Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-01-15
Дугаар 001/ХТ2019/00071
Хэргийн индекс 143/2018/00039/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гүррагчаа Алтанчимэг
Нэхэмжлэгч А.Г
Хариуцагч Өмнөговь аймаг дахь ШШГА
Гуравдагч этгээд ХХБ ХХК
Маргааны төрөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

А.Г- нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 143/ШШ2018/00164 дүгээр шийдвэртэй,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 203/МА2018/00026 дугаар магадлалтай,

А.Г- нэхэмжлэлтэй

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, 

Албадан дуудлага худалдаа зохион байгуулсан тогтоолыг хүчингүй болгуулж, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлүүлж, зарим барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч А.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 28-ны өдрийн шийдвэрээр Худалдаа хөгжлийн банкинд зээлийн төлбөр төлөхөөр эвлэрч үүнийг баталгаажуулсан. Өнөөг хүртэл шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргийг биелүүлэх талаар идэвхитэй ажиллаж байна. Хамгийн сүүлд Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрийн өмчлөлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 2 дугаар баг Ёлын Б-2-9 тоотод байрлах Шинэ говь худалдааны төвийн 1080 м2 талбайтай барилгыг худалдсан. Гэрээний үнэ болох 490.000.000 төгрөгийг төлбөр авагчид шууд шилжүүлэн өгсөн. Үлдэх төлбөрийн талаар төлбөр авагчтай хэлэлцээр хийх зорилгоор Улаанбаатар хотод ажиллаж байгаад 2018 оны 01 сарын 18-ны өдөр Даланзадгад суманд ирсэн. Гэтэл Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг манай ээж, аавын гэрт ирүүлсэн болохыг энэ өдөр мэдлээ. Тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шаардлагад нийцэхгүй байх бөгөөд энэ нь миний эрхийг зөрчиж байна. Тухайн дуудлага худалдаа нь анхны болон хоёр дахь дуудлага худалдааны алин болох нь тодорхойгүй байна. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс энэ нь хоёр дахь дуудлага худалдаа байх тухай урьд өмнө нь ярьж байсантай санал нийлэхгүй байна. Тогтоолуудад дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг тогтоосон өдрөөс хойш өнөөг хүртэлх хугацаанд ам.доллар болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханш өссөн. Үүнээс шалтгаалан би өөрийн хөрөнгийг ахин үнэлгээ хийлгүүлэх хүсэлтэй байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн, эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон хугацаанаас хойш зэх зээлийн өөрчлөлттэй холбоотойгоор би алдагдал хүлээх нөхцөл байдал үүссэн.

Худалдаа хөгжлийн банкинд төлөх төлбөрийн үлдэгдэл 967.342.599 төгрөг байсан бөгөөд үүнээс 522.890.221 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл үлдээд байгаа. Иймд төлбөрийн үлдэгдэлтэй харгалзуулан доорх эд хөрөнгүүдийг төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаанаас чөлөөлөх хүсэлтэй байна. Үүнд: Даланзадгад сумын 3 дугаар баг Хүнсний зах-2 хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай Шинэ говь дэлгүүрийн барилга Даланзадгад сумын 3 дугаар баг Боржин цайны газрын зүүн талд байрлах үйлчилгээний зориулалттай Орчин үе дэлгүүрийн барилга Өмнөговь аймаг Даланзадгад сум, Баруун сайхан 7-2А тоотод байрлах өмчлөлийн газар гэх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөх. Дээрх барьцааг чөлөөлөхөд цаана нь 608.000.000 төгрөгөөр үнэлэгдээд байгаа Даланзадгад сумын Ёлын Б-2-10 тоотод байрлах Шинэ говь худалдааны төвийн Б обект барьцаагаар үлдэх бөгөөд үүгээр үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангах боломжтой. Мөн хөрөнгүүдийн үнэлгээг 2016.5.25-ны өдрийн байдлаарх зах зээлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК гаргасан. Энэ үнэлгээгээр өнөөг хүртэл эд хөрөнгүүдийг үнэлж, дуудлага худалдаанд оруулж байна. 2016 оны 5 дугаар сараас хойш зах зээл дэх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ эрс өөрчлөгдсөн. Мөн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайланд тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн байршиж байгаа газрын үнэлгээг тусгаагүй. Иймд 1. Даланзадгад сумын Ёлын Б-2-10 тоотод байрлах Шинэ говь худалдааны төвийн Б обект, 2. Даланзадгад сумын 3 дугаар баг Хүнсний зах-2 хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай Шинэ говь дэлгүүрийн барилга, 3. Даланзадгад сумын 3 дугаар баг Боржин цайны газрын зүүн талд байрлах үйлчилгээний зориулалттай Орчин үе дэлгүүрийн барилга, 4. Орчин үе дэлгүүрийн өргөгтөл, 5. Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Баруун сайхан 7-2А тоотод байрлах өмчлөлийн газар зэргийг дахин үнэлүүлж, холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, А.Ч нарын шүүхэд гаргасан тайлбарт: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 143/ШШ2016/00020 тоот шүүгчийн захирамжаар Ц.Батбаяр, А.Г- нараас 524.276.422 төгрөгийг гаргуулан Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгүүдийг хүлээн авч 2016.03.15-ны өдөр 102 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол үйлдэн 67 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оруулжээ. Өмнөговь аймгийн Даланзадгад сум 2-р баг Ёпын Б-2-10 тоотод байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай барилгыг 2016.06.09-ний өдрийн 525 дугаартай Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр үнэлгээ хийж тухайн хөрөнгийн үнэлгээг иргэн Ц.Батбаяр нь хүлээн зөвшөөрөхгүй шалтгаанаар 2016.08.16-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2016.08.19-ний өдрийн 10 цагт болохоор зарлагдсан 2 дахь албадан дуудлага худалдааг цуцлуулах тухай нэхэмжлэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг гаргасны дагуу Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.08.18-ны өдрийн 1270 дугаартай иргэний хэрэг үүсгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж гарсан билээ. Уг нэхэмжлэлийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.14-ний өдрийн 509 дугаартай шийдвэр, 2017.1.18-ны өдрийн Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2 дугаартай магадлал, 2017.4.14-ний өдрийн УДШүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 441 дугаартай тоггоолоор тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн болно. Тус газраас 2018.1.9-ний өдрийн 01/01-01/05 дугааруудтай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор 2018.1.24-ний өдрийн 10 цагт болох үл хөдлөх эд хөрөнгүүдийн 2 дахь албадан дуудпага худалдааг 2018.1.22-ны өдөр Зууны мэдээ сонинд тодорхой хэсгийг алдаатай тавигдсан байсныг 2018.1.26-ны өдрийн 10 цаг 30 минут болгон залруулга хийж дуудлага худалдааг явуулах гэсэн боловч төлбөр төлөгч А.Г- 2018.1.18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 143/Ш32018/00143 дугаартай иргэний хэрэг үүсгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан байна. А.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбарт: 1/ Тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018.1.9-ний өдрийн 01/01-01-05 дугааруудтай мөн 2018.1.22-ны өдрийн 01/01-01-05 дугааруудтай залруулга хэлбэрээр гаргасан Албадан дуудлага худалдааны тогтоолуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шаардлагыг шүүх хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй гэж үзнэ. ШШГТХуулийн 271.3.1-т заасан үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрхэд хамаарч байгаа учир шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. ... Анхны дуудлага худалдаа нь 2016.7.19-ний өдрийн 10 цагт болж өнгөрсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь зааснаар дахин үнэлгээ тогтоолгож болно. Жишээ нь: Өмнөговь аймаг Даланзадгад сум 2 дугаар баг Ёлын Б-2-10 тоот хаягт байрлах 1080 м.кв талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориулалттай обьект нь 608.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн, тухайн үнийн гуравны нэг нь 202.666.666 төгрөгний өөрчлөлт орсон эсэх нь тодорхойгүй байгаа тул холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Иймд дээрх обьектийг дахин үнэлгээ хийлгүүлэх болон зарим хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Ө-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа 490.000.000 төгрөгийг зээлэнд төлсөн гэж ярьж байна. Тийм зүйл байхгүй. Тухайн үед 36.000.000 төгрөгийг өөрсдөө гар дээрээ авсан. Тухайн одоо яригдаад байгаа зээл нь анх 2013.4.12-ны өдөр олгогдоод 2015.12.6-ны өдөр зээлийн хүү зогссон. Түүнээс хойш 3 жил хүүгүй явж байгаа. Энэ хугацаанд хадгаламж эзэмшигч нарт хүү төлж маш их хохиролтой явж байгаа. Ёлын 2б-10 тоот гээд байгаа нь УДШүүхийн тогтоол 2015.4.21-ний өдөр гараад 5 сарын 22-ны өдөр гардаж авсан байдаг. Энэ тогтоолд шүүхийн 4 шийдвэр 17, 18, 19, 20 тоот захирамжийг эдгээр хөрөнгүүдээр хангуулсугай гэж гарсан байгаа учраас нэхэмжлэгч талаас гаргаж байгаа шаардлагатай санал нэгдэхгүй байгаа. Дуудлага худалдааны хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хөрөнгийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэж үзэж байгаа тохиолдолд нотлох баримтаар нотлогдвол үнэлгээ хийж болно гэж байгаа. Тиймээс энэ нь ямар нэгэн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа. Иймээс танай энэ саналыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулахад хариуцагч талтай санал нэг байна гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 27-ны өдрийн 143/ШШ2018/00164 дүгээр шийдвэрээр  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Г- Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 1 сарын 09-ний өдрийн 01/05, 01/04, 01/03, 01/02, 01/01 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, барьцаа хөнөгө чөлөөлүүлэх, дахин үнэлгээ хийлгүүлэх тухай нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Г- улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 сарын 25-ны өдрийн 143/ШЗ2018/000143 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 203/МА2018/00026 дугаар магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 27-ны өдрийн 143/ШШ2018/00164 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг дор дурдсан нэмэлт өөрчлөлт оруулж, 1 дэх заалтыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.5-т зааснаар нэхэмжлэгч А.Г- нэхэмжлэлийн зарим шаардлага болох Даланзадгад сумын Ёлын Б-2-10 тоотод байрлах Шинэ говь худалдааны төвийн Б обект, Даланзадгад сумын 3 дугаар баг Хүнсний зах-2 хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай Шинэ говь дэлгүүрийн барилга, Даланзадгад сумын 3 дугаар баг Боржин цайны газрын зүүн талд байрлах үйлчилгээний зориулалттай Орчин үе дэлгүүрийн барилга, Орчин үе дэлгүүрийн өргөтөл, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Баруун сайхан 7-2А тоотод байрлах өмчлөлийн газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлүүлэхийг даалгасугай гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч А.Г- Даланзадгад сумын 3 дугаар баг Хүнсний зах-2 хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай Шинэ говь дэлгүүрийн барилга, Орчин үе дэлгүүрийн барилга, Баруун сайхан 7-2А тоотод байрлах өмчлөлийн газар гэх үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөх тухай шаардлагаасаа татгалзсанг, хариуцагч тал нэхэмжлэлийн Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2018 оны 1 сарын 9-ний өдрийн 01/01, 01/02, 01/03, 01/04, 01/05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох тухай шаардлагыг хүлээн зөвшөөрснийг дурдсугай гэж тус тус өөрчлөлт оруулж б/ 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож гэсэн нэмэлт, заалтын 210.600 гэснийг 70.200 гэж тус тус өөрчлөлт оруулж, Нэхэмжлэгч А.Г- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Үл хөдлөх хөрөнгийн анхны үнэлгээ 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь заалтыг давж заалдах шатны шүүх зөвхөн нэг талыг барьсан шийдвэр гаргаж “талуудын хүсэлтээр” дахин үнэлгээ хийлгэх асуудлыг зохицуулж өгсөн байтал зөвхөн төлбөр төлөгчийн хүсэлтээр дахин үнэлгээ тогтоолгох тухай магадлал гаргасан бөгөөд талууд гэдэгт төлбөр төлөгч, төлбөр авагч иргэн, хуулийн этгээдийг ойлгоно. Төлбөр төлөгч А.Г-, Ц.Батбаяр нар болон төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк хүсэлтээ гаргаж өгсөн тохиолдолд дахин үнэлгээг тогтоолгох Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах боломжтой байна. Давж заалдах шатны шүүх ганцхан А.Г- хүсэлтээр дахин үнэлгээ тогтоолгох асуудлыг шийдвэрлэсэн. Ц.Батбаяр, Худалдаа хөгжлийн банк нарын хүсэлтийг авах шаардлагагүй гэх байдлаар тайлбарлаж байгаа нь иргэн, хуулийн этгээдийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 203/МА2018/00026 тоот магадлалыг эс зөвшөөрч байгаа тул магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

А.Г- Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан  ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/01, 01/02, 01/03, 01/04, 01/05 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, барьцааг  чөлөөлүүлэх, хөрөнгийг дахин үнэлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг,  давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь   зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 143/ШШ2016/00017, 143/ШШ2016/00018, 143/ШШ2016/00019, 143/ШШ2016/00020 тоот захирамжаар нэхэмжлэгч А.Г-, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Батбаяр нар Худалдаа хөгжлийн банк ХХК-д 964.615.046 төгрөг төлөх үүргийг хүлээсэн, эдгээр захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг Өмнөговь аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулжээ.

Хэргийн баримтаас үзвэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Г- гомдлыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот тогтоолоор дуудлага худалдаа зохион байгуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/01, 01/02, 01/03, 01/04, 01/05 тоот тогтоолыг хүчингүй болгож, албадан дуудлага худалдааг хуульд нийцүүлэн гүйцэтгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь тогтоогдсон байна. Энэ үндэслэлээр зохигч  тогтоол хүчингүй болгох шаардлага хангагдсан гэж үзсэн атал анхан шатны шүүх уг шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан эсхүл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх эсэхийг тодруулж тухайн шаардлагыг хуульд нийцсэн байдлаар шийдвэрлээгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

Давж заалдах шатны хуралдаанд энэ талаар тодруулж нэхэмжлэлийн шаардлагыг  хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна.

2. А.Г- нар зээлийн гүйцэтгэлийг хангуулахаар нийт 6 үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсныг шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөрт битүүмжилж, хураасан бөгөөд нэхэмжлэгч төлбөрийн зарим хэсгийг төлсөн үндэслэлээр барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна. Анхан шатны шүүх уг шаардлагад эрх  зүйн дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118.2-т заасантай нийцээгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсныг тус шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

3. Анхан шатны шүүх шүүх төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг дахин үнэлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн үзэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Барьцаа хөрөнгийг дахин үнэлүүлэх шаардлагын үндэслэлдээ нэхэмжлэгч “...хөрөнгийг 2 жилийн өмнө үнэлсэн, энэ хугацаанд  төвийн шугамтай холбож засвар хийсэн, үнэ өссөн”  гэснийг шүүх анхаараагүй, шаардлага гаргах хугацааг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь үнэлгээ тогтоосон 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдрөөс тоолж, “ ...үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргаагүй, хугацаа хэтрүүлсэн” гэж үзсэн нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулгатай нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх дээрх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээ тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж заасан байна.

Хуулийн агуулгаас үзвэл төлбөр төлөгч, төлбөр авагч хуульд заасан тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд үнэлгээг дахин хийлгэх хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад  гаргах боломжтой ба уг хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгч шийдвэрлэх эрхтэй байна. Хэргийн баримтаар үнэлгээг шинээр тогтоолгох үндэслэл тогтоогдоогүй   байхад давж заалдах шатны шүүх  цаг хугацаа, хөрөнгийн зарим хэсэгт нэмэлт хөрөнгө оруулалт хийсэн гэж дүгнэн нэхэмжлэлийг хангасан нь хэргийн баримтад үндэслэгдээгүй байна.

Иймд хариуцагчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 203/МА2018/00026 дугаар магадлалын 1, 3 дахь заалт, Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 27-ны өдрийн 143/ШШ2018/00164 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Даланзадгад сумын Ёлын Б-2-10 тоотод байрлах Шинэ говь худалдааны төвийн Б обект, Даланзадгад сумын 3 дугаар баг Хүнсний зах-2 хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай Шинэ говь дэлгүүрийн барилга, Даланзадгад сумын 3 дугаар баг Боржин цайны газрын зүүн талд байрлах үйлчилгээний зориулалттай Орчин үе дэлгүүрийн барилга, Орчин үе дэлгүүрийн өргөтөл, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Баруун сайхан 7-2А тоотод байрлах өмчлөлийн газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлүүлэхийг даалгуулахыг хүссэн А.Г- нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч А.Г- нь Даланзадгад сумын 3 дугаар баг Хүнсний зах-2 хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай Шинэ говь дэлгүүрийн барилга, Орчин үе дэлгүүрийн барилга, Баруун сайхан 7-2А тоотод байрлах өмчлөлийн газрыг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсныг болон Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2018 оны 01 сарын 09-ний өдрийн 01/01, 01/02, 01/03, 01/04, 01/05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох тухай шаардлагыг биелүүлснийг тус тус баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг 3 дахь заалт болгож, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106  дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, 3, 4 дэх заалтыг 4, 5 гэж дугаарлан, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                         Г.АЛТАНЧИМЭГ