Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-04-19
Дугаар 001/ХТ2018/00630
Хэргийн индекс 182/2017/02432/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашхүүгийн Цолмон
Нэхэмжлэгч Т.Б
Хариуцагч Б.Ү
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Т.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02203 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2018/00219 дүгээр магадлалтай,                                                                

Т.Б-ын нэхэмжлэлтэй,

Б.Ү-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Т.Б- нь Б.Ү-тай  2013 оны 01 сарын 10-ны өдөр нэг жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй 5,000,000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд Б.Ү- нь тухайн үедээ зээлийн хүүг төлж байсан. 2014 оны 01 сарын 16-ны өдөр 3000 ам.доллар өгсөн бөгөөд маргааш нь буюу 2014 оны 01 сарын 17-ны өдөр ээжтэйгээ хамт ирээд буцаж зээлээч гэхэд нь Т.Бямбажаргал “ээжид чинь зээлэхгүй, өөрт чинь зээлнэ” гээд сарын 3.5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн. 2015 оны 04 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан нь өмнөх зээлийн гэрээний сунгалт бөгөөд уг зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөгийг 2015 оны 04 сарын 28-ны өдрөөс 2016 оны 04 сарын 28-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Энэ нь өмнө зээлээд өгөөгүй байсан 5,000,000 төгрөг юм. Б.Ү- нь зээлсэн мөнгөө хугацаанд нь эргүүлэн төлөөгүй бөгөөд зөвхөн зээлийн хүү буюу 4,725,000 төгрөгийг хугацаанд нь төлж байсан. Үүнд урьд зээлийн бага зэргийн хүү орсон. Иймд гэрээнд зээлдэгч зээлээ хугацаанд нь төлж чадаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлүүлнэ гэж тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алданги болон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу зээлийн үндсэн дүнг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд үндсэн зээл 5,000,000 төгрөг болон 2,500,000 төгрөгийн алданги, нийт 7,500,000 төгрөгийг хариуцагч Б.Ү-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ү-гийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсанаар Т.Б- болон бидний хооронд байгуулагдсан гэх 2015 оны 04 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ нь талуудын хооронд байгуулагдсан 3 дахь зээлийн гэрээ юм. Анх 2013 оны 01 сарын 10-ны өдөр 3 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Б.Ү- нь тухайн жилдээ Т.Б-д Хаан банк болон Голомт банкны дансаар зээлийн хүү гэж 1,800,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш 2014 оны 01 сарын 17-ны өдөр гэрээг дахин байгуулсан ба ингэхдээ 3.5 хувийн хүүтэй байхаар 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Тухайн гэрээний үндсэн дээр Б.Ү- нь сар бүр зээлийн хүү болох 175,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Б-ын Хаан банкны 5025588532 тоот дансанд хийдэг байсан. Сүүлд 2015 онд байгуулагдсан гэрээ нь талуудын хооронд өмнө нь буюу 2014 онд байгуулагдсан хоёр дахь гэрээний нөхцөлтэйгөөр дахин байгуулагдсан гэрээ юм. Энэ хугацаанд Б.Ү- нь зөвхөн зээлийн хүүнд 5 сая гаруй төгрөг төлсөн болно. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээнд зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үндсэн үүргийг агуулдаг бодит гэрээ юм. Өөрөөр хэлбэл, тус гэрээ байгуулагдсан байхын тулд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл агуулгын хувьд давхцаж байхаас гадна эд хөрөнгө бодитойгоор шилжсэн гэдэг тусгай нөхцлийг шаардаж байдаг. Гэвч Б.Ү-, Т.Б- нарын хооронд байгуулагдсан 2014, 2015 оны зээлийн гэрээ нь 2013 онд анх байгуулагдсан зээлийн гэрээг сунгасан, нэмэлт өөрчлөлт оруулсан гэх агуулгагүйгээр тусдаа бие даасан зээлийн гэрээний шинжтэй байгуулагдсан байна. Үүнээс үзвэл хоёр болон гурав дахь зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээний бодитой байх тусгай нөхцлийг хангаагүй байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд тухайн гэрээг үндэслэн шаардах эрхгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч Т.Б- нь зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 5,000,000 төгрөгний үүргийн гүйцэтгэлийн оронд Сүхбаатар дүүрэгт байрлах “Цуурайтын аманд” 700 м.кв талбайтай зуслангийн газар авахаар Б.Ү-тай тохиролцсон. Ингэж тохиролцсоны үндсэн дээр газар эзэмших хүсэлтийг нь холбогдох материалын хамт Сүхбаатар дүүргийн газрын албанд хүргүүлсэн бөгөөд одоогоор газрын гэрчилгээ гарахыг хүлээж байгаа. Энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар зээлийн гэрээний үндсэн үүргийн үнийн дүн болох 3,000,000 төгрөгний оронд Сүхбаатар дүүргийн Цуурайтын аманд байрлах газрыг өгч үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан буюу газар авахаар тохиролцсон нь хуульд зааснаар өмнөх үүргийн харилцаа буюу зээлийн гэрээний харилцаа дуусгавар болох урьдчилсан нөхцлийг хангаж байгаа юм. Иймд үүргийн харилцаа дуусгавар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

           

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02203 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-ийг баримтлан Б.Ү-гаас 7,500,000 төгрөгийг гаргуулж Т.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 134,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

                                   

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2018/00219 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02203 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “7,500,000” гэснийг “3,630,000” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,870,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 134,950” гэснийг “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 73,030” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 219 дүгээр магадлалд дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “талуудын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дууссан. Уг гэрээг сунгаж, 2015 оны 04 дүгээр 28-ны өдөр нэг жилийн хугацаатай, 5,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан боловч уг гэрээ нь бодитоор хэрэгжээгүй байна. Өөрөөр хэлбэл, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 5,000,000 төгрөгийг хариуцагчид бодитоор шилжүүлэн өгсөн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсонгүй” гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч нь анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараараа хүү төлөх талаараа маргаагүй байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Дээрх гэрээ байгуулагдсан 2014 оноос хойш хариуцагчийн зээлийн төлбөрт 4,680,000 төгрөг төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй гэж тайлбарлаж хэрэглэснийг хасч 2,420,000 төгрөг төлөх үүрэгтэй үндсэн зээл 2,420,000 төгрөг, алданги 1,210,000 төгрөг нийт 3,630,000 төгрөгийг хариуцагч Б.Ү-гаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 219 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны өгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Т.Б- нь хариуцагч Б.Ү-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2015 оны 04 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр мөнгө өгөөгүй, дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул түүний дагуу нэхэмжлэгч мөнгө шаардах эрхгүй, түүнчлэн үндсэн үүргийн гүйцэтгэлд зуслангийн газар өгөхөөр болсон гэж маргажээ.

Талуудын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 5,000,000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдэгч нь зээлдүүлэгчид шилжүүлсэн бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлээ буцаан төлөх үүргээ гүйцэтгэснээр эхний гэрээний үүрэг дуусгавар болсон үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Анхан шатны шүүх маргаантай харилцааг зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалттай нийцжээ. 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1 жилийн хугацаатай, 3.5 хувийн хүүтэйгээр 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан үйл баримт тогтоогдсон, уг гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн байх тул шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Зохигчдын хооронд хийгдсэн дээрх 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дууссаныг сунгаж, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэг жилийн хугацаатай, 5,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан гэх боловч гэрээ нь бодитоор хэрэгжээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээгээр 5,000,000 төгрөгийг хариуцагчид бодитоор шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцсэн байна.

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 4 сар гаруй хугацаа өнгөрсний дараа гэрээний хугацааг сунгасан гэж үзэхгүй гэсэн дүгнэлт Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн  72.7 дахь хэсэгт нийцсэн бөгөөд зохигчдын хооронд хийгдсэн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 2,100,000  төгрөг, нийт 7,100,000 төгрөг төлөх үүрэгтэй ба дээрх гэрээний зээлийн төлбөрт хариуцагч 4,680,000 төгрөг төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул зээлийн төлбөр 7,100,000 төгрөгөөс түүний төлсөн 4,680,000 төгрөгийг хасч 2,420,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлахад 1,210,000 төгрөг болно. Иймд үндсэн зээл 2,420,000 төгрөг, алданги 1,210,000 төгрөг нийт 3,630,000 төгрөгийг хариуцагч Б.Ү-гаас гаргуулж, нэхэмжлэгч Т.Б-т олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2018/00219 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяагийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,870 /далан зургаан мянга, найман зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН