Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-01-17
Дугаар 001/ХТ2019/00078
Хэргийн индекс 182/2018/00766/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Л.Ж
Хариуцагч "...банк" ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хөдөлмөрийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Л.Жгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

    Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

         2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01143 дугаар шийдвэр,

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1643 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Л.Ж

         Хариуцагч: “...банк” ХХК-д холбогдох

         Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгч Л.Жгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэрэндаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, Н.Байгаль, нарийн бичгийн даргад Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: “Миний бие 2016-02-19-ний өдрөөс ...банкны бүтээгдэхүүн хариуцсан дэд захирал болон захирлаар ажилласан. Энэ хугацаанд миний гаргасан төлөвлөгөөний дагуу ...банкны 50 хувийн ашгийг манай салбараас бүрдүүлсэн байдаг. Гэтэл 2018-01-12-ны өдөр ТУЗ хуралдаад 2018-01-19-ний өдөр мэдэгдэх хуудас өгч хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Уг тушаалд “...банк” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсантай холбогдуулаад гүйцэтгэх захирал болон ерөнхий захирлын харьяаллын бүх газрын захирал, хариуцсан захирал, гүйцэтгэх захирал, орлогч захирал нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг хууль, журамд нийцүүлэн ажлаас чөлөөлөхийг зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэгчийг Бүтээгдэхүүн хариуцсан захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү.” гэжээ.

         Хариуцагч хариу тайлбартаа: “...банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018-01-12-ны өдрийн 03 тоот тогтоолоор банкны зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсан. Иймд өмнөх бүтцэд байсан Бүтээгдэхүүн хариуцсан захирал гэх албан тушаалын орон тоо хасагдсан. Албан тушаал нь ажлын байрны тодорхойлолтод тусгагдаж заасан эрх мэдлийн шатлал, ажлын байрны үндсэн зорилго, түүний гүйцэтгэх үүргээр тогтоодог. Л.Ж ...банкны бүтцийг шинэчлэх батлах тухай 2016-09-29-ний  118 тоот тогтоолоор батлагдсан бүтцийн дагуу томилогдож, Тэргүүн орлогч захирлын харьяанд, ажлаа тайлагнан, Бүтээгдэхүүн хариуцсан захирал гэх албан тушаалтайгаар Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газар Цахим банкны газрыг нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байсан. 118 тоот тогтоолоор батлагдсан бүтэц 2016-10-28-ний өдрийн №132, 2017-04-28-ний №18, 2017-09-15-ны № 38 тогтоолоор нэмэлт, өөрчлөлтүүд орсон ба 2018-01-12-ны № 03 тогтоолоор шинэчлэн батлагдсан. ...банк 100 хувь ...өмчит банк бөгөөд хувьцаа эзэмшигчийн төлөөллийг хэрэгжүүлж буй Сангийн сайдын 2017-12-27-ны өдрийн 382-р тушаалаар ...банкны ТУЗ-ын даргыг шинээр томилсон. Улмаар ТУЗ-ийн 2018-01-17-ны № 09 тогтоолоор ...банкны Гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилж мөн өдрийн №10 тоот тогтоолоор шинэчлэн батлагдсан зохион байгуулалтын бүтцээр үгүй болсон ажил, албан тушаалд ажиллаж байсан захирлуудыг ажлаас чөлөөлөх зөвшөөрлийг гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнд олгосон. Энэ нь ...банкны дүрэм болон дотоод журамд зааснаар газрын захирлыг оролцуулаад түүнээс дээш албан тушаалтныг томилох чөлөөлөх асуудлыг ТУЗ-өөс зөвшөөрөл өгдөг процессын дагуу явагдсан. Дээрх тогтоол болон банкны шинэчлэн батлагдсан зохион байгуулалтын бүтцийн дагуу Гүйцэтгэх захирал өөрийн эрх хэмжээний хүрээнд банкны орон тоог 2018-01-17-ны № А/12 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан. Дээрх баталсан бүтэц, орон тоогоор нэхэмжлэгч Л.Жгийн эрхэлж байсан Бүтээгдэхүүн хариуцсан захирал гэх ажил албан тушаалын ажлын байр үгүй болж орон тоо хасагдсан болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Бүтээгдэхүүн хариуцсан захирлаар ажиллаж байсан Л.Жд мөн хуулийн 40.5-р мэдэгдэж, 2018-01-19-ний өдөр гардуулсан. Мэдэгдлийг гардан авч, гарын үсэг зурахаас татгалзсан тул тэмдэглэл үйлдэж, мөн өдрөөр Л.Жгийн оршин суух хаягийн дагуу 2018-01-22-ны өдрөөр баталгаат шуудангаар мэдэгдлийг хүргүүлсэн. Улмаар хуульд заасны дагуу мэдэгдэлд заасан 1 сарын хугацаа дуусгавар болсноор ...банкны Хүний нөөцийн хорооны 2018-02-21-ний өдрийн 11 тоот хурлын шийдвэр болон Гүйцэтгэх захирлын 2018-02-28-ний өдрийн Б/307 тоот тушаалаар Бүтээгдэхүүн хариуцсан захирал албан тушаалд ажиллаж байсан Л.Жд 3 сарын үндсэн цалинтай тэнцэх 19.500.000 төгрөгийн тэтгэмжийг  олгосон болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

         Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01143 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т тус тус зааснаар “...банк” ХХК-д холбогдох Л.Жгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1643 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01143 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

         Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-р ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа 40.1.1-40.1.7-н аль үндэслэлээр ажлаас чөлөөлөхийг тодорхойлохыг хуульчилсан. Иймд нэхэмжлэгчийг бүтээгдэхүүн хариуцсан захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх болсон гол үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 юм. Энэ нь зөвхөн Л.Жтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан асуудал биш ТУЗ-н 2018 оны 10 дугаар тогтоолын 1-д зааснаар “...банкны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсантай холбогдуулан Гүйцэтгэх захирал болон харьяаллын бүх газрын захирал, хариуцсан захирал, Гүйцэтгэх захирлын орлогч захирал, Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч захирлууд бүгд 28 хүнийг хамарсан хөдөлмөрийн гэрээ цуцлах өргөн ажил явагдсан нь хэрэгт цугларсан баримт, хариуцагчийн тайлбараар нотлогддог. ...банкны хувьд Ерөнхий захирал, гүйцэтгэх захирал, тэргүүн орлогч, орлогч захирал, дэд захирал зэргээр компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч багийн гишүүд бөгөөд нэхэмжлэгчийн эрхэлж байсан “Бүтээгдэхүүн хариуцсан захирал” нь тухайн банкны гүйцэтгэх удирдлагын багийн гишүүнд хамаарна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5.-д заасан ... салбар, нэгж татан буугдсан, бөөнөөр халах тохиолдолд нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ цуцалсан үйл баримт хамрахгүй байх хууль зүйн үндэслэлийн талаар хоёр шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүй тул холбогдох хуулийг тайлбарлан хэрэглээгүй байна. Иймд талуудын хооронд гарсан хөдөлмөрийн маргааны үндэслэл, үйл баримт, үр дагавар, холбогдох шийдвэр, хууль, дүрэм, журам, эрх мэдлийн хоорондох шалтгаант холбооны талаар шүүх нягтлан үзээгүй, зөвхөн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж бодит байдлаас өөрөөр дүгнэлт хийж мэдэгдэл хүргэх хугацааг алдаатай тооцсоноос холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. “ажлаас халагдсан өдөр”-ийг ажил олгогчийн шийдвэрт заахдаа тухайн ажилтны ажилласан хугацаанд нь оногдвол зохих ээлжийн амралтын хоногийг урьдчилан тооцож, түүн дээр ажил хүлээлцэхэд зориулж тогтоосон хоногийг нэмж, сүүлчийн өдрийг тогтооно гэж заажээ. Энэ зохицуулалтыг ажил олгогч заавал биелүүлэх, шүүх ч бүрэн эрхийн хүрээнд зөв тайлбарлан хэрэглэх үүрэгтэй. Ажил олгогч энэхүү хуулийн зохицуулалтыг зөрчсөнөөр ажилтны ажил хүлээлгэн өгөх сүүлчийн өдөр тодорхойгүй болж, хууль ёсоор шударгаар цалин авах, хуульд заасны дагуу ажил олгогчтой хэлэлцээ хийх боломжийг олгоогүй зэрэг нөхцөл байдлыг бий болгосноороо ажил олгогч дураараа шийдвэр гаргаж, ажилтанд тулгалт хийх боломжтой гэсэнтэй агаар нэг байдлаар шүүх хандсан гэж ойлгож болохоор байна. Дээрх асуудлаар нэхэмжлэгч тайлбар гаргаж мэтгэлцсэнийг хариуцагчийн зүгээс няцааж чадаагүй бөгөөд шүүх дүгнэхдээ “... ажлаас халсан тушаалын үндэслэлд огт хамааралгүй” гэсэн хууль бус дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх залруулаагүй. Шүүх маргаан бүхий акт нь үндэслэл бүхий гарсан эсэх, холбогдох хуульд нийцэж байгаа эсэхийг нягталж үзсэний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Нэхэмжлэгч тус банканд ажиллах хугацаандаа үндсэн чиг үүргийн дагуу 2 газар, 8 хэлтсийг удирдлагаар хангаж ажиллахдаа 2016 онд 5.4 тэрбум, 2017 онд 7.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллуулж, банкны үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсан байдаг. Гэтэл Төлөөлөн удирдах зөвлөл бүтцийн өөрчлөлтийг батлахдаа ямар ч тооцоо, судалгаанд үндэслээгүй, энэ талаар удирдлагын багаас ч саналыг нь авалгүй зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулж, ажилтанд удирдлагатай зөвшилцөх, ажил хүлээлцэх хугацаа олголгүй мэдэгдэл хүргүүлсэн өдрөө ажлыг хүчээр хүлээн авсан. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр гаргах үүрэгтэй боловч тус компанийн ТУЗ-ийн 2018 оны 03 дугаар тогтоолоос харахад ямар үндэслэлээр банкны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах болсон талаар үндэслэлээ заагаагүй байна. Иймд банкны эрх барих дээд байгууллагын албан ёсны шийдвэргүйгээр ТУЗ дураараа бүтцийн өөрчлөлт хийж, олон хүний эрхийг зөрчсөнийг шүүх анхаарч үзээгүй. Зөвхөн Л.Жг ажлаас чөлөөлсөн Б/307 дугаар тушаалыг л үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн асуудлыг шүүх нягтлан үзэж, дүгнэлт хийгээгүй байна. Компанийн тухай хуулийн 62.2.3-т зааснаар Гүйцэтгэх захирал болон удирдлагын багийн гишүүдийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох эрх хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаардаг. Дээрх эрхийг ТУЗ -д шилжүүлээгүй, энэ талаар компанийн дүрэмд тусгагдаагүй. ...банкны дүрмийн 8.3.17-д заасан ТУЗ –д бүх шатны удирдлагыг чөлөөлөхөд Гүйцэтгэх захиралд зөвшөөрөл өгнө гэснийг гүйцэтгэх удирдлага, удирдлагын багийн гишүүдийг чөлөөлөх эрх олгогдсон гэж үзэх боломжгүй юм. Иймд 2018 оны Б/307 дугаар тушаалыг эрхгүй этгээд гаргасан тул тушаал хэрэгжих эрх зүйн үндэслэл бүрдээгүй баримтыг хуульд нийцсэн мэтээр шүүх дүгнэлт хийсэн нь ИХШХШТХ-ийн 40.2 дах заалтыг зөрчжээ. “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.16.1 дэх заалт ажлаас чөлөөлөх үндэслэлд хамааралгүй. Учир нь тухайн заалтаар удирдлагатай холбоотой асуудлаар Гүйцэтгэх захирал тушаал гаргана гэснээс ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх талаар нарийвчлан тусгаагүй байхад шүүх хийсвэр дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Иймд Гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн өөрт олгогдсон эрхийг хэрэгжүүлэхдээ компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлээгүйг шүүх зөвтгөж чадсангүй. ...банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 10 дугаар тогтоолоор ...банкны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсантай холбогдуулан захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлахыг Гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнд зөвшөөрсөн. Дээрх тогтоолоор гүйцэтгэх захиралд зөвшөөрөл өгснөөр Л.Жд урьдчилан мэдэгдэл хүргүүлж ажлаас шууд чөлөөлж, хүчээр ажлыг нь хүлээн авах үндэслэлгүй юм. Зүй нь банкны байгууллагын дотоод журамд заасны дагуу Хүний нөөцийн хороо хуралдаад гишүүд Л.Жг ажлаас чөлөөлөх талаар санал нэгдэж, шийдвэр гаргасан нөхцөлд ажилтанд ажлаас хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлэх журам зөрчигдсөн алдааг шүүх анхаарсангүй. ...банкнаас А1/04 дугаартай мэдэгдлийг ажилтанд хүргүүлснээс хойш 1 сарын дараа Хүний нөөцийн хороо хуралдаж Л.Жг ажлаас чөлөөлөх талаар шийдвэр гаргасан байх ба тодорхой шийдвэр гараагүй байхад мэдэгдлийг ажилтанд урьдчилж хүргүүлсэн нь холбогдох журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5. дахь заалтыг зөрчсөн алдаанд хоёр шатны шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт .Хүний нөөцийн хорооны шийдвэрээр бүтээгдэхүүн хариуцсан захирлын орон тоо нэгэнт хасагдаж, нэхэмжлэгч Л.Жд хариуцагч “...банк” ХХК-иас ажлаас чөлөөлөх тухай А1/04 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэл болохгүй гэж ажил олгогчийн дээрх алдааг залруулж тайлбарласнаас үзэхэд шүүх хэт нэг талд үйлчилж, хараат бус, эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүх хэргийн аль нэг тал холбогдох хууль, журам, дүрмээ зөрчсөн ажиллагаа явуулсан алдааг зөвтгөн засах, түүний талд шийдвэр гаргах нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн дотоод журамд заасан компанийн ТУЗ , гүйцэтгэх захирлын бүрэн эрх, шийдвэрлэх асуудлын хүрээг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан баримтыг ИХШХШТХ-ийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь судалсны үндсэн дээр хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.5 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү .”гэжээ.

ХЯНАВАЛ:

        Л.Ж “...банк” ХХК-д холбогдуулан 2018-03-26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Бүтээгдэхүүн хариуцсан захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг /хх1-4/ шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн /хх 23,80/ байна.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

         Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “...банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018.01.12-ны өдрийн 03 дугаар тогтоолоор ...банкны удирдлага, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн, 2018.01.17-ны өдрийн 10 дугаар тогтоолын дагуу гүйцэтгэх захирал болон ерөнхий захирлын харьяа бүх захирал, орлогч захирал, тэргүүн орлогч захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөн хөдөлмөрийн гэрээг цуцлахыг гүйцэтгэх захиралд зөвшөөрсөн бөгөөд уг байгууллагын дүрмийн 8.1, 8.3.17-н заалтаас үзвэл, Төлөөлөн удирдах зөвлөл нь банкны гүйцэтгэх удирдлагаас бусад шийдвэр гаргах шатны удирдлага /газрын захирал, түүнээс дээш албан тушаалтан/-ыг томилох, чөлөөлөхөд гүйцэтгэх захиралд зөвшөөрөл өгөх эрхтэй байна.

         “...банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2018.02.28-ны өдөр Б/307 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Хөдөлмөрийн дотоод журмын 5.16.1, 5.26, 11.4, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 03 болон 10 дугаар тогтоол, Хүний нөөцийн хорооны 2018.02.21-ний өдрийн 11 дүгээр хурлын шийдвэрийг үндэслэн “... бүтээгдэхүүн хариуцсан захирлын албан тушаалын орон тоо хасагдсан.” гэж Л.Жтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тогтоогджээ. /хх 13/ 

         Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, энэ тохиолдолд ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно. 

         Ажил олгогч нь ажилтанд 2018.02.09, 2018.02.23, 2018.03.09-ний өдөр цалин болон 3 сарын тэтгэмж олгосон байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40, 42, 43 дугаар зүйлийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

        Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлийг шийдвэрт тодорхой зааж Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

         1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01143 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1643 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.ЗОЛЗАЯА

                                 ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ