Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-06-16
Дугаар 001/ХТ2016/00707
Хэргийн индекс 101/2015/05875/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч “Хүннү Эйр” ХХК
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба
Гуравдагч этгээд Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Сод Монгол групп” ХХК, “Бодь Интернэшнл” ХХК
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

 “Хүннү Эйр” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/00662 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 622 дугаар магадлалтай

“Хүннү Эйр” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Бодь Интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох 157/02 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 157/01 эд хөрөнгө хураан авах тогтоол, эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ, худалдан борлуулах ажиллагааг тус тус хүчингүй болгуулж, JU-8883 улсын дугаартай Фоккер-50 агаарын хөлгийг төлбөр гаргуулах эд хөрөнгийн жагсаалтаас хасуулахыг хүссэн,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Сод Монгол групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Хүннү Эйр” ХХК-нд холбогдох “Бодь Интернэшнл” ХХК, “Хүннү Эйр” ХХК нарын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн БГ-20130332 тоот Барьцааны гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул тус гэрээнээс аливаа хууль зүйн үр дагавар үүсэхгүй болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг

    Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Мөнхжаргал, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Бодь Интернэшнл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Агиймаа нарын  гомдлоор

       Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэг, Б.Мөнхзул, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Бодь Интернэшнл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Агиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

     Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сод Монгол групп” ХХК-иас “Хүннү Эйр” ХХК-д холбогдуулан “Түлш худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 2 122 721 731 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд талууд харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулснаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 3536 тоот захирамжаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэвч нийгэмд учраад буй эдийн засгийн хямралын улмаас нислэгийн орлого огцом буурч, компани санхүүгийн хүнд нөхцөл байдалд орсны улмаас манай компани Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд багтаан гүйцэтгэж чадаагүй бөгөөд “Сод Монгол групп” ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргасан байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хөндлөнгийн шинжээч томилж манай компанийн өмчлөлийн Фоккер-50 маркийн JU-8883 улсын дугаартай агаарын хөлгийг 1 960 000 000 төгрөг хэмээн үнэлсэн болохыг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 3/17989 тоот мэдэгдэлд дурджээ. Бид энэхүү үнэлгээг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Манай компани JU-8883 улсын дугаартай Фоккер-50 маркийн агаарын хөлгийг 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Европын Холбооны Улсын Аеrосеntury Соrроrаtion компаниас 2 100 000 ам доллар буюу өнөөгийн ханшаар тооцвол ойролцоогоор 4 000 000 000 /дөрвөн тэрбум/ гаруй төгрөгөөр худалдаж авсан бөгөөд худалдан авснаасаа хойш ихээхэн хэмжээний хөрөнгө гаргаж, тогтмол засвар үйлчилгээ хийн ашиглаж байгаа. JU-8883 улсын дугаартай агаарын хөлөг нь манай компанийн эд хөрөнгийн бүртгэлд санхүүгийн бүртгэл хөтлөх стандарт журмын дагуу элэгдэл, хорогдол тооцсон дүнгээр 3 230 147 199 /гурван тэрбум хоёр зуун гучин сая нэг зуун дөчин долоон мянга нэг зуун ерэн есөн/ төгрөгийн үнэлгээтэй бүртгэгдсэн. “Ард даатгал” ХХК-тай байгуулсан “Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ”-нд Фоккер-50 маркийн JU-8883 улсын дугаартай агаарын хөлгийн үнэлгээг 1 600 000 /нэг сая зургаан зуун мянга/ тооцооны нэгж буюу өнөөдрийн ханшаар тооцвол 2 992 000 000 /хоёр тэрбум есөн зуун ерэн есөн сая/ төгрөг гэж үнэлсэн. “Бодь Интернэшнл” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан БГ-20131227 дугаартай Барьцааны гэрээний дагуу уг агаарын хөлгийн үнэлгээг 2 500 000 /хоёр сая таван зуун мянган/ ам доллар буюу 4 675 000 000 /дөрвөн тэрбум зургаан зуун далан таван сая/ төгрөгөөр үнэлсэн. “Хүннү Эйр” ХХК-иас аудитын “Эвиденс” ХХК-иар дахин үнэлгээ хийлгүүлсэн бөгөөд тус компанийн хийсэн үнэлгээгээр тус агаарын хөлгийг 5 464 743 /таван тэрбум дөрвөн зуун жаран дөрвөн мянга долоон зуун дөчин гурван/ төгрөгөөр үнэлсэн байна. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас томилогдсон хөндлөнгийн шинжээч нь бидний худалдан авч, ашиглаж эхэлснээс хойш 2 жил ч хүрээгүй байгаа хөрөнгийг 1 960 000 000 төгрөг хэмээн үнэлж байгаа нь хэтэрхий шударга бус, зах зээлийн бодит ханшид огт нийцээгүй манай компанийг илт хохироохоор байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хөндлөнгийн шинжээч томилж хийлгэсэн үнэлгээ тогтоосон дүгнэлтийг хүчингүй болгож өгөхийг хүсье. Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Хүннү Эйр” ХХК-ийн эзэмшлийн эд хөрөнгө болох Фоккер-50 маркийн JU-8883 улсын дугаартай агаарын хөлгийг шинжээч томилон үнэлүүлсэн үнэлгээг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 3/17989 тоот мэдэгдлээр хүлээн авч манай компаниас 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Б-15/270 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн. Ингэхдээ энэхүү үнэлгээ нь уг агаарын хөлгийн бодит үнэ, зах зээлийн ханшид нийцээгүй байх тул дахин үнэлгээ хийж өгөх хүсэлтийг гаргасан. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 6/1196 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан тул эд хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг өгсөн. Агаарын хөлгийг даруй 2.5 дахин бага үнээр үнэлсэн нь манай компанийн ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа шударга бус, манай компанид хохиролтой явагдаж болзошгүй, түүнчлэн хуульд заасан 7 хоногийн дотор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандаж гомдол гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээж өгнө үү гэжээ.

      Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “Хүннү Эйр” ХХК-ийн эзэмшлийн JU-8883 улсын дугаартай Фоккер-50 маркийн агаарын хөлгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 157/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 157/01 дугаар тогтоолоор хураан авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.4-т зааснаар хөндлөнгийн шинжээчийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр томилж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр үнэлгээ тогтоосон. Хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээг 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төлбөр төлөгч “Хүннү Эйр” ХХК-ийн захирал Б.Баярт 3/17989 дугаартай мэдэгдлээр хүлээлгэн өгч гарын үсэг зуруулан баталгаажуулсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах нөхцлөөр хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

    Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Сод Монгол групп” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 157/02 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор “Хүннү Эйр” ХХК-ийн Фоккер-50 маркийн JU-8883, JU-8882, JU-8881 дугаарын 3 ширхэг агаарын хөлгүүдийг битүүмжилсэн бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 157/01 тоот эд хөрөнгө хураасан тогтоолоор зөвхөн 1 ширхэг JU-8883 дугаартай агаарын хөлгийг хураасан болно. Учир нь дээрх 3 ширхэг агаарын хөлгүүдээс Фоккер-50 маркийн JU-8882, JU-8881 дугаартай 2 ширхэг агаарын хөлөг барьцаанд байгаа гэсэн тайлбарыг төлбөр төлөгч тал өгсөн учраас ямар нэг байдлаар барьцаанд тавиагүй байсан JU-8883 агаарын хөлгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс хураах ажиллагаа хийсэн. Энэ ажиллагааг хийснээс хойш Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны зүгээс хураасан хөрөнгийг албадан дуудлага худалдааны анхны үнэлгээг тогтоолгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч “Хүннү Эйр” ХХК-аас хураагдсан эд хөрөнгөд үнийн санал авахаар удаа дараа мэдэгдэл өгсөн боловч төлбөр төлөгч “Хүннү Эйр” ХХК үнийн санал огт өгөхгүй байсан тул эд хөрөнгийн хурааснаас хойш даруй 4 сарын дараа хөндлөнгийн шинжээч томилсон. Хөндлөнгийн шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК ажилласан байх бөгөөд үнэлгээг 1 960 000 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Гэтэл төлбөр төлөгч “Хүннү Эйр” ХХК-ийн зүгээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргаж нэхэмжлэлдээ тус компани болон “Бодь Интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн БГ-20131227 тоот Барьцааны гэрээг хавсарган ирүүлжээ. Тус барьцааны гэрээг дараах үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Барьцааны гэрээний талууд болох “Бодь Интернэшнл” ХХК болон “Хүннү Эйр” ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нь нэг бөгөөд хоорондоо ашиг сонирхол нэг юм. “Хүннү Эйр” ХХК-ийн үүсгэн байгуулагч болох “Цэлмэг тэнгэрийн нислэг” ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчээр “Бодь Интернэшнл” ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч Б.Баясгалан байдаг. Мөн “Хүннү Эйр” ХХК-ийн үндсэн хөрөнгийн орлогод Фоккер-50 маркийн JU-8883 улсын дугаартай хөлгийг 3 230 147 000 төгрөгөөр үнэлэн орлогод авч бүртгэсэн байдаг. Гэтэл тус агаарын хөлгийг барьцааны гэрээнд 2 500 000 ам доллар буюу тухайн үеийн ханшаар 4 000 000 000 орчим төгрөгөөр үнэлэн барьцаалсан байна. Барьцаалагч тал эд хөрөнгийг барьцаалахдаа барьцаа хөрөнгийн үнийг тухайн эд хөрөнгийн 50 хүртэл хувиар үнэлж барьцаалдгийг наад захын хүн мэдэх энгийн ойлголт гэж үзэж байна. “Бодь Интернэшнл” ХХК тус агаарын хөлгийг барьцаалахдаа үндсэн хөрөнгөд бүртгэсэн үнээс илүү өндрөөр үнэлж барьцаалж байгаа нь зүгээр нэг дүр эсгэсэн, бусдыг хууран мэхлэх гэсэн үйлдэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Тухайн үед Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2014 оны 11 дүгээр 28-ны өдрийн 157/02 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор “Хүннү Эйр” ХХК-ийн Фоккер-50 маркийн JU-8883, JU-8882, JU-8881 улсын дугаартай гурван ширхэг агаарын хөлгийг битүүмжилсэн. Энэ үед төлбөр төлөгч “Хүннү Эйр” ХХК-ийн зүгээс JU-8881, JU-8882 дугаарын агаарын хөлгүүд барьцаанд байгаа бөгөөд JU-8883 дугаарын агаарын хөлөг барьцаанд байхгүй байгаа гэсэн тайлбарыг өгч байсан хэрнээ одоо “Бодь Интернэшнл” ХХК-ийн барьцаанд байгаа мэтээр Барьцааны гэрээ нөхөн хийн хэрэгт нотлох баримтаар хавсаргасан нь туйлын ойлгомжгүй байна. Иймээс “Бодь Интернэшнл” ХХК болон “Хүннү Эйр” ХХК нарын хооронд хийгдсэн гэх 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн БГ-20131227 тоот Барьцааны гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээс өөр аргагүйд хүрээд байна. Иймд тус Барьцааны гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул аливаа хууль зүйн үр дагавар бий болохгүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

    Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Бодь Интернэшнл” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Хүннү Эйр” ХХК болон Aviation capital group/ Weis fargo bank northwest, National association нарын хооронд 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 1706, 1750 тоот түрээсийн гэрээний дагуу “Хүннү Эйр” ХХК-ийн хүлээх үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах батлан даалтыг гаргаж Aviation capital group/ Weis fargo bank northwest, National association-той 2014 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тоот Батлан даалтын гэрээ байгуулсан. Тус батлан даалтын үүргийг баталгаажуулах зорилгоор “Хүннү Эйр” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ХАГ-20131227 тоот Хамтын ажиллагааны гэрээ, БГ-20131227 тоот Барьцааны гэрээг хуулийн дагуу тус тус байгуулсан бөгөөд эдгээр гэрээгээр Фоккер-50 маркийн JU-8883 улсын дугаартай агаарын хөлгийг 2 500 000 (Хоёр сая таван зуун мянга) ам доллараар үнэлж барьцаалсан. Түүнчлэн Aviation capital group/ Weis fargo bank northwest, National association-той байгуулсан Батлан даалтын гэрээний дагуу “Хүннү Эйр” ХХК-ийн өмнөөс 3 удаагийн үйлдлээр нийт 1 432 875 /нэг сая дөрвөн зуун гучин хоёр мянга найман зуун далан таван/ ам долларын төлбөрийг Aviation capital group-д шилжүүлээд байгаа тул энэ төлбөрийг “Хүннү Эйр” ХХК-иас шаардах эрх манай компанид байгаа юм. Гэтэл “Хүннү Эйр” ХХК нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүгчийн захирамж, Эвлэрлийн гэрээгээр “Сод Монгол групп” ХХК-д 2 022 000 000 /хоёр тэрбум хорин хоёр сая/ төгрөг төлөх үүрэг хүлээсэнтэй холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 157 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Уранчимэгийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 157/02 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2014 оны 12 сарын 26-ны өдрийн 157/01 тоот Эд хөрөнгө хураах тогтоолууд гарч манай компанийн барьцаанд буй Фоккер-50 маркийн JU-8883 улсын дугаартай агаарын хөлгийг хураасан байна. Энэ тухай бид “Хүннү Эйр” ХХК-иас ирүүлсэн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б-15/236 тоот албан бичгээс мэдээд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 03/130 тоот албан бичгээр 157/02 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 157/01 тоот эд хөрөнгө хураах тогтоолуудыг хүчингүй болгуулах гомдол гаргасан боловч огт хариу өгөөгүй болно. Өөрөөр хэлбэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд манай компанийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа тухай албан ёсоор мэдэгдэж байсан юм. Иймд шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаатай холбогдуулан манай компани дараах үндэслэлээр бие даасан шаардлага гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны гол үндэслэл болж буй Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 3536 тоот шүүгчийн захирамжинд “... энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх хүртэл хугацаанд өөрийн өмчлөл дэх улсын бүртгэлийн JU-8881, JU-8882, JU-8883 дугаар бүхий Фоккер-50 онгоцыг бусдад худалдахгүй байхаар зохигч эвлэрснийг баталж “Хүннү Эйр” ХХК-нд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэжээ. Өөрөөр хэлбэл JU-8883 улсын дугаартай агаарын хөлгөөс “Хүннү Эйр” ХХК-ийн өр төлбөрийг гаргуулахаар заасан бус гагцхүү үүргээ биелүүлэх хүртэл хугацаанд бусдад худалдахгүй байх үүргийг хүлээлгэсэн байна. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба энэхүү захирамжинд заагаагүй үндэслэлээр манай компанийн барьцаанд байгаа эд зүйлээс төлбөр гаргуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалтыг зөрчсөн үйлдэл юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас манай компанийн БГ-20131227 тоот Барьцааны гэрээний барьцааны зүйл болох агаарын хөлгийг төлбөр гаргуулах зорилгоор хураан авсан нь манай компанийн Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2-т заасан Барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд хангуулах эрхийг зөрчиж байна. Түүнчлэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 3/11989 тоот албан бичгээр Фоккер-50 маркийн JU-8883 улсын дугаартай агаарын хөлгийг 1 960 000 000 /нэг тэрбум есөн зуун жаран сая/ төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдэл ирүүлжээ. Манай компани БГ-20131227 тоот Барьцааны гэрээг хуулийн дагуу Фоккер-50 маркийн JU-8883 улсын дугаартай агаарын хөлгийг 2 500 000 ам.доллараар үнэлж барьцаалсан. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас уг агаарын хөлгийг зах зээлийн үнээс 2.5 дахин хямдаар үнэлж худалдан борлуулах гэж байгаа нь манай компанийн болон “Хүннү Эйр” ХХК-ийн ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, үндэслэлгүй үнэлгээ болсон. 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас өөрийн сайтан дээр “доорх хөдлөх эд хөрөнгийг хоёр сарын хугацаанд худалдан борлуулна. Фоккер маркийн JU-8883 улсын дугаартай агаарын хөлөг” гэсэн зарлал тавьсан байна. Манай компаниас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн амаар болон бичгээр бидний эрх ашиг сонирхол зөрчигдөж байгааг удаа дараа мэдэгдэж байсан боловч хариу огт өгөлгүй ийнхүү худалдан борлуулах зарлалыг тавьсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдлоо гаргана гэж заасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.7, 15.4-т заасныг зөрчсөн үйлдэл болсон. Өөрөөр хэлбэл манайхаас гаргасан гомдлыг огт шийдвэрлээгүй атлаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулж худалдан борлуулахаар зарлал өгөх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Монгол Улсын иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 157/02 тooт Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 157/01 Эд хөрөнгө хураах тогтоолууд, Фоккер-50 маркийн JU-8883 улсын дугаартай агаарын хөлгийг 1 960 000 000 /нэг тэрбум есөн зуун жаран сая/ гэж үнэлсэн шинжээчийн дүгнэлт, худалдан борлуулах ажиллагааг тус тус хүчингүй болгож, Фоккер-50 маркийн JU-8883 улсын дугаартай агаарын хөлгийг төлбөр гаргуулах эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж өгөхийг хүсье.

Мөн “Сод Монгол групп” ХХК нь “Хүннү Эйр” ХХК болон манай компанийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан БГ-20131227 тоот Барьцааны гэрээг дүр үзүүлж хийсэн хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн үзэхдээ дараах үндэслэлүүдийг дурджээ. Тухайлбал, эдгээр компаниудын үүсгэн байгуулагч нэг этгээд тул хоорондоо ашиг сонирхлын зөрчилтэй, барьцааны эд хөрөнгийг өндрөөр үнэлсэн, мөн барьцааны гэрээг нөхөн хийж хэрэгт нотлох баримтаар хавсаргасан зэрэг болно. Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор батлагдсан тайлбарт Энэ зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэм зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно гэсэн байдаг. Иргэн Д.Баясгалан нь “Бодь Интернэшнл” ХХК-ийн 77 хувийн хувьцаа, “Цэлмэг тэнгэрийн нислэг” ХХК-ийн 10 хувийн хувьцааг эзэмшдэг нь үнэн боловч энэ нь эдгээр компаниудын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсгэх, зээлийн болон барьцааны эрх, үүрэг ногдуулах явдлыг хязгаарлах, хориглох хууль зүйн үндэслэл огт байхгүй. Эдгээр компаниуд нь тус бүр хэд хэдэн хувьцаа эзэмшигчтэй, бие даасан тайлан баланс бүхий хоорондоо харилцан хамааралгүй аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд юм. Монгол Улсын Компанийн тухай хуулийн 9.1-т “Компанийн эд хөрөнгө нь нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ” гэж заасан байдаг. Гэтэл иргэн Д.Баясгалан эдгээр компаниудад тодорхой хэмжээний хувьцаа эзэмшдэг гэх үндэслэлээр эдгээрийн хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй байна. Түүнчлэн “Сод Монгол групп” ХХК-иас гаргасан шаардлагадаа “... Бодь Интернэшнл ХХК-тай байгуулсан гэх Барьцааны гэрээнд 2 500 000 ам доллар буюу тухайн үеийн ханшаар 4 000 000 000 орчим төгрөгөөр үнэлэн барьцаалсан байна. Барьцаалагч тал эд хөрөнгийг барьцаалахдаа барьцаа хөрөнгийн үнийг тухайн эд хөрөнгийн 50 хүртэл хувиар үнэлж барьцаалдгийг наад захын хүн мэдэх энгийн ойлголт гэж үзэж байна...” гэжээ. Аливаа хөдлөх эд хөрөнгийг барьцаалахдаа тухайн хөрөнгийн үнэлгээний 50 хүртэл хувиар үнэлж барьцаалахыг зохицуулсан эрх зүйн ямар нэгэн зохицуулалт Монгол Улсад байхгүй. Наад захын хүн мэдэх энгийн ойлголт гэж үзэж байгаа нь талуудын хооронд эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн аргаар тооцохыг хориглох үндэслэл огт биш юм. Иймд БГ-20131227 тоот Барьцааны гэрээ нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн гэж үзэх ямар ч бодит үндэслэл байхгүй тул “Сод Монгол групп” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/00662 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д заасны дагуу нэхэмжлэгч “Хүннү Эйр” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 36 дугаар зүйлийн 36.1.1-д заасны дагуу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Бодь Интернэшнл” ХХК-ийн шийдвэр гүйцэтгэлийн албаны эрх бүхий албан тушаалтны гаргасан эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулан, JU-8883 агаарын хөлгийг шийдвэр гүйцэтгэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Хүннү Эйр” ХХК, “Бодь Интернэшнл” ХХК нарын хооронд байгуулсан гэх БГ-20131227 тоот Барьцааны гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл байх тул уг хэлцлээс хууль зүйн үр дагавар үүсэхгүй болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 д зааснаар нэхэмжлэгч “Хүннү Эйр” ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Бодь Интернэшнл” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Сод Монгол групп” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгч “Хүннү Эйр” ХХК-аас гаргуулан “Сод Монгол групп” ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасны дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдэхийг дурдаж шийдвэрлэжээ.

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 622 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/00662 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д...” гэснийг, “37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Бодь Интернэшнл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч болон гуравдагч этгээд “Бодь Интернэшнл” ХХК-иас тус бүр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

     Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Мөнхжаргалаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэрт “... “Эвиденс” ХХК-ийн үнэлсэн үнэлгээг үндэслэл бүхий гэж үзэхэд хэтэрхий эргэлзээтэй гэж шүүх дүгнэлээ ...” гэжээ. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн гол үндэслэл нь уг “Эвиденс” ХХК-ийн гаргасан үнэлгээ биш бөгөөд энэхүү үнэлгээ нь зөвхөн хоёр үнэлгээг харьцуулах зорилгоор өгөгдсөн нотлох баримт болно. Уг нотлох баримтаар өгөгдсөн үнэлгээ нь хэт өндөр үнэлсэн нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан үнэлгээ үнэн зөв гэж дүгнэх шууд үндэслэл болохгүй юм. Мөн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь зөвхөн нэг онгоцны мэдээлэлтэй харьцуулан үнэлсэн нь хэт өрөөсгөл болоход нөлөөлсөн гэж маргаж байна. Гэвч шинжээчийн үнэлгээ дан ганц зах зээлийн харьцуулалтын аргад суурьлаагүй орлогын хандлагын аргыг давхар хэрэглэж тус аргаар тогтоосон үнэлгээг суурь болгон авсан” гэжээ. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна” гэж заасан байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрт дурдсан орлогын хандлагын аргыг хэрэглэхдээ ашигласан өгөгдлүүд нь ямар эх сурвалжаас авсан болох нь тодорхой байсан бөгөөд уг үнэлгээний үндэслэл болсон тоонууд ямар нэгэн нотолгооны эх сурвалжаар нотлогдохгүй таамаглалын шинжтэй байсан нь шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдсон болно. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан үнэлгээ дээр Фоккер-50 маркийн онгоцыг 1.5-20 сая еврогоор 3-5 жилийн лизингээр худалддаг, доллараар бол 1.8-2.5 ам доллар болно” гэж тэмдэглэсэн нь чухам ямар судалгаа мэдээллийг үндэслэн хийгдсэн нь тодорхойгүй байгаа юм. Мөн харьцуулсан ганц онгоц нь 1985 онд үйлдвэрлэгдсэн “Фоккер Ф-27” гэх өөр маркийн онгоц байсан. Тус тайланд орлогын хандлагын аргаар үнэлэхдээ засварын үнийн дүнг 300 000 ам доллар гэж үзэж тооцсон нь ямар мэдээллийг үндэслэсэн болох нь тодорхойгүй, ямар нэгэн нотолгоогүй тоо байгаа юм. Ийнхүү нотолгоогүй тоо, үнийн дүнг ашиглан дүгнэлт гаргасан тул уг дүгнэлтийг үндэслэлгүй дүгнэлт гэж үзсэн болно. Гэтэл шүүх ийнхүү нотолгоогүй дүгнэлтийг үнэлэхдээ зөвхөн орлогын хандлагаар үнэлсэн тул үндэслэлтэй гэсэн агуулгаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрт “... үүргүүдийг өөр хооронд нь үл хамааруулж шүүгчийн захирамжийг ойлгох нь үгийн шууд утгаар тайлбарлах аргын хувьд ч үндэслэлтэй бус тайлбар гэж шүүх үзлээ” гэжээ. Талууд Эвлэрлийн гэрээ байгуулж улмаар уг гэрээг 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3536 тоот захирамжаар баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Энэхүү захирамжийн захирамжлах хэсэгт “...энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх хүртэл хугацаанд өөрийн өмчлөл дэх улсын бүртгэлийн ЛЗ-881, Ш-8882, Ш-8883 дугаар бүхий “Фоккер-50” онгоцыг бусдад худалдахгүй байхаар зохигчид эвлэрснийг баталж...” шийдвэрлэсэн болно. Ийнхүү нэг талаас тодорхой хугацаанд төлбөр төлөх, төлбөрөө бүрэн төлөх хүртэлх хугацаанд онгоцуудыг худалдан борлуулахгүй байх хоёр үүргийг шүүх буруу тайлбарлаж талуудын илэрхийлсэн хүсэл зоригийг бодитой дүгнээгүй гэж үзэж байна. Эвлэрлийн гэрээ болон захирамжид заасан нөхцөл нь “...гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх ...” хүртэлх хугацаанд онгоцнуудыг худалдан борлуулахгүй байх үүргийг хүлээлгэсэн бөгөөд одоогийн байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадаагүй байгаа болно. Иймээс тухайн онгоцнуудыг аль нэг этгээдэд худалдан борлуулахгүй байх үүрэгтэй юм. Гэтэл шүүх энэхүү нөхцөл байдлыг бодитой дүгнэлгүй талуудын эвлэрсэн хүсэл зориг болон шүүгчийн захирамжийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Энэхүү худалдан борлуулахгүй байх үүрэг нь эвлэрлийг баталгаажуулахад тавигдаж буй гол хуулийн шаардлага болох гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөхгүй байх гэсэн шаардлагыг хангах гол нөхцөл болж байгаа юм.

Анхан шатны шүүх гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагыг уг хэрэгтэй хамт шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг ноцтой зөрсөн гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд энэхүү бие даасан шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай ямар нэгэн байдлаар холбогдоогүй огт өөр маргаан болох, иймээс уг шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болохыг тайлбарласан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно” гэж заасан бөгөөд маргааны зүйлтэй огт холбоогүй манай компани болон “Бодь Интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах асуудлаар бие даасан шаардлага гаргасныг шүүх шийдвэрлэсэн болно. Иймээс дээр дурдсан маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргах хуулийн заалт зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Мөн уг маргааныг манай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгтэй хамт нь шийдвэрлэсэн нь уг маргаанд шууд зохигчоор оролцох, зохигчийн эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн боломжийг алдагдуулсан. Тухайн маргаанд нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримт цуглуулах, шүүхэд хүсэлт гаргах, сөрөг нэхэмжлэл гаргах гэх мэт эрхүүдийг эдлэх хууль зүйн боломжийг хязгаарласан бөгөөд хэргийн зохигчийн хуулиар тодорхойлсон эрхийг энэхүү асуудлыг нэг дор шийдвэрлэснээр хязгаарлагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн асуудлыг тусад шийдвэрлэсэн тохиолдолд манай компани хариуцагчаар оролцох, түүний эсрэг нотлох баримт гаргах, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг хуулиар олгогдсон эрх үүргээ шууд хэрэгжүүлэх боломжтой болох бөгөөд ийнхүү үндсэн нэхэмжпэлтэй огт хамааралгүй иргэний хэрэгтэй хамтад нь шийдвэрлэсэн нь дээрх хууль зүйн боломжийг хязгаарлаж байна. Нэхэмжлэгчийн хувьд бие даасан шаардлагатай холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргах боломжгүй, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцагчаар оролцож байгаа маргаанд нэхэмжлэлийн шаардлагыг огт өөр асуудлаар нэмэгдүүлэх, өөр асуудлаар хамтран хариуцагчаар татах боломжгүй юм. Ийнхүү анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчиж, улмаар оролцогчийн эрхийг хязгаарласан, үндсэн маргаантай хамааралгүй асуудлыг хамтад нь шийдвэрлэсэн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

   Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Бодь Интернэшнл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Агиймаагаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл энэхүү иргэний хэрэгт маргааны зүйл нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон асуудал юм. Гэтэл энэхүү эд хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа, хэргийн хариуцагчид огт хамааралгүй асуудлаар “Сод Монгол групп” ХХК-иас тавьсан шаардлагыг шүүх хүлээн авч, үндсэн нэхэмжлэлтэй цуг шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хэргийн оролцогчдын эрх зүйн байдлын тухай зөвлөмжид “хэлэлцэгдэж буй маргааны зүйл, хэргийн оролцогчидтой холбоотой боловч тухайн шаардлага, үндэслэлээс өөр асуудлыг тусгасан шаардлага гаргаж буй этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулахгүй. Тэрээр тухайн асуудлыг бие даасан нэхэмжлэл гаргаж шүүхээр хянан шийдвэрлүүлэх учиртай” гэж тодорхой заасан байдаг. “Сод Монгол групп” ХХК-иас үндсэн нэхэмжлэлийн хариуцагч болох Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд огт хамааралгүй, харин гуравдагч этгээд болох манай компанийн эрх, ашиг сонирхолд шууд нөлөөлөхүйц бие даасан шаардлага гаргасан тул бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хариуцагчийн эрх, үүргийг эдлэх боломжоор хангагдахын тулд анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад энэ шаардлагыг тусад нь шийдвэрлүүлэх байр суурьтай байсан. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү бие даасан шаардлагыг тусад нь шийдвэрлэж, манай компанид хуульд заасан хариуцагчийн эрх, үүргийг эдлэх боломжийг олгоогүй, улмаар үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа түүнтэй холбогдуулан гаргасан гэх “Сод Монгол групп” ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Энэ нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн шийдвэр юм.

2. Анхан шатны шүүхийн 101/ШШ2016/00662 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн үндсэн нэхэмжлэлтэй холбогдох хэсгийн 8-д “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 2/11652 тоот үнийн санал авах тухай албан тоотыг нэхэмжлэгчид хүргүүлсэн боловч хариу өгөөгүй ... шалтгаанаа үндэслэл бүхий тайлбарлаагүй гэж шүүх дүгнэж байна” гэсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон хавтаст хэрэгт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 2/11652 тоот үнийн санал авах тухай албан бичиг огт авагдаагүй, тийм албан бичиг байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 116 дугаар зүйлийн 116.3-т “шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана ” гэж тус тус заасан байдаг. Гэтэл шүүхээс хэрэгт авагдаагүй, огт байхгүй нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... барьцааны зүйлийг худалдан борлуулсны дүнгээс үүргийн гүйцэтгэлээ тэргүүн ээлжинд хангуулах эрхтэй болохоо ойлгож байгаа бол агаарын хөлгийг худалдан борлуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2-т заасан түүний тэргүүн ээлжийн эрхийг хэрхэн зөрчсөн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна” гэжээ. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасны дагуу манай компани “Хүннү Эйр” ХХК-иас 1.4 сая ам долларын төлбөр төлөгдөөгүй тохиолдолд энэхүү төлбөрийг барьцааны зүйл болох JU-8883 улсын дугаартай агаарын хөлгийг худалдан борлуулж тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулах эрхтэй. Гэтэл манай компанийн тэргүүн ээлжинд хангуулах барьцааны зүйлийг худалдан борлуулах ажиллагаа хийгдэж байгаа тул Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эсэргүүцэж шүүхэд бие даасан шаардлага гаргасан болно.

4. Мөн үндэслэх хэсэгт “... “Бодь интэрнэшнл” ХХК өөрийн эрх ашиг хөндөгдөж байгааг дурдан 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт хүргүүлсэн байх боловч ахлах шийдвэр гүйцэтгэгч өөрийн эрх хэмжээний хүрээнд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан нь түүнд хуулиар олгогдсон эрх хэмжээний дагуу үйлдэл гэж шүүх дүгнэлээ” гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.7-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулан аливаа этгээдээс гомдол гаргасан бол гомдлыг шийдвэрлэхээр заасан байдаг. Ийнхүү шийдвэрлэхдээ тухайн гомдол гаргасан этгээдэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг цаашид үргэлжлүүлэх эсэх тухай ямар шийдвэр гаргаж байгаагаа мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүхээс энэхүү огт хариу өгөөгүй үйлдлийг “ахлах шийдвэр гүйцэтгэгчээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан” гэж дүгнэсэн нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

5. Давж заалдах шатны шүүхийн 622 дугаар магадлалын хянах хэсэгт “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан Фоккер-50 маркийн JU-8883 улсын дугаартай агаарын хөлгийн үнийн санал авахаар 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 2/11651 тоот албан бичгээр “Хүннү Эйр” ХХК-д мэдэгдсэн байх ба тус компани нь үнийн санал өгсөн баримт хэрэгт авагдаагүй... үйл баримт тогтоогдсон байна” гэсэн байдаг. Гэтэл дээрх үнийн санал авах тухай албан бичгийг “Хүннү Эйр” ХХК-д албан ёсоор хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй, хүргүүлсэн болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн энэхүү 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн албан бичигт 2015 оны 4 дүгээр сарын 15-ны дотор буюу 1 хоногийн дотор үнийн саналаа ирүүлэхийг шаардсан байх ба үүнээс 5 хоногийн дараа буюу 2015 оны 4 дүгээр сарын 20-нд шинжээч томилох тухай тогтоол гаргасан байдаг. Ийнхүү томилогдсон шинжээч нь 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр дүгнэлтээ гаргасан бөгөөд өөрөөр хэлбэл 24 хоногийн дараа тухайн агаарын хөлгийн үнэлгээний тухай дүгнэлтийг гаргасан. Дээр дурдсан үйл баримтаас үзвэл тухайн худалдан борлуулах гэж байгаа эд хөрөнгийн үнэлгээний тухай саналаа өгөх бодит боломжоор “Хүннү Эйр” ХХК хангагдаагүй болох нь илэрхий тодорхойлогдож байна. Тусгай мэргэшсэн гэх шинжээч 24 хоногт тооцож гаргасан зах зээлийн үнэлгээг “Хүннү Эйр” ХХК-иас ажлын хагас өдөрт тооцож гаргах боломж байхгүй болохыг шүүх бодитоор үнэлж дүгнэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Манай компаниас гаргасан бие даасан шаардлагын нэг хэсэг нь үндсэн нэхэмжлэл болох эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн байгаа. Манай компанийн барьцааны зүйл болох Фоккер-50 маркийн JU-8883 улсын дугаартай агаарын хөлгийн худалдан борлуулах үнэлгээг тогтоосон “Хөрөнгийн үнэлгээний тайлан” нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй байна. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлан нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, хөрөнгийн үнэлгээ хийх хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл тайланд болон хэрэгт авагдаагүй, тайланд дурдсан тусгай зөвшөөрлийн дугаар нь “Үнэлгээчин” гэсэн тамганы дугаараас огт өөр дугаар тавигдсан зэргээс үзэхэд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь эд хөрөнгө үнэлэх эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс энэхүү үнэлгээ тогтоосон тайланг хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээд хийсэн эсэхийг тогтоолгүй, хүчин төгөлдөр хэмээн үзэж шийдвэр гаргасан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, нотлох баримтыг дүгнээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулиар тогтоосон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдлыг бодитоор үнэлж дүгнэлгүй шийдвэрлэсэн тул шийдвэр, магадлалыг хүчингүй тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

“Хүннү Эйр” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг шүүхэд хянагдах явцад “Бодь Интернэшнл” ХХК, “Сод Монгол групп” ХХК-иуд бие даасан шаардлага гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн  оролцогчийн эрх үүрэгтэй оролцсон байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах зөрчлийг гаргажээ.

- Хэрэгт “Бодь Интернэшнл” ХХК бие даасан шаардлага гаргажээ. /хэргийн 79 дүгээр тал/

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.-т зааснаар зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Иймд түүнд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбарыг гардуулж, эрх үүргийг нь танилцуулахаас гадна гуравдагч этгээдийн шаардлагыг бусад зохигчдод гардуулах хариу тайлбар авах ажиллагаа хийгдэх байтал шүүхийн энэ ажиллагаа огт хийгдээгүй байгаа нь хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх боломж олгоогүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна.         

- Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2/11651 тоотоор төлбөр төлөгч “Хүннү Эйр” ХХК-иас үнийн санал авахдаа 04 дүгээр сарын 15-ны дотор үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн нь төлбөр төлөгчид үнийн санал гаргах боломжтой хугацаа олгосон эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй нь нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмыг зөрчсөн гэж үзнэ. /хэргийн 126 дугаар тал/

- Хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотолж гаргасан агаарын хөлгийг үнэлсэн “Эвиденс аудит” ХХК-ийн үнэлгээ, хариуцагчийн хариу тайлбар татгалзлаа нотолж гаргасан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээ нь хоорондоо харьцангуй зөрүүтэй байхад “Эвиденс” ХХК-ийн гаргасан үнэлгээг “хэтэрхий эргэлзээтэй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3.-т зааснаар шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан бол шүүх дахин шинжилгээ хийлгэж болохыг зохицуулжээ.

“Хүннү Эйр” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас эд хөрөнгийг үнэлүүлсэн үнэлгээг эс зөвшөөрч, үнэлгээг хүчингүй болгохтой холбогдуулан гаргасан байх ба харин бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Сод Монгол групп” ХХК нь “Хүннү Эйр” ХХК, “Бодь Интернэшнл” ХХК-иудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар  шаардлага гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан “маргааны зүйлийн талаар” бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг шийдвэрлэх зарчимтай зөрчилдсөн байна.

Энэ талаарх нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Бодь Интернэшнл” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэргийн хугацааг хэтрүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй дараах зөрчлүүдийг гаргажээ.

Тухайлбал: 

- Нэхэмжлэгч 2015 оны 06 дугаар сарын 10-нд шүүхэд нэхэмжлэл гаргасныг үндэслэн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн атлаа тодорхой шалтгаангүйгээр буюу хэрэгт авагдсан баримтгүйгээр 2 сарын дараа буюу 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр буюу нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2., 71 дүгээр зүйлийн 71.1 дэх заалтыг зөрчсөн,

- “Сод Монгол групп” ХХК нь тодорхой шаардлага гаргалгүйгээр хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулахыг хүссэн хүсэлтийг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гаргасныг шүүх хүлээн авч 44 хоногийн дараа буюу 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31015 дугаартай захирамжаар хүсэлтэд бичигдээгүй үндэслэлийг дурдаж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1., 29.3. дахь заалтыг зөрчсөн /хэргийн 54, 57 дугаар тал/,

Гуравдагч этгээд “Сод Монгол групп” ХХК-д нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж өгсөн баримт авагдаагүй байхад хэргийн оролцогчоор оролцуулах шүүгчийн захирамж гарахаас 30 хоногийн өмнө буюу 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хариу тайлбар өгсөн байна. /хэргийн 129 дүгээр тал/ Дээрх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.-д заасан нотлох баримт гэж үзэх эсэх талаар дүгнээгүй.

Мөн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр бие даасан шаардлага гаргасан үндэслэлээр 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 37075 дугаартай шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр дахин хэрэгт оролцуулахаар шийдвэрлэсэн зэрэг алдааг гаргажээ.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

    1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/00662 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 622 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Бодь Интернэшнл” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

                                     ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД