Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-11
Дугаар 001/ХТ2019/00889
Хэргийн индекс 101/2018/04670/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Г.М
Хариуцагч М.Х
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Г.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/03848 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 364 дүгээр магадлалтай,

Г.Мгийн нэхэмжлэлтэй

М.Хд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 34 393 980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч М.Хд гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн, хариуцагч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.М 2014 оны 12 сард иргэн М.Хын хүсэлтийн дагуу Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, УС-15, 13260 гудамж 11 дүгээр байр, 22 тоотод байрлах 46.75 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 86 487 500 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. М.Х уг орон сууцны үнийн 36,5 хувь буюу 31 487 500 төгрөгийг урьдчилан төлөөд үлдсэн 63 хувь болох 55 000 000 төгрөгийг орон сууцны 8 хувийн зээлээр төлөхөөр тохиролцож, худалдан авагчийн үүрэг хүлээсэн. Орон сууцны үнийн 70 хувь болох 55 000 000 төгрөгийг Төрийн банкны хөнгөлөлтэй зээлийн нөхцөлөөр төлсөн. Гэтэл М.Х өөрөө төлөх урьдчилгаа хэсгийг төлөх боломжгүй байсан тул энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд талууд 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр №22 тоот орон сууц худалдан борлуулах гэрээ, орон сууцны зээлийн гэрээ гэсэн хоёр гэрээг байгуулсан. Одоо хариуцагч талаас гаргаж, маргаад байгаа 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны зээлийн гэрээнд зээлийн үлдэгдэл хэсэг 17 946 250 төгрөг гэж бичсэн нь ямар учиртай вэ гэхээр тухайн үед Г.М, М.Х нарын орон сууцны гэрээнд хөрөнгө зуучлалын компани оролцож байсан бөгөөд М.Х 17 946 250 төгрөгийг өөрөөс төлж үлдэх хэсгийг банкнаас санхүүжүүлжилт авна гэж уг дүнг гэрээнд бичиж байсан боловч зуучлалын компаниас М.Хд банкны олгох зээлийн дээд хэмжээ 55 000 000 төгрөг гэдэг мэдээлэл өгсөн учир бид түүнд нийцүүлээд одоо манай нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа орон сууцны зээлийн гэрээнд зээлийн хэмжээг 23 446 250 төгрөгөөр тогтоосон. Ингээд М.Х өөрөө төлөх ёстой 31 487 500 төгрөгөөс 8 041 250 төгрөгийг төлөөд үлдэх 23 446 250 төгрөгт талууд 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээ нь байгуулсан өдрөөс 14 сарын хугацаатай, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээлийн үнийн дүнгээр сар бүр 1,2 хувийн хүү тооцох, мөн зээл төлөгдөхгүй бол хоногийн 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэй болно. Уг зээлийн гэрээг байгуулснаас хойш төлсөн төлбөрийг хасаад үзэхээр одоо зээлийн үндсэн төлбөр 20 956 250 төгрөг болж байна. Мөн гэрээнд заасны дагуу тооцож үзээд зээлийн хүү 2 716 185 төгрөг мөн алдангийн хэмжээг Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хязгаарыг баримтлан 10 478 125 төгрөгийн алданги бүгд анх нэхэмжлэл гаргасан үнийн дүн болох 34 393 980 төгрөгийг шаардаж байна. Талууд гэрээ байгуулахдаа, хэлэлцэн тохиролцохдоо орон сууцны м.кв тутамд үнэ тогтоож тодорхойлоогүй орон сууцыг бүхэлд нь 86 487 500 төгрөг гэж үнэ тогтоосон бөгөөд гэрээнд м.кв-ыг бол ерөнхий байдлаар бичсэн. Иймд, хариуцагч М.Хаас зээл 20 956 250 төгрөг, хүү 2 716 185 төгрөг, алданги 10 478 125 төгрөг, бүгд 34 393 980 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Г.Мтай орон сууц худалдан борлуулах гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг 8 хороо УС-15 байрны 6 давхарын 22 тоотод байрлах 46.75 м.кв байрыг худалдаж авахаар харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Улмаар энэхүү байрны урьдчилгаа төлбөрийг өөрсдөө харилцан тохиролцон иргэн Г.Мд нийт 13 541 250 төгрөгийг өгсөн болно. Удахгүй Төрийн банкны 8 хувийн зээлд хамрагдан төлбөр тооцоо нь жигдэрч төрийн банкны зүгээс Г.М руу байрны үлдэгдэл мөнгийг шилжүүлж тухайн байрны ордер банкны мэдэлд шилжсэн болно. Миний бие одоо cap болгон Төрийн банкинд энэхүү байрын 8 хувийн төлбөрөө төлж байна. Энэхүү хугацаанд Г.Мгаас байр худалдаж авсан манай байрны иргэд иргэний шүүх болон захиргааны шүүхэд хандан м.кв дутуу гэсэн үндэслэлээр маргаан үүсгэж хоёр жилийн турш явж мөн миний бие төрийн байгууллагын орон тооны бүтцийн өөрчлөлтөөс болж ажлаасаа чөлөөлөгдсөн болно.Г.Мгийн худалдсан орон сууц худалдах гэрээнд 46.75 м.кв гэж заасан боловч мэргэжлийн байгууллагаар хэмжүүлж үзэхэд энэхүү байрны м.кв нь 39 м.кв байсан. Иймд иргэн Г.М нь 7 м.кв илүү байрны мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй тул миний хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 1 м.кв-ыг 1 850 000 төгрөгөөр худалдаж авахаар тооцсон бөгөөд 1 850 000₮ x 72 = 12 950 000 төгрөг энэхүү зээлийн гэрээнээс хасагдах ёстой. Миний бие 2015 оны 3 дугаар сарын 18-нд 1 900 000 төгрөгийг Г.Мд бэлнээр, 5 дугаар сарын 26-ны өдөр 750 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 500 000 төгрөгийг Г.Мгийн Хаан банкны данс руу тус тус шилжүүлж, 9 дүгээр сарын 14-ний өдөр 800 000 төгрөгийг Г.Мгийн хүсэлтээр түүний дүү Ж.Отгонтөгсийн дансанд бүгд 3 950 000 төгрөгийн төлөлт хийсэн. Энэхүү зээлийн гэрээ нь барьцаат хөрөнгийн зүйлтэй бөгөөд барьцаанд энэхүү газрыг өгөхөд миний бие татгалзах зүйлгүй болно. Мөн иргэн Г.М нь иргэн намайг хохироож м.кв дутуу байр өгч илүү мөнгө нэхэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Тухайн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийг гэрээг байгуулахдаа Г.Мгийн зүгээс ямарваа нэгэн байдлаар надад тухайн мөнгийг бэлнээр болон дансаар хүлээлгэн өгсөн зүйл огт байхгүй бөгөөд зөвхөн цаасан дээрх гэрээ бөгөөд миний бие аргагүйн эрхэнд гарын үсэг зурж тухайн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн болно. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/03848 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасныг баримтлан, хариуцагч М.Хаас 25 068 652 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мд олгож, нэхэмжлэлээс үлдсэн хэсэг 9 325 328 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 329 920 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч М.Хаас 283 293 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 364 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/03848 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Хаас 25 068 652 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мд олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг 9 325 328 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 283 300 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Х хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт хийлгүй дутуу хэлэлцлээ. Учир нь талуудын хооронд ямарваа нэгэн байдлаар зээлийн гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд иргэний хуулийн 282.4 дугаар зүйлд заасны дагуу зээлийн гэрээ нь мөнгө буюу эд хөрөнгө зээлдэгчид шилжүүлэн өгсөн байхыг шаарддаг гэсэн хуулийн зохицуулалтыг үндэслэн гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх энэхүү гомдлыг авч хэлэлцэн дүгнэлт хийсэнгүй. Шүүхийн магадлал хэсэгт зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний үүргийг солихоор тохиролцсон гэж л дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч Г.Мгийн зүгээс ямарваа нэгэн байдлаар хариуцагч М.Хд зээл олгож шилжүүлж өгсөн зүйл огт байхгүй болно. Зээлийн гэрээний үндсэн шаардлага болох иргэний хуулийн 282.4 дүгээр заасны дагуу үндсэн шаардлага буюу мөнгө эд хөрөнгө шилжүүлэх шаардлагыг огт хангаагүй байтал шүүхийн зүгээс зээл олгосон мэтээр хүү алданги бодож байгаа нь учир дутагдалтай болно. 2.Талуудын хооронд нэг нь байраа зарах нөгөө нь тухайн байрыг худалдаж авах хүсэл зориг байсан бөгөөд Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж тэрхүү гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа болно. Хариуцагчийн зүгээс байрны үлдэгдэл төлбөр байгаа гэдэг дээр маргахгүй харин энэхүү асуудал нь зээлийн гэрээний асуудал биш гэж маргасан. Шүүхийн үндэслэх хэсэгт дүгнээд байгаа худалдах худалдан авах гэрээ зээлийн гэрээний асуудлаар сольсон зүйл огт байхгүй. З.Энэхүү байрыг анх худалдаж авахдаа зээлээр худалдаж худалдан авах боломж байсан бөгөөд тэрхүү гэрээний дагуу хүү алданги тооцох боломжтой байсан. Гэтэл тэгээгүй бөгөөд санхүүгийн нөхцөл байдал боломжтой байсан учраас зөвхөн худалдах худалдан авах гэрээ байгуулж төлбөрийг барагдуулахаар тохиролцсон байдаг. 4. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр тохиролцсон 46.75 мк байр хүлээлгэж өгөлгүй 8.62 мкв дутуу талбайтай байр зарж борлуулан хариуцагчийг хохироон илүү мөнгө шаардаж үндэслэлгүй хөрөнгөжиж харин хариуцагчид зээл олгосон мэтээр хүү алданги шаардаж байна. Миний бие аваагүй зүйлийнхээ төлөө төлбөр төлөх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй болно. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дахин хянан үнэн зөв бодит шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч М.Хаас зээлийн гэрээний үүрэгт 34 393 980 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй, харин орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөрөөс орон сууцны дутуу талбайн үнэ 15 947 000 төгрөгийг хасч, 10 972 375 төгрөгийг төлөх боломжтой гэж маргажээ.

2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохигчийн хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, хариуцагч М.Х нь орон сууцны үнэ 86 487 500 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгэхдээ үлдэгдэл 17 946 250 төгрөгийг зээлийн гэрээгээр төлөхөөр тохирсон үйл баримт тогтоогджээ.

Зохигч нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу мөнгийг шилжүүлээгүй, зээлийн гэрээнд заасан мөнгө нь орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөх үлдэгдэл мөнгө байсан талаар маргаагүй байна.

Талууд өмнөх үүргийг өөр үүргээр солихоор тохирох нь хууль зөрчихгүй юм. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болохыг заажээ. Хариуцагч М.Х орон сууцны үлдэгдэл төлбөрийг зээл болгож байгааг мэдэж, гэрээ байгуулсан тул түүний хүсэл зоригоос гадуур зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөх мөнгөн төлбөрийн үүргийг зээлийн гэрээний үүрэг болгосон нь хууль зөрчихгүйгээс гадна нэг үүргийг өөр үүргээр сольж байгаа тул худалдах-худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болж, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу үүргийг биелүүлэх ёстой байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болох зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтын дагуу зээлийн гэрээний үүрэгт 25 068 652 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч нь 2015 оны 03 сарын 18-нд 1 900 000 төгрөгийг, мөн оны 05 сарын 26-ны өдөр 750 000 төгрөг, мөн оны 06 сарын 10-ны өдөр 500 000 төгрөг, 09 сарын 14-ний өдөр 800 000 төгрөгийг төлснөөс үзэхэд энэ хүртэл хугацаанд үүргээ хүлээн зөвшөөрснөөс гадна зээлийн гэрээний хавсралт-1-ийн дагуу хариуцагч нь 2016 оны 02 сарын 10 хүртэл хугацаанд зээлийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацааг нэхэмжлэгч зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

Иргэний хуулийн 238 дугаар зүйлд зааснаар биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож болох боловч орон сууц худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой үүрэг тодорхой бус байхад шүүх үүргийг харилцан тооцох боломжгүй юм. Иймд орон сууцны талбайн үнийг харилцан тооцоогүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтаар нэхэмжлэлийн талаар дүгнэлт өгсөн, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцсэн байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 364 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                         П.ЗОЛЗАЯА