Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-11
Дугаар 001/ХТ2019/00893
Хэргийн индекс 136/2018/00297/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Цэндийн Амарсайхан
Нэхэмжлэгч Ц.О-ийн
Хариуцагч БДСГазарт
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ц.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 136/ШШ2019/00019 дүгээр шийдвэр,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Ц.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Дорноговь аймгийн Биеийн тамир спортын газарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон өөр ажил хавсарсан нэмэгдэл хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацаанд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие аймгийн Биеийн тамир спортын газар 2000 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчлэгчээр, 2002 оноос үйлчлэгч, няраваар, 2004 оноос бичиг хэрэг, няраваар, 2016 оны 11 дүгээр сараас бичиг хэрэг, дотоод ажил, няраваар ажиллаж байгаад 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн. Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Г.Батлхам нь намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй, байнгын ажлын байран дээр хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан. Намайг мэргэжил, ур чадвар, эрүүл мэндээрээ тэнцэхгүй гэсэн хуулийн заалтаар ажлаас чөлөөлж байгаад гомдолтой байна. ... Манай байгууллагын ажлын байрны хувьд миний ажиллаж байсан бичиг хэрэг нь орон тоотой, аж ахуйн нярав нь орон тооны бус байдаг учир 2004 оноос эхлэн уг ажлыг хавсран гүйцэтгэж ирсэн. Миний энэ ажлын байранд ямар ч дээд боловсролтой байх шаардлагыг тавьж байгаагүй. ...

Би 2004 онд Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтанд сууж архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэжил эзэмшсэнээр тухайн ажлын байранд ажиллаж ирсэн. Мөн 2011 онд архив, албан хэрэг хөтлөлтийн ахлах зэргийн мэргэшлийн зэргийн үнэмлэх олгогдож байсан. ...

Мөн намайг хуурамч диплом ашиглаж байна гэж аймгийн Цагдаагийн газраар шалгуулсан. Би Зохиомж дээд сургуулийн дипломыг авсан цагаасаа эхлээд л огт ашиглаж, хэрэглэж байгаагүй. ...1 сараас эхлэн миний цалин дээр олгогддог байсан няравын нэмэгдлийг хассан. ТҮ-5-5 буюу 504 000 төгрөгөөр цалинжиж, няравын нэмэгдлийг ТҮ-4-5-ын 40 хувиар тооцогдож цалин хөлс авдаг байсан. ...Г.Батлхам дарга намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж байгаа тул ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 1 665 507 төгрөгийн цалин хөлс гаргуулан авах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ:

... Би анх гаргасан нэхэмжлэлдээ энэхүү няравын 40 хувийн цалингийн нэмэгдлээ оруулаагүй тооцоолсон байсан учир уг нэмэгдлийг 2018 оны 07 сараас эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцож 187 642 төгрөг*3 сар=562 926 төгрөг болж байгаа ба анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1 665 504+562 926=2 228 430 төгрөг болж байгаа. Энэ нь миний ажилгүй байсан хугацааны цалин хөлс юм. Нийтдээ ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2 228 430+няравын нэмэгдлийг өгнө гэж хэлээд олгоогүй зогсоосон 2017 оны 01 сараас 2018 оны 07 сар хүртэлх хугацааны цалингийн нэмэгдэл 3 377 556 болж байгаа ба нийтдээ 5 605 986 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмэгдүүлжээ:

Миний бие нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болох 2 228 430 төгрөг гаргуулах, няравын ажил хавсран гүйцэтгэсний цалингийн нэмэгдэл болох 3 377 556 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан ба дээрх шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 4 693 186 төгрөг болгон нэмэгдүүлж, нийт 7 626 052 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/487 дугаар захирамжаар Биеийн тамир, спортын газрын бүтэц орон тоо, цалингийн зэрэглэл батлагдсан ба энэ захирамжийн хуулбарыг хэрэгт нотлох баримтаар өгсөн болно. Энэхүү захирамжийн хавсралтаар бичиг хэрэг-дотоод ажилтан-нярав гэсэн орон тоотой ажиллахаар өөрөөр хэлбэл хавсран гүйцэтгэж байсан ажил үүргийг нэгтгэн нэг орон тоо болж батлагдсан тул няравын нэмэгдэл олгохгүй, хасуулсан болно.

Иймээс Оюунцэцэгийн няравын ажил хавсран гүйцэтгэсэн гэж 2017 оны 01 сараас 2018 оны 07 сар хүртэл хугацааны нэмэгдэл цалин нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. ...

Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/487 дугаар захирамжаар батлагдсан тус газрын бүтэц, орон тоо, цалингийн зэрэглэл одоо хэвээр мөрдөгдөж байгаа учраас 2017, 2018 оны бүтэц орон тоо баталсан тушаалуудыг мөн 2017 оны жилийн эцэст зөвхөн 3 дасгалжуулагчийн спортын зэргийн нэмэгдлийг хуульд зааснаар нөхөж олгосон, харин өмнө дурдсан тус захирамжаар иргэн бичиг хэрэг, дотоод ажилтан, нярав болж батлагдсан орон тоо 2017 онд хэвээр мөрдөгдөж байсан нэмэгдэл олгосон тушаал гараагүй тул өгөх боломжгүй байна.

... хавсран гүйцэтгэж байсан ажил үүргийг нэгтгэж нэг орон тоо болгон захирамж гарсан байсан тул ийм өргөдөл гаргах үндэслэлгүй, байгууллагын даргад хандан өргөдөл гаргаагүй, танилцагдаагүй болно.

... Ц.О- нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажилд ирээгүй, ажил хийгээгүй бөгөөд ажлаа хүлээлгэж өгөөгүй алга болсон. Байгууллагын ажилчдын 2018 оны 07 дугаар сарын ажлын цагийн бүртгэлд Ц.О-ийн ажилласан цагт огт бүртгэгдээгүй болно. О-ийн 7 дугаар сарын цалин 270018 төгрөг орсон гэж мэдүүлсэн нь цалин би ээлжийн амралтын олговор юм. Учир нь байгууллагын нийт ажилчдын цалинг төрийн сангаар шилжүүлэх санхүүгийн гүйлгээний баримтын утга дээр нийтэд нь 7 дугаар сарын цалин гэж бичиж гүйлгээ хийдэг. Бүх ажилчдын цалингийн гүйлгээний утга дээр ганц Ц.О-ийн амралтын мөнгө гэж тусгайлан бичих боломжгүй байдаг юм гэжээ.

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 136/ШШ2019/00019 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газарт холбогдох бичиг хэрэг, дотоод ажил, няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон нэмэгдэл хөлс нийт 7626252 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацаанд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137000 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр магадлалаар Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 136/ШШ2019/00019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... анхан болон давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. ... Нэхэмжлэгч Ц.О-т хариуцагч байгууллагад 6 дугаар сарын цалин хөлсийг олгосон. Харин хариуцагч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.-т заасныг зөрчсөн байгааг шүүх анхаарч үзээгүй. ...Ажлаас халах тушаалын 1 дэх заалтад Ц.О-ийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөр ажлаас чөлөөлсүгэй гэж заасанд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. ... Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалт нь тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 2, 3 дахь хэсгийн заалттай хамааралтай гэж үзэж байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.О- нь хариуцагч Дорноговь аймгийн Биеийн тамир спортын газарт холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, тус газрын бичиг хэрэг, дотоод ажил, няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор болон нэмэгдэл хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Хариуцагч Дорноговь аймгийн Биеийн тамир спортын газар нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн боловсрол, мэргэжил ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаагүй, хуурамч диплом ашигласан тул ажлаас нь үндэслэлтэй чөлөөлсөн, бичиг хэрэг, няравын орон тоо нэг болж батлагдсан тул нэмэгдэл хөлс олгох үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч Ц.О- нь Дорноговь аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б\23 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. Ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2., 42 дугаар зүйлийн 42.1., 43 дугаар зүйлийн 43.1.-д заасныг баримталснаас гадна Ц.О-ийг хуурамч диплом худалдан авч, байгууллагыг хууран мэхэлсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, албан тушаалд тэнцээгүй гэж заасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх ажил олгогч байгууллагын бүтэц, орон тоо, нэхэмжлэгчийн ажлын байрны талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан бүрэн эрхийнхээ хэмжээнд дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй гэж үзжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах учиртай. Нэхэмжлэгч Ц.О- ажил олгогчийн тушаалыг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гардаж авсан боловч шүүхэд нэхэмжлэлээ 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гаргасан учир шүүх түүнийг хуульд заасан хугацааг өнгөрөөсөн гэж үзжээ. Ийнхүү хугацааг тоолохдоо шүүх Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т заасан журмыг баримталж, хөөн хэлэлцэх хугацаа тоолох эцсийн өдөр ажлын бус өдөр байсныг тооцсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад гомдол гаргах хугацааг ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс тоолох тухай заасан тул ажил хүлээлгэн өгсөн, буюу ажлаас халагдсан өдөр хэзээ байх нь уг хугацааг тооцоход хамааралгүй болно.

Ажилтан ажлаа хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үздэг, мөн ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэйг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2., 43.3.-т заасан хэм хэмжээ шүүхэд гомдол гаргах хугацааг тодорхойлох үндэслэл болохгүй. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрээ гаргасан өдөр нь ч ажилтанд гардуулах боломжтой, гагцхүү ажил хүлээлгэн өгсөн буюу ажлаас халагдсан өдөр гэхэд энэхүү шийдвэрийг гардуулсан байх учиртай болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 136/ШШ2019/00019 дүгээр шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Х.СОНИНБАЯ

                                    ШҮҮГЧ                                                                    Ц.АМАРСАЙХАН