Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-06-21
Дугаар 001/ХТ2016/00754
Хэргийн индекс 102/2015/09137/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч Ц.Баярсайхан
Хариуцагч “Бади констракшн” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ц.Баярсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/01365 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 776 дугаар магадлалтай

Ц.Баярсайханы нэхэмжлэлтэй

“Бади констракшн” ХХК-д холбогдох

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 14 940 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Бүдханд, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарын гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бэрхсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч Д.Бүдханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.

     Нэхэмжлэгч Ц.Баярсайханаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Бади констракшн” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 14 айлын орон сууцны барилгын 4 давхрын 13 тоот, 41.5 мкв орон сууцыг 1 мкв-ыг нь 1 200 000 төгрөгөөр худалдан авахаар 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Орон сууцны барилгын захиалгын гэрээ”-г “Бади констракшн” ХХК-ийн борлуулалтын менежер Т.Мөнхбаяртай байгуулсан. “Бади констракшн” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 14 айлын орон сууцны барилга нь Д.Бүдханд, Б.Өлзийбаяр нарын хамтарсан хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан барилга юм. Гэрээ байгуулсан өдрөө буюу 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэрээнд заасны дагуу байрны үнэ болох нийт 49 800 000 төгрөгийг 30 хувь болох 14 940 000 төгрөгийг “Бади констракшн” ХХК-ийн данс болох 5020570662 тоот дансанд гэр бүлийн хүн болох Ц.Бадамцэцэг тушаасан. Захиалсан байрандаа 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр орсон бөгөөд “Хас банк”-наас зээл авах гэтэл бүтээгүй бөгөөд “Бади констракшн” ХХК-иас танай зээл бүтээгүй юм чинь байраа буцааж авъя гэхээр нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байрнаасаа гарч суллаж өгсөн. Тухайн үед уг байрыг Б.Өлзийбаяр өөрийн нэр дээр болгосон байсан бөгөөд одоо өөр хүнд зарсан байгаа тул миний зүгээс тус байранд орох боломжгүй болсон. Гэрээний 7.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Баярсайхан нь “Бади констракшн” ХХК-тай гэрээ байгуулсан, мөн гэрээний 5.2-т зааснаар талууд хоорондоо зөвшилцөж чадахгүй байгаа тул шүүхэд хандсан. Иймд урьдчилгаанд төлсөн 14 940 000 төгрөгийг энэ компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

     Хариуцагчийн төлөөлөгч Д.Бүдханд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2013-2014 онд Дундговь аймгийн төвд 14 айлын 4 давхар орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулсан нь үнэн, 4 сарын сүүлээр уг байранд айлуудаа оруулсан. Тухайн барилгын ажилд иргэн Б.Өлзийбаяр нь хамтран хөрөнгө оруулсан тул өөрийнх нь эзэмшилд тодорхой хувийн хөрөнгө, мөнгө, байрыг хүлээлгэн өгсөн. Тухайн үед Б.Өлзийбаяр нь өөрийн хувьд ногдох 41.5 мкв байрыг Ц.Бадамцэцэг гэдэг хүнд худалдаж байгаа юм гээд орон сууц худалдан авах гэрээг байгуулахад Б.Өлзийбаяр нь гэрээ байгуулах эрхгүй этгээд учраас гэрээг миний нэрээр байгуулсан. Нэхэмжлэгч Ц.Баярсайхан нь 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувийн урьдчилгаа болох 14 940 000 төгрөгийг тус компанийн 5020570662 тоот дансанд шилжүүлсэн нь үнэн. Энэ мөнгийг Б.Өлзийбаярын тооцоонд оруулж түүний данс руу шилжүүлсэн. Харин тухайн орон сууц нь Б.Өлзийбаярын мэдлийн эд хөрөнгө тул тухайн мөнгийг өөрөө авч зарцуулсан бөгөөд үлдэгдэл төлбөрийн талаар тэдгээр хүмүүс хоорондоо тохиролцсон байх. Иймд энэ нэхэмжлэлд миний бие хариуцагчаар татагдах үндэслэлгүй, компанид хамааралгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

     Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/01365 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар “Бади констракшн” ХХК-иас 14 940 000 төгрөгийг гаргуулж Ц.Баярсайханд буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 232 650 төгрөг гаргуулж Ц.Баярсайханд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 776 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/01365 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...249 дүгээр зүйлийн 249.1...” гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Бади констракшн” ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 000 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

   Хариуцагчийн төлөөлөгч Д.Бүдханд, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нараас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 776 дугаар магадлалыг эс зөвшөөрч байна.  Үүнд:

1. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэрчийн мэдүүлгийг аваагүй нь нотлох баримтыг тухай хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй” гэсэн байхад давж заалдах шатны шүүх “гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй” дүгнэснийг хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэх зорилгоор гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг үндэслэн шүүх түүнийг хэрэгжүүлнэ гэснийг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх буруутгах боломжгүй гэж хуулийг буруу тайлбарласан. Магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон тогтоохдоо “Иргэний хуулийг 249 дүгээр зүйлийн 249.1...” гэснийг хасч өөрчилж, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээж хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулахдаа гомдолд дурдсан болон дурдаагүй үндэслэлээр нэмэлт өөрчлөлт оруулсан нь аль ч тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрэн бүрдүүлсэн тохиолдолд дээрх хуулийн заалтыг хэрэглэж магадлалыг гаргах ёстой байсан.

2. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэхдээ “анхан шатны шүүх нь хариуцагчийн өмгөөлөгчийн гэрч асуулгах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй тухай гомдол үндэслэлтэй боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэл болохгүй” гэж дүгнэж байгаа нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн бол шүүх хуралдааныг товлох бөгөөд тухайн хэрэг маргааны талаар зохигчид хангалттай баримт бүрдүүлсэн, өөр гаргах баримтгүй болохоо илэрхийлсэн, нотлох баримтыг бүрдүүлэх талаар шүүхэд гаргах хүсэлтгүй болохоо илэрхийлсэн тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэснийг зөрчиж, хуулийг хэрэглээгүй шийдвэрлэсэн байгааг зөвтгөж залруулаагүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

    Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Баярсайхан нь талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан “Орон сууцны барилгын захиалгын гэрээ”-нээс татгалзаж, гэрээний дагуу хүлээлгэн өгсөн 14 940 000 төгрөгийг гаргуулахыг хүссэнд хариуцагч эс зөвшөөрч, төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.Баярсайхан “Бади констракшн” ХХК-тай “Орон сууцны барилгын захиалгын гэрээ” байгуулж, тус гэрээгээр хариуцагч буюу гүйцэтгэгч “Бади констракшн” ХХК Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт баригдах 14 айлын орон сууцны барилгын 4 дүгээр давхрын 13 тоот 41.5 мкв талбай бүхий орон сууцыг 2014 оны 06 дугаар сарын 20-ны дотор хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч буюу захиалагч Ц.Баярсайхан гэрээгээр тохирсон хөлсийг төлөх үүрэг хүлээжээ.

Нэхэмжлэгч гэрээний дагуу орон сууцны үнийн дүнгийн 30% болох 14 940 000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Бади констракшн” ХХК-ийн дансанд шилжүүлсэн байна.

2014 оны  07 дугаар сард нэхэмжлэгч орон сууцанд орсон боловч “Хас банк”-наас авах орон сууцны зээл бүтээгүй үндэслэлээр үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй болсон тул гэрээ цуцлах санал гаргаж, 2014 оны 11 дүгээр сард байрнаас гарч, орон сууцыг чөлөөлж өгсөн үйл баримт тогтоогджээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэлбэрийн хувьд ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан боловч бодит байдалд бэлэн орон сууцыг худалдах, худалдан авахаар талууд тохиролцсон талаар маргаагүй байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.-д зааснаар гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар үр дагаврыг шаардсаныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1.-д зааснаар гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэн, тус заалтыг хасч, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь буруу биш байна.

Шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдан авагч гэрээнээс татгалзсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэн, улмаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 205 дугаар зүйлийн 205.1. дэх заалтад нийцсэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээний алдааг зассан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь шаардлагыг хангасан, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

“...нэхэмжлэгчээс компанийн дансанд тушаасан мөнгийг барилгад хамтран хөрөнгө оруулсан Б.Өлзийбаярын дансанд шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэх тайлбараа хариуцагч нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

     1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 776 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Бүдханд, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

                                      ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД