Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-25
Дугаар 001/ХТ2019/01000
Хэргийн индекс 181/2018/02267/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашхүүгийн Цолмон
Нэхэмжлэгч Б , Ц , Н , Ш , Д , Ч , Р нар
Хариуцагч А ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

                         

Б , Ц , Н , Ш ,

Д , Ч , Р  нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/00093 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 394 дүгээр магадлалтай,

Б , Ц , Н , Ш , Д , Ч , Р  нарын нэхэмжлэлтэй,

“А ” ХХК-д холбогдох

2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн орон сууц солилцооны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, “А ” ХХК-ийн нэр дээр 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгогдсон 3590 м.кв газрыг “Баясгалант Амьдрал” СӨХ-ны ашиглалтад буцаан олгуулахыг Нийслэлийн өмч, газрын харилцааны албанд даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Нэхэмжлэгч Ч.Алтантолийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батмөнх, хариуцагчийн төлөөлөгч С.Пүрэвдорж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амгалансуурь, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтантолийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Нэхэмжлэгч нар 2015 оны 04 сарын 23-ны өдөр “А ” ХХК-тай Орон сууц солилцооны гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр нэхэмжлэгч нар өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Мебелийн 12 дугаар байрны орон сууцнуудаа тухайн газарт “А ” ХХК-ийн шинээр барих барилга дахь орон сууцаар солихоор тохирсон. Нийслэлийн засаг даргын 2013 оны 05 сарын 13-ны өдрийн А/471 тоот захирамжаар орон сууцны орчны 3590 м.кв газрыг бидний “Баясгалант Амьдрал” СӨХ-нд ашиглуулахаар шийдвэрлэсэн учир энэхүү газраа “А ” ХХК-ийн санал болгосон нэр бүхий “А  констракшн” ХХК-ийг байгуулан нэр дээр нь шилжүүлж, улмаар газар ашиглах эрх бүхий тус компаниараа хариуцагч компанитай хамтран ажиллах гэрээ байгуулахаар ярилцаж тохирсон юм. Энэ дагуу оршин суугчид 2015 оны 11 сарын 11-ний өдөр хуралдаж, “А  констракшн” ХХК-ийг байгуулахаар шийдвэрлэж, захирлаар нь Б.Отгонгэрэл гэх С.Пүрэвдоржийн эхнэрийг томилж, 1 сарын хугацаанд энэ компанийг зохих ёсоор байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг “А ” ХХК-ийн төслийн менежерт итгэмжлэл олгосон. “Баясгалант Амьдрал” СӨХ-оос 12 оршин суугч хувьцааг нь эзэмшдэг “А  констракшн” ХХК-ийн нэр дээр “Баясгалант Амьдрал” СӨХ-ны ашиглах эрх бүхий 3590 м.кв газрыг шилжүүлж өгөхийг 2015 оны 10 сарын 29-ний өдрийн албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 сарын 14-ний өдрийн захирамжаар 3590 м.кв газрыг “А ” ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргасан байсан. Угтаа бол “А  констракшн” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийг олгох ёстой байтал ойролцоо нэртэй болохоор андуурагдсан ба үүнд “А ” ХХК-ийн захирал С.Пүрэвдоржийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Учир нь анхнаасаа ижилхэн нэр өгөхийг санал болгож төөрөгдүүлсэн, мөн “Баясгалант Амьдрал“ СӨХ-ны оршин суугчдын 2014 оны 03 сарын 19-ний өдрийн хурлын протоколын гарын үсгийг ашиглаж, СӨХ-ны хурлын протокол баримтыг хуурамчаар үйлдсэн, “Баясгалант Амьдрал” СӨХ-ны 2015 оны 11 сарын 17-ны өдрийн 10/13 албан бичгийг сольж, гарын үсгийг нь ашиглаж “А ” ХХК-д газрыг шилжүүлж өгнө үү гэсэн албан бичгийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт явуулсан, ингэхдээ оршин суугчдын гарын үсгийг хавсаргасан, түүнчлэн 12 оршин суугчдын байгуулсан “А  констракшн” ХХК-ийн нэг хувьцаа эзэмшигчийг сольж С.Пүрэвдоржийн эхнэрийн нэрийг оруулсан байсныг сүүлд мэдэж засуулсан. Энэ мэтчилэн хууран мэхлэх, худлаа баримт бүрдүүлэх зэрэг хууль бус үйлдэл хийж ирсэн байх тул орон сууц солилцооны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй. 2016 оны 12 сарын 16-ны өдөр Нийслэлийн газрын албанаас өгсөн хариундаа Орон сууц солилцооны гэрээг үндэслэн газрыг шилжүүлсэн тул орон сууц солилцооны гэрээг цуцалсан баримтыг нотариатаар батлуулж авч ирвэл буцааж болно гэсэн. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаж, газраа буцаан авах талаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, “Баясгалант Амьдрал” СӨХ Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч иргэдийг СӨХ төлөөлөхгүй гээд мөн хэрэгсэхгүй болгосон. Орон сууц солилцооны гэрээг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцсон тохиолдолд “Баясгалант Амьдрал” СӨХ-ны нэр дээр 3590 м.кв газар буцаад шилжинэ гэж үзэж байгаа тул орон сууц солилцооны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, “А ” ХХК-ийн нэр дээр 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгогдсон 3590 м.кв газрыг “Баясгалант Амьдрал” СӨХ-ны ашиглалтад буцаан олгуулахыг Нийслэлийн өмч газрын харилцааны албанд даалгаж шийдвэрлэнэ үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Пүрэвдоржийн шүүхэд гаргасан тайлбарт: Манай компани нь оршин суугчидтай орон сууц солилцооны гэрээг байгуулсан. Оршин суугчид газрын асуудлаас болж маргаан үүсгэж, өнөөдөр гэрээний хугацаанд бид үүргээ гүйцэтгэх боломжгүй байгаа. “Баясгалант Амьдрал” СӨХ нь газар ашиглах эрхтэй байсан. Бид ашиглах эрхтэй газар дээр барилга барих боломжгүй учир эзэмших эрхийг өөрийн компанийн нэр дээр гаргуулахыг хүссэн ба үүний дагуу “А ” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрх шилжсэн. Гэтэл хуурамч нотлох баримт үйлдсэн мэт ярьж ирсэн. Зохих дүрэм журмын дагуу газар эзэмших эрхийг олж авсан. Нэхэмжлэгч нар өнөөдөр нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь манайхаас өөр компанитай гэрээ байгуулсан байснаас, бас байнга нэхсэн мөнгийг өгөхгүйгээс болсон. Газар булаацалдсан маргаан үүсээгүй байсан бол өдийд барилгын ажил эхлээд явж байгаа. Гэтэл шүүх, цагдаа гэж явсаар өнөөдрийг хүрч манай компанийг ч тэр, бусад оршин суугчдаа ч тэр хохироож байна. Газар эзэмших эрхийг дуудлага худалдаагаар олж авах боломж үүсвэл дуудлага худалдаанд “А  констракшн” ХХК-иар орох зорилгоор байгуулсан. Хавраас барилгаа барина, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ. Өнөөдөр барилга барих газрын хэмжээ багассан байгаа. Ч  гэдэг хүний хүсэл биелэхгүйгээс бусад оршин суугчдаа чирэгдүүлж байгаа. Яг үнэндээ зарим нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргах сонирхол байхгүй. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлээ гаргаж байгаа ч хуульд заасан үндэслэл үүсээгүй. Хуурагдсан, төөрөгдсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Арилгуулахыг хүсэж байгаа үр дагавар нь гэрээний заалттай нийцээгүй байгаа. Гэрээ хуульд нийцсэн, нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/00093 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “А ” ХХК-д холбогдох 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц солилцооны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, “А ” ХХК-ийн нэр дээр 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгогдсон 3590 м.кв газрыг “Баясгалант Амьдрал” СӨХ-д буцаан олгохыг Нийслэлийн газрын албанд даалгах тухай Б , Ц , Н , Ш , Д , Р , Ч  нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 491,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 394 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/00093 дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн “... гэрээг төгөлдөр бус гэж тооцуулж,” гэсний дараа ““А ” ХХК-ийн нэр дээр 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгогдсон 3590 м.кв газрыг “Баясгалант Амьдрал” СӨХ-ны ашиглалтад буцаан олгуулахыг Нийслэлийн өмч газрын харилцааны албанд даалгах ...” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Алтантолийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/00093 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нар “А ” ХХК-тай Орон сууц солилцооны гэрээг байгуулсан. Гэтэл тус компани гэрээ байгуулсан цагаасаа л биднийг хуурч эхэлсэн. Үүнд: 2015 оны 3 сарын 07-ны өдөр 15-03 тоотоор оршин суугчид хуралдаж, гэрээ байгуулсан гэж хариуцагчийн төлөөлөгч С.Пүрэвдорж шүүхэд гаргасан албан бичигтээ хэлсэн байдаг. Гэтэл гэрээ байгуулах үндэслэл болсон хурал огт болоогүй. “Баясгалант Амьдрал” СӨХ-д НЗД-ын А/471 тоот захирамжаар орчны газрыг ашиглах болсныг СӨХ, иргэдэд 2014.03.19-нд 03 тоотоор мэдээллийн санд оруулахаар хүргүүлж, хариу нь ирсэн баримтыг оршин суугчид С.Пүрэвдоржид хэлсэн үгнийх нь хариуд газрынхаа нотолгоо болгож өгсөн баримтыг тамга тэмдэгтэй гарын үсэгтэй хуудсыг нь ашиглаж, хуурамч хүсэлт бичиж Нийслэлийн өмчийн харилцааны газарт өгсөн байдаг. 2015.10.29-нд 10/13 тоотоор “Баясгалант Амьдрал” СӨХ нь хүсэлтээ Нийслэлийн өмчийн харилцааны газарт оршин суугчдын гарын үсгийн хамт 2015.10.29 гэж бичээд хүргүүлсэн. Гэтэл 2015.11.17-ны 10/13 тоот болгож утга санааг өөрчлөн СӨХ нь хүргүүлсэн болгож засварласан. Үүнийг шүүх шинжилгээний дүгнэлтээр баталсан, өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Ямар ч нэр хаяггүй цаасан дээр тус компаниар суугчид барилга бариулахаар зөвшөөрч байна гэж зохиомол хүсэлт бичээд түүнийхээ хавсралт болгож 10/13 тоот албан бичигт оршин суугчдын гарын үсэгтэй дээрх бичгийн хавсралтыг хавсаргасан байдаг. С.Пүрэвдоржийн санал болгосон “А  констракшн” ХХК-ийг байгуулаад мөн хэлснээр нь эхнэр Б.Отгонгэрэлийг нь захирлаар томилоод 2015.10.11-ний өдөр суугчид хуралдаж шийдвэрлээд тус компанийн менежер гэх Ж.Мөнхбилгүүнд нь итгэмжлэл өгөөд байхад оршин суугч иргэн Загд-Очирын нэрийг хурлын протоколоос хасч, Б.Отгонгэрэл гэж бичиж хүний эрхэнд халдсан. С.Пүрэвдорж нь иргэдийг хуурч мэхлэх, өөртөө давуу байдлыг бий болгох, хуурамч бичиг баримтыг удаа дараа үйлдэн төрийн байгууллагын шийдвэр гаргуулсан. Шүүх шинжээчийн дүгнэлт гаргуулахаас татгалзаж, хэрэгсэхгүй байгаа нь үнэн зөв бодит баримт дээр үндэслэн дүгнэх боломжгүй болгосон гэж үзэж байна. Мөн НЗД-ийн 2014 оны А/684 тоот захирамжийн дагуу хуралдсан, Газар барилгажилтын зөвлөлийн 2 удаагийн шийдвэрийг илт зөрчин НЗД-ын захирамж гарч “А ” ХХК-д газар шилжсэн байхад шүүх анхаарч үзээгүй. Иймд шүүх хуралд бодит баримттайгаар мэтгэлцэх зарчмыг хангахын тулд дээрх баримтуудад шүүхийн шинжилгээний дүгнэлт гаргуулах боломж олгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.  

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч , Б , Н , Р , Ш , Ц , Д  нар нь хариуцагч “А ” ХХК-д холбогдуулан 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн орон сууц солилцооны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах,  “А ” ХХК-ийн нэр дээр 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгогдсон 3590 м.кв газрыг “Баясгалант Амьдрал” СӨХ-ны ашиглалтад буцаан олгуулахыг Нийслэлийн өмч, газрын харилцааны албанд даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Ч , Б , Н , Р , Ш , Ц ,  Д  нар нь 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “А ” ХХК-тай өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Мебелийн 12 дугаар байрны орон сууцнуудаа тухайн газарт “А ” ХХК-ийн шинээр барих барилга дахь орон сууцаар солихоор тохиролцон “Орон сууц солилцооны гэрээ”-г байгуулжээ.

Дээрх гэрээгээр нэхэмжлэгч нар өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч шинээр баригдах орон сууцыг 2 жилийн хугацаанд барьж, тэдэнд шилжүүлэн өгөх, энэ хүртэлх хугацааны түр амьдрах орон сууцны хөлсөнд сар бүр 500,000.00 төгрөг төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

Гэвч гэрээнд заасан барилга баригдаагүй, нэхэмжлэгч нар өмчлөлийн орон сууцаа хариуцагчид хүлээлгэн өгөөгүй буюу дээрх гэрээний үүрэг хэрэгжээгүй байна.  

Анхан шатны шүүх талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэж,    нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэлийн нэг шаардлагыг орхигдуулсныг залруулсан тухай өөрчлөлт оруулжээ.

Нэхэмжлэгч нар нь хариуцагчтай байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн  орон сууц солилцооны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардлагаа тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “А  констракшн” ХХК-ийг хариуцагчийн хүсэлтээр байгуулсан, энэ компанийн нэр дээр орчны газар нь шилжих ёстой байтал төөрөгдүүлж, “А ” ХХК-ийн нэр дээр газрыг шилжүүлснийг хожим мэдсэн,  гэрээ хүчингүй болох тохиолдолд газрыг СӨХ-д буцаан авах үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас   үзэхэд нэхэмжлэгч нар нь 2015 онд зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц солилцооны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, эсхүл Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үр дагаврыг шаардаж буй эсэхийг ялгах боломжгүй буюу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.         

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн захирамжаар хангахаас татгалзсан боловч үндэслэлийг тодорхой заагаагүй, мөн 2019 оны 01 сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрхсэн нь ойлгомжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлийн 40.3-т нийцээгүй байна. /хх-193,229/

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/00093 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 394 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ч.Алтантолийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 70,200.00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

           ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН