Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-04
Дугаар 001/ХТ2019/00849
Хэргийн индекс 183/2018/02899/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч НГ ХХК
Хариуцагч “М Т”ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

НГ ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02772 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 226 дугаар магадлалтай,

НГ ХХК-ний нэхэмжлэлтэй

“М Т”ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 74 131 600 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргийн биелэлтийг хангаагүйн улмаас учирсан хохиролд 131 108 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Мөнгөн-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилгын зураг, төсөл боловсруулдаг НГ ХХК нь “М Т”ХХК-тай Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ биелүүлж, барилгын зураг төслийг боловсруулаад, актаар “М Т”ХХК-д хүлээлгэж өгсөн ба барилга ашиглалтад орсон. Зураг төсөл хийгдсэнээс хойш барилга баригдсан гэдэг нь хэрэгт байгаа барилгын ажил хийж гүйцэтгэсэн зураг төслөөр нотлогдож байна. Гэтэл хариуцагч тал манай хийсэн зургийн дагуу барилга баригдаагүй, барилга архитектур, барилга бүтээцийн зураг алдаатай байсан гэдэг. Энэ хуучин байсан барилга ба нөхөн сэргээх зураг учраас барилга архитектур, барилга бүтээцийн зурагт алдаа гарах боломжгүй. Манай инженер, техникийн ажилтнууд газар дээр нь хэмжихэд “М Т”ХХК-ийн захирал нь инженер н.Ганзориг, н.Өлзийбат нарын хамт байсан. Иймд барилга архитектур, бүтээцийн зураг алдаа гарсан зүйл байхгүй. Цэвэр бохир ус, цахилгаан, сантехникийн зургууд хийгдээгүй байсан гэдэг. Энэ зургийг хийх нэн шаардлагатай холбогдох техникийн нөхцөлүүд болон архитектур төлөвлөлтийн даалгаврыг авч өгөөгүй. Бид архитектур төлөвлөлтийн даалгаваргүйгээр хариуцагчийн хүсэлтээр хэмжилт хийж, хэмжилтийн зургийн төслийг иж бүрнээр нь хийгээд улсаас тогтоосон норм дүрмийн дагуу үнэлээд өгсөн. Техникийн даалгавар өгөөгүй байж манайхаас салхивч, цэвэр бохир ус, цахилгаан, сантехник, холбоо дохиолол, тоног төхөөрөмжийн бэхэлгээ, суурийн зургуудыг нэхэх үндэслэлгүй. Хариуцагч нар хаана, ямар тоног төхөөрөмж суурилуулагдах талаар даалгавар бидэнд өгөөгүй атлаа барилгын зургийг манайхаас авсны дараа, уг зургаар барьсан барилгад өөрсдөө дур мэдэн тоног төхөөрөмж суулгачихаад таарахгүй байна гэж байгаа нь үндэслэлгүй. Манай компани анх шүүхэд гэрээт ажлын хөлс 19 850 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гэрээгүйгээр ажилласан ажлын хөлс 54 281 600 төгрөг, нийт 74 131 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. Хариуцагч нь ...цаашдаа танай компанитай хамтран ажиллах тул эдгээр зураг төслийг хийчих, зураг бэлэн болсны дараа зургаа үнэлээд, гэрээ хийе... гэж бидний итгэл үнэмшлийг ашиглан ургамлын тосны үйлдвэрийн зураг, кэйк савлах цехийн зураг, түүхий эдийн агуулахын зураг, халаалтын зуухны зураг, нүүрсний саравч, гадна дулааны шугам сүлжээний зураг зэрэг зургуудыг хийлгэсэн. Эдгээр зургуудын үнэ нэхэмжилсэн 54 281 600 төгрөгт багтана. Гадна дулааны шугам сүлжээний зургийг гэрч н.Алтанлантуу газар дээр нь өөрөө очиж ажиллаж, зурсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...”М Т”ХХК нь НГ ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 37 000 000 төгрөгийн, 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 23 000 000 төгрөгийн зураг төсөл боловсруулах гэрээнүүдийг тус тус байгуулсан. 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний 1.1-д Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт тосны ургамлын үр боловсруулах үйлдвэрийн барилгын зураг төслийн ажлыг боловсруулах ажлыг захиалагчийн өгсөн техник эдийн засгийн үндэслэл, зургийн даалгаврын дагуу 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хийж дуусгах, үр дүнг хүлээлгэн өгөх ба захиалагч нь захиалгат ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, энэхүү гэрээнд заасан журмын дагуу гүйцэтгэгчид ажлын хөлс төлөхөөр тохиролцсон. Гэвч гүйцэтгэгч компани гэрээнд заасан үүргээ биелүүлж ажлыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй. Мөн нэхэмжлэгч нь гэрээгээр барилга хийц, барилга архитектур, халаалт салхивч, цэвэр бохир ус, цахилгаан хүчит төхөөрөмж, холбоо дохиолол, тоног төхөөрөмжийн бэхэлгээ, суурийн зураг үүрэг хүлээсэн боловч цэвэр бохир ус, цахилгаан хүчит төхөөрөмж, холбоо дохиолол, тоног төхөөрөмжийн бэхэлгээ, суурийн зургийн ажлыг хийж гүйцэтгээгүй учраас дээрх ажлыг Ялгуун баян ХХК, Тэгш-Өргөө ХХК-иудаар хийж гүйцэтгүүлсэн. Мөн 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зураг, төсөл боловсруулах гэрээ байгуулж, уг гэрээгээр барилгын зураг төсөл боловсруулах ажлыг 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэж, үр дүнг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч ажлыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй. Гэрээний 5.2-т зааснаар гүйцэтгэгч нь зураг төслийг архитектур, төлөвлөлт, инженер техникийн орчин үеийн ололт, оновчтой шийдэл, дэвшилт технологийг хэрэглэн барилгын зураг төслийг зохиох талаар Монгол Улсад дагаж мөрдөж буй норм дүрэм, стандарт техникийн нөхцөлд чанд нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, иж бүрэн зураг төслийг улсын экспертизийн албаар хянуулах үүрэгтэй байх бөгөөд гэрээнд заасан энэ үүргээ биелүүлээгүй. НГ ХХК нь гэрээний 3.2-т зааснаар зураг төслийг экспертизийн албаар батлуулалгүйгээр тосны ургамлын үр боловсруулах үйлдвэрийн цогцолбор барилгын гүйцэтгэлийн ажлын зураг төслийг хүлээлгэж өгсөн акт гэх зүйлийг үйлдсэн байх бөгөөд дээрх акт нь хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр үйлдсэн болох экспертиз хийсэн он, сар, өдөр, экспертизийн хувийн дугаар зэрэг зүйлүүд тодорхойгүй байна. Хэдий актаар хүлээлгэж өгсөн гэдэг боловч уг актыг НГ ХХК-ийн захирал Ш.Мөнгөн-Эрдэнэ нь ”М Т”ХХК дээр өөрийн биеэр ирээд Барилга, хот байгуулалтын яаманд үйл ажиллагааны тайлан гаргаж өгөх шаардлагатай байна гэж хэлээд захирлаар гарын үсэг зуруулсан байдаг. Дээрх акт дээр тамга байхгүй, ажлыг актаар хүлээж авсан зураг байхгүй. Үүнээс гадна НГ ХХК нь хуучин барилгын зургийг сэргээн засварлаж хийх ёстой байсан ба хуучин үйлдвэрийн хэд хэдэн барилгуудыг шугаман туузаар холбосон технологийн дамжлагатай объект байсан. Объектын бодит хэмжээ барилга бүтээц, архитектурын хувьд зөрсөн байсан. Өөрөөр хэлбэл, барилгын хэмжээнээс өөрөөр зурагдсан, барилга хоорондын зай өөр байсан. Энэ бол чанарын доголдолтой үүргийн гүйцэтгэл юм. Мөн нэхэмжлэгч тал гэрээнээс гадна ямар ажил хийсэн нь хэрэгт байхгүй, ямар ажил хийсэн гэдгээ нотлоогүй. Хэрэгт шинжээч томилуулсан бөгөөд шинжээч нь барилга бүтээц, барилга архитектуртай холбоотой хийж өгсөн зураг нь нийт гэрээний үнийн дүнгийн 61 хувь гэж дүгнэсэн байсан. Тэгэхээр зэрэг 60 000 000 төгрөгийн гэрээний 60 хувь бол 36 000 000 төгрөг. Бид нэхэмжлэгчид 40 000 000 төгрөг өгсөн тул гэрээнд тохиролцсон үнийг илүү төлсөн. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 74 131 600 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НГ ХХК нь 2016 оны 6 дугаар сард гэрээнд зааснаар барилга бүтээц, барилга архитектурын зургийг хагас дутуу хүлээлгэж өгсөн ба бусад зургийг 3 жилийн дараа өгсөн. Бид энэ зургийг хүлээгээд барилгын ажлаа хийхгүй байх боломжгүй тул 2013 оны 8 дугаар сар өнгөрсний дараа НГ ХХК нь гэрээний үүргээ биелүүлж чадахгүй юм байна гэдгийг ойлгоод Тэш-Өргөө ХХК, Ялгуун баян ХХК, Бьюлдингс техноложи ХХК нартай гэрээ байгуулж, НГ ХХК-ийн гүйцэтгэх ёстой байсан ажлыг гүйцэтгүүлсэн. Бид 2013 оноос хойш тосны үйлдвэрийг барьсаар байгаад дуусгасан. НГ ХХК-ийн зургаар барилгыг бариагүй. Яагаад НГ ХХК-ийн зургаар барилгыг бариагүй гэхээр барилгын ажлыг эхлүүлээд 3 жилийн дараа буюу 2016 онд үйлдвэр ашиглалтад орж байсан. Энэ нь бид зургийг хэрэглээгүй гэдгийг нотолно. Мөн энэ зургийн дагуу бид тоног төхөөрөмж захиалах боломжгүй байсан. Алдаатай зураг байсан учир бид зургийн дагуу барилгын ажлыг хийгээгүй. Иймд ”М Т”ХХК нь Тэш-Өргөө ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нийт 36 000 000 төгрөгийн гэрээ, Ялгуун баян ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр №20/13 тоот гэрээ, мөн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 12017 тоот нийт 20 000 000 төгрөгийн гэрээ, Бьюлдингс техноложи ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр, 2018 оны 3 дугаар сард зураг төсөл боловсруулах гэрээ байгуулан ажлын хөлсөнд нийт 14 000 000 төгрөг төлсөн буюу нийт төлсөн 70 883 000 төгрөг, НГ ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй, хуучин барилгын хэмжээг буруу авч, түүний дагуу буруу хэмжээтэй зураг төсөл боловсруулсан, гүйцэтгэлийн ажил чанар байдлын доголдол гарсан тул гэрээний төлбөрт төлсөн 40 150 000 төгрөг, гэрээний 7.1-д зааснаар ногдуулсан алданги 20 075 000 төгрөг, нийт 131 108 000 төгрөгийг НГ ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ялгуун баян ХХК, Тэш-Өргөө ХХК-иудаар зураг төсөл хийлгэсэн мөнгөө нэхэмжилж байна гэжээ. 2013-2016 он хүртэл биднийг зургаа гүйцэтгээгүй байж байгаад 2016 онд өгсөн гэж байгаа нь худал. 2013 оноос хойш 2016 он хүртэл сар бүр утсаар ярьж, уулзаж, ярилцсаар байгаад архитектур төлөвлөлтийн даалгаваргүйгээр зураг зуруулсан. Ер нь архитектур төлөвлөлтийн даалгавар гарснаас хойш барилга архитектурын зураг, өрөө хоорондын зураг хийгддэг. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2016 онд л ”М Т”ХХК манай компанид гаргаж өгсөн. Барилгын зураг хийхэд нэн шаардлагатай бичиг баримтуудыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй байж хэмжилтийн зургийн дагуу барилгаа барьчихаад манайхаас хохирол нэхэх нь үндэслэлгүй. Манайхаар зуруулна гэж тохироогүй, хийлгэхгүй гэж байсан зургийг өөр бусад компаниудаар зуруулсан байсан. Үнэхээр хийж гүйцэтгэсэн зураг чанарын доголдолтой байсан бол хуульд зааснаар гомдлын шаардлага гаргах эрх нь ”М Т”ХХК-д байсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Бид нар харин араас нь хөөцөлдөж техникийн нөхцөлөө өгөөч, зургийг чинь зурчихлаа хүлээж аваач гэж актаа бэлдчихээд байдаг. Гэтэл хариуцагч хүлээж авдаггүй. Хариуцагч барилгаа барихад зураг нь шаардлага хангахгүй байсан бол төлбөрийг чинь төлөхгүй гэж хэлээд гомдлын шаардлагаа гаргаад тухайн ажлыг өөр компаниудаар гүйцэтгэх боломж байсан. Шүүхэд нэхэмжлэл манайхыг гаргасны дараа янз бүрийн шалтаг хэлж байж сөрөг нэхэмжлэл гаргасан. Мөн энэ хэрэгт шинжээч томилуулж дүгнэлт гаргасан. Шинжээч НГ ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зураг барилгын тухай хуульд заасан стандарт, норм дүрмийг хангасан зураг гэж дүгнэсэн. Сөрөг нэхэмжлэлээр шаардсан мөнгө нь инженерийн шугам сүлжээний зургийн төлбөр байх бөгөөд анхнаасаа ”М Т”ХХК-тай инженерийн шугам сүлжээний зургийг хийхгүй гэж тохирсон. Харин “М Т”ХХК нь гадна дулаан, цэвэр бохир усны зургийг Тэш-Өргөө ХХК-иар хийлгэнэ гэж тохирсон байсан. 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр цахилгааны зургийг аль компаниар хийлгэх вэ, цахилгааны компани олж, цэвэр бохир ус, гадна цахилгаан, дулааны зургийг хийлгэнэ гэж байсан. Гэтэл 2013 онд ийм гэрээ хийсэн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Хамгийн анх барилга архитектур, барилгабүтээцийн зураг орж ирж байж цахилгаан, дулааны инженерийн шугам сүлжээний зураг дараа нь хийгддэг. Бидний зурсан барилга архитектур, барилга бүтээцийн зургийг авч барилгаа сэргээн засчихаад, дараа нь цахилгаан, дулаан, инженерийн шугам сүлжээний холболтын зургийг хэрхэн хийх талаар бидэнтэй 2016 онд ярьж байсан. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02772 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “М Т”ХХК-иас 74 131 600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч НГ ХХК-ийн нэхэмжлэл, хариуцагчийн 131 108 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 764 550 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 989 490 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 226 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02772 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч НГ ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528 608 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа хяналтын гомдолдоо: Магадлалыг дараах байдлаар эс зөвшөөрч байна. Магадлалын хянавал хэсэгт дурьдсан: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрх бүрэн хангагдаагүйн улмаас маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэжээ. Талуудын хооронд 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Зураг төсөл боловсруулах тухай гэрээ” байгуулагдсан ба ажил гүйцэтгэгч нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3-р багийн нутаг дэвсгэрт баригдахаар төлөвлөгдөж буй тосны ургамлын үр боловсруулах үйлдвэрийн барилгын зураг төслийг хийж гүйцэтгэх, захиалагч нь 37 000 000 төгрөгийн хөлс төлөх, мөн 2013 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Зураг төсөл боловсруулах тухай гэрээ” байгуулагдсан ба ажил гүйцэтгэгч нь тосны ургамлын үр боловсруулах үйлдвэрийн зуухны барилгын зураг төслийг хийж гүйцэтгэх, захиалагч нь 23 000 000 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ. Гэвч гүйцэтгэгч компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хугацаанд нь ажлаа хүлээлгэж өгөөгүй. Тодорхой хэдэн ажлуудыг хийж гүйцэтгэсэн, тус гүйцэтгэсэн ажилд шинжээч томилуулсан бөгөөд шинжээч барилга бүтээц, барилга архитектуртай холбоотой хийж өгсөн зураг нь нийт гэрээний үнийн дүнгийн 61 хувь гэж дүгнэсэн. Гэрээний үнийн дүн 60 000 000 төгрөг, түүний 60 хувь болох 36 000 000 төгрөг болж байна. “М Т”ХХК нь нэхэмжлэгчид 40 000 000 төгрөг төлсөн байна. Иймд бид гүйцэтгэгчид ажил гүйцэтгэсэн ажлын хүрээнд зохих төлбөрийг төлсөн байна. Нэхэмжлэгч тал гэрээнд заасан хугацаандаа хүлээлгэж өгөөгүй, гэрээгээр барилга хийц, барилга архитектур, халаалт, салхивч, цэвэр бохир ус, цахилгаан хүчит төхөөрөмж, холбоо дохиолол, тоног төхөөрөмжийн бэхэлгээ, суурийн зураг зэргийг зураг үүрэг хүлээсэн боловч дээрх ажлуудыг хийж гүйцэтгээгүй учраас эдгээр ажлуудыг “Ялгуун баян” ХХК, “Тэгш Өргөө” ХХК-иудаар хийж гүйцэтгүүлсэн. Харин нэхэмжлэгч амаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тосны ургамлын үр боловсруулах үйлдвэрийн барилга /шахах үйлдвэр/, кейк савлах, агуулах, халаалтын зуух, уурын бойлер, нүүрсний саравч гэх ажлуудыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн гэжээ. Гэвч эдгээр ажлууд нь гэрээнд тусгагдсан ажил бөгөөд гүйцэтгэгч гэрээнд заагдаагүй ажил хийж гүйцэтгэсэн мэтээр тайлбарладаг ч шүүх хуралдаан дээр талууд мэтгэлцэж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, тухайн ажлуудыг гэрээнээс тусдаа ажил гэдгийг нотолж чадаагүй бөгөөд анхан шатны шүүх үүнийг зөв үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн 74 131 600 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр нь үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж, харин хариуцагч “М Т”ХХК нь магадлалыг эс зөвшөөрч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн үндэслэлтэй болжээ. Магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч НГ ХХК нь хариуцагч “М Т”ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 74 131 600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч хохирол 131 108 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримт бүрдүүлэх зохигчийн хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан журмыг зөрчснөөс гадна маргааны зүйлийг бүрэн тогтоож чадаагүй, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болжээ.

НГ ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2013 оны 3 дугаар сарын 28, 2013 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн зураг төсөл боловсруулах гэрээний дагуу ажлын үлдэгдэл хөлс 19 850 000 төгрөгийг шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ нэмэгдүүлж, дээрх хоёр гэрээнээс гадна амаар тохирч хийсэн ажлын хөлс 54 281 600 төгрөгийг гаргуулна гэж нийт 74 131 600 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, НГ ХХК гэрээгээр тохирсон ажлыг бүрэн хийж хүлээлгэн өгөөгүй, урьдчилгаанд шилжүүлсэн 40 000 000 төгрөг, алданги 20 075 000 төгрөг, бусдаар ажил гүйцэтгүүлсний хөлс 70 883 000 төгрөг нийт 131 108 000 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээч нар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг хоёр гэрээгээр тохирсон нийт ажлын 61 хувь гэж дүгнэсэн боловч нэхэмжлэлийн нэг шаардлага буюу ажил гүйцэтгэх хоёр гэрээнээс гадуур амаар тохиролцон, өөр ажил гүйцэтгэсэн эсэх талаар зохигч мэтгэлцэж чадаагүй, маргааны зүйлийг бүрэн тогтоож чадаагүй нь учир дутагдалтай байна.

Нэхэмжлэлд дурдсан “...бичгээр байгуулсан хоёр гэрээнд хамаарахгүй гэх ажлууд...”  нь гэрээгээр тохирсон ажил, эсвэл гэрээнд хамаарахгүй өөр ажил эсэхийг зохигчоос тодруулж, маргааны зүйлийг тодорхой болгоогүй нөхцөлд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. Зохигчийн байгуулсан 2013 оны 3 дугаар сарын 28, 2013 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн гэрээнд хийж гүйцэтгэх ажлыг нэрлэн заасан боловч амаар тохирсон гэх ажил нь тусдаа өөр ажил эсвэл гэрээнд хамаарах ажил эсэхийг тодруулахын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан тусгай мэдлэг шаардагдахаар байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т заасан талууд хөлсний талаар тохиролцоогүй тохиолдолд хийж гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлсийг тодорхойлох хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.17-д заасан журмыг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр  сарын 30-ны өдрийн 226 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528 608 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

         ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА