Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-01-28
Дугаар 001/ХТ2020/00040
Хэргийн индекс 102/2018/04190/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч “ЕШИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Н.Б, М.С- нарт
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

“ЕШИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/00362 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 585 дугаар магадлалтай

“ЕШИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Н.Б, М.С- нарт холбогдох,

“Зээлийн гэрээ”-ний үүрэгт 16 230 408 төгрөгийг гаргуулахаар, зээлдэгч нь зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Н.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Б-, Б.С-нар нь 2017 оны 02-р сарын 10-ны өдөр манай компанитай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан сарын 3.5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, Баянгол дүүргийн 9-р хороо, Горькийн 27-р гудамж, 1151А тоот хаягт байрлах, 72 м.кв талбайтай хувийн сууц, газрын хамт барьцаалж 15 000 000 төгрөг зээлсэн. Хариуцагч нар нь үндсэн зээл 15 000 000 төгрөгөөс 2 403 738 төгрөг төлж, үлдэгдэл 12 596 262 төгрөгийг төлөөгүй. Хүүгийн төлбөрөөс 7 369 797 төгрөгийг төлж, 3 337 588 төгрөгийг төлөөгүй, нэмэгдүүлсэн хүүд 296 558 төгрөгийн үлдэгдэлтэй, нийт 16 230 408 төгрөгийг Н.Б-, Б.С-нараас гаргуулж өгнө үү.

Мөн хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Н.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар зээл авсан талаар маргадаггүй. Н.Б-зээл аваад тодорхой хэмжээний төлбөр төлсөн боловч биеийн эрүүл мэнд нь муудаж хагалгаанд орсон, хүнд өвчтэй байгаа учраас зээлээ төлж чадаагүй өнөөдрийг хүрсэн байдаг. Зээлээ төлнө гэдэг боловч эмнэлэгт хэвтэрт байна, холбогдох эмнэлгийн магадлагаа зэргийг шүүхэд өгсөн. Хариуцагчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшилсон. Энэ хугацаанд 1 078 169 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй боловч хариуцагчид хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэдгийг шүүх анхаарч, нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардсан байх ба энэ нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага уу, эсвэл үндсэн шаардлагын хамт шийдвэрлүүлэх асуудал эсэх нь тодорхойгүй байна гэв.

Хариуцагч Б.С-шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Есөн шижир ББСБ” ХХК-иас зээл аваагүй. Н.Б-ахын зээл дээр хамтрагчаар гарын үсэг зурсан нь үнэн. Үүнийг Н.Б-ах өөрөө мэдэж байгаа. Би мөнгийг хүлээж аваагүй, хэрэглээгүй тул хариуцлага хүлээх боломжгүй. Шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/00362 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 227-р зүйлийн 227.1 дэх хэсэг, 451-р зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Б-, Б.С-нараас 15 152 239 /арван таван сая нэг зуун тавин хоёр мянга хоёр зуун гучин ес/ төгрөг гаргуулж “Есөн шижир инвест банк бус санхүүгийн байгууллага” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 1 078 169 /нэг сая далан найман мянга нэг зуун жаран ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Н.Б-, Б.С-нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2205065106 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 9-р хороо, Горькийн 27-1152А тоот хувийн сууц, Г-2205005968 дугаарт бүртгэгдсэн 593 м.кв газрыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334 342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-, Б.С-нараас 303 912 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 585 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/00362 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Б-, Б.С-нараас зээлийн төлбөрт нийт 14 235 981 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Есөн шижир инвест банк бус санхүүгийн байгууллага” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 1 994 427 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хариуцагч Н.Б-, Б.С-нараас 303 912 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэснийг хариуцагч Н.Б-, Б.С-нараас 299 330 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ЕШИ ББСБ” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Б-давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 30-ны өдрийн182/ШШ2019/00362 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хариуцагч талаас доорх үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Н.Б-нь 2017 оны 02 сарын 10-ны өдөр “Есөн шижир ББСБ” ХХК-тай зээлийн гэрээг байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээний хавсралт-1 зээл төлөх хуваарийг баталсан байдаг.

Уг хуваариас харахад 15 сая төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрт нийт 7 526 702,36 төгрөгийг төлөхөөр харагдаж байгаа бөгөөд хариуцагчийн хувьд гэрээний хугацаанд 7 369 797 төгрөгийн хүүг нэхэмжлэгч талд төлсөн байдаг.

“ЕШИ ББСБ” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндсэн хүү 9 765 254 төгрөг төлөхөөс хүүгийн төлбөр 2 395 458 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжлэл гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээс 916 258 төгрөгийг хасч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

Учир нь гэрээний хавсралт-1 заасан хүүгийн төлбөрөөс 2 395 458 төгрөгийг илүү нэхэмжилсэн гэж үзэж байгаа тул 2 395 458 төгрөгийн үлдэх хэсэг болох 1 479 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох тухай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Н.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

“ЕШИ ББСБ” ХХК нь Н.Б, М.С- нарт холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 16 230 408 төгрөгийг гаргуулахаар, зээлдэгч нь зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.С-эс зөвшөөрч, хариуцагч Н.Б-хүүгийн хэмжээг багасгахыг хүсчээ.

Анхан шатны шүүх хариуцагч нараас 15 152  239 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний талаар нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн төлбөрт 14 235 981 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Зохигч 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ЗГ0600170053 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, зээлдэгч Н.Б, М.С- нар нь 15 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.5%-ийн хүүтэй “ЕШИ ББСБ” ХХК-иас зээлж, гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүргийн 9 хороо, Горькийн 27 дугаар гудамж, 1151а тоот хаягт байрлах 72 м.кв талбайтай хувийн сууцыг, 593 м.кв газрын хамт барьцаалж, “Барьцааны гэрээ” байгуулсан байна.

Зээлдэгч гэрээний хугацаанд үндсэн зээлээс 2 403 738 төгрөгийг, хүүнд 7 369 797 төгрөгийг тус тус төлсөн, зээл төлөх графикт хугацааг 249 хоногоор, зээлийн хүү төлөх хугацааг 159 хоногоор хэтрүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Гэрээний талаар зохигч маргаагүй, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хариуцагч М.С-зээлийн мөнгийг гардаж аваагүй ч гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож, гарын үсэг зурсан тул түүнийг хамтран хариуцагч гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол нэхэмжилсэн гэж анхан шатны шүүх буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс хуулийн зүйлчлэлийг зөвтгөж, өөрчилсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2.-т нийцсэн байна.

Гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй бөгөөд хариуцагч үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь төлөөгүйгээс зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн тул графикт заасан зээлийн хүүг төлнө гэх үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулахыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Н.Б-ын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 585 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Н.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР  

                           ШҮҮГЧ                                                    Х.ЭРДЭНЭСУВД