Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-06-19
Дугаар 001/ХТ2018/01008
Хэргийн индекс 182/2017/02468/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашхүүгийн Цолмон
Нэхэмжлэгч У ХХК
Хариуцагч Б ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

“У” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

   Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02489 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2018/00570 дугаар магадлалтай,                

   “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            “Б” ХХК-д холбогдох

            303,058,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрхэсхулан, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.         

      Нэхэмжлэгч “У” ХХК-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлд: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 сарын 13-ны өдрийн 1128 дугаар шийдвэрээр /Монгол Улсын Дээд Шүүхийн 2013 оны 10 сарын 29-ний өдрийн 622 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан/ “Б” ХХК-аас 1,900,974,000 төгрөг гаргуулж, “У” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. “Б” ХХК нь дээрх шийдвэрийн дагуу боломжит хугацаанд төлөөгүй, шүүхийн шийдвэр гарснаас хойш 11 сарын дотор буюу 345 хоногийн дараа төлж дуусгасан юм. Дээрх үүргээ ердийн боломжит хугацаанд биелүүлээгүйтэй холбоотой Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсгийн дагуу зохицуулагдах ёстой гэж үзэж байна. Ер нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүрэг, ялангуяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч төлбөр авагчийн хооронд үүсэх төлбөр гаргуулах, төлөх харилцаа нь оролцож байгаа талуудын эд хөрөнгийн эрхтэй холбоотой үр дагавар үүсгэж байгаа шинжийн хүрээнд иргэний эрх зүйн үүргийн шинжтэй харилцаа гэж тооцогдох бүрэн үндэслэлтэй. Төлбөр төлөгч мөнгөн төлбөр гүйцэтгэх үүргийг ердийн боломжит хугацаанд гүйцэтгэхгүй байх нь уг мөнгийг төлбөр авагч ашиглаж түүний үр шимийг хүртэх, тухайлбал хамгийн энгийн шууд хэлбэрээр зээлүүлэх буюу хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд хадгалуулах боломжгүй болгож байгаа. Ийм ч учраас Иргэний хуулийн 225 дугаар зүйлд мөнгөн төлбөр төлөх үүрэгт хүү тооцох зохицуулалтыг тусгасан. Энэ агуулга нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгосон зээлийн хөрөнгийг ашигласны төлөө түүний үнэ буюу хүүг төлдөг, татварын өрөө хугацаанд нь төлөөгүй бол үнийг төлнө гэх агуулгыг Монгол Улсын хууль тогтоомжид хэд хэдэн байдлаар тодорхойлсон байдаг. Харин хүүгийн хэмжээний хувьд дээр дурдсан авлагыг бий болгосон “У” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд уг мөнгөний үнийн сарын 1.5 хувь буюу жилийн 18 хувь байхаар талууд анх тохиролцсон, уг хүү нь ижил хэмжээний зээлд тухайн үед болон одоо арилжааны банкуудаас санал болгодог хүүгийн дунджаас доогуур хүү байгаа тул уг төлбөрт энэ хүүг баримтлах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд “У” ХХК нь “Б” ХХК-аас шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих 1,900,974,000 төгрөгийг ердийн боломжит хугацаанд төлөөгүйтэй холбогдуулан Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасныг үндэслэн уг авлагад жилийн 18 хувийн хүү тооцож нийт 303,058,979 төгрөг 51 мөнгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн.

 

Хариуцагч “Б” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Улсын дээд шүүхийн 2013 оны 622 тоот эцсийн хүчин төгөлдөр шийдвэрээр Унаас зээлд авсан 1,900,974,000 төгрөгийг хүү, алданги тооцохгүйгээр буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд “Б” ХХК нь тус шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид 1,900,974,000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сард бүрэн төлж барагдуулсан байна. Тэгэхдээ нэхэмжлэгчээс төлбөр хийсэн талаарх баримтуудад зарим хугацаа зөрүү байгаа боловч эдгээр баримтуудад маргаан байхгүй. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалтыг баримталж харилцан буцаах үүргийг талуудад оногдуулсан бөгөөд У өнөөг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа нь харин хууль бус байна. Тодруулбал У нь тус шийдвэрийн дагуу зарим барьцааны хөрөнгө /Бэрх зараа, Ганьт, Өрхтий трейд ХХК-уудын үл хөдлөх хөрөнгийг болон газрын гэрчилгээг өнөөг хүртэл суллаагүй байна. Хүү тооцох зохицуулалт нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэгдсэн энэхүү үүрэгт хамааралгүй гэж үзэж байна. Учир нь талууд хүүг урьдчилан тохирч гэрээнд тусгадаг учиртай. Иймд Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад хүү тооцохгүй холбогдох хуулиар зохицуулагдана, банк компанийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж гэрчилгээг одоо хүртэл хүлээлгэж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02489 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар “Б” ХХК-иас 303,058,980 төгрөг гаргуулах “У” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зааснаар нэхэмжлэгч УБ хотын банк улсын тэмдэгтийн хураамжид 1,673,245,00 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2018/00570 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02489 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас 166,335,225 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “У” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 136,723,755 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 989,626 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

                       

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрхэсхулангийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 210/МА2018/00570 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Хууль буруу хэрэглэсэн: /Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 болон мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн/ Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт: “ИХШХШТХ-ийн 25.2.6 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч нь биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт авсан зүйлээ буцааж өгөх үүргийн харилцаа үүссэн” гэж үзээд “...мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэхээс татгалзах хууль зүйн үндэсгүй тохиолдолд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг гүйцэтгэх ёстой бөгөөд хариуцагч байгууллага уг үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй, ...ИХ-ийн 225.5 дахь хэсэгт зааснаар энэ хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэжээ. Шүүхийн дээрх дүгнэлтээс үзвэл хариуцагчийг үүрэг биелүүлэх хугацаа хэтэрсэнд хариуцлага тооцож, хэтрүүлсэн хугацаанд нь хүү төлөх үүргийг тогтоосон нь тодорхой байна. Гэвч шүүх хугацаа хэтэрсэн гэдгийг хэрхэн тогтоосон талаараа дүгнэлт өгсөнгүй. Хуулиас үүдэх үүрэг нь талуудын хүсэл зоригоос хамаардаггүй нь нэг нь нөгөөгийнхөө өмнө үүрэг хариуцлага оногдуулдаг онцлогтой, талуудын хоорондын гэрээний үүргээс ялгаатай. Тодруулбал, хуулиас үүдэх үүрэг нь талуудын хэн нэгэнд давуу байдал олгохгүй, нэгнийх нь өмнө нөгөөг буруутгах, хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй юм. Энэ утгаараа ИХ-ын 56.5 дугаар зүйлд заасан “харилцан буцаах” үүрэг нь талуудад адил үүрэг ногдуулсан болно. Ийнхүү талууд хуулийн өмнө эрх тэгш байх зарчим хэрэгжих атал гагцхүү хариуцагч талыг л мөнгөн төлбөрийг буцаах үүргээ хугацаанд нь хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмнө хариуцлага тооцож, нэхэмжлэлийг ханган нэхэмжлэгчид хүү төлөх үүргийг оноож байгаа нь шүүх хуулиас үүдэх үүрэг, талуудын гэрээнээс үүдэх үүргийн харилцаа түүний үр дагаварыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй гэж үзэхэд хүргэж байна. Тухайлбал, нэхэмжлэгч зээлийн гэрээний барьцаанд авсан эд хөрөнгө тэдгээрийн эрхийг өнөөг хүртэл чөлөөлж өгөх үүргээ биелүүлээгүй байхад энэ талаар ямар ч дүгнэлт өгсөнгүй. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт бүрийн хэсгүүдэд ИХ-ийн 56.5 дахь хэсгийн текстэд бичигдсэн “харилцан” гэсэн үг бүрийг хасаж зөвхөн “буцаах” гэж бичээд энэ талаар нь огт дүгнэлт хийгээгүй нь хэт нэг талыг баримтлахад хүргэжээ. Учир нь шүүхийн дүгнэлт бүрт буцааж өгөх үүргийг дан ганц хариуцагч талд хамааруулан тайлбарласан бөгөөд харин нэхэмжлэгч талын буцааж өгөх үүргийн талаар огт дүгнэлт хийгээгүй нь эргэлзээ төрүүлж байна. Түүнчлэн “Улсын дээд шүүхийн дээрх тогтоолд 1,900,974,000 төгрөгийн үүргийг хариу гүйцэтгэх хоорондоо холбоотой үүрэг байхаар тухайлан заагаагүй... ” гэж дүгнэсэн. Гэтэл УДШ-ийн 2013 оны 10 сарын 29-ний өдрийн 622 дугаар тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 болон 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч УБ хотын банк, хариуцагч “Б” ХХК-ийн хооронд 2010 оны 12 сарын 28 өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус” гэж шийдвэрлэсэн. Үүнээс үзвэл Улсын дээд шүүхийн тогтоолд ИХ-ын 56.5 дахь заалтыг баримталсан явдал нь талуудад харилцан холбоотой үүргийг шүүхийн шийдвэрээр тогтоосон гэж үзэж байна. /хх-8 хууд/

Хөөн хэлэлцэх өнгөрсөн: /ИХ-ийн 75, 82 дугаар зүйл/ ИХ-ийн 225.5 дахь хэсэгт дурдсан мөнгөн төлбөрийн хугацааг хэтрүүлсний улмаас шаардаж буй хүүг төлүүлэх урьдчилсан нөхцөлүүдийг мөн хуулийн 222.1 болон 222.2 дэх хэсэгт заасан хэдий ч үүрэг гүйцэтгэгчид дээрх үүргийн гүйцэтгэлээс татгалзаж болох эрх байгаа буюу тодруулбал, ИХ-ийн 82.1 дэх хэсэгт заасан татгалзах эрх байгаа тохиолдолд хугацаа хэтэрсэн асуудал яригдахгүй. Нэхэмжлэгчээс шүүхэд “шүүх 2013 оны 05 сарын 13-ны өдөр шийдвэр гаргасан. Энэ шүүхийн шийдвэрийг 2013 оны 10 сарын 29-ний өдрийн тогтоолоор УДШ өөрчлөлт оруулсан. Шүүхийн шийдвэрийг ...ердийн боломжит хугацаанд төлж дуусгах ёстой байсан. Ердийн боломжит хугацаа бол 3-5 хоног эсвэл 5-10 хоног байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хугацаа 14, 30 хоног байдаг. Б компани удлаа гэхэд энэ хугацаанд өгөх ёстой байсан” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл хх-81 дэх тал/ Үүнээс үзвэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбогдуулж ИХ-ийн 225.5 дахь хэсэгт заасныг баримталж мөнгөн төлбөрийн хугацааг хэтрүүлсний улмаас хүү шаардах эрх 3 жил 11 сарын өмнө үүссэн богөөд тэр үеэс нэхэмжлэгч эрх нь зөрчигдөж эхэлснийг мэдэж байснаа тодорхой өгүүлжээ.

ИХШХШТХ-аар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдвэл зохих хугацааг хуульчлан тогтоосон нь ИХ-ын 75.2.3 дахь хэсэгт заасан тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх тусгай хугацаанд хамаарахыг харуулж байна. Түүнчлэн шүүх ИХ-ийн 56.5 дэх хэсэгт заасныг баримталж талуудад тодорхой хугацаанд “харилцан буцаах” уяалдаа холбоотой үүргийг оногдуулсан нь мөн дээрх хөөн хэлэлцэх хугацааны хэлбэр болохыг давхар баталж байна. Энэхүү хугацаа хуульд зааснаар 3 жил бөгөөд нэхэмжлэгч тус хугацааг өнгөрсний дараа шүүхэд хандсан нь хугацаа хэтэрсэнд холбогдуулж хүү тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхийг хариуцагчид бий болгож байна. Шүүх энэхүү байдалд дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзнэ.

Түүнчлэн ИХ-ийн 222.5 дахь хэсэгт заасан “хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэг” нь хуульд заасан тохирсон хүү байх учиртай. Түүнээс хэн нэг талын хүсэл зоригоор тогтоосон хүү биш гэж үзэж байна. Тодруулбал, хуулиар тогтоосон хариуцлагад хуулиар тогтоосон хүү л тооцогдох нь шударга юм. Хуулиар тогтоосон хүү бол гагцхүү хуульд тусгагдсан байх шаардлагатай. Гэтэл шүүх дээр дурдсанаар Монгол банкны бодлогын хүү гэх хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй маргааны зүйл болоогүй, шүүхийн мэтгэлцээнд огт яригдаагүй зүйлийг өөрийн санаачлагаар хуулиар тогтоосон хүүд дүйцүүлж хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн: /ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 болон мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн/ Шүүхийн магадлалд: “Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан дээр Монгол банкнаас бодлогын хүүгийн талаар тооцож болох талаар мэтгэлцсэн байх тул жилийн 10.5 хувь буюу Монгол банкнаас зарласан бодлогын суурь хүүгээр хугацаандаа төлөөгүй мөнгөн төлбөрийн үүрэгт хүү тогтоох боломжтой гэж үзлээ” гэж дүгнэсэн. ИХШХШТ хуульд зааснаар талуудад зохигчид буюу шүүх хуралдаанд тэгш эрхтэйгээр мэтгэлцэгч талууд болж оролцож байгаа нэхэмжлэгч, хариуцагч, 3 дагч этгээд тэдгээрийн төлөөлөгчдийг ойлгож байгаа. Маргаан бүхий хэрэгт нэг тал нь нэхэмжлэгч УБ хотын банк, нөгөө тал нь манай “Б” ХХК гэсэн хоёр талуудтай байсан. Манай хариуцагч тал ямар ч Монгол банкны бодлогын хүүгийн талаар ярилцаагүй тэр тусмаа, тус хүүгээр тооцож болох талаар мэтгэлцээгүй. Шүүх дүгнэлтээ гагцхүү хэрэгт авагдсан баримтын хүрээнд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч, хариуцагчийн мэтгэлцээний үндсэнд тулгуурлах учиртай. Түүнээс шинээр зохиож болохгүй. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөнд тооцогдоно гэж үзэж байна. Шүүх хурал дээр хурал даргалагч л санаачлагаараа энэ талаар тодруулах асуулт асуусан, энэ бол талуудын мэтгэлцээн биш. Ийнхүү шүүх бодитоор болоогүй явдалд тулгуурлаж “...мөнгөн төлбөрийн үүрэгт хүү тогтоох боломжтой” гэж дүгнэлт хийсэн нь ноцтой алдаа гэж үзнэ. /Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, хх 83-84 дэх тал/ Энэ талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад ч байхгүй юм. Эдгээр байдлаас үзвэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 210/МА2018/00570 дугаар магадлал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

Жич: Маргаан бүхий хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагч “Б” ХХК-ийн 1,900,974,000 төгрөгийг УБ хотын банкинд буцаах шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ удаашруулан, хугацаа хэтрүүлсэн буруутай байдал тогтоогдсон бөгөөд хариуцагч үгүйсгээгүй” гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Учир нь шүүх хуралдаан болон шүүхэд гаргасан тайлбартаа хариуцагч тал хугацаа хэтрүүлсэн буруутай талаар хүлээн зөвшөөрсөн асуудал байхгүй. Түүнчлэн энэ талаар хариуцагч талаас хэн ч асууж тодруулаагүй болно. Харин ч шүүх хуралдаанд энэ өөрийн буруугүй байдлыг нотлож талууд графикийн дагуу төлбөр төлөхөө тохиролцсон, түүнчлэн ИХ-ийн 222.5 дугаар зүйлийн дагуу харилцан шаардах эрх байсан, нэхэмжлэгч тал барьцааны зүйлээ өнөөг хүртэл буцааж өгөөгүй нь хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэл болохгүй талаар харилцан мэтгэлцсэн. Гэтэл анхан шатны шүүхийн дүгнэлтийн дурдсан хэсэгт бодит байдлаас эрс зөрүүтэй дүгнэлт хийснийг зөвшөөрөх боломжгүй байна. /хх 81-86 тал, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл хэсгийг үзнэ үү/ гэжээ.

ХЯНАВАЛ:

           Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангана.

       Нэхэмжлэгч “У” ХХК /УБ хотын банк/ нь хариуцагч “Б” ХХК-ийг шүүхийн шийдвэрт заасан 1,900,974,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ ердийн боломжит хугацаанд биелүүлээгүй, 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн төлж банкийг хохироосон гэсэн үндэслэлээр 18 хувийн хүү тооцож, 2013 оны 10 дугаар сарын 29-нөөс хойш 304 хоног ашигласан 284,989,856 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 11 хоногт төлөөгүй үлдэгдэл 1,419,974,000 төгрөгөөс 7,702,873 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 7 хоногт төлөөгүй үлдэгдэл 1,200,974,000 төгрөгөөс 4,145,828 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 14 хоногт 900,974,000 төгрөгөөс 6,220,423 төгрөг, бүгд 303,058,980.00 төгрөгийг гаргуулахаар хариуцагчаас нэхэмжилсэн байна.

            Хариуцагч дээрх шаардлагыг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад хүү тооцохгүй, банк компанийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж гэрчилгээг хүлээлгэж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

            Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1128 дугаартай шийдвэрээр УБ хотын банк, “Б” ХХК-тай 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ0001/101228 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2 тэрбум төгрөгийг жилийн 18 хувийн, сард 1.5 хувийн  хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлдүүлсэн гэрээний маргааныг шийдвэрлэж, “Б" ХХК-аас 2,724,774,000 төгрөгийг УБ хотын банканд олгохоор шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд Шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 622 дугаартай тогтоолоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 56.5-д зааснаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, “Б” ХХК-аас 1,900,974,000 төгрөгийг гаргуулан УБ хотын банканд олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан тогтоол, УБ хотын банкны “Б” ХХК-ийн зээлийн дансны хуулга  хэрэгт авагджээ.

           Зохигч талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэг шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийдвэр гарснаар дуусгавар болсон байна.

        Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасныг нэхэмжлэгч шаардлагынхаа хууль зүйн үндэслэл болгож, талууд гэрээгээр 18 хувийн хүү төлөхөөр тохиролцож байсан гэдгээр тохирсон хүүг тооцож, нийт 303,058,980.00 төгрөгийн тооцоолол гаргажээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

        Нэхэмжлэгч нь хариуцагч шүүхийн шийдвэрийг хугацаандаа биелүүлээгүйгээс хохирсон гэсэн үндэслэлээр хүү тооцохдоо ердийн боломжит хугацааг хэмжигдэхүүнээр тодорхойлсон байна.

         Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг хэрхэн, ямар хугацаанд төлөх талаар төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын хооронд тохиролцсон гэрээ хийгдээгүй байх бөгөөд “ердийн боломжит хугацаа”-г үндэслэлээ болгосныг Иргэний хуулийн 208 дугаар зүйлд нийцсэн гэж дүгнэх боломжгүй юм.

          Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасан зохицуулалт нь үүрэг гүйцэтгүүлэгч нь хуулиар тогтоогдсон хамгийн бага хохирлоо нөхөн төлүүлэх боломжийг бий болгосон ба нэхэмжлэгч УБ хотын банк нь 18 хувийг “тохирсон хүү” гэж тооцохдоо гэрээнд заасан нөхцлийг хэрэглэсэн нь үндэслэл муутай, хуульд нийцээгүй, шүүх Иргэний хуулийн 222.5 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна.  

        Иймээс нэхэмжлэгч УБ хотын банкны хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гаргасан 303,058,980 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

        Давж заалдах шатны шүүх Монгол банкнаас 2013 оны 6 дугаар сард бодлогын хүү 10.5 хувь байхаар тогтоосон, нийтэд илэрхий үйл баримт гэж дүгнэн, хариуцагчийн шүүхийн шийдвэрт заасан мөнгөн төлбөрийг гүйцэтгэж эхэлсэн өдөр хүртэл хугацаанд жилийн 10.5 хувиар хүү тооцож, 166,335,225 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасныг үндэслэл бүхий тайлбарлаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн байх тул хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгов. 

         Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2018/00570 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02489 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Б” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 989,626 /есөн зуун наян есөн мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ЗОЛЗАЯА

   ШҮҮГЧ                                                      Д.ЦОЛМОН