Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-06-24
Дугаар 001/ХТ2016/00787
Хэргийн индекс 101/2016/0770/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Б.Мөнхсаруул
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.Мөнхсаруулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01937 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 845 дугаар магадлалтай,

Б.Мөнхсаруулын нэхэмжлэлтэй

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 4535 дугаар шийдвэрээр Б.Мөнхсаруулаас 30 450 000 төгрөгийг гаргуулж Б.Болорт олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны 73 дугаар байрны 37 тоот 27 м.кв орон сууцыг төлбөрт хураан авч битүүмжилсэн. Шийдвэр гүйцэтгэгч Т.Адилбек нь төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал өг гэсний дагуу би 65 000 000 төгрөгөөр тогтоосон ч хариуцагчийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/304 тоот албан тоотоор 45 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болсон тухай мэдэгдлийг мөн сарын 07-ны өдрийн өглөө шуудангаар хүлээн авсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь ямар үндэслэлээр төлбөрт хураагдсан эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлж байгаагаа тайлбарлаагүй. Иймд төлбөрт хураагдсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах хууль бус үнэлгээ хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 4535 дугаар шийдвэрээр Б.Мөнхсаруулаас 30 450 000 төгрөгийг гаргуулж, Б.Болорт олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Б.Мөнхсаруулд төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдсэн ч төлөөгүй тул Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны 73 дугаар байрны 37 тоот 27 м.кв орон сууцыг 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 33/09 тоот актаар битүүмжилсэн, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 11/26 тоот актаар хураасан ба тухайн үед уг орон сууцыг 50 000 000 төгрөгөөр үнэлж санал ирүүлж байсан. Анхны албадан дуудлага худалдааны үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар талуудаас санал авахад дээрх орон сууцыг 65 000 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд талуудын харилцан тохиролцсон үнийн доод үнэ 45 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсныг мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул Б.Мөнхсаруулын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01937 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Мөнхсаруулын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхсаруулаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 845 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01937 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2...” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.3...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гүлдарийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа Б.Мөнхсаруулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Хэргийг шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдлыг хангаагүйг эс зөвшөөрч хуулийг буруу хэрэглэж, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөнд гомдол гаргаж байна. Шүүх үндэслэх хэсэгтээ “Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгчийн орон сууцыг 45 500 000 төгрөгөөр тооцож албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг зөрчөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т нийцэж байх ба нэхэмжлэгч дээр дурдсан эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах санал болгох үнийг өөрөө тогтоосон” гэсэн нь үндэслэлгүй. Учир нь би албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг 65 000 000 төгрөгөөр тогтоосон. 4535 дугаар шийдвэрийн дагуу 37 тоот 27 м.кв орон сууцны өмчлөгчөөр би болон Б.Болор нар тогтоогдож 65 000 000 төгрөгөөр шүүхээс үнэлж Б.Мөнхсаруулыг өмчлөгчөөр үлдээж, Б.Болорт ногдох хувь 30 450 000 төгрөгийг Б.Мөнхсаруулаас гаргуулан олгохоор шүүх шийдвэрлэсний дагуу уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан бөгөөд би өөрийн өмчлөлийн орон сууцаа ийм бага үнэлгээгээр үнэлүүлэн дуудлага худалдаанд оруулах нь үндэслэл. Шийдвэр гүйцэтгэгч хуулийг буруу тайлбарлан намайг төөрөгдүүлэн үнийн санал бичүүлж авсан бөгөөд би дуудлага худалдаанд 65 000 000 төгрөгөөр оруулах санал өгсөн нь зах зээлийн бодит ханш юм. Иймээс анхан шатны шүүхээс дээрх хуулийн заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлтэй. Шүүх хуралдаанд өмгөөлөгч хойшлуулах хүсэлт гаргасан ч хүсэлтийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгчийн хүсэлтийг хангалгүй хэргийг шийдвэрлэснийг, нэхэмжлэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангаагүй нь хуульд нийцсэн мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үнэн зөв байх хуульд нийцсэн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын оролцоог эрх тэгш хангасан байх Иргэний хуулийн гол зарчмыг зөрчсөн гэх үндэслэлтэй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Б.Мөнхсаруул хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан албадан дуудлага худалдаанд оруулах Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны 73 дугаар байр, 37 тоот 27 м.кв талбай бүхий орон сууцны үнэлгээг хүчингүй болгохыг шаарджээ.

Нэхэмжлэгч нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 4535 дугаар шийдвэрээр нийт 30 450 000 төгрөгийг Б.Болорт төлөх үүрэгтэй байна. Шүүхийн шийдвэрийг Б.Мөнхсаруул сайн дураар биелүүлээгүй учир гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулах ажиллагааг явуулахын тулд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас эд хөрөнгийн үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Б.Мөнхсаруул орон сууцны зах зээлийн үнийг 65 000 000 төгрөг гэж үзсэнийг төлбөр авагч зөвшөөрсөн, талууд үнийн талаар маргаагүй учраас шинжээч томилох шаардлагагүй байжээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно...” гэж зааснаар анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухайн эд хөрөнгийн доод үнэ хуулиар тогтоогдож байгаа тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй болно. Үнэ хаялцуулах журмаар, хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд дуудлага худалдааны ялагч болох бөгөөд дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн доод үнийг тогтоож, үүнээс дээш үнээр буюу зах зээлийн үнээр, ойролцоо үнээр худалдан авах нөхцөлийг хуульд тогтоосон байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ хууль зөрчсөн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлагын талаар хоёр шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж шийдвэрт өөрчлөлт оруулснаас гадна үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авах ажиллагаа, өмгөөлөгч авах хариуцагчийн эрх зөрчигдөөгүй талаар хэрэгт цугларсан баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэжээ.

Иймд нэхэмжлэгч Б.Мөнхсаруулын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 845 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч Б.Мөнхсаруулын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхсаруул хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА