Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-11
Дугаар 001/ХТ2019/00891
Хэргийн индекс 101/2018/05213/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч С.Б
Хариуцагч С.С, С.Б нарт
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

С.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00112 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 402 дугаар магадлалтай,

С.Бийн нэхэмжлэлтэй

С.С, С.Бнарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 7 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сүрэнхүү, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Сийн дүү С.Баатархуягт 38-76 УБТ улсын дугаартай авто машиныг барьцаалан 10 000 000 төгрөгийг зээлсэн, үүнээс 2 200 000 төгрөгийг төлж, үлдсэн 7 800 000 төгрөгийг төлөөгүй. 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр С.С нь төрсөн дүү С.Баатархуягийн өмнөөс төлбөрийг төлөхөөр барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны эд зүйл болох автомашиныг зарж борлуулсан байсан. Гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардахад хаягаа өөрчилж, утсаа авахгүй байсан тул шүүхийн журмаар эрэн сурвалжилж хаягийг тогтоосон. Тухайн үед би Энигма констракшн ХХК-д сан техникийн хяналтын инженер, С.Бтус компанид заслын ажил хийж байхад нь танилцсан. С.Бнадад дуудлага худалдаанд оролцох гэсэн 10 000 000 төгрөг хэрэгтэй байна гэхэд нь бэлэн мөнгөгүй тул эхнэрийнхээ нэр дээрх хашаа байшин, орон сууцыг Майкапитал ББСБ-д тавьж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөнгө авч өгсөн. Гэтэл С.Б2 200 000 төгрөг өгсөн, үлдсэн 7 800 000 төгрөгийг өгөөгүй. Анх 10 000 000 төгрөгийг 20 хоногийн дараа гэсэн боловч өгөөгүй тул Цагдаагийн байгууллагад хандсан. Тэр үед С.Бби мөнгийг эргүүлж төлнө, авсан нь үнэн гэж хэлж байсан. Иргэд хоорондын маргаан тул эрүү хэрэг үүсгэхээс татгалзсан. Тэр үед С.Баатархуягийн ах С.С ээжийн бие муу байна, дүүгийнхээ авсан мөнгийг төлөлцье. Паз автобус барьцаалья гээд гэрээ байгуулж бүртгүүлэх гэтэл татвар төлөөгүй учир болохгүй гэсэн. Тэгэхэд С.С чамтай гэрээ хийсэн юм чинь, энэ машиныг танай хашаанд тавья гэж хэлсэн боловч утсаар шалтаг тоочиж, ах нь ноолуурын үеэр машинаа зарж төлбөрийг төлнө гэсэн. Цагдаагийн байгууллагад хандсанаас хойш алга болсон тул С.Баатархуягийг эрэн сурвалжлуулсан. Ахынх нь хаягаар С.Сбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад хаяг нь тодорхойгүй гээд нэхэмжлэлийг буцаасан. Эхэлж 3 000 000 төгрөгийг манай эхнэрийн данс руу шилжүүлж, маргааш нь цахилгааны тусгай зөвшөөрөл авахад тэмдэгтийн хураамж төлөх гэсэн юм гэж буцаагаад 750 000 төгрөгийг авсан нь гүйлгээнээс харагдана. Хариуцагчийн 2 250 000 төгрөгийг зээлсэн бөгөөд үлдэгдэл 7 750 000 000 төгрөгийг өөрсдийн хийх ёстой байсан барилгын ажлыг С.Бд өгснийхөө хөлсөд авсан гэсэн тайлбар үндэслэлгүй. Надаас нийт 10 750 000 төгрөг зээлсэн, үүнээс 3 000 000 төгрөгийг төлсөн, үлдэх 7 750 000 төгрөгийг төлөөгүй. Ах С.С нь 7 800 000 төгрөг болгож төлье гэсэн учраас уг баримтыг үндэслэж 7 800 000 төгрөг нэхэмжилсэн. Зөрүү нь 50 000 төгрөг болж байна. С.Ббанк бус санхүүгийн байгууллагаас зээлснийг мэдэж байсан учир 990 000 төгрөг надад төлсөн нь үнэн бөгөөд үүнийг тооцоондоо оруулаагүй. Иймд хариуцагч нараас 7 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... С.БС.Бтэй 2016 оны 8 дугаар сард Дэрэн ХХК-ийн барилгын ажлыг хийх явцад танилцсан. Тухайн үед П.Есөнбаатартай хамтран тус компанийн барилгын ажлыг хийж байсан. Манай бригад нь уг компанийн барьж буй барилгын сантехникийн гүйцэтгэлийн ажлыг хийж байсан бөгөөд дутуу гүйцэтгэлтэй ажлыг С.Б ахад 7 750 000 төгрөгөөр өгсөн юм. С.Б дээрх ажлыг хийж дуусгангуут захиалагч талаас 10 000 000 төгрөгийн санхүүжилт авах ёстой юм. П.Есөнбаатар бид хоёр С.Бээс 10 000 000 төгрөгийг авсан. Үүний 2 250 000 төгрөг зээлсэн, харин өөрсдийн хийх ёстой барилгын ажлыг С.Б ахад өгсний төлөө 7 750 000 төгрөгийг авсан. Үүнийг баталгаажуулж С.Бийн эхнэр И.Түмэнцэцэг нь захиалагч компанитай барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулсан байдаг. С.Б бид нарын хооронд 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаагүй. Харин 2 250 000 төгрөгийг П.Есөнбаатар С.Бд буцааж өгсөн. С.Б өөрийнх нь гүйцэтгэсэн барилгын ажлын санхүүжилт олгогдохгүй байна, П.Есөнбаатар та хоёр хөөцөлдөж өг, та хоёрын эхлүүлсэн ажлыг дуусгачихаад санхүүжилтээ авч чадахгүй байна гэдэг. Дээрх асуудлаар бидэнд холбогдуулан Цагдаагийн байгууллагад өргөдөл гарган шалгуулсан. С.С нэхэмжлэгчийг танихгүй. Нэхэмжлэгч 2016 оны зун С.Баатархуяг, П.Есөнбаатар нарын гүйцэтгэж байсан барилгын ажлыг 7 750 000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. С.Б нь 2017 оны эхнээс С.Бнадаас 7 750 000 төгрөг зээлдэж авсан дүүтэй чинь уулзахад зээлдэж авсан мөнгөө өгөхгүй юм. 2017 оны 02 дугаар сараас эхлэн өмнөөс нь өрийг нь төлнө гэх болсон. Тухайн үед манай дүү хөдөө орон нутагт ажлаар явж байсан тул түүнтэй утсаар холбогдоход П.Есөнбаатар бид хоёр өнгөрсөн жилийн зун барьж байсан барилгаа С.Бд 7 750 000 төгрөгөөр худалдсан. Барилгын ажлаа хийж дуусгаад захиалагч компаниас 10 000 000 төгрөг авах ёстой, захиалагч компани нь өгөхгүй байгаа гэж хэлсэн тул нэхэмжлэгчид энэ талаар хэлэхэд тийм, гэхдээ дүүгийн чинь эхлүүлээд орхисон ажлыг хийж дуусгачхаад мөнгө авч чадахгүй байна, ямар компанийн ажлыг надаар хийлгүүлсэн юм, уг барилгын ажлыг авахад 7 750 000 төгрөгийг би өгсөн энэ мөнгө эргүүлж авья гэж хэлдэг. С.Бнарын хооронд ямар асуудал байгааг мэдэхгүй, харин манай дүү мөнгө авсан бол би төлнө гэж хэлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Харин 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр С.Бээс 7 800 000 төгрөг зээлээгүй. С.Б дүүгээс чинь мөнгөө эргүүлж авахаар хөөцөлдөж, зардал их гарч байна гэхээр нь 7 750 000 төгрөгийг 7 800 000 төгрөг болж үнийн дүнг өсгөж байсан бөгөөд хүчин төгөлдөр бус гэрээг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00112 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч хариуцагч нараас 6 760 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1 040 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 139 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 123 110 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 402 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Сээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Шийдвэрээр хариуцагч С.Сү, С.Бнараас 6 760 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бд олгохоор шийдвэрлэсэн юм. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь шинжлэн судлаж дүгнэхгүйгээр хариуцагч нараас дээрхи мөнгийг гаргуулж шийдвэрлэсэнд хариуцагч нараас гомдолтой байна. Хариуцагч болох С.Бнь хамтран хамтран зээлдэгч Баянбаатарын хамт С.Б, Түмэнцэцэг нараас зээлдэж авсан 10 000 000 төгрөгнөөс 3 000 000 төгрөг мөн нэмж зээлдэж авсан 750 000 төгрөгнөөс 990 000 төгрөг 2 080 000 төгрөгийг тус тус буцаан эгүүлэн өгсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаагүйгээс болж нэхэмжлэлийн шаардлагаас 2 080 000төгрөгийг зээлдэгч нараас зээлдүүлэгч талд өгсөн болох нь хэргийг хянаж байсан прокурорын тогтоол, прокурорын хариу мэдэгдэх хуудсанд тодорхой мэдэгдсэн байдаг билээ. Иймд хяналтын шатны шүүхээс 6 760 000 төгрөгнөөс 2 080 000 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч С.С, С.Бнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт 10 000 000 төгрөгийг зээлдүүлснээс 2 200 000 төгрөгийг өгсөн тул үлдэх 7 800 000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлээ тодорхойлсон байна.

Хариуцагч нар маргаж, гэрээний дагуу 7 800 000 төгрөгийг зээлж аваагүй, харин 10 000 000 төгрөгийг зээлж авснаас 2 250 000 төгрөгийг төлсөн, үлдэх 7 750 000 төгрөгийг ажил олж өгсний хөлсөд авсан тул төлөх төлбөр байхгүй гэсэн үндэслэл заажээ.

Анхан шатны шүүх хариуцагч нараас 6 760 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч нар үүргийг хамтран хариуцах эрх зүйн үндэслэл, хариуцагч нарын хүлээх үүргийн хэмжээ,  хүү төлөх талаар бичгээр тохиролцоогүй тул хүүд төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасах талаар хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, мөн хуулийн 25 дугаар зүйлд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг зохигч хүлээхийг тус тус зохицуулсан ба үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй, ажил олж өгсний хөлсөд 7 800 000 төгрөгийг авах эрхтэй болохоо нотлоогүй байна.

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглэн, шийдвэрээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлд хамаарахгүй байх тул гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00112 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 402 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА