Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-03-27
Дугаар 001/ХТ2018/00481
Хэргийн индекс 183/2017/01923/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашхүүгийн Цолмон
Нэхэмжлэгч Х.Б
Хариуцагч Э.Г
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Х.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/01991 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2586 дугаар магадлалтай,   

                                                                                                                                   

Х.Б-гийн нэхэмжлэлтэй,

Э.Г-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 90.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Автомашины урьдчилгаанд төлсөн 10.000 ам.доллар буюу 19.846.900 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгч Х.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Х.Б- өөрийн эзэмшлийн Хаммер Эйч 1 маркийн 06-66 УБЯ улсын дугаартай автомашиныг 100.000 ам.доллараар худалдах, худалдан авахаар тохиролцож, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээг Э.Г-тэй байгуулсан ба автомашины өмчлөлийг Э.Ган-Эрдэнийн нэр дээр шилжүүлсэн. Э.Г- нь 10.000 ам.долларыг гэрээ байгуулсан даруйд, 40.000 ам.долларыг бартераар буюу кран өгөхөөр, 50.000 ам.долларыг 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцсон. Ингээд автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж аваад ББСБ-д 30.000 ам.долларын барьцаанд тавиад 10.000 ам.долларыг Х.Б-д өгсөн. Гэвч хариуцагч нь гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тул талууд 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлбөр төлж барагдуулах тухай дахин нэмэлт гэрээ байгуулж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч Х.Б- нь төлбөр төлөх нэмэлт хугацааг хариуцагч Э.Г-д тогтоож өгсөөр байтал хугацаандаа төлбөрөө төлөөгүй учир цагдаагийн байгууллагад хандсан. Үүний дараа Э.Г- өөрөө холбогдож, “таны автомашины төлбөрийг төлж чадахгүй, буцааж өгье, алданги тооцохгүй байвал гэрээний урьдчилгаанд төлсөн 10.000 ам.долларыг буцааж авахгүй. Харин цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлөө татаад авчих. Би таны автомашиныг 1 жил 6 сар ашигласны төлбөрт 60.000.000 төгрөг өгье” гэсэн. Энэхүү саналыг Э.Г- өөрөө гаргасан. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 3 дахь гэрээг байгуулж, талууд шинээр эрх зүйн харилцаа үүсгэсэн. Хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ мөн биелүүлээгүй учир гэрээний үүргийн биелэлт 60.000.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны алданги тооцож 30.000.000 төгрөг нийт 90.000.000 төгрөгийг Э.Г-эс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Ган-Эрдэнийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Иргэн Х.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр миний бие болон Х.Б- бидний хооронд автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдаж, төлбөр болон алдангийг харилцан тохиролцсон боловч 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Х.Б- нь дээрх автомашиныг буцаан өмчлөлдөө бүртгүүлэн авч автомашиныг бүрэн бүтэн хүлээн авснаар хоёр тал уг гэрээнээс татгалзсан. Ийнхүү гэрээнээсээ хоёр тал татгалзаж гэрээ дуусгавар болсон тул уг гэрээний дагуу алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд мөн хуулийн дагуу эзэмшиж ашигласны нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нөхөн төлбөр гэж нэхэмжилж байгаа 60.000.000 төгрөг нь сэтгэл санааны хохирол уу, эд хөрөнгийн хохирол уу, эсхүл олох ёстой байсан ашиг гэж үзэж нөхөн төлбөр шаардаж байна уу гэдэг нь тодорхойгүй, нэхэмжлэх эрхтэй гэдэг нь нотлогдохгүй байна. Түүнчлэн гэрээнээс татгалзсан тохиолдолд хуулийн дагуу гэрээний хоёр тал өгсөн авсан зүйлүүдээ буцааж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Х.Б- нь гэрээний зүйл болох автомашиныг буцаан бүрэн бүтэн хүлээн авсан боловч Э.Г- миний бие гэрээний төлбөрт өгөн 10.000 ам.доллараа буцаан аваагүй байхад ийнхүү хуульд зааснаас өөр зүйл буюу нөхөн төлбөр, алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Мөн гэрээнээс татгалзаж, гэрээ байхгүй болсон байхад гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж алданги нэхэмжилж байгаа нь хэн ч харсан хуульд нийцэхгүй зүйл бөгөөд харин ч миний Х.Б-д өгсөн 10.000 ам.долларыг буцаан төлөх үүрэгтэй, үүнийгээ ч буцаан нэхэмжлэх болно. Миний бие уг автомашиныг өөрийн өмчлөлд байх хугацаанд тогтмол засвар, үйлчилгээг нь хийлгэж, нэмэлт тоноглол болон агааржуулагч, амортизатор зэргийг нэмэлтээр суурилуулсан. Иймд нэхэмжлэгч Х.Б-гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Ган-Эрдэнийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Э.Г- болон Х.Б- нарын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, төлбөр болон алдангийг харилцан тохиролцсон боловч 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Х.Б- нь автомашиныг буцаан өмчлөлдөө бүртгүүлэн авч автомашиныг бүрэн бүтэн хүлээн авснаар 2 тал уг гэрээнээс татгалзсан. Уг гэрээний дагуу төлбөрийн урьдчилгаа 10.000 ам.долларыг бэлнээр өгөх, үлдэгдэл 90 хувийн 40 хувь буюу 40.000 ам.долларт нь бодож кран өгөх, 50 хувь буюу 50.000 ам.долларыг 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу урьдчилан 10.000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 19.846.900 төгрөгийг Х.Б-д бэлнээр хүлээлгэж өгсөн. Гэтэл уг гэрээнээсээ 2 тал татгалзаж гэрээ дуусгавар болсон тул дээрх автомашиныг Х.Б-д бүрэн бүтэн буцааж, хүлээлгэж өгсөн боловч уг автомашины төлбөр гэж урьдчилан өгсөн 10.000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 19.846.900 төгрөгийг буцаан өгөөгүй болно. Харин ч нэмж нөхөн төлбөр гэж нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд Иргэний хуульд зааснаар гэрээний аль нэг тал эсхүл 2 тал гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний зүйл болон өгсөн авсан зүйлээ буцаах ёстой байтал Х.Б- нь гэрээний зүйл болох автомашинаа буцааж авчихаад автомашины үнэнд төлсөн 19.846.900 төгрөгийг буцааж өгөхгүй байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна. Иймд Х.Б-гаас автомашин худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 19.846.900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч Э.Г- нь автомашиныг худалдаж авсаны дараа 10.000 ам.долларыг урьдчилгаанд өгсөн нь үнэн. Гэхдээ үлдэгдэл төлбөрийг 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй болно. Нэхэмжлэгч талаас төлбөр төлөх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч мөн л төлбөрөө төлөөгүй тул хариуцагч Э.Г- нь “автомашиныг чинь буцааж өгье, өөрийн өмчлөлдөө 1 жил 6 сар байлгаж, эзэмшиж ашиглаж байсны нөхөн төлбөртөө 60.000.000 төгрөг өгье, гэрээний урьдчилгаанд өгсөн 10.000 ам.долларыг би буцааж авахгүй, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлье” гэсэн санал гаргаж, Х.Б- зөвшөөрснөөр талууд гэрээнээс татгалзаж, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шинээр хэлцэл байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гурав дахь гэрээнд гэрээний урьдчилгаанд төлсөн 10.000 ам.долларыг буцааж төлөхгүй. Өмнөх гэрээний алдангийг тооцохгүй гэдэг байдлаар гэрээний хоёр тал харилцан тохиролцсон тул өмнөх гэрээний урьдчилгааг хариуцагч талаас нэхэмжлэх үндэслэл байхгүй. Иймд хариуцагч Э.Г- нь 10.000 ам.долларыг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байгаа учир сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

                       

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/01991 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Г-эс 60.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 19.846.900 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Э.Ган-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 607.950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Г-эс улсын тэмдэгтийн хураамжид 457.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Б-д олгохоор шийдвэрлэжээ.

           

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2586 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/01991 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэрэндагвын хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхээс дүгнэхдээ “...талууд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрээнээс татгалзахдаа байгуулсан хэлцэлдээ хариуцагч Э.Ган-Эрдэнийн урьдчилан өгсөн 10.000 ам.долларыг нэхэмжлэгч Х.Б- буцаан өгөхгүй, нэхэмжлэгч Х.Б- нь гэрээний хугацаа хэтэрсний алданги тооцож, хариуцагч Э.Г-эс нэхэмжлэхгүй, Х.Б-гийн автомашиныг Э.Г- өөрийн өмчлөлдөө 1.6 жил байлгаж, эзэмшиж, ашиглаж байсны нөхөн төлбөр болох 60.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор бэлнээр болон бартераар төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. Ийнхүү хүсэлт зоригоо илэрхийлсэн, хэлцэл байгуулсныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, уг хэлцлийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна” гэж дурдсан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар хуулиар хориглоогүй бол ямар ч хэлцэл байгуулж болно гэсэн нь хэрэгт авагдсан баримт, хэргийн нөхцөл байдалтай нийцэхгүй байх бөгөөд хэрэгт авагдсан дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 227.3-т заасан хохиролд хамаарахгүй гэдгийг нэхэмжлэгч тал өөрөө хэлдэг, шүүхээс ч энэ талаар дүгнэсэн байдаг боловч хуулиар хориглоогүй, хуульд заагаагүй эрх үүргийг өөрийн хүсэл сонирхлоор хэрэгжүүлж болно гэж үзэхдээ энэ нь хууль зөрчсөн эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, хуулиар хориглоогүй гээд хуульд нийцэхгүй, бусдын эрхийг хязгаарласан хэлцэл байгуулж болно гэсэн заалт биш бөгөөд хэрэгт авагдсан уг хэлцэл нь хариуцагч Э.Ган-Эрдэнийн эрхийг хязгаарласан, илт түүнд хохиролтой, нэг талыг барьсан хэлцэл байхад энэ талаар огт дүгнэлт хийгээгүй, хуульд нийцсэн хэлцэл гэж үзсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн Иргэний хуулийн 13.2 дахь заалтыг хэрэглэхдээ Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хууль бусад хуульд заасан шударга ёсны, тэгш байдлын зарчмуудын хүрээнд ойлгон хэрэглэх ёстой бөгөөд хуулийн зорилго, агуулга, зарчимд нийцүүлэн тайлбарлах ёстой байтал хэт нэг талыг барьсан, дээрх хуулиудын зарчимд нийцэхгүй, нэг нь нөгөөгийнхөө хуулийн дагуу эдлэх эрхийг хязгаарласан ийм гэрээг зөвтгөж, шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Нөгөө талаар уг хэлцэл нь ямар ч бодитой зүйл байхгүй, бодитой зүйлийг харин үгүйсгэсэн, хийсвэр зүйл дээр үндэслэж, нэг нь нөгөөдөө шударга бусаар үүрэг үүсгэсэн байгааг анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, хүчин төгөлдөр гэж үзсэн байна.

Түүнчлэн дээрх хэлцлээр автомашиныг 1.6 жил өмчлөлдөө байлгаж, эзэмшиж, ашигласны нөхөн төлбөр гэх боловч яг юуг нөхөж, мөнгөөр төлөх гээд байгаа нь тодорхойгүй, бодитой бус зүйлд нөхөн төлбөр өгөхөөр, харин бодитоор өгсөн, хуулийн дагуу гэрээнээс татгалзсан бол буцааж өгөх ёстой зүйл болох 10.000 ам.долларыг буцааж өгөхгүй гэж эрхийг хязгаарласан, уг мөнгийг нөхөн төлбөртөө тооцож аваад байна уу, эсхүл автомашиныг нь эвдэлж гэмтээсэн учраас өгөхгүй гээд байна уу гэдэг зүйлүүд нь тодорхойгүй хэлцэл байгааг шүүхээс харгалзан үзээгүй. Иргэний хуулийн 13.2-т заасны дагуу хуулиар хориглоогүй, хуульд заагаагүй эрх, үүргийг шинээр харилцан тохиролцох замаар хэрэгжүүлж болох ч энэ нь бодитой зүйлд үндэслэх буюу хэлцэл, гэрээ нь өөрөө бодитой байх ёстойн зэрэгцээ хуульд нийцсэн байх ёстой юм. Харин давж заалдах шатны шүүхээс "Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж эд хөрөнгийн элэгдэл, хорогдлыг тооцож, эд хөрөнгийн алдагдал гаргуулахаар тохиролцсон гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь маргаж байгаа автомашинд ямар элэгдэл хорогдол гарсан, түүнийг хэрхэн тогтоосон, мөн ямар алдагдал үүссэн нь тодорхойгүй, нотлох баримтгүй зүйлийг шударга бусаар гаргуулахаар гэрээ байгуулсан бөгөөд энгийн хэрэглээний явцын элэгдэл үү, түүнээс илүү их элэгдэл, хорогдол үүссэн эсэх зэргийг харгалзан үзээгүйн зэрэгцээ хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх талаар маргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс огт дүгнэлт хийгээгүй байна. Мөн “...энэхүү төлбөр нь Иргэний хуулийн 227.3-т заасан хохиролд тооцогдохгүй боловч хариуцагч Э.Г- 60.000.000 төгрөгийг автомашиныг тодорхой хугацаагаар эзэмшиж, ашиглаж байсны нөхөн төлбөр гэж үзэн нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрсөн нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно гэснийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна” гэсэн нь мөн л хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч Х.Б- болон хариуцагч Э.Г- нарын хооронд Иргэний хуульд заасан гэрээ байгуулах болон гэрээнээс татгалзах харилцаанууд үүссэн бөгөөд гэрээний үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбогдуулан гэрээнээс татгалзсан байдаг бөгөөд гэрээнээс татгалзсантай холбоотойгоор Иргэний хуулийн 227.3-т заасан хохирлыг шаардах эрхтэй. Гэтэл дээрх 60.000.000 төгрөг нь хуульд заасан хохиролд хамаарахгүй болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байхад хуулиар хориглоогүй учраас шинэ төрлийн хохирлыг гэрээгээр бий болгож байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.           

Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэхдээ “...зохигчид 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрээнээс татгалзаж байгуулсан хэлцлийн 1 дэх хэсэгт автомашин худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 10.000 ам.долларыг хариуцагч Э.Г-д буцаан өгөхгүй байхаар тохиролцсон бөгөөд дээрх хэлцлийг шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн тул хариуцагч 10.000 ам.доллар буюу 19.846.900 төгрөгийг шаардах эрхгүй” гэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, буруу дүгнэсэн байна. Иргэний хуулийн 205.1-т “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Э.Г- нь гэрээний дагуу автомашиныг буцаан шилжүүлж өгсөн, харин өөрийн өгсөн 10.000 ам.долларыг шаардах эрхтэй, үүний дагуу сөрөг нэхэмжлэл гарган шаардсан байхад хуульд заасан уг эрхийг хэлцэл байгуулсан гэдгээр эдлүүлэхгүй гэж дүгнэж байна. Хариуцагчийн энэхүү эрхээ эдлэхгүй гэж шүүхээс үзсэн үндэслэл нь Иргэний хуулийн 13.2-т зааснаар хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригоор хэрэгжүүлж болно гэж заасныг үндэслэсэн байх бөгөөд дээрх хуульд талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцааж өгөх үүрэгтэй гэж тусгайлан заасан байгааг зөрчиж байна. Мөн уг хэлцэл болон хэлцлийн 10.000 ам.доллартай холбогдох хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргасаар байхад огт дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг барьж, хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/01991 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2586 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлсэн байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

Нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагч Э.Г-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 90,000,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 10,000 ам.доллар буюу 19,846,900 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргасан ба анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 60,000,000 төгрөгийг хангаж, үлдэх 30,000,000 төгрөгийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Зохигчдын хооронд 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч Э.Г- нь нэхэмжлэгч Х.Б-гаас 06-66 УБЯ улсын дугаартай, “Хаммер эйч 1” маркийн автомашиныг 100,000 ам.доллараар худалдаж авахаар харилцан тохиролцож, нийт төлбөрийн 10 хувь буюу 10,000 ам.долларыг гэрээ байгуулсан өдөр худалдагчид бэлнээр төлж,  төлбөрийн 50 хувь буюу 50,000 ам.долларыг 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, төлбөрийн 40 хувь буюу 40,000 ам.долларт кран өгөхөөр тохиролцжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Худалдан авагч Э.Г- 10,000 ам.долларыг гэрээ байгуулсан өдөр худалдагч Х.Б-д төлсөн боловч төлбөрийн 40 хувь буюу 40,000 ам.долларт кран өгөх, үлдэх 50 хувь буюу 50,000 ам.долларыг 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөх үүргээ гүйцэтгээгүй тул талууд 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Төлбөр төлж барагдуулах тухай” гэрээ байгуулж, хариуцагч нь үлдэгдэл төлбөр буюу 90,000 ам.долларыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаа сунгасан байна.

Хариуцагч Э.Ган-Эрдэнийг сунгасан хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, гэрээний үүрэг биелэгдэхгүй нь тодорхой болсон гэсэн үндэслэлээр худалдагч тал буюу нэхэмжлэгч нь  гэрээнээс татгалзаж, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр талуудын хооронд хэлцэл хийгдсэн байх бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болжээ.

Энэхүү хэлцэлд автомашины урьдчилгаанд Э.Ган-Эрдэнийн төлсөн 10,000 ам.долларыг  Х.Б- буцаан өгөхгүй, харин Х.Б- нь гэрээний хугацаа хэтэрсний алдангийг Э.Г-эс нэхэмжлэхгүй гэж, автомашиныг Э.Г- 1.6 жил эзэмшиж, ашиглаж байсны нөхөн төлбөрт 60,000,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор бэлнээр болон бартераар төлөхөөр тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь Э.Г-д худалдсан 06-66 УБЯ улсын дугаартай, “Хаммер эйч1” маркийн автомашиныг буцаан авч, бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсныг  Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан шаардах эрхийн дагуу хийгдсэн үйлдэл гэж үзэх ба энэ нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбараар тогтоогджээ.

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хэлцлийг “...цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөл гомдлыг татаж авах зорилгоор байгуулсан” гэх боловч Х.Б-гийн Э.Г-д холбогдуулан гаргасан гомдлыг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, иргэд хоорондын маргаантай асуудал гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн тухай Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2831 дүгээр тогтоол хэрэгт авагдсан ба цаг хугацааны хувьд дээрх тогтоолоос хойш талууд гэрээнээс татгалзсан байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчийн автомашиныг өөрийн өмчлөлдөө 1.6 жил байлгаж, эзэмшиж, ашигласны төлбөрт 60,000,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор өгөхөөр хэлцлээр тохирсон үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 60,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 206 дугаар зүйлийн 206.1-т нийцсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний зүйл болох автомашиныг буцаан авсан, талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд алданги тооцохгүй гэж үндсэн нэхэмжлэлээс 30,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтын хүрээнд Иргэний хуулийн гэрээнээс татгалзах зохицуулалтыг үндэслэл бүхий хэрэглэж чадаагүй байхад энэ алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй байна.

Зохигчдын хооронд хийгдсэн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрээнээс татгалзсан тухай хэлцлийн 1 дэх хэсэгт “...автомашин худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 10,000 ам.долларыг хариуцагч Э.Г-д буцаан өгөхгүй байх”-аар тохиролцсоныг талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн, хүчин төгөлдөр хэлцэл тул хариуцагчийг урьдчилгаанд өгсөн мөнгийг буцаан шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх үзсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д нийцээгүй байна. Иймээс автомашин худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 10,000 ам.доллар буюу 19,846,900 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагч Э.Ган-Эрдэнийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2586 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/01991 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Г-эс 60,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Х.Б-гаас 19,846,900 төгрөг гаргуулж, хариуцагч Э.Г-д олгосугай.” гэж, 3 дахь заалтын “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэгч Х.Б-гаас 257,184 төгрөг гаргуулж, хариуцагч Э.Г-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3, 5 дахь заалтыг 4 гэж дугаарлан, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 558,000 /таван зуун тавин найман мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН