Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-25
Дугаар 001/ХТ2019/01007
Хэргийн индекс 181/2018/01627/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Ч.А
Хариуцагч “Т Х Б” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Ч.Аы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/02466 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 325 дугаар магадлалтай,

Ч.Аы нэхэмжлэлтэй

“Т Х Б” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 64 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т Х Б” ХХК-тай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсны дагуу маргаан бүхий хэргүүдэд өмгөөлөгчөөр оролцон эрх ашгийг нь хамгаалсан. Улмаар ажлын хөлсөнд 70 000 000 төгрөг авах авах нөхцөл байдал бүрдсэн бөгөөд хэрэг маргаан нь эцэслэн шийдвэрлэгдээд дууссан юм. Үүний дараа шинэ нөхцөл байдал үүссэн учраас 70 000 000 төгрөгийн гэрээний 1 дэх заалтыг хэрэгжүүлэх шаардлагагүй болсон. Учир нь намайг байхгүй үед гурвалсан гэрээний хэрэгжилтийг хангуулахаар Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гаргаж, Таван толгой транс ХХК-д хувьцаа худалдахыг барьцаалагчийн хувьд зөвшөөрсөн шийдвэр гарч, Таван толгой транс ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Эвлэрлийн гэрээ байгуулж, хувьцаагаа шилжүүлсэн байдаг. Ингээд нэгтгэж хийсэн 70 000 000 төгрөгийн гэрээг салгаад тус тусад нь болгоё гэсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Энхтайван нь хувьцаа эзэмшигчдийн тогтоол гарч байгааг надад үзүүлсэн ба үүний дагуу Инфрастракчер ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол банкны ерөнхийлөгчид холбогдох 2 захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд “Т Х Б”ны өмгөөлөгчөөр оролцох, ажлын хөлс 12 000 000 төгрөг байхаар тохиролцож 2014 оны 3 дугаар сарын 31-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан. Үлдэгдэл 58 000 000 төгрөгт гэрээ байгуулахдаа хүн амын орлогын албан татварт төлөх мөнгийг нэмж, гэрээний нийт төлбөр 60 000 000 төгрөг байхаар байгуулъя гэх саналыг өөрсдөө гаргасан тул би зөвшөөрсөн. 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх шинэчилсэн гэрээний загварыг өөрсдөө гаргасан. Хуулбар хувийн 2.2-т гараар бичсэн үгсийг өмнө нь гүйцэтгэх захирал байсан К.Зейнеш гэх хүн бичсэн. Гэрээнд гарын үсэг зурах болоход С.Баянхангай нь би зурахгүй гээд зурдаггүй юм. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Энхтайван гарын үсгээ зурсан. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гаргаад өмгөөлөгч Ч.Ад ажлын хөлс олгохыг гүйцэтгэх захиралдаа даалгасан. Уг тогтоолд 3 хувьцаа эзэмшигчийн 2 хувьцаа эзэмшигч нь зөвшөөрч гарын үсэг зурснаар дийлэнх олонхийн саналаар хүчин төгөлдөр болсон. Гэрээний заалт эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд 60 000 000 төгрөгөө авъя гэхэд өгнө, өгөхгүй гэх асуудал үүссэн учир аргагүй байдалд орж шүүхэд хандсан болно. К.Д.Романовский болон Таван толгой транс ХХК-ийн хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон хөлс 60 000 000 төгрөгийн төлбөрийг Транс банк ХХК нь өнөөдрийг хүртэл олгоогүй. Уг хэрэг Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 252 дугаар шийдвэр, Монгол Улсын Улсын дээд шүүхийн 2013 оны 7 дугаар сарын.5-ны өдрийн 405 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж, дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2044 дугаар эвлэрлийг баталсан захирамжаар үр дагавар нь хэрэгжиж бүрэн дууссан. Иймд өмгөөлөгчийн хөлс болох 60 000 000 төгрөгийг Транс банк ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн салгасан гэрээ болох 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ажлын хөлснөөс 4 500 000 төгрөгийг төлөөгүй байгаа. Иймд хариуцагч “Т Х Б”наас 64 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Түмэнжаргал шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т Х Б” нь өмгөөлөгч Ч.Атай нийт 4 удаагийн гэрээ байгуулсан. Хамгийн эхэнд 2012 оны 7 дугаар сарын.5-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан /хх 114-116 тал/. Тус гэрээний 1.1 дэх хэсэгт зааснаар Таван толгой транс ХХК, ОХУ-ын иргэн Романовский, Говь Урал ХХК-тай холбоотой зээлийн төлөлт, Инфрастракчер ХХК-тай холбоотой эрүү, иргэн, захиргааны хэргүүд болон Монгол банкнаас тавьсан үйл ажиллагааны хязгаарлалтыг хүчингүй болгуулах, сэргээхтэй холбоотой асуудалд зөвлөгөө өгөхөөр гэрээ байгуулсан. Хариуцагчийн зүгээс 4 тогтоол, магадлалыг гаргаж өгсөн. Энэхүү хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр өмгөөлөгчийн хөлсөнд урьдчилгаа 3 000 000 төгрөг болон гэрээг дүгнэсэн актаар тохиролцсон 7 000 000 төгрөгийг олгосон. Дараагийн гэрээ нь 2013 оны 6 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан Тус гэрээгээр Монгол банкны Ерөнхийлөгчийн А-1/188 тоотоор “Т Х Б”ны эрхлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 8 төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг сэргээлгэх, гүйцэтгэх захирлаар К.Зейнешийг томилохыг даалгах нэхэмжлэлтэй хэрэгт өмгөөлөгчөөр оролцохоор тохиролцож гэрээ байгуулсан. Тухайн гэрээний хөлс 3 000 000 төгрөг байхаар заасан ба 3 300 000 төгрөг төлсөн. Гурав дахь гэрээг нэхэмжлэгчийн зүгээс 70 000 000 төгрөгийн гэрээ байгуулагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үнийг тодорхойлсон. Талууд хоёр төрлийн маргаанд оролцох нөхцөлтэйгөөр гэрээний төлбөрийг 70 000 0000 төгрөг байхаар тохиролцсон. Эрх зүйн туслалцаа үзүүлэх 2013 оны 9 дүгээр сарын.16-ны өдрийн гэрээний дагуу Таван толгой транс ХХК болон ОХУ-ын иргэн Романовский нарын хооронд “Т Х Б”ны зөвшөөрөлгүй байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах, Говь урал ХХК-ийн зээлтэй холбоотой байгуулсан гурвалсан гэрээний хэрэгжилтийг хангуулах, хоёрдугаарт Инфрастракчер ХХК, Оюуны Ундраа ХХК-тай холбоотой маргааныг эцэслэн дуусгах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан боловч хэрэгжээгүй. Учир нь гэрээний 1.1 дэх хэсэгт заасан ажиллагаа хийгдэх шаардлагагүй болсон тул 2014 оны 3 дугаар сарын.31-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээний 10.9 дэх хэсэгт талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын.16-ны өдөр байгуулагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хоёр тал хүчингүй болгосон. 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 1.1 дэх хэсэгт заасан ажиллагаа хүчингүй болж, 1.2 дахь хэсэгт заасан асуудлыг хоёр задлаад 2014 оны 3 дугаар сарын.31-ний өдрийн гэрээгээр ямар маргаанд оролцох талаар тодорхой зааж өгсөн байдаг. 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу “Т Х Б”ны зүгээс хавтаст хэргийн 76-79 дүгээр талд авагдсан 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн мөнгө олгохыг хүссэн хүсэлтийн дагуу 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 6 000 000 төгрөгийг Ч.Ад бэлнээр өгсөн. Мөн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 3 000 000 төгрөг олгох хүсэлтийн дагуу 5 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр өгсөн. Нийт 9 000 000 төгрөг олгосон болно. 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан гэрээний үнийн дүнг 3.1-д заасан байдаг. Тухайлбал 13 525 333 төгрөг гэж заасан боловч өмгөөллийн хөлс нь 12 000 000 төгрөг, учир нь хувь хүний орлогын албан тавар, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамж зэрэг нь орсон болно. “Т Х Б”наас 9 000 000 төгрөг олгосон боловч тухайн мөнгөнөөс хувь хүний орлогын албан татвар суутгаагүй гээд 900 000 төгрөгийг суутгаж татварын байгууллагад шилжүүлсэн. Одоо 3 333 333 төгрөгөөс хувь хүний орлогын албан татварт 333 333 төгрөгийг хасаад гар дээр нь 3 000 000 төгрөг өгөхөөр үлдсэн. 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр банктай хууль зүйн туслалцаа үзүүлэх шинэчилсэн гэрээнд “Т Х Б”ийг төлөөлж С.Баянхангай гэх хүний нэр бичигдсэн боловч гарын үсэг нь зурагдаагүй, компанийн тамга дарагдаагүй байдаг. Зөвшөөрсөн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Энхтайван гэх гарын үсэг зурагдсан боловч энэ хүний гарын үсэг мөн эсэх нь тодорхойгүй. Банкны тухай хуулийн 31.1 дэх хэсэгт зааснаар банк нь Төлөөлөн удирдах зөвлөлтэй байдаг. Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчийн хурлын чөлөө цагт банкны дээд эрхийг барих байгууллага юм. 2015 оны 6 дугаар сарын.10-ны өдрийн үед Төлөөлөн удирдах зөвлөл нь 5 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байсан. Тус 5 гишүүний нэг нь Д.Энхтайван байсан гэдгийг үгүйсгэхгүй, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн 5 гишүүнийг томилсон шийдвэр байгаа. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр тогтоолд тус 5 гишүүн гарын үсэг зурснаар баталгаажна. Банкийг төлөөлж гэрээ хэлцэл байгуулах хүн нь гүйцэтгэх захирал нь юм. 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг “Т Х Б”тай байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгч Ч.Аы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/02466 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар “Т Х Б” ХХК-аас 3 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ад олгож, Ч.Аы нэхэмжлэлийн шаардлагаас 61 500 000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Аы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т Х Б” ХХК-аас 62 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 325 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр 28-ны өдрийн 181/ШШ2018/02466 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.Ааас төлсөн 465 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Түмэнжаргал хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдлыг гаргаж байна. 1. Нэхэмжлэлийн гол маргаан нь иргэн Ч.А нь хариуцагч “Т Х Б” ХХК-тай байгуулсан гэх 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлсэн шинэчилсэн гэрээний үүргийг шаардаж хариуцагчаас 60 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байдаг. Иргэний хуулийн 42.2-т зааснаар “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан, Компанийн тухай хуулийн 83.8-т “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.” гэж заасан байдаг. Мөн “Т Х Б”ны дүрэмд Гүйцэтгэх захирлын эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх гэрээ байгуулах эрхтэй байхаар тус тус зохицуулсан байдаг. ““Т Х Б”” ХХК-тай байгуулсан гэх 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Эрх зүйн туслалцаа үзүүлсэн шинэчилсэн гэрээ” нь Иргэний хуулийн 42.2-т зааснаар хэлбэрийн шаардлага хангаагүй буюу хүсэл зоригоо илэрхийлэгч нэг тал болох ““Т Х Б”” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Баянхангайн гарын үсэг болон банкны тамга дараагүй байгаа нь хэлцэл байгуулагдаагүй болох нь харагдаж байна. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5 болон Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8-г үндэслэн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Эрх зүйн туслалцаа үзүүлсэн шинэчилсэн гэрээ”-нд “Т Х Б”ийг төлөөлж гүйцэтгэх захирал С.Баянхангай гарын үсэг зураагүй, банкны тамга дарагдаагүй тул уг гэрээг байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй буюу гэрээний хөлс төлөх үүрэг үүсээгүй гэж үзсэн байдаг. Харин магадлалаар 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Эрх зүйн туслалцаа үзүүлсэн шинэчилсэн гэрээ”-ний хүчин төгөлдөр байдал болон гэрээний агуулгыг тодруулаагүй гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2466 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхэд дуудагдаж, гэрчээр оролцсон К.Зейниш нь “60 сая төгрөгтэй холбоотой гэрээний талаар мэдэхгүй, тийм гэрээ байсан эсэхийг санахгүй байна, би гэрээнд гарын үсэг зураагүй, байгуулсан гэх гэрээг одоо харахад Говь урал ХХК-ийн зээл төлөгдсөн тохиолдолд мөнгийг төлнө гэсэн байна, төлөгдсөн юм уу?” гэж мэдүүлсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг нь “2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 70 сая төгрөгийн “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г хүчингүй болгож хоёр хуваасныг мэднэ. Харин 60 сая төгрөгийн гэрээний талаар мэдэхгүй” гэсэн агуулга бүхий мэдүүлгийг өгсөн байна. Үүнээс үзэхэд Гэрч К.Зейниш нь аль гэрээний үндсэн дээр Говь урал ХХК-ийн зээл төлөгдсөн тохиолдолд нэхэмжлэгчийн төлбөрийг өгнө гэснийг мэдэхгүй байгаа нь харагдаж байна. Магадлалд Говь урал ХХК-ийн зээл төлөгдсөн тохиолдолд мөнгийг өгнө гэсэн агуулга бүхий мэдүүлэг гаргасан байх ба хэрэгт тухайн зээл төлөгдсөн эсэх, хэдий хэмжээнд төлөгдсөн зэрэг үйл баримтыг тогтоож мэтгэлцүүлэх нь ач холбогдолтой байжээ.” гэсэн нь хавтаст хэргийн 173-176 дугаар хуудсанд авагдсан гэрчийн мэдүүлэгтэй таараагүй буюу нийцэхгүй байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.А хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. 1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй талаар: 2013 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр байгуулагдсан “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-гээр гэрээний төлбөр 70 сая төгрөг байна гэж тохиролцсон болно. Гэрээний зүйлийн 1-д: Таван толгой транс ХХК, Романовский нарын хооронд “Т Х Б”ны зөвшөөрөлгүйгээр байгуулагдсан “Хувьцаа худалдах гэрээ”-г хүчингүй болгох, Говь -Урал ХХК-ийн зээлтэй холбоотойгоор байгуулсан гурвалсан гэрээний хэрэгжилтийг хангуулан ажиллах. Гэрээний зүйлийн 2-д В.Армений үүсгэн байгуулсан Инфрастракчер ХХК, Оюуны ундраа ХХК-тай холбоотой маргааныг эцэслэн дуусгах гэсэн хэрэг маргаануудад эрх зүйн туслалцаа үзүүлэхээр тохиролцсон байдаг. Энэ гэрээний 1-д заасан “Хувьцаа худалдах гэрээ”-г хүчингүй болгох хэрэг маргаан 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж эцэслэн шийдвэрлэгдсэн тул Говь-Урал ХХК-ийн зээлтэй холбоотойгоор байгуулсан гурвалсан гэрээний хэрэгжилтийг хангуулан ажиллах ажил үлдсэн. Гэвч ““Т Х Б”” ТУЗ-ийн тогтоол гарган Таван толгой транс ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин эвлэрлийн гэрээ байгуулан барьцаанд байсанд хувьцааг Таван толгой транс ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргуулсан байдаг. Гэрээний нөхцөлийн талаар шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан энэ гэрээний 1-дэх заалтын “Хувьцаа худалдах гэрээ”-г хүчингүй болгосон ажлын хөлсийг 60 сая төгрөг байхаар, 2-дах зүйлд заасан хэрэг маргааныг 12 сая төгрөг байхаар салгах санал тавьж Хувьцаа эзэмшигчдын хурлын тогтоол гаргахаар болсон гэснийг миний бие зөвшөөрсөн болно. /Хувь нийлүүлэгчдын хурлын тогтоол, гарын үсэгтэй, надад өгсөн/ 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 10.9-д заасан Хувьцаа эзэмшигчдын “Гэрээнд өөрчлөлт оруулах тухай" шийдвэрийг үндэслэн 2013 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 13/04 тоот эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчингүй болсныг 2 тал үүгээр баталгаажуулав гэж тохиролцсон тохиролцоогоо баталгаажуулсан юм. “Гэрээний заалтыг хүчингүй болгох, заалтыг тодруулах тухай ““Т Х Б””-ний ТУЗ-ийн дарга Д.Энхтайваны бичгээр надад ирүүлсэн албан бичигт Говь-Урал ХХК-ийн зээлтэй холбоотойгоор байгуулсан гурвалсан гэрээний хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байсан боловч ““Т Х Б”” нь “Таван толгой транс” ХХК-тай энэхүү төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр болсон болно, ...Говь-Урал ХХК-ийн зээлтэй холбоотойгоор байгуулсан гурвалсан гэрээний хэрэгжилтийг хангуулах заалтыг хэрэгжүүлэхгүй байх нөхцөл байдал бий болсон тул өмгөөлөгч оролцуулах шаардлагагүй гэж үзэн өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр энэхүү асуудлыг шийдвэрлэхээр болсон гэдгээ маш тодорхойгоор илэрхийлсэн байдаг /Шүүхийн шийдвэрээр хувьцаатай холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн тул банкны барьцаанд байгаа хувьцааг хэрхэх тухай оролцогчдын гурвалсан гэрээ/ Энэ бичигт “Хувьцаа худалдах гэрээ”-г хүчингүй болгосон ажлын хөлсийг өгөхгүй гэж тохиролцсон гэсэн агуулга бүхий нэг ч үг үсэг байхгүй болно. Хувьцаа худалдах гэрээ”-г хүчингүй болгуулах хэрэг маргаан 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж эцэслэн шийдвэрлэгдсэн тул өмгөөлөгчийн ажлын хөлсийг олгох тухай “Хувьцаа эзэмшигчдын хурлын тогтоол” гарч Гүйцэтгэх захиралд хэрэгжүүлэхийг даалгасан юм. Хавтас хэрэгт авагдсан дээр дурьдсан баримтууд 2 талын хүсэл сонирхлыг бүрэн дүүрэн илэрхийлсэн. Гэрээг 2 салгаж төлбөрийг төлөх санал гаргасан ““Т Х Б””-ны саналыг миний бие хүлээн зөвшөөрсөн, “Хувьцаа эзэмшигчдын хурлын тогтоол”-оор энэ асуудал бүрэн шийдвэрлэгдсэн тул төлбөрийг төлүүлэх үндэслэл мөн юм. “Т Х Б”инд гаргаж өгсөн миний ажлын тайланд олон удаагийн уулзалтаар дээр дурьдсан гэрээний төлбөрийг 60 сая төгрөг байхаар тохиролцсон тохиролцоог хувь нийлүүлэгчдийн хурлаар баталгаажуулж өгнө үү гэсэн хүсэлт байдаг. Эрх барих дээд байгууллагын шийдвэрийг гүйцэтгэх удирдлага даган мөрдөх үүрэгтэй болно. Миний бие тэдний гаргаж өгсөн гэрээний төсөлд гарын Үсэг зурсан бөгөөд энэ нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлөх гэрээний шинэ нөхцөл нь 60 сая төгрөг гэдгийг л аль аль талынх нь хүсэл сонирхлынх нь илэрхийлэл гэдгээр гарын үсэг зурсан юм Банкны гүйцэтгэх захиралтай энэ асуудлаар гэрээ байгуулах ямар ч шаардлагагүй бөгөөд миний бие гэрээний үнэ 60 сая төгрөг юм шүү гэдгийг нотлох үүднээс хамаарал бүхий энэ баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа үндэслэлээ банкны хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол гэсэн болно. Шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдсэн болно. Иймд миний гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч “Т Х Б” ХХК-д холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 64 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч 3 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, гэрээ байгуулаагүй тул 60 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ. /хх130/

Анхан шатны шүүх хариуцагчаас 3 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан аль ч үндэслэлд нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв. Шүүх зохигчийн мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй, магадлалд заасан үндэслэл хуульд нийцээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлсон боловч хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг хэрэгт байгаа баримтын хүрээнд бодитой дүгнээгүй алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзлээ. Нэхэмжлэгчийн хяналтын гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох 2014 оны 3 дугаар сарын 31, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байхад анхан шатны шүүх даалгаврын гэрээ гэж үзсэн нь Иргэний хуульд нийцээгүй байна. Зохигчийн хооронд үүссэн харилцаанаас үзвэл нэхэмжлэгч Ч.А нь тодорхой хэд хэдэн хэрэгт “Т Х Б” ХХК-д эрх зүйн зөвлөгөө өгөх үүрэг хүлээсэн байх ба өмгөөлөгчийн хувиар, бие даасан үйл ажиллагаа явуулах шинжийг агуулснаараа даалгавар өгөгч, даалгавар гүйцэтгэгчээс ялгаатай байна.

Анхан шатны шүүх 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулагдаагүй гэж үзэхдээ Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 26 дугаар зүйлийн 26.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 42.7, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурлажээ.

2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Т Х Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын № 110-05 тоот тогтоолоор “...зээлдэгч Говь урал ХХК-ийн зээл, хүү төлөгдсөн тохиолдолд Ч.Аы ажилласан хөлсийг хэлэлцэж олгохыг гүйцэтгэх захиралд даалгасан...” боловч хөлсний хэмжээ тодорхойгүйгээс гадна үүнээс хойш 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг “Т Х Б” ХХК-ийн эрх бүхий этгээд байгуулаагүй, нэхэмжлэгч хөлс шаардах эрхтэй болохоо хангалттай баримтаар нотолж чадаагүй байна.

“Т Х Б” 2016 оны 10 сард худалдах-худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгөө бусдад шилжүүлсэн байх ба энэ баримтаар өмгөөлөгч Ч.Ад 4 525 333 төгрөгийг төлөх өглөгтэй байгаа нь тогтоогджээ. /хх-43/ Үүнээс хойш хариуцагч төлөлт хийгээгүй тул уг баримтын хэмжээнд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэж, шийдвэрт өөрчлөлт орууллаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 325 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/02466 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...3 000 000...гэснийг ...4 525 333...” гэж, “...61 500 000...гэснийг ...59 974 667...” гэж 2 дах заалтад “...62 950...гэснийг 87 355...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 465 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн төлсөн 465 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА