Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-03-27
Дугаар 001/ХТ2018/00479
Хэргийн индекс 181/2017/01954/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашхүүгийн Цолмон
Нэхэмжлэгч Д.У
Хариуцагч НШГА
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Д.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02305 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2415 дугаар магадлалтай,  

                                                                                                                                   

Д.У-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.У-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Д.У-ээс 31.615.339 төгрөгийг, Д.Даваажаваас 16.443.200 төгрөгийг гаргуулж “Итгэл бизнес” ББСБ-д олгох Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 288 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1331 тоот тогтоолыг албадан биелүүлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Энэхүү шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Улсын бүртгэлийн Ү-2202004691 дугаартай, Д.Даваажавын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруугийн 32 дугаар байрны 41 тоотод байрлах 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болж, үнэлгээчин томилж зах зээлийн унэлгээг тогтоолгосон байна. Нэхэмжлэгч Д.У- миний хувьд 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд очиж 3/14369 тоот “Албадан дуудлага худалдааны мэдэгдэл”-ийг хүлээн авснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх орон сууцны үнэлгээг тогтоолгохоор үнэлгээчин томилсон болохыг, мөн Д.Даваажавын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруугийн 32 дугаар байрны 41 тоотод байрлах 1 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 64.167.464 төгрөгөөр тогтоосон болохыг мэдсэн бөгөөд энэхүү үнэлгээг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Үүнд:

1. Д.Даваажавын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруугийн 32 дугаар байрны 41 тоотод байрлах 1 өрөө орон сууц нь 10 гаруй сая төгрөгөөр тооцогдох хэмжээний их засвар хийгдсэн байдаг. Гэтэл үнэлгээчний тогтоосон үнэлгээ нь энэхүү засварын мөнгө, төгрөгийг оролцуулан тооцоогүй, түүнчлэн засвар хийгээгүй байрыг худалдан борлуулах зах зээлийн үнэд ч хүрэхгүй хэмжээгээр, хөрөнгийн үнэлгээг хэт бууруулж үнийг тогтоосон байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

            2. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас тогтоосон үнэлгээчний хувьд тухайн орон сууцны талбайг 32.9 м.кв гэж тогтоон үнэлгээ хийсэн нь хууль бус байгаа болно. Учир нь орон сууцны талбайг тодорхойлоход Барилга хот байгуулалтын яамнаас зөвшөөрсөн зөвшөөрөлтэй компаниуд орон сууцны талбайг тогтоох эрх бүхий этгээд болно. Гэтэл эрхгүй этгээд орон сууцны талбайн хэмжээг тогтоож, түүн дээрээ үндэслэж үнэлгээ хийсэн нь хууль бус гэж үзэж байна.

3. Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5/46 тоот тогтоолоор Д.Даваажавын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруугийн 32 байрны 41 тоотод байрлах 1 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 250.000.000 төгрөгөөр тогтоосон байгаа зэргээс харахад тухайн орон сууцны үнэлгээг хэт багаар үнэлсэн болох нь илэрхий байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Д.Даваажавын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруугийн 32 дугаар байрны 41 тоотод байрлах 1 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 64.167.464 төгрөгөөр тогтоолгосон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандаж байна. Иймд Улсын бүртгэлийн Ү-2202004691 дугаартай, Д.Даваажавын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруугийн 32 дугаар байрны 41 тоотод байрлах 17 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 64.167.464 төгрөгөөр үнэлсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнчунтын шүүхэд гаргасан тайлбарт: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 288 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1331 дүгээр тогтоолоор Д.У-ээс 31.615.339 төгрөгийг гаргуулж “Итгэл бизнес” ББСБ-д олгохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Бага тойруугийн 32 дугаар байрны 41 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004691 дугаарт бүртгэлтэй 17 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч нараас үнийн санал авах мэдэгдлийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 3/10700, 3/10701 тоот албан бичгээр төлбөр төлөгч Д.У-, Д.Даваажав нарт шуудангаар хүргүүлсэн байна. Дурьдсан хугацаанд үнийн саналыг ирүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр “Бэсгэ” ХХК-ийг томилон үнэлгээг тогтоолгосон байна. Хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 64.167.464 төгрөгөөр үнэлэгдсэн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Даваажав, Д.У-, төлбөр авагч “Итгэл бизнес” ББСБ-д 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3/12847, 3/12846, 3/12848 тоот албан бичгүүдээр мэдэгдсэн болно. Төлбөр төлөгч Д.У-т Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулахыг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдэл болон тогтоолын хамт хаягаар нь очиж биечлэн гардуулан өгсөн. Төлбөр төлөгч Д.У- нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, мөн шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч Д.У- нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж байгаа болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                       

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02305 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Д.У-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004691 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Бага тойруугийн 32 байр 41 тоот орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.У-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

           

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2415 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02305 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.У-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 2415 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүх мэтгэлцэх зарчмаар хангалгүй хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн тухайд: Миний бие нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зарлагдсан шүүх хуралд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй байсан тул шүүх хуралд биечлэн оролцож мэтгэлцэх шаардлагатай гэж үзэн тухайн шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт шүүхэд хүргүүлсэн. Энэхүү хүсэлтийг шүүх хүлээн аваад тухайн шүүх хурлыг хойшлуулахдаа дараагийн хурал болох товыг надад мэдэгдэлгүйгээр шүүх хурлыг хийж, хэргийн оролцогчийн шүүх хуралд биечлэн оролцох боломжийг хааж, мэтгэлцэх зарчмыг алдагдуулан хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ‘‘Шинжээч хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд байх бөгөөд үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн байдаг. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас тогтоосон үнэлгээчний хувьд тухайн орон сууцны талбайн хэмжээг буруу тогтоон иж бүрэн супер засвар хийсэн байрыг засвар хийгээгүй байртай адилтган үнэлгээ хийсэн нь хууль бус байгаа болно. Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, иргэний хэргийг анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцаан нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Д.У- нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 288 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1331 дүгээр тогтоолоор Даваажав овогтой Уранчимэгээс 31,615,339 төгрөгийг, Д.Даваажаваас 16,443,200 төгрөгийг тус тус гаргуулж “Итгэл бизнес” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч Д.У- нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн  шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2017 оны 01 сарын 06-ны өдрийн 00054, 00056 дугаар гүйцэтгэх хуудсуудыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Д.Даваажавын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004691 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 32 дугаар байрны 41 тоот орон сууцыг битүүмжилж, хураан авчээ.

Төлбөр төлөгч Д.У-т 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 3/10700 тоот, орон сууцны өмчлөгч Д.Даваажавт 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 3/10701 тоот албан бичгээр үнийн санал авах тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн гэж хариуцагч мэдэгдлүүдийн хуулбар хувийг шүүхэд ирүүлсэн, уг мэдэгдэлд 04 сарын 07-ны өдрийн дотор үнийн саналаа  ирүүлэхийг заажээ.

Дээрх албан тоотоор төлбөр төлөгч Д.У- болон орон сууцны өмчлөгч Д.Даваажав нараас үнийн санал авах тухай мэдэгдэл хүргүүлсэн гэж үзэх нөхцөл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь дээрх 3/10700, 3/10701 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч болон орон сууцны өмчлөгч нар хүлээн авсан тухай баримт байхгүй, мэдэгдлийн хуулбарт шуудангийн дардас дарагдсаныг баталгаат шуудангаар хүргүүлсэн гэж үзэхгүй.

Иймээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан журмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй тул анхны албадан дуудлага худалдаа явуулах үнийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэл үгүйсгэгдэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдож байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан 3/10700, 3/10701 тоот баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүй, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэ алдааг залруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасантай нийцсэн гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны  шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02305 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2415 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004691 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 32 дугаар байрны 41 тоот орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.У-т олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.У-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН