Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-06-17
Дугаар 001/ХТ2016/00721
Хэргийн индекс 101/2015/09744/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч Л.Одонтуяа
Хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Л.Одонтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/00722 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 618 дугаар магадлалтай

Л.Одонтуяагийн нэхэмжлэлтэй

“Худалдаа хөгжлийн банк” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг

      Хариуцагчийн төлөөлөгч С.Оргодол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ананд, М.Мягмарсүрэн нарын гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Одонтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ананд, М.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

        Нэхэмжлэгч Л.Одонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д 2006 онд Зээлийн эрсдэлийн удирдлагын газарт эрсдэлийн шинжээчээр томилогдож, 2012 онд зээлийн эрсдэлийн ахлах шинжээчээр дэвшиж ажилласан. 2013 оны 2 дугаар сараас жирэмсний болон амаржсаны амралтаа авч, охин Э.Учралыг 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрүүлж, охиноо асрах чөлөөтэй байхдаа дахин жирэмсэлж 3 дахь хүүхэд буюу охин Э.Уяралыг 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрүүлсэн. Би 2 нялх хүүхэдтэй, хүүхдүүдээ асарч байсан. Гэтэл намайг хөдөө Дорнод аймагт байхад 9 сард банкны Хүний нөөцийн хэлтсээс над руу утсаар ярьж “та хүүхэд асрах чөлөө авах хүсэлтээ өгөөгүй учраас 2 хоногоос дээш ажил тасалсан гэсэн нөхцөл бүрдсэн тул ажлаас хална” гэхээр нь “би ажил таслаагүй, хүүхдээ харах чөлөөтэй байгаа, хүсэлтээ өгье” гэхэд “тэгвэл та и-мэйлээр явуулчих” гэсэн, би тэр дор нь аймгийн төв орж и-мэйл явуулсан. Ингээд намайг 10 дугаар сарын 12-ны өдөр ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан гэхээр нь би 13-ны өдөр хүсэлт өгч, надад тушаалыг өгсөн. 2-3 хоногийн дараа хариугаа ав гээд би очиж авсан. Өмнө надад байгууллагаас урьдчилан сануулж чөлөөний хугацаа дуусах гэж байна, сунгуулах уу, үгүй юу гээд асуугаад би чөлөөгөө сунгуулаад болдог байсан. Байгууллага хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажилтандаа мэдээлэл өгөх, танилцуулах үүргээ зөрчсөн. 2015 оны 7 дугаар сард миний чөлөөний хугацаа дууссан эсэх талаар хэлтсийн захирал Г.Тунгалаг руу утсаар ярьж асуухад эргээд хариу өгнө гээд өгөөгүй, уг хугацаа дууссан эсэхийг мэдээд хүсэлтээ гаргах шаардлагатай байсан. Иймд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн Зээлийн эрсдэлийн удирдлагын газрын эрсдэлийн ахлах шинжээчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

       Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Одонтуяа нь Зээлийн эрсдэлийн удирдлагын газрын эрсдэлийн ахлах шинжээчээр ажиллаж байсан ба 2015 оны 3 дугаар сарын 06-наас эхлэн жирэмсний болон амаржсаны амралтаа авч 2015 оны 6 дугаар сарын 23-наас эхлэн ажилдаа орох ёстой байсан боловч ажилдаа ирээгүй. Хөдөлмөрийн гэрээний 6.1.16-д зааснаар ажилдаа ирэх боломжгүй тохиолдолд Захиргаа хүний нөөцийн хэлтэст урьдчилан мэдэгдэх ёстой, ингэж мэдэгдсэн зүйлгүй. Түүнчлэн Л.Одонтуяад хүүхэд асрах чөлөө авах, энэ тухай хүсэлтээ гаргах боломж нээлттэй байсан. Хугацаагаа хэтрүүлсэн, хүсэлтээ гаргаагүй талаар Л.Одонтуяа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Л.Одонтуяа 2 дахь хүүхдээ төрүүлсний дараа хуулийн дагуу хүсэлтээ гаргаж, сунгуулж 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байсан. Энэ талаарх чөлөө олгосон, сунгасан тушаалуудыг хэрэгт өгсөн. Харин 3 дахь хүүхдээ төрүүлж, жирэмсний болон амаржсаны амралтаа эдлээд үргэлжлүүлж чөлөөгөө авалгүй, ажлаа тасалсан, хөдөлмөрийн гэрээний 10.2.8-д зааснаар ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас нь чөлөөлсөн. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хуулийг мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/00722 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Одонтуяаг “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн Зээлийн эрсдэлийн удирдлагын газрын харьяа, Зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн эрсдэлийн ахлах шинжээчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 618 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/00722 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “128.1.5” гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

      Хариуцагчийн төлөөлөгч С.Оргодол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ананд, М.Мягмарсүрэн нараас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 618 дугаар магадлалыг эс зөвшөөрч байна.

1. Шүүх хэрэглэвэл зохих хууль болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг тус тус хэрэглээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2.-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулгыг үндэслэж тусгахдаа шийдвэрт огт дурдаагүй, хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үндэслэсэн.

- Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан “ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно” гэж хуульчилсан бөгөөд Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4.2-д “ноцтой зөрчил гэдгийг гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажлын онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна” гэж тайлбарласан байна. “Худалдаа хөгжлийн банк” ХХК болон Л.Одонтуяа нар нь 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр “ноцтой зөрчил”-д ямар нөхцөл хамаарах болохыг тус гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.8-д “гэрээний 6.1.16-д заасан үүргээ биелүүлээгүй, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан,...” гэж харилцан тохиролцож заасан. Л.Одонтуяагийн амаржсаны амралтын хугацаа дуусгавар болсны дараа ажилтан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.16-д заасан үүргээ биелүүлж хүндэтгэн үзэх ямар шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй байгаа талаар мэдэгдээгүй, хүүхэд асрах чөлөө авах тухай хүсэлтийг ажил олгогчид гаргаагүй, ажилдаа ирээгүй учир ажил олгогч 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажлаас халах тушаалыг гаргасан болно.

- Магадлалын 4 дэх нүүрэнд “Зээлийн эрсдэлийн удирдлагын газрын дарга Г.Тунгалагт чөлөө авах талаар мэдэгдсэн болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хэргийн нөхцөл байдлыг зөрчил гаргасан байдалтай харьцуулан дүгнэвэл хөдөлмөрийн гэрээ шууд цуцлах ноцтой зөрчилд тооцохгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй юм” гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм. Учир нь:

2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн анхан шатны шүүх хуралд Л.Одонтуяагийн хүсэлтээр гэрч Г.Тунгалагийг гэрчээр оролцуулсан. Тус гэрч асуусан тэмдэглэлийн 1 дэх хуудсанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ананд “Л.Одонтуяа тантай ярихдаа чөлөө авах талаар хүсэлт гаргаж байсан уу?” гэж асуухад гэрч “тийм асуудал яригдаагүй, зөвхөн миний тушаал ирсэн үү гэж асуухад нь тушаал дотор үзье гэсэн” гэж хариулсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа “гэрчийн мэдүүлгээр чөлөө авах талаар мэдэгдсэн болох нь тогтоогдож байх тул ... анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй юм” гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрт энэ тухай огт дурдагдаагүй байхад уг дүгнэлтийг анхан шатны шүүх гаргасан мэтээр, байхгүй нотлох баримтыг магадлалдаа үндэслэл болгосон нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч Л.Одонтуяа нь хүүхэд асрах чөлөө авах тухай хүсэлтийг ажил олгогчид гаргаагүй, ажилдаа ирээгүй тухайгаа нэхэмжлэлдээ тодорхой дурдсан, чөлөө авах хүсэлт гаргасан нотлох баримт хэрэгт байхгүй болно. Шүүх магадлалын 5 дахь хэсэгт “хөдөлмөрийн гэрээг талууд хугацаатай байгуулсан ба уг хугацаа 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дууссан тул уг гэрээгээр тохирсон ноцтой зөрчлийн талаарх тохиролцоо ажилтанд үйлчлэхгүй” гэж дүгнэсэн байна. Талуудын хооронд 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д “Гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бол ... уг гэрээг анх заасан хугацаагаар нэг удаа адил нөхцөлтэйгээр сунгагдсанд тооцно.” гэж зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болох байсан бөгөөд Л.Одонтуяа ноцтой зөрчил гаргах үед хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилж байсан. Түүнчлэн, хөдөлмөрийн гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдсан тул тус гэрээнээс хугацааг тодорхой харах боломжтой болно. Иймд шүүх дээрх үндэслэл, нотлох баримтыг дүгнэн үзээгүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

2. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэхгүй ёсгүй хууль болох Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг хэрэглэсэн.

- Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д “эх ... өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно” гэж буюу ажилтан өөрөө хүсээд хүүхэд асрах чөлөө авах хүсэл зоригоо илэрхийлсэн тохиолдолд ажил олгогч чөлөө олгохоор хуульчилсан байна. Хуулийн зохицуулалтаас үзэхэд ажилтан хүсээгүй байхад нь ажил олгогч чөлөө олгох шийдвэр гаргах эсхүл чөлөө олгогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Гэтэл Л.Одонтуяа нь хүүхэд асрах чөлөө авах хүсэлтийг ажил олгогчид гаргаагүй, гаргасан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй, ажилтан нь өмнө нь хүүхэд асрах чөлөө авч байсан бөгөөд хүүхэд асрах чөлөө авах тохиолдолд хүсэлт гаргасны үндсэн дээр чөлөө авдаг тухайг мэдэж байсан. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус хуульчилсан байна. Гэтэл шүүх нэхэмжлэгч чөлөө авах хүсэлтийг ажил олгогчид гаргаагүй болохыг дүгнэлгүйгээр, хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран 106.1 дэх хэсгийг хэрэглэснийг зөвтгөж, хуулийг буруу тайлбарласан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-д “...хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж хуульчилжээ. “Худалдаа хөгжлийн банк” ХХК Л.Одонтуяаг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан үндэслэл буюу “ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан, ажилдаа ирээгүй, ажил тасалсан үйлдлийг ноцтой зөрчилд тооцно” гэж үзэж байгаа болохоор ажлаас халахыг хориглосон хуулийн хэм хэмжээг зөрчөөгүй, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болно. Магадлалын 5 дахь хуудсанд анхан шатны шүүхийн шийдвэрт огт тусгагдаагүй хуулийн хэм хэмжээ болох Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.5 дахь хэсэгт заасныг баримталсан нь буруу тул зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэсэн, мөн тогтоох хэсэгт “128.1.5 гэснийг хасаж ...” шийдвэрлэсэн нь Л.Одонтуяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй асуудлыг дүгнэж, тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчиж байгааг анхаарч үзнэ үү. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, тус банкинд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

     Давж заалдах шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Л.Одонтуяа “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Л.Одонтуяа нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д 2006 онд Зээлийн эрсдэлийн удирдлагын газарт эрсдэлийн шинжээчээр томилогдон ажиллаж, 2012 оноос эрсдэлийн ахлах шинжээчээр дэвшин ажиллаж байгаад 2013 оны 02 дугаар сараас жирэмсний болон амаржсаны амралтаа авч, 2013 оны 04 дүгээр сард охин Э.Учралыг төрүүлэн, хүүхэд асрах чөлөөтэй байхдаа дахин нярайлж, 2015 оны 04 дүгээр сарын 24-нд охин Э.Уяралыг төрүүлсэн байна.

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлын 15/1623 дугаартай тушаал гарч, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар Л.Одонтуяа нь хүүхэд асрах хүсэлтээ ирүүлээгүй тул үндэслэлгүйгээр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгчийн 2013 онд авсан хүүхэд асрах чөлөөний хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дууссан, 2015 оны 04 дүгээр сарын 24-нд хүүхэд төрүүлсэн жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д зааснаар 2015 оны 06 дугаар сарын 24-нд дууссан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь 2015 оны 07 дугаар сард өөрийн удирдах ажилтан, хэлтсийн захирал Г.Тунгалагтай утсаар ярьж, хүүхэд асрах чөлөөний хугацааны талаар асуусан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байхад хүүхэд асрах чөлөө авах тухай хүсэлтээ ирүүлээгүй гэж 0-3 хүртэлх насны 2 хүүхдээ асарч байгаа эхийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2015 оны 10 дугаар сард ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 106 дугаар зүйлийн 106.1. дэх заалтыг зөрчсөн гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Түүнчлэн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан хугацааг зөрчиж хариуцлага тооцсон байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон хоёр шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй боловч нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаагүй байхад хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Харин магадлалд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан талаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

     1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 618 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч С.Оргодол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ананд, М.Мягмарсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

                                      ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД