Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-18
Дугаар 001/ХТ2019/00964
Хэргийн индекс 136/2018/00374/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Ч.А, Н.Цнар
Хариуцагч “Э Г”ХХК, Ц.Л, Б.Э нарт
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ч.А, Н.Цнарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 136/ШШ2019/00017 дугаар шийдвэр,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар магадлалтай,

Ч.А, Н.Цнарын нэхэмжлэлтэй

“Э Г”ХХК, Ц.Л, Б.Энарт холбогдох

“Э Г”ХХК-ийн бүх гишүүдийн хурлаар баталсан 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дүрмийг хүчинтэйд тооцох, 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, 2001, 2005, 2011, 2014, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн компанийн дүрмүүдийг хүчингүйд тооцуулах, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжингийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, хариуцагчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Банди овогтой Чулуун нь 3 нөхөд /Энхтайван, ...Цэвээнравдан, Ч.Амгаланбаатар/-ийн хамт “Э Г”ХХК-ийн 100 хувийг /25+25+25+25+25/ эзэмших нөхцөлтэйгээр байгуулсан билээ. Б.Чулуун нь 1998 онд хүнд өвчний улмаас нас барсан бөгөөд Ч.А 2001 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Дорноговь аймгийн Сум дундын 1-р шүүхийн 175 дугаартай шийдвэрээр Бандийн Чулууны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоогдсон. “Э Г”ХХК-ийг найз Б.Эхариуцаж явсан бөгөөд түүнтэй уулзахад та нарын хувь компанид байгаа гэж ярьдаг болохоос бид нарт энэ хугацаанд нэг ч удаа ноогдол ашиг өгөөгүй мөртлөө ашигтай ажилласан байдаг юм. 2018 оны 09 дүгээр сард “Э Г”компанийн үүсгэн байгуулагчдын нэг Н.Цэвээнравдан, Ч.А бид уулзахад компанийн эзэмшигчдийн нэрнээс бидний нэрийг хасуулж нэг хүний эзэмшлийн болгосон байсныг бид олж мэдсэн. Үүний дагуу Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст очиж лавлахад “Э Г”ХХК нь Ц.Л гэдэг нэг хүний өмч гэж бүртгэгдсэн байх бөгөөд Б.Ээхнэртээ бидний зөвшөөрөлгүй шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл өмчлөгч бидний эрх нь зөрчигдсөн, уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардаж байна. Иймд нэхэмжлэгч нарын “Э Г”компанийн хувь эзэмших хууль ёсны эрх зөрчигдсөн тул өмчлөх эрхийг сэргээн тогтоож, бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэхэмжлэхдээ: 1999 оны Компанийн тухай хуулийн 60.1-т заасан Компанийн эрх барих дээд байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурал байна, 17.1-т заасан Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж хуралд оролцсон, энэ асуудлаар саналын эрхтэй хувь нийлүүлэгчдийн дийлэнх олонхоор батална, мөн хуулийн 66.1-т заасан Хурал зарлагч этгээд нь хурлын тухай зар мэдээг хуралд оролцох эрхтэй хувь нийлүүлэгчид мэдээлэх үүрэг хүлээнэ, мөн компанийн дүрмийг шинэчилсэн гэх Б.Энхтайваны ганцаарчлан шийдвэрлэсэн дүрмийг эрх бүхий бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхдээ 1999 оны Компанийн тухай хуулийн 17.3.2-т заасан Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрхийн 63.2.3 дахь заалтыг зөрчин Цэдэв овогтой Лхамыг компанийн захирлаар томилсон. Эдгээр байдлуудаас харахад Б.Энхтайван, Ц.Л нар нь хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрхэд халдсан бөгөөд энэ хугацаанд хувь нийлүүлэгчдийн хурлыг нэг ч удаа зарлаагүй, ямарваа нэгэн хуралдах зар тавиагүй нь Н.Цэвээнравдан, Ч.А нарын хууль ёсны эрхийг зөрчсөн байна. Иймд “Э Г”ХХК-ийн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, 2001, 2005, 2011, 2014, 2015.03.11-ний өдрийн компанийн дүрмүүдийг хүчингүйд тооцох, 1997-04-25-ны өдөр баталсан “Э Г”ХХК-ийн дүрмийг хүчин төгөлдөрт тооцож, Н.Цэвээнравдан, Ч.А нарын өмчлөх эрхийг сэргээж Монгол Улсын Үндсэн хуулийн 16.3-т баталгаажуулсан өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3-т заасны дагуу хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлдэг. Хариуцагч “Э Г”ХХК, Ц.Л нар нь нэхэмжлэгч нарын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулаагүй бөгөөд тэдний өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй гэдэг нь нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас тодорхой харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорноговь аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 136/ШШ2019/00017 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, 106 дугаар зүйлийн 106.1, Компанийн тухай /2011 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.6-д зааснаар нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээж, “Э Г”ХХК-ийн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, 2001, 2005, 2011, 2014, 2015.03.11-ний өдрийн компанийн дүрмүүдийг хүчингүйд тооцох, 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар баталсан компанийн дүрмийг хүчинтэйд тус тус тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энараас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ат олгож шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар магадлалаар Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 136/ШШ2019/00017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, тэдний өмгөөлөгч Т.Урангэрэл нарын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин хяналтын гомдолдоо: Хэт нэг талыг баримталсан, хуулийг ноцтойгоор буруу тайлбарлан хэрэглэсэн магадлал гаргасан гэж үзэн Х.Тэмүүжин миний бие хяналтын журмаар гомдол гаргаж байна. Агуулга 2019 оны 02 сарын 25 өдрийн 03 тоот магадлалд “Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, ойлгомжгүй, тодорхойгүй байгааг анхан шатын шүүх анхаараагүй байна” гэжээ. Анх 2018 оны 09 дүгээр сарын 18 өдрийн нэхэмжлэл гаргахдаа “Э Г”ХХК-ийн 50%-ийн өмчлөлийг сэргээх шаардлага тавьсан. Мөн 2018 оны 12 дугаар сарын 03-ны шаардлагаар тодруулахдаа Улсын бүртгэлийн газраас шүүхийн журмаар гаргуулан авсан нотлох баримтуудтай танилцсаны үндсэн дээр тодруулга хийсэн. 1999, 2001, 2005, 2011, 2014, 2015 онуудын “Э Г”ХХК-ийн дүрмийг хүчингүй болгож 1997 оны 04 дүгээр сарын 25-ний “Э Г”ХХК-ийн дүрмийг хүчинтэйд тооцсноор Ч.А, Н.Цзөрчигдсөн эрх сэргэнэ гэж үзсэн юм. Гэтэл шүүх тодруулгыг маань шаардлага нэмэгдүүлсэн гэж үзсэн байна. Шаардлага нэмэгдүүлнэ гэдэг нь өөрийн нэхэмжилсэн зүйл дээр нэмж юм авах эсвэл татгалзахыг хэлнэ гэж би ойлгодог. Гэтэл миний хийсэн тодруулга дээр “Э Г”ХХК-ийн өмчлөх эрхийн 50%-иас нэмэгдүүлэх ямар нэгэн үг үсэг дурьдагдаагүй болно. Иймд шаардлага өөрчилсөн нэмэгдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-д заасан мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй гэж үзжээ. Гэтэл Х.Тэмүүжин миний бие 2018.12.03 өдөр дээрх тодруулгыг шүүхэд өгсөн. Шүүгчийн туслах Чинбаяр ийм тодруулга ирсэн байна гэж утсаар мэдэгдсэн. Мөн Б.Баясгалан 2019.01.04 өдөр хэрэгтэй танилцсан баримт байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3-т /Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэжээ/ эндээс дүгнэхэд хариуцагч тал хариу тайлбар тавих хугацаа, боломж байсан, анхан шатны шүүх эрхийг нь зөрчөөгүй нь харагдаж байна. Мөн 03 дугаартай магадлалд 2018.10.26 өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үеэр яригдсан зүйлсийг иш татсан байна. Энэ нь Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 18.6-д заасан “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үед талуудын гаргасан аливаа тайлбар нь шүүхээр маргааныг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй” гэж заасныг ноцтой зөрчин нотлох баримтын хэмжээнд үнэлэн шүүхийн магадлалтай тусгасан байна. Мөн “Нэхэмжлэлийг эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэл гэж үзэх тул улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамж төлүүлэхээр байжээ” гэсэн байна. Гэвч бид нар нь одоог хүртэл “Э Г”ХХК-ийн хэр их хэмжээний хөрөнгөтэй мөн хэдий хэмжээний өртэй, эндээс Ч.А, Н.Цнарт хэдий хэр хөрөнгө ноогдох нь тодорхойгүй, бид энэ талаар мэдэхгүй, мэдэх боломжгүй юм. Энэ үндэслэлээр анхан шатны шүүх улсын тэмдэгтийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар төлүүлэх байжээ гэсэн үндэслэл нь няцаагдаж байгаа юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хүчинтэйд тооцон МУ-ын үндсэн хуулийн 16.3-т заасан Н.Цэвээнравдан, Ч.А нарын эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Ч.А, Н.Цнар хариуцагч “Э Г”ХХК, Ц.Л, Б.Энарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ эрх зүйн үндэслэл бүхий тодорхойлоогүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.

Н.Цэвээнравдан, Ч.А нар “Э Г”ХХК-ийг анх үүсгэн байгуулсан гишүүд мөн боловч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэн эсэх нь тодорхой бусаас гадна хувьцаа эзэмшигчийн эрхээ сэргээлгэхийн тулд 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр баталсан “Э Г”ХХК-ийн дүрмийг хүчин төгөлдөрт тооцуулах, үүнээс хойшхи хугацааны буюу 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, 2001, 2005, 2011, 2014, 2015 оны компанийн дүрмийг хүчингүйд тооцуулах, өмчлөх эрх сэргээлгэх шаардлага гаргасан нь ойлгомжгүй, тодорхой бус болсон байна. Нэхэмжлэгч нь эрх сэргээлгэх гэж байгаа бол ямар эрх сэргээлгэх шаардлага гаргаж байгаа, үүнд саад болсон нөхцөл байдлыг хэрхэн арилгуулах, шаардлагаа хэнд холбогдуулан гаргаж байгаа болохыг эрх зүйн хувьд зөв тодорхойлж, нэхэмжлэлийн үндэслэлээ гаргаж, нотлох үүрэгтэй. Хэрэгт байгаа улсын бүртгэлийн баримтаас үзвэл “Э Г”ХХК нь нэг гишүүнтэй, тэр нь Ц.Л байх ба түүнд холбогдуулан хувьцаа эзэмших эрхийг хэрхэн шийдвэрлэхийг заагаагүй нөхцөлд бүртгэл хэвээр байх бөгөөд 1997 оны компанийн дүрмийн хүчинтэйд тооцох шаардлага энэ зөрчлийг арилгахгүй юм.

Нөгөө талаас хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байв.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус учраас зохигч бүрэн мэтгэлцэж чадаагүй, хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг буруутгах боломжгүй байна.

Иймд магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн  нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА