэд эмчид үзүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 09-нөөс 14-ний хооронд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, түүний эхнэр Л.Саранчимэг 2018 оны 09 дүгээр сарын 19-нөөс 28-нд эмнэлэгт хэвтэж  эмчлүүлсэн нь тус тус нотлогдсон байна.

Нэхэмжлэгчийн эмнэлгээс гарсан 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тооцох баримтгүй тул энэ хугацаанаас хойш хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан гэж үзнэ.

Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40. 2.-т заасан журмыг зөрчөөгүй, Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянахдаа зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Харин давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгт нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргасан хугацааг “2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр” гэж алдаатай бичсэн байх ба дээрх техникийн алдаа нь магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр шатны шүүх шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна. 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч “М”-ийн нэрийг “М” гэж буруу бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 104/ШШ2019/00067 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 718 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД