Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-25
Дугаар 001/ХТ2019/01008
Хэргийн индекс 134/2018/00207/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч “Х Т”ХХК
Хариуцагч “Ш О”ХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

“Х Т”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 134/ШШ2019/00007 дугаар шийдвэр,

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 216/МА2019/00004 дүгээр магадлалтай,

“Х Т”ХХК-ний нэхэмжлэлтэй

“Ш О”ХК-д холбогдох

Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 764 875 732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Алтанхуягийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга, Б.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран, М.Амарнасаа, Б.Ганболор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Х Т”ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Манай компани нь “Ш О”ХК-иас 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр цахим хуудсаар нийтэд нээлттэй зарласан СШ.№50-1.ШОХК.2017 дугаартай тендерт оролцсон ба “Ш О”ХК-иас манай компанид гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/1128 тоот албан бичгээр мэдэгдэж, улмаар талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. 2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /ТБОНӨХБАҮХАтХ/-ийн 29.2-т ...тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна, 29.4-т Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно, 24.5-д Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна гэж тус тус заасан. Тендерийн урилга болон тендерийн баримт бичгийн хоёрдугаар бүлэг, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд тендерийн хүчинтэй байх хугацааг тендер нээснээс хойш 45 хоног гэж тогтоосон. 3. Захиалагч СШ.№50-1.ШОХК.2017 дугаартай тендерийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 30 минутад нээсэн ба үүнээс хойш тооцож үзвэл 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөрт багтаан шалгарсан оролцогчтой худалдан авах гэрээг байгуулахаар байсан боловч уг хугацааг хэтрүүлж, 3 сарын хугацаа өнгөрсний дараа 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр манай компанитай гэрээ байгуулсан нь хуульд заасан дээрх журмыг зөрчсөн байна. 4. Иргэний хуулийн 56.1.1-д Хууль зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байна ТБОНӨХБАҮХАтХ-ийн 42.1.2-т Захиалагч энэ хуулийн ...29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзнэ гэж тодорхой заасан тул талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байна. Үүнээс үүдэн манай компани “Ш О”ХК-ийн эсрэг гэрээнээс үүдэлтэй буюу үүргийн эрх зүйн харилцаанаас үүдэлтэй шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй байна. 5. ТБОНӨХБАҮХАтХ-ийн 19.2-т Тендерийн баримт бичигт ...захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолтыг тусгана гэж заасан. Тендерийн баримт бичгийн дөрөвдүгээр бүлэгт тусгагдсан техникийн тодорхойлолтод Ачиж зөөвөрлөх хөрсний хэмжээ 300,000 куб.м байна захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлийн 1.3.9-д Хөрсний сийрэгжилтийн коэффициент-1.4 байна гэж заасан ба үүнээс үзэхэд захиалагч нийт уулын цулаар 300 000 куб.м буюу сийрэгжсэнээр /хөрсийг тэсэлсний дараа/ 420 000 куб.м /300 000*1.4/ хөрс хуулалтын ажлыг хийлгүүлэхээр байсан нь тодорхой харагдана. 6. Иргэний хуулийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан. 7. Манай компани 2018 оны 05 дугаар сарын 03-наас 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд уулын цулаар нийт 321,242 куб.м буюу сийрэгжсэнээр 449 738.8 куб.м /321.242*1,4/ хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэсэн. Бид анх тендерт оролцохдоо 1 куб.м сийрэгжсэн хөрсийг хуулж тээвэрлэх өртгийг 2 390 төгрөгөөр тооцож санал өгсөн ба уг өртгөөр тооцож үзвэл нийт 1 074 875 732 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. 8. Одоогийн байдлаар хариуцагч “Ш О”ХК манай компанид 310 000 000 төгрөг өгсөн байгаа ба үүнийг гүйцэтгэсэн ажлын өртгөөс хасч тооцоход зөрүү 764 875 732 төгрөг болж байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч “Ш О”ХК-иас 764 875 732 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ш О”ХК нь “Х Т”ХХК-ийн 764 875 732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь: “Ш О”ХК, “Х Т”ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ШО18-2/81 дүгээр “Ш О”ХК-д хөрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болно. Ажил гүйцэтгэх гэрээний 1.5-д ажлын хэмжээ үзүүлэлт хэсгийг заасан бөгөөд 1.5.3-д хөрсний ажлын хэмжээг уулын цулаар тооцох, 1.5.4-д 1 м3 уулын цулын үнэлгээ 2390 төгрөг, 1.5.5-д ажлын хэмжээ 300 000 м3 уулын цулаар байхаар тохиролцсон байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д Гэрээний нийт үнэ 717 000 000 төгрөг, 3.3-д гэрээний үнэ нь гэрээний хүчинтэй байх хугацаанд тохируулгагүй тогтмол байхаар тус тус зохицуулсан байна. “Ш О”ХК, “Х Т”ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ШО18-2/81 дүгээр “Ш О”ХК-д хөрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлд нийцсэн, гэрээ байгуулагч талууд ажил гүйцэтгэх гэрээний агуулгыг бүрэн тодорхойлсон, хууль зөрчиж гэрээ байгуулсан зүйл байхгүй юм. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно хэмээн заасан. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д заасны дагуу талуудын байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 18-ныөдөр ШО18-2/81 дүгээр “Ш О”ХК-д хөрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний 1, 3, 4 дүгээр бүлгээр ажил гүйцэтгэх гэрээний хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тодорхой тохиролцсон байна. Гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу ажил гүйцэтгэсэн “Х Т”ХХК-д “Ш О”ХК төлбөрийг бүрэн төлсөн болно. Гэрээний 6.2-д Ажил гүйцэтгэгч нь ажилчдын цалин хөлс, даатгал, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хоол байр, түлш болон бусад бүх зардлыг хариуцна хэмээн заасан байна. “Х Т”ХХК нь “Ш О”ХК-ийн уурхайн бүсэд хөрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэхдээ “Ш О”ХК-иас түлш шатахуун, эм, эмийн бүтээгдэхүүнийг зээлээр авч хэрэглэж байсан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээгээр түлш болон бусад бүх зардлыг ажил гүйцэтгэгч хариуцах гэрээний зохицуулалтын дагуу зээлээр олгосон түлш, шатахуун, эм, эмийн бүтээгдэхүүний тооцоог ажил гүйцэтгэсэн төлбөрөөс суутган олгосон юм. “Ш О”ХК, “Х Т”ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ШО18/2/81 дүгээр “Ш О”ХК-д хөрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл биш юм. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д заасан ...хүсэл зоригийг илэрхийлсэн мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д зааснаар ...талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон бөгөөд гэрээнээс үүсэх үүргийн харилцаагаа талууд харилцаж ирсэн юм. Талуудын байгуулсан гэрээний агуулга нь үүрэг үүсгэж буй нөхцөл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, хүчин төгөлдөр бус хэмээн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно. Гэвч “Х Т”ХХК нь байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээ зөрчин үндэслэлгүйгээр “Ш О”ХК-иас сийрэгжсэн хөрс тээвэрлэсэн үнийн зөрүү 764 875 732 төгрөг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна хэмээн үзэж байна. Иймд, дээрх үндэслэлээр  “Х Т”ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ш О”ХК-д холбогдох 764 875 732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тухай тайлбартаа: “Х Т”ХХК нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч “Ш О”ХК-иас 764 875 732 төгрөгийг нэхэмжилсэн ба нэхэмжлэгч тал дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Нэг. Нэхэмжлэгч ажлыг гүйцэтгэхдээ хариуцагчаас 168 004 л түлшийг зээлээр авч хэрэглэсэнтэй маргахгүй. Харин хариуцагч уг түлшний үнийг 2 068-2 211 төгрөгөөр тооцож 362 195 581 төгрөгийг суутгаж авсныг хүлээн зөвшөөрөхгүй ба нэхэмжлэгч нэг литр түлшний үнийг тендер шалгаруулалтын үеийн бөөний үнэ болох 1450 төгрөгөөр тооцож 243 605 800 /168 004*1450/ төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Хоёр: Хариуцагч нэхэмжлэгчид хөрс хуулалтын ажлын хөлсөнд нийт 336 779 719.09 /анх нэхэмжлэл гаргахдаа 310 000 000 төгрөг төлсөн гэж гаргасан зөрүү 26 779 719.09 төгрөг/ төлсөн, мөн нэхэмжлэгч ба хариуцагч нарын хооронд 18 024 699.83 төгрөг /эм, цахилгаан, өмнөх авлага/-ийн тооцоо байсантай маргахгүй тул 44 804 418.92 төгрөгөө нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Иймд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нийт 288 410 219 төгрөгөөр багасгаж, 476 465 513 төгрөг, /764 875 732 -288 410 219/ болгож байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийнхээ үндэслэл болгоод байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад хуулиудын холбогдох заалтуудыг зөрчиж байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэдэгтэй хариуцагч тал маргахгүй байгаа. Үнэхээр 3 сарын дараа буюу 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ байгуулагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт тендерийн хүчинтэй байх хугацааг тендер нээсэн өдрөөс хойш 45 хоног гэж тогтоосон. Тэгэхээр энэ тендер хүчингүй болсон байна гэдэг ийм үндэслэл байна. Нэгэнт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хийсэн цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус байна гэж заасан байгаа учраас энэ дээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан хууль зүйн үр дагавар үүсэх учиртай гэж хариуцагч талаас үзэж байна. Нэхэмжлэгч тал “Ш О”ХК нь нөхцөл шаардлагаа тавихдаа коэффициент нь 1.4 байна гэж заасан учраас хуулсан 321 000 метр куб хөрсийг 1.4-өөр үржүүлэх ёстой гэж үзэж байна. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт тендер гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг хэлнэ гэж тодорхой заасан. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Х Т”ХХК-ийн захирал Ч.Алтанхуяг гэдэг хүний гарын үсэгтэй төсвийн нийт хөрөнгийг 717 000 000 төгрөг, хөрс хуулалтын ажил 300 000 метр куб гэдгийг хүлээн зөвшөөрсөн материалыг тендерт ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүнээс үзэхэд 300 000 метр куб хөрсийг 1.4 коэффициентоор үржүүлэхгүй гэдгийг нэхэмжлэгч тал анхнаасаа хүлээн зөвшөөрч байсан гэдэг нь харагдаж байна. Нэг литр түлшийг 1450 төгрөгөөр тооцуулна гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. 2017 оны 8, 9, 10 дугаар саруудад нэг литр түлш 1450 төгрөг байсан байхыг үгүйсгэх арга байхгүй. “Ш О”ХК нь дизель түлшийг худалдаж авсныхаа дараа тодорхой үйл ажиллагаандаа зарцуулаад явдаг. “Ш О”ХК-иас “Х Т”ХХК-д 2018 оны 05 дугаар сараас 09 дүгээр сар хүртэлх хугацаанд дизель түлшийг нийлүүлж байсан. Мөн компанийн нягтлан бодогч нар тооцоо нийлсэн акт дээрээ нэгж үнэ болох 2068-2288 төгрөгийн хооронд тодорхой нэмэгдлүүд орсон байхыг үгүйсгэх арга байхгүй. Яагаад гэхээр “Х Т”ХХК нь дизель түлшийг Улаанбаатар хотоос тээвэрлэхэд үүнээс илүү зардал гарах байсан. Дизель түлш нь тодорхой хугацаанд хадгалахаар хорогдол үүсдэг учраас тодорхой нэмэгдлийг ажил гүйцэтгэгчийн хүсэлтээр захиалагч тал олгож байсан. Тухайн үедээ “Х Т”ХХК нь дизель түлшний үнийг хүлээн зөвшөөрч байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан материалуудаар баталгаажсан байгаа. Ийм ийм үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг нэхэмжлэгч тал баримталж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь ганцхан захиалагчийн буруутай үйл ажиллагаа биш. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Гүйцэтгэгч тал мөн адил буруутай. Хуулийг мэдсээр байж хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан гэдгээ анхнаасаа мэдэж байсан байна гэж үзэхээр байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт тендерийн хүчинтэй байх хугацааг тодорхой заасан. Тэгэхээр 45 хоногийн хугацаа хэтэрсэн л бол энэ тендер өөрөө хүчингүй гэсэн үг. Харин тэр дизель түлш нийлүүлэх, ажил гүйцэтгэсэн хэмжээг хоёр тал хүлээн зөвшөөрсөн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х Т”ХХК нь 300 000 метр куб хөрсийг 717 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Тэр 1.4 гэдэг тоог хаанаас яаж гаргаад байгаа нь ойлгомжгүй. 300 000 метр куб тэслэгдсэн хөрсийг зөөнө гэж заасан. Цулаар нь зөөнө гэсэн үг үсэг тендерийн материалд байхгүй. Тэслэгдсэн хөрс гэдэг чинь сулласан хөрс. Анх тохиролцсон 717 000 000 төгрөгийг “Ш О”ХК-иас “Х Т”ХХК-д өгсөн. Нэг литр шатахууны үнийг 1450 төгрөгөөр тооцох ямар ч үндэслэл байхгүй. Түлшний үнийг “Х Т”ХХК өөрөө тооцооны үлдэгдлийн баталгаан дээр хүлээн зөвшөөрсөн. 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 523 441 070 төгрөгийн ажил хийсэн. Үүнээс “Ш О”ХК нь 440 430 394 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл нь 83 010 676 төгрөг байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд захирал нь гарын үсэг зурсан. “Ш О”ХК-иас түлш нийлүүлэхдээ 10 хувийг нэмж өгсөн. Яагаад гэхээр хадгалалтын хорогдлыг нэмсэн. Үүнийг бол өөрсдөө хүлээн зөвшөөрч байсан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэг нь хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд шаардах эрхийг нээж өгч байгаа. Эднийх бол ажил гүйцэтгэсэн болохоос биш ямар нэгэн хөрөнгө шилжүүлээгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэг нь хэлцэл хүчин төгөлдөр бус болсон гэж байгаа. Хэлцэл хүчин төгөлдөр бус болсон гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх асуудал яригдана. Энэ бүгдийг аваад үзэхээр эднийх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгээр буюу үндэслэлгүй шаардлага гаргаж байна. Мөн “Ш О”ХК-ийн зүгээс “Х Т”ХХК-д хийсэн ажлын хөлс нийт 717 000 000 төгрөгийг төлсөн байна. Ийм учраас “Х Т”ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х Т”ХХК-ийн хувьд “Ш О”ХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэсэн хөлсийг харилцан бичиж явж байсан нь хавтаст хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа, түүний жагсаалт гэсэн хэсэгт байдаг. Маркшейдрын хэмжилтийг “Ш О”ХК-иас хийсэн. 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа байгаа. Тооцооны үлдэгдлийн баталгааны жагсаалт хэсэгт 2017 оны өр, гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхой дурдсан. Нэхэмжлэгч талаас өгсөн хэмжилт хийсэн нотлох баримтууд байдаг. Тэр хэмжилт хийсэн баримтаар яг энэ дээр бичигдсэн. Тэгэхээр уулын цулаар хэмжилт хийгээд тооцоо нийлж 717 000 000 төгрөг авсныхаа ард гэнэт 1.4 хувийн коэффициент гаргаж ирээд маргаан үүсгэж байгаа нь хүлээн зөвшөөрч хийсэн хэлцлээ үгүйсгэж байна гэж үзэж байна. Тэгэхээр одоо ярьж байгаа зүйл нь өмнөх хийсэн үйлдэлтэйгээ зөрчигдөж байна. Үндэслэлийн хувьд хоёр тал өгсөн авснаа буцаах учраас “Ш О”ХК бол 2018 оны 04 дүгээр сард байгуулсан гэрээнийхээ дагуу 717 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Тендерийн асуудал бүр мөсөн дуусгавар болсон. Харин 21000 метр куб хөрсний асуудлыг л яриул ярих байх гэжээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 134/ШШ2019/00007 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ш О”ХК-иас 401,625,243 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х Т”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 74,840,270 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,982,330 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч “Ш О”ХК-иас 2,166,076 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х Т”ХХК-д олгож, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 216/МА2019/00004 дүгээр магадлалаар Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 134/ШШ2019/00007 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 401,625,243 төгрөгийг гэснийг 107,532,689 төгрөгийг гэж, 74,840,270 төгрөгийг гэснийг 368,932,824 төгрөгийг гэж, -тогтоох хэсгийн 2 дах заалтын ... хариуцагчаас 2,166,076 төгрөгийг гэснийг ...695,613.45 төгрөгийг ... гэж тус тус өөрчилж,шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, ИХШХШТХуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Ш О”ХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.166,076 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Алтанхуяг хяналтын гомдолдоо: Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээлгэх тухай. 1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “Иргэний хуулийн 3.7-д зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул зохигч талуудын хооронд хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан явдалд нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алиныг буруутай гэж үзэхээр байна” гэснээс өөрөөр анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг хууль зүйн ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа талаараа үндэслэл бүхий тайлбар, дүгнэлтийг хийгээгүй байна. 2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг, 5.1.5-д "тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ, 40.2-т “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно” гэж тус тус заасан. Хариуцагчийн нээлттэй зарласан СШ.№50-1.ШОХК.2017, СШ.№50-2.ШОХК.2017 дугаартай хоёр тендерийн баримт бичгийн Дөрөвдүгээр бүлэг, тендерийн тодорхойлолтод "Ачиж зөөвөрлөх хөрсний хэмжээ-300 000 куб.м, Долдугаар бүлэг, Гэрээний маягтын 1.3.9-т “Хөрсний сийрэгжилтийн коэфициент-1,4” гэж заасан байсан гол нөхцөлүүд нь нэхэмжлэгч эдгээр тендерт оролцох гол үндэслэл болж, үүний дагуу ажлыг гүйцэтгэх тооцоогоо гаргаж хариуцагчид саналаа хүргүүлсэн байдаг. 3. Иргэний хуулийн 3.7-д заасан зохицуулалт нь хүчин төгөлдөр бус гэрээнээс үүдэлтэй хохирол буюу мөн хуулийн 56.6-д зааснаар шаардлага гаргаж байгаа тохиолдолд хэрэглэгдэхээр зохицуулалт байна. Харин нэхэмжлэгч тал хариуцагчаас хүчин төгөлдөр бус гэрээнээс үүссэн өөрт учирсан хохирлыг шаардаагүй, харин хариуцагч анхнаасаа Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийг биелүүлж өөрийнхөө нээлттэй зарласан тендерийн баримт бичигт заасан гэрээний гол нөхцөлийнхөө хүрээнд гэрээ байгуулсан тохиолдолд нэхэмжлэгч “Х Т”ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын өртөг хэрхэн тооцогдох байсан тэрхүү өртөг, үнээр нь тооцож гүйцэтгэсэн ажлынхаа өртгийг нэхэмжилсэн тул хуулийн дээрх зохицуулалт энэхүү маргаанд хэрэглэгдэх үндэслэлгүй гэж үзэж байна. 4. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56.5 дахь хэсэгт хэлцэл хүчин төгөлдөр бус тохиолдолд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах, боломжгүй тохиолдолд үнийг төлөхөөр зохицуулсан байгаа ба ийнхүү хэлцлээр шилжүүлсэн зүйлийнхээ үнийг шаардаж байгаа (хохирол шаардаагүй) тохиолдолд Иргэний хуулийн 3.7-д заасан зохицуулалтыг мөн 56.5 дахь хэсэгт заалтын эсрэг өрсөлдөх хэм хэмжээ болгож тайлбарлаж хэрэглэсэн нь давж заалдах шатны шүүхийн буруу гэж үзэж байна. 5. Нэхэмжлэгчийн хуулж тээвэрлэсэн уулын цулаар нь тооцож хэмжсэн 321 242 куб.м хөрсийн өртгийг хэрэг авагдсан хариуцагч “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэлд тусгагдсан 2017 онд тооцсон 1куб.м уулын цулын өртгийн дагуу тооцоход 1 141 758 316.4=(321 242*3 554.2), 2018 оны өртгөөр тооцож үзвэл 1 156 920 938.8=(321 242*3 601.4) төгрөг болно. Харин энэхүү нэхэмжлэгчийн хуулж тээвэрлэсэн хөрсийг тендерийн баримт бичигт заасан “Хөрсний сийрэгжилтийн коэфициент-1,4”-өөр тооцож, мөн анх нэхэмжлэгчийн тендерт оролцохдоо санал болгосон 1куб.м сийрэгжсэн хөрсийг тээвэрлэх үнээр тооцож өртгийг тооцоход 1 074 875 732=(321 242*1,4*2 390) төгрөг болж байгаа бөгөөд энэхүү үнэ нь хариуцагчийн өөрийнх нь тогтоосон 2017 ба 2018 оны өртгөөс 66 882 584.4- 82 045 206.8 төгрөгөөр бага байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хувьд зөвхөн гүйцэтгэсэн ажлынхаа өртгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа болно. 6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан. Мөн Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн 19.2-т захиалагч буюу тендер зарлаж байгаа этгээд нь “Тендерийн баримт бичигт ...захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлууд. ...тусгана” гэж заасан. Хариуцагч тендерийн баримт бичгийн салшгүй нэг хэсэг болох гэрээний нөхцөлдөө “Хөрсний сийрэгжилтийн коэфициент- 1,4”-өөр тооцохоор заасан байгаагаа үгүйсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд ямар нэгэн тайлбар гаргаагүй, үүнийг үгүйсгэсэн нотлох баримтыг өгөөгүй болно. 7. Нэхэмжлэгч тал талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2-т тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна”, 40.2-т “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно” гэж тус тус заасныг зөрчсөн, энэхүү гэрээ нь мөн хуулийн 42.1.2, Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсныг хариуцагч эсэргүүцээгүй, тендерийн баримт бичигт заасан гэрээний нөхцөлүүдээ үгүйсгээгүй, гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг хүлээн зөвшөөрснийг давж заалдах шатны шүүх анхааралгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Х Т”ХХК нь хариуцагч “Ш О”ХК-д холбогдуулан ажлын хөлс 764 875 732 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ багасгаж, 476 465 513 төгрөг болгожээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээгээр тохирсон ажлын хөлсийг төлсөн гэж маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 401 625 243 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн хэмжээг багасгаж, 107 532 689 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Зохигч мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байх тул хэрэгт байгаа баримтын xэмжээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах шаардлагатай гэж хяналтын шатны шүүх үзэв. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигч талуудын байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ШО18-2/81 дугаартай хөрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан зохицуулалтыг зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус хэдий ч шүүх талуудын хүсэл зоригийг буюу 300 000 м3 хөрс тээвэрлэлтийн ажлыг 717 000 000 төгрөгөөр тохирсон, 1м3 уулын цулын үнэлгээг 2390 төгрөгөөр тогтоосон байдлыг харгалзан “Х Т”ХХК-ийн гүйцэтгэсэн  ажлын хэмжээ, хөлсийг тодорхойлсон нь хууль зөрчөөгүй байна.

“Х Т”ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд уулын цулаар нийт 321,242 м3 хөрс хуулалтын ажил хийсэн, “Ш О”ХК нь ажлын хөлсөд 336 779 719 төгрөг, шатахуун шилжүүлсэн үйл баримтыг зохигч маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь 321,242 куб.м буюу сийрэгжсэнээр 449,738.8 куб.м /321,242*1.4/ хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэсэн, тендерт оролцохдоо 1м3 сийрэгжсэн хөрсийг хуулж тээвэрлэх өртгийг 2390 төгрөгөөр тооцож санал өгсөн тул уг өртгөөр тооцвол нийт 1 074 875 732 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэсэн бол хариуцагч ажлын хөлсийг 717 000 000 төгрөгөөр тохирсон гэж, хариуцагч нь 362 195 581 төгрөгийн шатахуун өгсөн гэсэн бол нэхэмжлэгч нь 243 605 800 төгрөгийн шатахуун авсан гэж тус тус маргажээ.

Давж заалдах шатны шүүх “Х Т”ХХК-ийн хийсэн ажил, ажлын хөлсийг талуудын анх тохирсон хэмжээнд дүгнэж, сийрэгжсэнээр буюу илүү хэмжээгээр тооцох үндэслэлгүй талаар хэрэгт байгаа баримтын хүрээнд бодитой дүгнэлтийг хийж, гэрээгээр тохирсноос илүү хийсэн 21 242 м3 хөрс тээвэрлэлтийн ажлын хөлс 50 768 380 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Харин хариуцагч “Ш О”ХК нь нэхэмжлэгчид шатахуун хүлээлгэн өгөхдөө тооцоо нийлсэн, үнийг харилцан тохирсон баримт байхгүй, нэхэмжлэгч энэ талаар маргасан  байхад шүүх “Ш О”ХК-ийн бусдаас шатахуун худалдан авсан баримтад үндэслэн  дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг зөрчжээ.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид шатахуун өгөхдөө үнийг тохироогүй, тооцоо нийлээгүй, 362 195 581 төгрөгийн шатахуун хүлээлгэн өгснийг нотолсон баримт байхгүй тул нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу 243 605 800 төгрөгийн шатахууныг ажлын хөлсөд тооцон өгсөн гэж дүгнэх нь мэтгэлцэх зарчимд нийцэх бөгөөд зөрүү 118 589 781 төгрөгийг /362 195 581-243 605 800/ хариуцагч нь нэхэмжлэгчид өгөөгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэсэн, уг ажлыг хариуцагч хүлээн авсан боловч тэдгээрийн хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус болсон тул нэхэмжлэгч нь шилжүүлсэн хөрөнгийн үнийг буцаан шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2-т заасан зохицуулалтын дагуу 118 589 781 төгрөг дээр нэхэмжлэгчийн илүү хийсэн ажлын хөлс 50 768 380 төгрөг нийт 169 358 161 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 216/МА2019/00004 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 134/ШШ2019/00007 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Ш О”ХК-иас 169 358 161 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х Т”ХХК-д олгож, нэхэмжлэлээс 307 107 352 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад “...2 166 076...гэснийг 1 004 740...” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1 628 415 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА