Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-05-04
Дугаар 001/ХТ2018/00715
Хэргийн индекс 183/2017/02494/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашхүүгийн Цолмон
Нэхэмжлэгч Г ХХК
Хариуцагч Я ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

“Г” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/02570 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 231 дүгээр магадлалта

            “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            “Я” ХХК-д холбогдох

            Гэрээний үүрэгт 46,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Ё.Ганхуяг, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Цолмонбат, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 оны 08 сарын 28-ны өдөр “Г” ХХК-ийг төлөөлж захирал Б.Цэнджав би “Я” ХХК-ийн захирал Ё.Ганхуягтай тохиролцож /SW-M20 MORTAR PUMP-цемент зуурагч, шахагч/ тоног төхөөрөмжийг захиалгаар нийлүүлэх №14/3 тоот гэрээг байгуулсан. “Я” ХХК нь гэрээний 4.2, 4.3 дах заалтуудыг зөрчсөн. “Г” ХХК-иас “Я” ХХК-ийн захирал Ё.Ганхуягт удаа дараа төлбөрийн нөхцөлийг уян хатан шийдүүлэхээр хандаж мэдэгдэж байсан боловч гэрээний үлдэгдэл төлбөр 31,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй бидний ажилд саад учруулж байна. Энэхүү гэрээний төлбөрийг төлөөгүйгээс үүдэн манай компани нь гэрээт борлуулагчийн үүргээ гүйцэтгэж чадахгүй эрсдэл бий болсон. Иймээс “Я” ХХК-ийн гэрээний үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасны дагуу хүү, алданги тооцон гаргуулахаар гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 31,000,000 төгрөг, алданги 15,500,000 төгрөг, нийт 46,500,000 төгрөг гаргуулж бидний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Г” ХХК-тай 2014.08.28-ны өдөр “Тоног төхөөрөмж захиалгаар нийлүүлэх гэрээ”-г байгуулан SW-M20 MORTAR PUMP маркийн цемент зуурагч, шахагч тоног төхөөрөмж бүхий тээврийн хэрэгслийг 65,000,000 төгрөгөөр худалдан авсан. Гэрээ байгуулсан өдөр 32,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 33,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатайгаар нэг сарын 5 хувийн хүүтэй зээлийн нөхцлөөр төлөхөөр гэрээ байгуулсан. Ингэхдээ уг зээлийн гэрээг нэг талаас иргэн Б.Цэнджав /Г ХХК-ийн захирал/, нөгөө талаас буюу зээлдэгч Ё.Ганхуяг миний эхнэр /Зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгө эхнэрийн нэр дээр байдаг тул гэрээнд оролцсон/ юм. Зээлийн гэрээг мөн 2014.08.28-ны өдөр байгуулсан. Ингээд уг зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч талд нийт 37,105,150 төгрөгийг төлж нийтдээ 69,105,150 төгрөгийг төлсөн. Тодруулбал, тоног төхөөрөмж захиалгаар нийлүүлэх гэрээний дагуу 32,000,000 төгрөг, уг төлбөрийн үлдэгдлийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлснийхээ дагуу нийт 37,105,150 төгрөг төлсөн. Түүнчлэн тоног төхөөрөмжийн худалдан авах үнийн үлдэгдэл 33,000,000 төлбөрийг зээлийн гэрээний үүрэг шилжүүлснээр “Тоног төхөөрөмж захиалгаар нийлүүлэх гэрээ”-ний үүрэг дуусгавар болсон. Бидний хувьд ийнхүү сольсон зээлийн гэрээний үүргээ биелүүлчихсэн тул тус компанид төлөх ямар ч төлбөргүй болно. Өмнө нь шүүхийн шийдвэрлүүлсэн маргаан болох тухай Б.Цэнджав /Г ХХК-ийн захирал/ нь дээрх байдлаар Б.Байгалмаатай /Ё.Ганхуяг миний гэр бүлийн хүн/ байгуулсан “Зээлийн гэрээ”-тэй холбоотой асуудлаар өмнө нь нэхэмжлэл гаргаж уг хэргийг 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн. Тодруулбал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2017.05.31-ний өдрийн 001/ХТ2017/00689 дугаартай тогтоолоор “Г” ХХК /захирал Б.Цэнджав/, иргэн Ё.Ганхуяг нар хоорондын худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 33 сая төгрөгийг Зээлийн гэрээний журмаар төлж барагдуулахаар харилцан тохирч, Ё.Ганхуягийн гэр бүл Б.Байгалмаагийн зөвшөөрснөөр, Б.Цэнджав, Б.Байгалмаа нарын хооронд Зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж үзнэ, энэ тохиолдолд 236.2-т зааснаар өмнөх худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа дуусгавар болно.” гэж өнөөдрийн маргааны үндэслэл болоод буй талуудын хооронд байгуулагдсан “Тоног төхөөрөмж захиалгаар нийлүүлэх гэрээ”-ний үүрэг дуусгавар болсон талаар маш тодорхой дүгнэж, уг асуудлыг ч шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэсэн юм. Нөгөө талаас, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т заасны дагуу нэхэмжлэгч 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлаар гомдол гаргах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/02570 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 236 дугаар зүйлийн 236.1.3-т  заасныг баримтлан хариуцагч “Я” ХХК-иас гэрээний үүрэгт 46,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390,450 орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 231 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/02570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 2014 оны 08 сарын 28-ны өдөр “Г” ХХК-ийг төлөөлж захирал Б.Цэнджав би “Я” ХХК-ийн захирал Ё.Ганхуягтай тохиролцож тоног төхөөрөмжийг захиалгаар нийлүүлэх №14/3 тоот гэрээг байгуулсан. “Я” ХХК нь гэрээний 4.2, 4.3 дах заалтуудыг зөрчсөн. “Г” ХХК-иас “Я” ХХК-ийн захирал Ё.Ганхуягт удаа дараа төлбөрийн нөхцлийг уян хатан шийдүүлэхээр хандаж мэдэгдэж байсан боловч гэрээний үлдэгдэл төлбөр 23,536,749 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй бидний ажилд саад учруулж байна. Энэхүү гэрээний төлбөрийг төлөөгүйгээс үүдэн манай компани нь гэрээт борлуулагчийн үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрээд байна. Үүнээс үүдэн “Г” ХХК-ийг хохироож гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. Иймээс “Я” ХХК-ийн гэрээний үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасны дагуу хүү, алданги тооцон гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “Я” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 46,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч,  талуудын маргааны үйл баримт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.

2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан “Тоног төхөөрөмж захиалгаар нийлүүлэх” гэрээгээр нэхэмжлэгч нь SW-M20 MORTAR PUMP маркийн цемент зуурагч, шахагч тоног төхөөрөмж бүхий тээврийн хэрэгслийг 65,000,000 төгрөгөөр худалдах, урьдчилгаа төлбөр хийснээс хойш ажлын 21 хоногт барааг нийлүүлэх, хариуцагч нь урьдчилгаа төлбөрт үнийн дүнгийн 30 хувийг төлөхөөр харилцан тохиролцсон, хариуцагч нь 32,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэг үүссэн буюу худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Б.Цэнджав, Б.Байгалмаа нарын хооронд дээрх худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 33,000,000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, сард 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр  харилцан  тохиролцсон, уг зээлийн гэрээтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 588 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2017/00689 дүгээр тогтоол тус тус хэрэгт авагдсан байх ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2017/00689 дүгээр тогтоолоор Б.Цэнджав, Б.Байгалмаа нар зээлийн гэрээ байгуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцааг дуусгавар болгож, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг сольсон гэж тодорхойлсон байх тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Я” ХХК-д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 46,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн, шүүхийн дүгнэлтийг мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/02570 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 231 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390,450 /гурван зуун ерэн мянга, дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН