Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-06-21
Дугаар 001/ХТ2016/00742
Хэргийн индекс 101/2015/1179/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Н.Дашбалдан
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Н.Дашбалдангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01203 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 724 дүгээр магадлалтай,

Н.Дашбалдангийн нэхэмжлэлтэй

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Санал болгох хурлын шийдвэр болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 3096 дугаар захирамжаар Намсрайн Дашбалдангаас 44 380 000 төгрөгийг гаргуулж “Газар партнерс” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Н.Дашбалдан миний өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 61 дүгээр байрны 76 тоот 40 м.кв 3 өрөө орон сууцыг анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. Дээрх орон сууцыг 44 380 000 төгрөг болон бусад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлбөр авагчид төлбөрт тооцон өгөхөөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох хуралд оруулж зах зээлийн бодит үнээс доогуур шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Тус албаны санал болох хурлын комисс нь миний үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлж 44 380 000 төгрөгт багтаан орон сууцыг шилжүүлэхээр шийдвэрлэсэнд би гомдолтой учир ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан ч гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд дээрх орон сууцыг зах зээлийн бодит үнэлгээнээс доогуур төлбөрт тооцож өгөх нь хууль зөрчиж намайг хохироож байгаа тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгож хуулийн дагуу шийдэж өгнө гэдэгт итгэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төлбөр төлөгч Н.Дашбалданд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн ч биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу Н.Дашбалдангийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205001293 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 61 дүгээр байрны 76 тоот 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 125/3096 тоот битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 125/3097 тоот хураах тогтоолоор хурааж захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг талуудаас авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч “Итгэлт-Эстимэйт” ХХК-аар үнэлгээг тогтоолгоход хөрөнгийг 106 207 100 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу анхны албадан дуудлага худалдаанд 106 207 100 төгрөгийн 70 хувь буюу 74 344 970 төгрөгөөр оруулсан ч худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дүгээр зүйлийн 177.4-т заасны дагуу хоёр дахь албадан дуудлага 106 207 100 төгрөгийн 50 хувь буюу 53 103 550 төгрөгөөр оруулсан ч мөн худалдан борлогдоогүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу худалдан борлогдоогүй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг тус албаны санал болгох комиссын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар оруулахад төлбөр төлөгч Н.Дашбалданд 23 хоногийн хугацаа өгч, дурдсан хугацаанд төлбөрийг бүрэн төлөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэхийг мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар төлбөр төлөгч Н.Дашбалдан хуулийн хугацаандаа шүүхэд гомдлоо гаргаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 хороолол, 61 байр 76 тоот орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу битүүмжилж, хурааж, төлбөр төлөгчөөс дуудлага худалдааны үнийн санал авсан ч төлбөр төлөгч өөрийн хөрөнгөө зах зээлээс хэт өндөр үнээр үнэлснийг манай байгууллага хүлээн зөвшөөрөлгүй, хөндлөнгийн шинжээч томилуулж үнэлүүлэхэд уг хөрөнгө 106 207 100 төгрөгөөр үнэлэгдсэн. Анхны болон 2 дахь дуудлага худалдаа зохион байгуулахад дуудлага худалдаанд худалдан авагч оролцоогүй тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу төлбөрт санал болгох хуралд төлбөр төлөгчид төлбөрөө бүрэн барагдуулж болох 23 хоногийн хугацаа өгсөн. Эцэст нь хэлэхэд шийдвэр гүйцэтгэх албанд 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хандсанаас хойш нийт 313 хоног өнгөрөөд байна. Гэвч энэ хугацаанд төлбөр төлөгч нь төлбөр төлөх ямар ч арга хэмжээ аваагүй, төлөлт хийгээгүй нь санаатай төлбөр төлөхөөс зайлсхийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хугацаа хожих замаар удаашруулж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2016/01203 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 48 дугаар зүйлийн 48.7-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Н.Дашбалдангийн хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан тус албаны санал болгох комиссын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 61 дүгээр байрны 76 тоот, 40 м.кв талбайтай, Ү-2205001293 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцыг төлбөр авагчид санал болгосон ажиллагаа болон 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Тус шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00982 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 724 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2016/01203 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 48 дугаар зүйлийн 48.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Дашбалдангийн хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан тус албаны санал болгох комиссын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 61 дүгээр байрны 76 тоот хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий Ү-2205001293 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцыг төлбөр авагчид санал болгосон ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэгийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 3096 дугаар захирамжаар надаас 44 380 000 төгрөг гаргуулж “Газар партнерс” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Миний өмчлөлийн 3 өрөө орон сууцыг анхны болон 2 дахь дуудлага худалдаанд оруулсан ч худалдан борлогдоогүй. Хариуцагч нь миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлж шийдвэрлэсэн. Тус албаны санал болгох хуралд ороход би төлбөрийг барагдуулъя гээд учир байдлаа хэлэхэд зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн. Энэ талаар гомдол гаргасан ч хангагдаагүй ба хоёр шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасныг зөв тайлбарлаж, хэрэглээгүй байна.

Нэхэмжлэгч Н.Дашбалдан нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 61 дүгээр байрны 76 тоот 3 өрөө орон сууцыг 44 380 000 төгрөгийн төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгосон ажиллагааг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн шаардлагыг хуульд заасан журмаар гаргаагүй тул анхны  нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь 2 удаа дуудлага худалдааг зохион байгуулсан боловч үл хөдлөх хөрөнгө борлогдоогүй тул хуульд заасан ажиллагаа буюу төлбөр авагчид төлбөртөө тооцон авахыг санал болгосон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг татгалзжээ.

Төлбөр барагдуулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасан “Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгох” ажиллагаа нь Үндсэн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоор зохицуулагдана.

Өмчлөгч бусдын өмнө хүлээсэн үүргээ өмчлөлийн зүйлээ борлуулах замаар, шийдвэр гүйцэтгэлийн журмаар барагдуулах тохиолдолд өмчлөгчийн хувьд эдлэх үндсэн эрх нь зөрчигдөхгүй байх ёстой. Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгох үндэслэл нь дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгө үнийн хувьд төлбөрийн хэмжээ, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлын нийт дүнгээс хэт өндөр биш, ойролцоо, дүйцэхүйц хэмжээнд гэж үзэх нөхцөл бүрдсэн байх явдал юм.

Өөрөөр хэлбэл Эд хөрөнгийн зах зээлийн үнэ, төлбөрийн хэмжээ ойролцоо учраас төлбөртөө тооцон авахыг санал болгох нь төлбөр барагдуулах зорилгод нийцэхээс гадна өмчлөгчийн эрх зөрчигдөхгүй бөгөөд энэ агуулга, зарчмаар уг ажиллагааг хуулиар зөвшөөрсөн байна. Үүнээс үзэхэд дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр төлөгчид санал болгох нь заавал хийгдэх ажиллагаа биш болно.

Албадан дуудлага худалдаанд оруулсан орон сууцны зах зээлийн үнэ шинжээчийн дүгнэлтээр 106 207 100 төгрөг болох нь тогтоогдсон, хуульд заасан журмаар доод үнийг нийтэд зарлаж, дуудлага худалдааг зохион байгуулсан боловч борлогдоогүй байх ба уг орон сууцыг 44 380 000 төгрөгийн төлбөрт тооцох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасан агуулгад нийцээгүй болохыг шүүх анхаараагүй нь буруу байна.

Иймд “орон сууцыг төлбөрт тооцон өгснөөр эд хөрөнгийг үнэгүйдүүлж, өмчлөгчийн эрхийг зөрчсөн тул...” санал болгох ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Н.Дашбалдангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 724 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01203 дугаар шийдвэрын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар төлбөр төлөгч Н.Дашбалдангийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 61 дүгээр байрны 76 тоот, 40 м.кв талбайтай, Ү-2205001293 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцыг төлбөр авагч “Газар партнерс” ББСБ-д санал болгосон ажиллагааг хүчингүй болгосугай.” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...56.1...” гэсний дараа “...60 дугаар зүйлийн 60.1...” гэснийг нэмж, “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Дашбалданд олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Н.Дашбалдангийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

                                                                    

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА