Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-18
Дугаар 001/ХТ2019/00963
Хэргийн индекс 183/2018/01426/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Д.Б, Л.Э нар
Хариуцагч Д.Т
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Д.Б, Л.Энарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00056 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 448 дугаар магадлалтай,

Д.Б, Л.Энарын нэхэмжлэлтэй

Д.Тт холбогдох

404 538 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Тын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мандах, Д.Оросоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Т нь миний нөхөр Л.Энхтүвшингийн төрсөн ах Л.Алтанцогийн эхнэр Д.Ттай нөхөр бид хоёр бэр эгчийн хувьд маш ойр дотно харилцаатай төрсөн эгч, дүүс шиг 20 гаруй жил харилцаатай байсан. 2008 оноос би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үнэт эдлэл, европ барааны B ONLY нэртэй дэлгүүр ажиллуулах болсон. Д.Т 2011 оноос эхэлж өөртөө болон хүүхэд, гэр бүл, ажил хэргийн холбоотой хүмүүст зээлээр хувцас авч, тэмдэглүүлдэг байсан. Өмгөөлөгчид төлөх өмгөөллийн хөлсөө бараагаар авахуулж, үнийг өөрөө төлнө гэх мэтээр тохиролцон нийт 154 994 100 төгрөгийн бараа авсан. Мөнгийг тэр болгон нэхдэггүй, харин өглөгтэй талаар нь сануулдаг байсан ба зээлээр авсан бараагаа тус тусдаа бичиж тэмдэглэдэг байсан тул 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд авсан барааны үнэ 154 994 100 төгрөгийг нэхэмжилж байна. Дээрхээс гадна хариуцагч нь 2012 оны 5 дугаар сард Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороололд байрлалтай үл хөдлөх эд хөрөнгө эгчийнх нь өмчлөлд бүртгэлтэй, уг обьектод хөрөнгө оруулаач засч янзлаад хамтарч үйл ажиллагаа явуулъя гэсэн санал гаргасныг хүлээн зөвшөөрч 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний урьдчилгаа 90 000 ам долларыг тухайн үеийн валютын ханшаар тооцож 99 544 700 төгрөг бэлнээр, нөхөр Л.Энхтүвшингийн өмчлөлийн Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг 150 000 000 төгрөгт тооцож нийт 249 544 700 төгрөгийг Д.Тт өгсөн. 249 544 700 төгрөг хүлээн авсан тухай баримт байгаа. Тэрээр Инвест капитал ББСБ ХХК-ийн захирал бөгөөд 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус ББСБ-ын нярав н.Ууганцэцэг нь тамгатай, кассын орлогын ордер дээр обьектийн үнэ, машин нийт 249 544 700 төгрөг хүлээн авлаа гэсэн баримт үйлдэж өгсөн. 249 544 700 төгрөгийг /150 000 000 төгрөгт автомашин тооцож/ шилжүүлсэн талаар талууд маргадаггүй. Үүнээс хойш бид удаа дараа уулзаж худалдан авч байгаа хөрөнгөндөө засвар хийгээд түрээслэх, цэцэрлэг, бөөний төв, караоке ажиллуулах байдлаар хамтран ажиллаж ашиг орлогоо хуваахаар ярилцсан боловч Д.Т тухайн обьектыг нууцаар бусдад зарсан талаар харуул н.Даваадоржоос 2016 оны хавар мэдсэн. Үүнээс хойш Д.Ттай холбоо барих гэж оролдсон ч нөхөр бид хоёртой огт холбогдоогүй. Гэтэл Д.Т над руу бичиг явуулсан байсныг хүлээн авч гайхаад 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр мессэж бичихэд түүнээс хариу ирэхдээ ...чамд тийм их хүнд тусна гэж бодсонгүй, та хоёрын мөнгөнд хүү бодоод өгье, мөн 2012 оны 11 дүгээр сараас хойш авсан хувцасны тооцоог хийгээд өгөөрэй... гэсэн байсан. Бид обьект зарсныг 2016 онд мэдсэн, мөн Д.Таас ирсэн мессэж нь бидний хамтран ажиллахаар өгсөн мөнгийг төлөхгүй, харин үндсэн мөнгөнд хүү бодож өгнө гэдгийг илэрхийлсэн тул хөрөнгө оруулсан, хамтарч ажиллах, худалдан авах асуудал дуусгавар болсон гэдгийг ойлгож 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Цагдаагийн байгууллагад хандсан боловч иргэд хоорондын маргаан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн юм. Иймд гэрээний дагуу өгсөн 249 544 700 төгрөгийн 150 000 000 төгрөг нь миний нөхөр Л.Энхтүвшингийн тээврийн хэрэгслийн үнэ учраас үлдэх 99 544 700 төгрөгийг миний бие нэхэмжилж байна. Д.Т нөхөр бид хоёрт сайн ханддаг байсан учраас 2001 онд түүний санал болгосноор Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 65-31 тоот орон сууцыг түүний аав н.Дэлэгээс 68 000 000 төгрөгөөр худалдаж авч үүнээс хойш амьдарсан. Итгэмтгий зангаас болж орон сууцны гэрчилгээг өөрсдийн нэр дээр шилжүүлээгүй. Гэтэл Д.Т 2012 оны 8 дугаар сард ...та 2 манай 4 өрөө орон сууцанд амьдарч бай, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 65-31 тоот танай орон сууцыг өөрийн хүү Т.Оргилд авч өгмөөр байна... гэхээр нь зөвшөөрөөд 75 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Л.Эбид хоёр 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 12 тоот, 41 м.кв талбайтай, 3 өрөө байрыг Д.Таар зуучлуулж иргэн А.Цогзолмаагаас бэлэглэлийн гэрээгээр 116 000 000 төгрөгөөр худалдаж авсан ба 75 000 000 төгрөгт дээрх 65-31 тоот орон сууцыг, үлдэх 41 000 000 төгрөгийг бэлнээр тооцон өгч, түүний хүү Б.Тамираар нь дамжуулан худалдаж авсан. Хариуцагч Д.Т өөрийн хүү Д.Оргилыг байртай болгохын тулд бид хоёрын 65-31 тоот орон сууцыг Т.Оргилд өгч бидний өмнөөс 75 000 000 төгрөгийг А.Цогзолмаа, Б.Тамир нарт өгч, үлдэх 41 000 000 төгрөгийг Л.Эбид 2 өгсөн. Л.Энь Б.Тамирт орон сууцны үнэ 116 000 000 төгрөг хүлээлгэн өгөв гэсэн бичгийг хийлгэсэн. Дээрх 2 орон сууц нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Инвест капитал ББСБ ХХК-ийн захирал нь Д.Т учир тус ББСБ-аас Ш.Эрдэнэбилэг 50 000 000 төгрөг, Л.Э37 000 000 төгрөг тус тус зээлж, зээлийн гэрээг Л.Энхтүвшинтэй байгуулсан ба уг гэрээтэй холбоотой буюу Инвест капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.Энхтүвшинд холбогдох хэрэг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0136 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдэж, зээлийн төлбөрт хариуцагч 27 000 000 төгрөг төлсөн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлтэй хамааралгүй. Иймд хариуцагч Д.Таас 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд Д.Бгаас авсан барааны үнэ 154 994 100 төгрөг, 99 544 700 төгрөгийн хамт нийт 254 538 800 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан тул нэхэмжлэгч нар хариуцагчтай 2012 оны 5 дугаар сард хамтран ажиллах зорилгоор 249 544 700 төгрөг өгснөөс хойш байнга ажлын шинэ санаа гаргаж, ярилцсаар ирсэн. 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 20 цаг 28 минутад бичсэн гар утасны мессэжээс үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Эшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Т нь миний ах Л.Алтанцогийн эхнэр байсан. Л.Алтанцог нь 2011 онд нас барсан, бэр эгч н.Зоригоо гэж хүнтэй хамтран амьдарсан ч бидний харилцаа хэвийн үргэлжилж байсан. Хариуцагч нь биднээс нийт 249 544 700 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг, энэ талаар маргадаггүй. Д.Т Д.Бтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж тухайн объектыг бусдад зарчихаар нь бид хоёр урьдчилгаанд өгсөн мөнгөө буцааж авахаар шаардсан үеэс эхлэн худал ярьж байна. Д.Таас 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хооронд авсан барааны үнэ болох 154 994 100 төгрөгийг, худалдах худалдан авах гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 249 544 700 төгрөгийн хамт нийт 404 538 800 төгрөг гаргуулахаар эхнэр Д.Б бид хоёр нэхэмжилж байна. Үүнээс Д.Тт өгсөн 249 544 700 төгрөгийн 150 000 000 төгрөгт нь миний өмчлөлийн Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг өгсөн бөгөөд тэрээр уг тээврийн хэрэгслийг бусдад зарсан. Иймд 150 000 000 төгрөгийг миний бие, үлдэх хэсгийг Д.Бд гаргуулж өгнө үү. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй зүйлүүдийг тайлбарласан байна. Бид 2001 онд хариуцагч Д.Тын аав Дэлэг гэх хүнээс Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 65-31 тоот 2 өрөө байрыг 68 000 000 төгрөгөөр худалдан аваад өөрсдийн нэр дээр шилжүүлээгүй байсан юм. Мөн А.Цогзолмаа Б.Тамир нараас Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 22-12 тоот, 3 өрөө орон сууцыг 116 000 000 төгрөгөөр худалдан авч 75 000 000 төгрөгт нь өөрсдийн өмчлөлийн 65-31 тоот орон сууцаа өгч, үлдэх 41 000 000 төгрөгийг Д.Таар дамжуулан Б.Тамирт өгсөн. Д.Тын хүсэлтээр дээрх 65-31 тоот 2 өрөө орон сууцыг түүний хүү Д.Оргилд 75 000 000 төгрөгөөр өгч тэрээр бидний өмнөөс 75 000 000 төгрөгийг Б.Тамирт өгсөн. Үүний дараа би Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 22-12 тоот, 3 өрөө орон сууцны үнэд 116 000 000 төгрөгийг Б.Тамирт хүлээлгэн өгөв гэсэн бичгийг хийлгэж авсан. Д.Т, Байгалмаа нарын харилцан бичсэн мессэжнээс Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 65-31 тоот орон сууцыг худалдсан тухай харагдах бөгөөд одоо уг 2 өрөө орон сууц нь хариуцагч Д.Т, түүний хүү Д.Оргил нарын эзэмшилд байгаа. Д.Т дээрх 2 өрөө байрыг 75 000 000 төгрөгт тооцож авахгүй гэж байгаа бол нэхэмжлэгч нар байраа буцаан эзэмшил, өмчлөлдөө авч болно. Уг орон сууцны асуудал энэ нэхэмжлэлд огт хамааралгүй юм. Инвест Капитал ББСБ ХХК болон Л.Энарын хоорондох зээлийн асуудал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 00136 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдсэн учир 27 000 000 төгрөгтэй холбоотой тайлбар нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй бөгөөд дээрх мөнгийг Л.Эөөрөө төлсөн нь баримтаар нотлогдоно. Л.Эхариуцагч Т.Д.Таас Мерседес Бенз С550 маркийн тээврийн хэрэгсэл авч байгаагүй, Ш.Эрдэнэбилэг зарж өгнө гэж Т.Д.Таас авсан гэдэг. Машиныг авсан хүн нь мөнгөө өгөхгүй байгаа тул Ш.Эрдэнэбилэгийн гомдлоор Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Ш.Эрдэнэбилэг Д.Т нарын хоорондын маргаан тул нэхэмжлэгч нарт хамааралгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Инвест Капитал ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажилладаг. Нэхэмжлэгч Л.Энь 87 000 000 төгрөгийн зээл манай компаниас авч, үндсэн зээлээс 60 000 000 төгрөг болон зээлийн хүүг төлөхгүй байсан тул 2017 онд зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Миний нөхөр Л.Алтанцогийг нас барснаас хойш Сүхбаатар дүүргийн 4 хороо, 1 дүгээр 40 мянгат гудамж, 65 байр 31 тоотод Л.Энхтүвшин, Д.Б нар өнөөдрийг хүртэл амьдардаг. Миний хүү Д.Оргил, А.Ананд нарын зүгээс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 5-7 тоот орон сууцыг чөлөөлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан үүссэнээс хойш нэхэмжлэгч нар нь дараах үйлдлүүдийг гаргаж эхэлсэн. Д.Б нь 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүрэг Цагдаагийн нэгдүгээр хэлтэст нэхэмжлэлд дурдсан үйлдлүүдэд намайг залилан хийсэн гэж гомдол гаргасныг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 344 дугаар Прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хаасан. Нэхэмжлэгч Л.Э2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Инвест Капитал ББСБ ХХК-ийн үйл ажиллагаанд хамааралтай 249 544 700 төгрөгийн санхүүгийн зөрчлийг хянуулахаар эрх бүхий байгууллагад хандсан ба Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 9 дүгээр сарын 21-ний 06 дугаар тогтоолоор зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан. Миний зүгээс аливаа асуудалд хүлээцтэй хандаж ах дүүгийн харилцаатай байснаа бодож маргааныг эв зүйгээр шийдвэрлэхийг хичээсэн боловч чадаагүй. Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дүү Л.Энхтүвшин, түүний эхнэр Д.Б нар худалдах худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаанд Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг 150 000 000 төгрөгт тооцож, үлдсэн хэсэг болох 99 544 000 төгрөгиийг бэлнээр өгөхөөр тохирч энэ үүргээ биелүүлэн өгсөн нь үнэн. Д.Б нь 2015 онд БНСУ-д хамт зорчиж байхдаа ...үл хөдлөх хөрөнгийг манай нөхөр бид 2 худалдан авахаа болилоо... гэж албан ёсоор хэлсэн учир өөр этгээдэд худалдан борлуулсан. Ингээд нэхэмжлэгч нарын өгсөн 249 544 700 төгрөгийг буцаан төлөхдөө өөрийн өмчлөлийн шинэ Мерседес Бенз С550 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч нарын өгсөн Лексус 570 маркийн тээврийн хэрэгсэлтэй харилцан тооцож өгсөн бөгөөд уг тээврийн хэрэгслийг Л.Энь Ц.Чаминчанга гэдэг хүнтэй ирж авсан. Үлдэгдэл 99 544 700 төгрөгийг тэдэнд буцаан өгөх байсан боловч нэхэмжлэгч нарын Б.Тамираас орон сууц худалдан авахад дутсан 75 000 000 төгрөг болон Инвест капитал ББСБ ХХК-иас Л.Энхтүвшингийн авсан зээлд 27 000 000 төгрөг тус тус төлсөн, суутган тооцсоноор бидний хоорондын тооцоо дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. B ONLY гэх дэлгүүрээс бараа авсан гэж 154 994 100 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, тухайн дэлгүүрээр үйлчлүүлж байсны хувьд худалдаж авсан барааныхаа үнийг тухай бүр нь төлж тооцоог хийж байсан бөгөөд хэдий хэмжээний барааг хэзээ, хэнээс хэнд, хэрхэн ямар нөхцөлтэйгээр худалдсан эсэх, хэзээ хэнээс нэхэж байсан нь тодорхойгүйгээр 154 994 100 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Надад өгсөн гэх барааны жагсаалт бичсэн дэвтрийг миний бие Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн журмаар шалгагдаж байхад анх танилцсан ба хууль хяналтын байгууллага холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тодорхой шалгаж Д.Бгаас надад өгсөн, авсан гэх асуудал тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн учраас хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай шийдвэр гарсан. Хэрэг бүртгэлийн хэргийн оролцогчийн хувьд нэхэмжлэгч Д.Б нь энэхүү хяналтын прокурорын шийдвэрийг хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй болно. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэгч нар ямар хэл дээр байгаа нь мэдэгдэхгүй мессэжийг үндэслэж хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, тасалдсан гэж үзээд байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар шүүн таслах ажиллагаа Монгол хэл дээр явагддаг. Үүнийг шүүх анхаарна биз. Д.Бгийн ажиллуулдаг дэлгүүрээс авсан гээд байгаа хувцсыг Д.Т дан ганцаараа аваагүй, хүү Оргил, өмгөөлөгч Оюунцэцэг, нөхөр Зоригоо, аварга Түвшинбаяр нар авсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа дэлгэрэнгүй бичиж өгсөн байна. Эндээс үзэхэд бусдын авсан барааны үнийг хариуцагч төлөх үндэсгүй. Зээлээр бараа худалдах худалдан авах гэрээг бичгээр хийх ёстой байтал бичгээр хийсэн гэрээ байхгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрх буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 249 544 700 төгрөгийн тооцоо дууссан, 154 994 100 төгрөгийн барааг аваагүй. Д.Т нь Мерседес Бенз С550 маркийн тээврийн хэрэгслийг Л.Энхтүвшинд Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийн оронд өгсөн, Л.Энхтүвшингийн өмнөөс Инвест капитал ББСБ ХХК-д 27 000 000 төгрөгийг, нэхэмжлэгч нарын худалдан авсан байрны үнэд 75 000 000 төгрөгийг тус тус төлсөн тул нэхэмжлэгч Д.Б, Л.Энхтүвшин, хариуцагч Д.Т нарын хооронд ямар ч тооцоо байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00056 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Таас 345 666 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд 195 666 000 төгрөгийг, нэхэмжлэгч Л.Энхтүвшинд 150 000 000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлээс 58 872 800 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 210 357.25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 907 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Энхтүвшинд, 1 136 280 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 448 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00056 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Тын давж заалдах журмаар гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 2 044 230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Т хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: 1.Шүүхийн шийдвэр, магадлалаар надаас 345 666 000 төгрөг гаргуулж, Д.Бд 195 666 000 төгрөг, Л.Энхтүвшинд 150 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн асуудлыг зөвшөөрөхгүй байна. Шийдвэртээ Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2В байрны 14 тоотод оршин суух Б.Цэрэнбат Бенз S550 маркийн автомашиныг 2011 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Монгол улсын гаалийн хилээр оруулж ирэн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ц.Чаминчангад уг автомашиныг бусдад худалдах тээврийн газарт төлөөлөх бичиг баримтад гарын үсэг зурах итгэмжлэлийг олгожээ ...итгэмжлэлээс үзэхэд нь Бенз S550 маркийн автомашин нь Б.Цэрэнбатын өмчлөлийн ... Lехus LХ570 маркийн автомашиныг өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна ...” гэж, Магадлалдаа “... 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр орж ирсэн Мерседес бенз S550 маркийн тээврийн хэрэгслийг бусдад худалдах, тээврийн газарт төлөөлөх, бичиг баримтад гарын үсэг зурах эрх бүхий итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай олгосон байна. Уг баримтаар тухайн тээврийн хэрэгсэл нь хариуцагч Д.Тын өмч гэж үзэхээргүй байх бөгөөд нэхэмжлэгч нарт шилжүүлсэн гэх үндэслэлээр татгалзаж буй хариуцагчийн тайлбар нь хэрэгт авагдсан бусад баримтаар ч тогтоогдохгүй байна. Иймд дээрх тээврийн хэрэгслийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх төлбөрт нь тооцогдсон гэх үндэслэлгүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ ...” гэсэн нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй юм. 2. Худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой 249 544 700 төгрөгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага дээр иргэн надаас автомашины үнэ болох 150 000 000 төгрөг, 99.544.700 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн асуудлын тухайд: 2.1 Бодит байдал дээр иргэн Б.Цэрэнбатаас би уг Бенз S550 автомашиныг 80.000 ам доллараас худалдах, худалдан авахаар гэрээ хийж, 40.000 ам долларыг төлөөд уг автомашины өөрөө ашиглаж явсан, уг автомашиныг Л.Энхтүвшинд шилжүүлэх үед би үлдэгдэл тооцоог хийж, иргэн Б.Цэрэнбат, би, Л.Энхтүвшин, түүний жолооч гэх Ц.Чаминчанга нар байлцаж, машиныг үзэх шалгаж Л.Энхтүвшинд шилжүүлж өгсөн, Л.Энь манай жолооч Ц.Чаминчангаг гэдэг хүний нэр дээр итгэмжлэл өгчих гээд түүний нэр дээр итгэмжлэл өгсөн. Энэ нь Лекус маркийн автомашин болох 150 000 000 төгрөгийн төлбөрт хийж байгаа тооцоо юм. Иргэний хуулийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.” гэж заасан бөгөөд Бенз маркийн автомашиныг иргэн Л.Эөөртөө шилжүүлж авснаараа уг тооцоо дуусгавар болсон. Иймд нэгэнт дуусгавар болсон буюу автомашин шилжүүлж өгч тооцоо дууссан өр төлбөрийг дахин надаар төлүүлэх шийдвэрийг хоёр шатны шүүх гаргасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иргэн Б.Цэрэнбаттай байгуулсан гэрээ, түүний гэрчийн мэдүүлэг нотлох баримтаар авагдсан байхад шүүх үнэн зөв үнэлэхгүй, хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна гэж үзэж байна. 2.2 Худалдах, худалдан авах гэрээтэй холбоотойгоор үлдэгдэл 99 544 700 төгрөгийн тухайд бол би нэхэмжлэгч Л.Энхтүвшин, Д.Б нар нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 12 тоот 41 м.кв 3 өрөө орон сууцыг худалдаж авахад тэдний өмнөөс 75 000 000 төгрөгийг Б.Тамирт төлсөн, нэхэмжлэгч Л.Энь Инвест капитал ББСБ-ийн зээлийн төлбөрийн үлдэгдэл 27 000 000 төгрөгийг түүний өмнөөс төлсөн байсан. Иймд уг асуудал дээр бидний хооронд ямар ч тооцоо үлдээгүй болно. 3.Шүүх шийдвэртээ “...зохигчдын хооронд 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж уг гэрээг хуульд зааснаар бичгээр хийгээгүй боловч гэрээний гол нөхцөл болох үнийг талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн байх тул зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Худалдагч Д.Б нь худалдан авагч Д.Тт хувцас, эд хөрөнгийг шилжүүлснээр тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсанд тооцох үндэстэй ...зээлээр худалдан авсан хувцас, эд зүйлийн үнэ 96 121 300 төгрөгийг хариуцагч Д.Таас гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгох нь зүйтэй.’’ гэж, давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч Д.Бгаас хариуцагч Д.Тын авсан хувцас эд зүйлийг тэмдэглэж байсан 7 ширхэг дэвтэрт үзлэг хийхэд 154 994 100 төгрөгийн бараа хариуцагчид хамаарах байдлаар тэмдэглэгдсэн байна. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг зохиогчдын тайлбартай харьцуулан үнэлж, 58 872 800 төгрөгт холбогдох хэсэг нь нэр бүхий иргэдтэй холбоотой гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас хасч хариуцагчид ногдох үүргийг 96 121 300 төгрөг гэж дүгнэснийг буруутгахгүй.” гэж шийдвэрлэсэн. Иргэн Д.Т би нэхэмжлэгч Д.Бгийн дэлгүүрээс бараа, эд зүйл авахдаа тухайн бүр тооцоог нь хийж ирсэн, тооцоог ихэнх тохиолдолд дэлгүүр дээр биш Д.Бтай хийдэг байсан, гадаадад явахдаа ч тэр хувцас, эд зүйлийн үнийг тооцоод өгөөч гээд Д.Б авдаг байсан. Гэхдээ 154 000 000 төгрөгийг хувцас, эд зүйлийг 4 жилийн хугацаанд зээлээр авах ямар бодитой шаардлага, шалтгаан байхгүй. Шүүх бол зөвхөн тэмдэглэлийн дэвтрийг үндэслэж надаас мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байгаа болно. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.Таас зээлээр авсан барааны үнэ 154 994 100 төгрөг, худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан тул шилжүүлсэн 99 544 700 төгрөгийг, нэхэмжлэгч Л.Эхудалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн машины үнэ 150 000 000 төгрөгийг тус тус буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс бараа зээлж аваагүй,  худалдан авсан эд зүйлийн үнийг тухай бүрт нь төлж байсан, нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан тул 249 544 700 төгрөгийг буцааж өгөхдөө 150 000 000 төгрөгт нь Мерседес бенз S550 маркийн машиныг, нэхэмжлэгч нар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 12 тоот 3 өрөө орон сууцыг Б.Тамираас худалдаж авахад нь тэдний өмнөөс 75 000 000 төгрөгийг өгсөн, үлдэх 27 000 000 төгрөгийг Л.Энхтүвшингийн Инвест капитал ББСБ ХХК-иас авсан зээлийн төлбөрт харилцан тооцож, мөнгийг бүрэн буцааж өгсөн гэж маргажээ.

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримт хангалттай тогтоогдоогүй, хэргийн нөхцөл байдал тодорхой бус учир нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй,   шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Энэ талаар гаргасан хариуцагчийн хяналтын гомдлыг хангах боломжтой байна.

Д.Б нь нэхэмжлэлийн үндэслэлээ 2011 оны 07 сарын 25-наас 2015 оны 03 сарын 11 хүртэл хугацаанд худалдах-худалдан авах гэрээний дагуу авсан хувцас, эд зүйлсийн үнийг хариуцагчаас гаргуулах, 2012 оны 05 сарын 30-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан тул шилжүүлсэн 249 544 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэж тодорхойлжээ. Хариуцагч 249 544 700 төгрөгийг буцааж өгсөн, зээлээр бараа худалдаж аваагүй гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Зохигч ийнхүү мэтгэлцэхдээ маргааны ач холбогдол бүхий байдлыг тогтоож чадаагүй, шүүх энэ талаар тодруулж дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ.

Зээлээр худалдан авсан барааны үнийг гаргуулах нэхэмжлэлийн талаар шүүх хэрэгт байгаа баримтыг үнэлсэн боловч хэргийн 7-р хуудсан дахь баримтыг хариуцагч Д.Т бичсэн эсэх, уг баримтаар холбогдох тооцоо, үнэ тогтоогдох эсэхийг нягталж үзээгүй байна. Түүнчлэн хариуцагч нь Мерседес бенз S550 маркийн машиныг нэхэмжлэгч Л.Энхтүвшинд өгсөн эсэх, уг машины эзэмшил өмчлөл хэнд шилжсэн, тухайн үеийн машины үнэ хэд болох, 2012 оны 05 сарын 30-ны өдрийн гэрээнээс татгалзсан байхад үүнээс өмнө буюу 2011 онд дээрх машиныг нэхэмжлэгчид өгсөн гэж байгаа нь ямар учир шалтгаантай болохыг тодруулж, хариуцагч мөнгийг буцааж өгсөн эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.Цэрэнбатаас Ц.Чаминчангад WDDNG71X97A146686 арлын дугаартай, 2007 онд үйлдвэрлэгдсэн, Монгол улсын гаалийн хилээр 2011 оны 5 дугаар сарын 02-ны өдөр орж ирсэн, Мерседес бенз S550 маркийн тээврийн хэрэгслийг бусдад худалдах, тээврийн газарт төлөөлөх, бичиг баримтад гарын үсэг зурах эрх бүхий итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай олгосон, ...Д.Т нь 80 000 ам.доллар төлсөн баримт, гэрч Б.Цэрэнбатын мэдүүлгийг үнэлээгүй байна.

Иймд хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй, зохигч бүрэн мэтгэлцэж чадаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар  сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00056 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 448 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 1 887 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

           ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА