Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-05-25
Дугаар 001/ХТ2018/00859
Хэргийн индекс 183/2017/01661/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашхүүгийн Цолмон
Нэхэмжлэгч Д.Н
Хариуцагч М.С
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Д.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/02285 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 417 дугаар магадлалтай,

                                                                                                                       

Д.Н-гийн нэхэмжлэлтэй,

М.С-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Н-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батболд, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Unegui.mn сайтаас “Массажны газар зарна. Үнэ 35,000,000 төгрөг. Харилцах утас 99940724“ гэсэн зарын дагуу холбогдоход М.С- нь 35,000,000 төгрөгт үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ, массажны тоног төхөөрөмжөөр мэргэжлийн ажилтан нар үргэжлүүлэн ажиллаж, орлогын 30 хувийг авна, манайх 3 жил ажиллаж үйлчлүүлэгчээ татсан, байрлал олны танил болсон гээд, өмчлөгчтэй би ярьж, 2 жилийн хугацааны түрээсийн гэрээ байгуулах асуудлыг шийдэнэ. Харин надтай худалдах, худалдан авах гэрээг, өмчлөгчтэй түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн хөлс сард 2,000,000 төгрөгийг өмчлөгчид өгнө гэсэн. Ингээд бид уулзаж уг газрыг үзээд гэрээ байгуулж мөнгө өгөхөөр тохирч урьдчилгаа төлбөрт 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Миний хувьд тоног төхөөрөмж гол биш, төвд байршилтай, мэргэшсэн ажилчидтай, ойр орчимд ижил төрлийн үйлчилгээ явуулах байгууллага байхгүй байсан нь таалагдсан, гэрээ байгуулах гэхэд Д.Бавуудорж 2 хоног завгүй уулзах боломжгүй учраас энэ хугацаанд хоёулаа бусад ажлаа амжуулъя гээд үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 29,000,000 төгрөг, түрээсийн хөлс 1,600,000 төгрөг, нийт 30,600,000 төгрөгийг бэлнээр авсан. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр М.С-, Д.Бавуудорж нартай гэрээ байгуулах гэж уулзах үед Д.Бавуудорж чамтай гэрээ байгуулахгүй, байр хоосон байхад М.С- түрээсэлж массажны үйл ажиллагаа явуулахаар засварлаж бүх зүйлийг өөрчилсөн, 5 жилийн түрээсийн гэрээг дуусгамаар байна, чамтай ярих юм байхгүй, М.С- гэрээг үргэлжлүүлэхгүй гэвэл 240,000,000 төгрөгөөр шүдний эмнэлэг ажиллуулах хүнд байраа зарна гэж уурлаад явсан. Ингээд М.С-г худлаа хэлж мөнгө авсан байна, мөнгөө буцаая гэхэд чи ажлаа явуулж бай, байдал эргэж болно, Д.Бавуудоржтой яриад аргална гэсэн. Гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө авъя гэсэн боловч гуйгаад байхаар нь итгэж үйл ажиллагаа эхлүүлсэн, нөхөр Д.Батболд нь  наймаа хийх гээд  мөнгийг үрчихсэн,  1,000,000 төгрөгөөр сар бүр өгнө, Д.Бавуудоржтой ууж идээд, зодолдоод ч хамаагүй шийднэ гээд байсан. М.С-гийн хувьд өмчлөгч Я.Дэлгэрмаатай 5 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан байтал байрны эзэн нь Д.Бавуудорж гэж итгүүлж хуурсан гэдгийг мэдэж 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр цагдаад хандсан. 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Д.Бавуудорж ирж энэ сарын түрээсийн төлбөрийг та хоёрын хэнээс авахаа мэдэхгүй байна, байраа зарна, түрээсийн гэрээ байгуулахгүй, байр чөлөөл гээд хөөж гаргасан. Цагдаа М.С- бид хоёрыг дуудаж уулзахад 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл түрээсийн төлбөрийг өгөөгүй байсан гээд Д.Бавуудоржид төлбөрийг өгсөн. Үүнээс хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байтал 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Д.Бавуудорж түрээсийн гэрээ хийхгүйг анхааруулъя. Шүдний эмнэлгийнхэн өөрсдөө засвар хийгээд орохоор болсон гэсэн мессеж ирүүлсэн. Үйл ажиллагаа эрхлэх бодит боломжгүй болж 35,000,000 төгрөгөөр хохирсон нөхцөл байдал үүссэн. М.С- үүргээ биелүүлээгүй зөрчсөн нь гэрээнээс татгалзах үндэслэл болсон. Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч М.С-гаас 35,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Түрээсийн төлбөрт өгсөн 1,600,000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Д.Н- ажил дээр ирж “энэ газраа зарчих, авгай архи уугаад намайг хөөчихсөн. Дүү нь орох оронгүй хэцүү байна, эндээ байрлаж ажиллана” гэж өдөржин гуйсаар 45,000,000 төгрөгөөр зарах гэж байсныг 35,000,000 төгрөгөөр авахаар тохирч 6,000,000 төгрөгийг миний дансанд хийсэн. Тэрээр “Үйл ажиллагаа эрхлэх нэр шилжингүүт үлдэгдэл тооцоог хийе, сарын түрээсийн төлбөрийг тогтмол 2 сая байх талд туслаарай, гэрээг би өөрөө шийдээд явчихна” гэсэн. Үүний дагуу би гоо сайхны салон, офиссоо 2 хоногт нүүлгэсэн. 270,000 төгрөгийн орлого орсныг Д.Н-н Хаан банкны 5751196456 тоот дансанд хийсэн. 2017 оны 04 дүгээр сарын 26-нд уулзаж үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, галын дүгнэлт, ажлын 88821192 дугаарын утас, капитал банкны поссын машин зэргийг шилжүүлж өгсөн. Үүний дараа үлдэгдэл 29 сая төгрөгөө 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 1,600,000 төгрөгийн хамт бэлнээр хийгээд эд хөрөнгө хүлээлцэж, үйл ажиллагааны мэдээллээр бүрэн хангаад ресепшн С.Октябрийг бүх ажлаа мэддэг, хамтарч ажиллаарай гээд амжилт хүсээд салсан. Түрээслүүлэгчтэй хийх гэрээг дүүргээс зөвшөөрлийн бичиг баримт гарсаны дараа хийхээр болсон. 2017 оны 05 дугаар сарын 01-нд түрээслүүлэгчтэй уулзаж 2 жилийн хугацаанд 2,000,000 төгрөгөөс хэтрэхгүй байх талаар гуйж зөвшөөрүүлсэн. Ингээд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 05 хүртэл хугацаанд гэрээ хийхэд нь туслах зорилгоор түрээслүүлэгч Бавуудорж, ресепшн С.Октябрийн хамт 3-4 цаг хүлээсэн, ирж байна, амжихаа болилоо гэх мэтээр худал хэлэх эсвэл утсаа унтраах зэргээр ажил алдагдуулсан. 2 хоногийн дараа түрээслүүлэгч отож байгаад яг одоо нотариат орж гэрээ хийе, үгүй бол боль гэхэд  дүү нь ажил орчихоод ирье гээд  булан тойроод зугтсан. 2017 оны 05 дугаар сарын 20-23-ны хооронд бид гэрээ хийхээр 3 удаа тохирсон ч ирээгүй,  түрээслүүлэгч уурлаж түрээслэхгүй гэсэн байна лээ.  Гэтэл удалгүй гэрээ хийхгүй байна, залилан хийсэн гэж худал гүжирдэн цагдаад  шалгуулсан  ч  эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Нэхэмжлэгчийн буруугаас гэрээ хийгдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                       

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/02285 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.С-гаас 35,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.С-гаас улсын тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 417 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  10 дугаар сарын  24-ний  өдрийн  183/ШШ2017/02285 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Н-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 417 тоот магадлалд гомдол гаргаж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал хариуцагчийн хүсэлтээр удаа дараа хойшлогдсоны эцэст 2017.10.24-ний өдөр хуралдаж хариуцагч М.С-гаас 35,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н- надад олгохоор шийдвэрлэсэн билээ. Гэтэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд М.С- гомдол гаргасан. Уг гомдолд “...Д.Н- нь үйл ажиллагаанд холбогдох 4 зөвшөөрлийн бичиг баримт болон гоо сайхны бүх эд хөрөнгөө хүлээн авч нийт 15 хоног ажиллуулан 6 сая төгрөгийн ашиг олчихоод, ажилчинтайгаа зүй бусаар харьцаж бэлгийн дарамт үзүүлснээс болж ажилчид нь ажлаас гарч хүнгүй болж, тухайн үйл ажиллагааг удирдан ажиллуулж чадахгүйд хүрэхээрээ шалтаг гарган гэрээнээс татгалзах санал тавьсныг шүүх хэт нэг талыг барьсан буруу шийдвэр гаргасан байна” гэжээ. Үйл ажиллагаанд холбогдох 4 зөвшөөрлийн бичиг баримтыг авсан гэж байна. Надад зөвшөөрлийн бичиг баримтыг шилжүүлэн авах нь гол бус байрлал сайтай, үйлчлүүлэгчээ татсан тухайн ажлын байранд үйл ажиллагаа явуулах нь гол зорилго байсан. Гоо сайханы бүх эд хөрөнгийг хүлээн авсан гэж байна. Би ямар ч эд хөрөнгийг М.С-гаас албан ёсоор баримт бичиг үйлдэн хүлээн аваагүй болно. Үүнийг хариуцагч талын гэрч болох С.Октябр батлан хэлсэн болно. /ХХ-109/

Нийт 15 хоног ажиллуулан 6 сая төгрөгийн ашиг олсон гэж байна. Цаашид гэрээ байгуулан ажиллана гэдэгт итгэн, 2017.04.27-2017.05.20 хүртлэх түрээсийн төлбөр болох 1,600,000 төгрөгийг төлсөн учир тэр хугацааны орлогыг авсан. Гэвч гэрээ байгуулж чадалгүй 2017.05.11-ний өдөр Бавуудорж ажиллаж байсан ажилчдыг хөөн гаргаад хаалгаа түгжээд явсан. Ажилчидтайгаа зүй бусаар харьцаж, бэлгийн дарамт үзүүлснээс болж ажилчид нь ажлаас гарч ажиллах хүнгүй болсон гэж байна. М.С- нь санаатайгаар намайг ажилчидтайгаа зүй бусаар харьцаж, бэлгийн дарамт үзүүлсэн гэж гүжирдсэн. 2017.05.11-ний өдөр Бавуудорж байраа хааж, ажилчдыг хөөн гаргах хүртэл массажны газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж, ажилчид нь ямар нэгэн гомдол саналгүй ажиллаж байсан. Хариуцагч талын гэрч С.Октябрийн мэдүүлгээс харагдаж байна. /XX 109 хуудас/

Зохигчдын хооронд 2017.04.24-ний өдөр худалдах-худалдан авах ам хэлцэл байгуулагдсан талаар шүүхийн шийдвэрт энэ талаар маргаагүй гэж дүгнэсэн атлаа Д.Н-г түрээслэн ажиллах нөхцөлгүй болсон, гэрээг зохицуулах боломжгүй болсон гэж үзэж гэрээнээс татгалзах эрхтэй гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

М.С- нь хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсэг буюу гол хэсгийг биелүүлээгүй. Тухайлбал миний зүгээс нийтэд түгээмэл байршил сайтай тухайн байранд массажны үйл ажиллагаа эрхлэх бодит боломжгүй болсон. Массажны тоног төхөөрөмжүүд миний өмчлөлд шилжээгүй зэрэг нь хариуцагчийн үүргийн гүйцэтгэлийн гол байсан. Гэтэл хариуцагч М.С- эдгээр үүргээ биелүүлээгүй зөрчсөн болно. 2017.04.27-ны өдөр үйл ажиллагаа явуулах орон сууцны өмчлөгч Дэлгэрмаагийн нөхөр Бавуудорж нь надтай түрээсийн гэрээ байгуулахаас татгалзсан. Улмаар 2017.05.11 өдөр түрээсийн байрыг чөлөөлөх шаардлага тавьж, байрнаас хөөн гаргаснаар тус газрын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл болон тохижилт эд зүйлс надад ямар ч ач холбогдолгүй болсон. М.С- нь түрээсийн гэрээний түрээслэгч өөрчлөгдөх эсэх талаар түрээслүүлэгчтэй хэлэлцэж тохиролцоогүйгээс массажны үйл ажиллагаа эрхлэх бодит боломжгүй болсон. Иймд миний бие Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв бөгөөд, хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч болон хариуцагч талууд хэргийн материалтай бүрэн танилцаж, нотлох баримтуудаа гаргаж, хариу тайлбаруудаа өгч, шүүх хуралдаанд бүгд биечлэн оролцож, холбогдох бүх гэрчийг оролцуулсан. Мөн хариуцагч М.С-гийн хүсэлтээр удаа дараа шүүх хурлыг хойшлуулан шаардлагатай тодруулгуудыг хийж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан шударга хуулийн дагуу явагдаж, шийдвэрээ үнэн зөв гаргасан гэж үзэж байна. Иймээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 417 тоот магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 183/ШШ2017/02285 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хүлээн авч, хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Д.Н- нь хариуцагч М.С-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэл болох 35,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн буруугаас түрээсийн гэрээ хийгдээгүй тул шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч нь М.С-гаас Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, НҮБ-ын гудамж, 3 дугаар байрны 60 тоотод байрлах “Цахир” массажны газрын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, галын дүгнэлт, ажлын 88821192 дугаарын утас, Капитал банкны поссын машин, тоног төхөөрөмж, эд хогшил зэрэг эд зүйлсийг авч, 35,000,000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа амаар хийсэн хэлцлийн үндсэн дээр үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 42 дугаар зүйлийн 42.1-д нийцсэн байна.

 Хариуцагч нь 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, НҮБ-ын гудамж, 3 дугаар байрны 60 тоот орон сууцыг өмчлөгч Я.Дэлгэрмаатай түрээсийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулан “Цахир” массажны газрыг ажиллуулж байсан ба нэхэмжлэгч нь орон сууцыг үргэлжлүүлэн түрээслэж, үйл ажиллагаа явуулах хүсэл зоригийн үндсэн дээр уг массажны газрын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг доторх тохижилтын хамт худалдан авчээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дээрх орон сууцны өмчлөгч Я.Дэлгэрмаагийн нөхөр Д.Бавуудорж нь Д.Н-тай түрээсийн гэрээ байгуулахаас татгалзаж, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр түрээсийн байрыг чөлөөлөх шаардлага тавьж, уг байрнаас гаргаснаар Д.Н-д М.С-гаас худалдан авсан массажны газрын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, худалдан авсан эд зүйлс ач холбогдолгүй болсон тухай анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн байна.

Хариуцагч М.С- нь гэрээний тал солигдож байгаа тухай түрээслүүлэгчтэй тохиролцоогүй, түрээслүүлэгч нь барьцааны 3,000,000 төгрөг авах талаар нэхэмжлэгчид тайлбарлаагүйгээс түрээсийн байрны өмчлөгч Я.Дэлгэрмаа, Д.Н- нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Худалдах-худалдан авах гэрээ байгуулах үндэслэл болсон массажны газрыг М.С-гийн байгуулсан түрээсийн гэрээний хугацаанд түрээслэн ажиллуулах нөхцөл байдал үгүй болсон ба энэхүү өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах боломжгүй болсон байх тул Д.Н-г гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4, 205 дугаар зүйлийн 205.1-д нийцсэн байна.

Хэргийг хянан шийдвэрлэсэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр зохигчдын шүүхэд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг талуудад харилцан танилцуулсан тухай тэмдэглэлд тусгагдсан, шүүх эдгээр баримттай холбоотой хүсэлттэй эсэхийг тодруулан асуусан, түүнчлэн шинээр гаргасан баримтын талаар талууд мэтгэлцээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй байна./хх-102-103/

Давж заалдах шатны шүүх “..зохигчдыг хэргийн 48 дахь талаас хойш авагдсан баримттай танилцуулсан талаар баримтгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг зөрчсөн” гэж анхан шатны шүүхийг буруутгаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д нийцээгүй байх тул магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ. 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 417 дугаар магадлалыг хүчингүй болгож,  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/02285 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Н-гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 /гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮҮГЧ                            Б.УНДРАХ

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН