Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-06-21
Дугаар 001/ХТ2016/00756
Хэргийн индекс 101/2015/05890/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч Б.Байгалмаа
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.Байгалмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/00158 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 755 дугаар магадлалтай

Б.Байгалмаагийн нэхэмжлэлтэй

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Байгалмаагийн гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Нэхэмжлэгч Б.Байгалмаагаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 4639 дүгээр шийдвэрээр 59 509 381 төгрөгийг “Финрүүт инвестмент” ББСБ-д төлөхөөр болсон. Би шүүхийн шийдвэр гарснаас хойш нэг ч төгрөг төлөөгүй, өвчтэй байсан. Намайг өвчтэй байхад эрэн сурвалжилсан байсан. Барьцаа хөрөнгө болох өөрийн хүү Б.Мөнхбилэгийн нэр дээрх Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 10 дугаар байрны 18 тоот орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрээр битүүмжлүүлсэн. Ийнхүү би нэг өрөө байраа 43 мкв болгон 2010 оны 7 дугаар сараас 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “Зара” брэндийн барааны дэлгүүр ажиллуулсан. Би зээл авахдаа зориулалтыг өөрчлөх гэсэн боловч бүртгэлийн газраас нэр болон зориулалтыг өөрчлөх хоёр асуудлыг нэг дор хийх боломжгүй гэсэн хариу өгсөн. Уг байрны зориулалтыг өөрчлөхөд дахин хугацаа орохоор байсан тул түргэн зээлээ аваад гэрчилгээний зориулалтыг өөрчилж амжаагүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хамтран ажилладаг үнэлгээчнээр тус байрыг үнэлүүлсэн. Гэтэл хотын төвийн А зэрэглэлийн 2 өрөө орон сууцны үнийн доод түвшингээр 110 057 891 төгрөгөөр манай байрыг үнэлсэнд гомдолтой байна. Би байраа 250 000 000 төгрөгөөр үнэлж байна. Миний бие тухайн үйлчилгээний зориулалттай байрны зах зээлийн үнэлгээг мэдэхгүй гэдгээ шийдвэр гүйцэтгэгчид хэлээд шинжээч томилж, үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасан нь үнэн. Манай байр нь үйлчилгээний зориулалттай, үйлчилгээний зориулалтаар тохижуулсан, үйлчилгээ явуулдаг, орон сууцны зориулалт нь өөрчлөгдсөн байрыг гэрчилгээ нь орон сууцны зориулалттай гэснээр шалтаглан, зах зээлийн үнээс доогуур үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний байрыг битүүмжилж, дараа нь хураасан. Би өөрөө энэ байраа 2015 оны 4 дүгээр сард зарах гэсэн боловч одоо хүртэл зарагдахгүй байна. Тус байрны үнийн дүнгийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гарсан мэдэгдлийг би 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээж авч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан боловч хариуг өгөөгүй төдийгүй 6 дугаар сарын 19-ний өдөр анхны дуудлага худалдааг явуулахаар товлосон байсан. Иймд “Бэсгэ” төв ХХК-ийн үнэлгээчний 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

   Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4639 дүгээр шийдвэрээр Б.Байгалмаа, Б.Мөнхбилэг нараас 59 509 381 төгрөгийг гаргуулж, “Финрүүт инвестмент” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Б.Байгалмаа, Б.Мөнхбилэг нарын барьцааны хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2202003476 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгатын 10 дугаар байрны 18 тоот 28 мкв 2 өрөө орон сууцыг 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 121/1501 тоот тогтоолоор битүүмжилж, мөн сарын 31-ний өдрийн 121/1502 тоот тогтоолоор хураах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн З6 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу явуулсан. Эдгээр тогтоолын хувийг үйлдэхэд төлбөр төлөгч Б.Байгалмаа өөрөө байсан, тухайн өдөр нь тогтоолын хувийг түүнд гардуулж өгсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар албадан дуудлага худалдааны анхны үнийн саналыг талуудаас авахад төлбөр төлөгч Б.Байгалмаа нь өөрөө үнэлж мэдэхгүй гээд хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэх тухай хүсэлтийг 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч “Бэсгэ” төв ХХК-ийг томилон үнэлүүлэхэд 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд 28 мкв гэж байгаа хэдий ч талбайг хэмжиж 43.87 мкв-аар 110 057 891 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг үнэлгээний талаар болон тус үнэлгээний 70 хувиар анхны дуудлага худалдааг явуулах тухай төлбөр төлөгч Б.Байгалмаад мөн сарын 18-ны өдөр мэдэгдэл гардуулж өгсөн. Шинжээч нь үнэлгээг хийх эрх бүхий этгээд тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдол нь үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Төлбөр төлөгчид 2015 оны 3-4 дүгээр сард сайн дураар төлбөрөө төлөх, өөрөө тухайн барьцаа хөрөнгийг бусдад зарж борлуулах зэрэг боломжит хугацааг олгосон. Гэтэл тэрээр олдохгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй байсан тул манай албанаас 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эрэн сурвалжилж, 5 дугаар сарын 08-ны өдөр хаягийг тогтоосон юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/00158 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2.2, 37.3 дугаар зүйлд зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Хардал овогт Буянтогтохын Байгалмаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Байгалмаад буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 20253 дугаар захирамжийн үйлчлэл нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 755 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/00158 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаас “...37.1, 37.2.2...” гэснийг хасаж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Байгалмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

     Нэхэмжлэгч Б.Байгалмаагаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 4639 дүгээр шийдвэрээр 59 509 381 төгрөгийг “Финрүүт инвестмент” ББСБ-д төлөхөөр болсон ба барьцаалсан хөрөнгө болох өөрийн хүү Б.Мөнхбилэгийн нэр дээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 10 дугаар байрны 18 тоот орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэрээр битүүмжлүүлсэн. Энэ байрыг 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/104 тоот тушаалын дагуу орон сууцны, зориулалтыг өөрчилж, үйлдвэрлэл, үйлчилгээ, оффисын зориулалтаар ашиглах боломжтой болж, 2015 оны эхэн хүртэл дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байсан. Зээл авахдаа зориулалтыг өөрчлөх гэсэн боловч бүртгэлийн газар нэр болон зориулалт өөрчлөхийг нэг дор хийдэггүй гэсэн бөгөөд зориулалтаа өөрчлөхөд дахин хугацаа орохоор байсан тул яаравчлан зээлээ аваад гэрчилгээнийхээ зориулалтыг өөрчилж амжаагүй. Гэрчилгээний зориулалтыг өөрчлөхөд ямар ч асуудал байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хамтран ажилладаг үнэлгээчнээр уг байрыг үнэлүүлсэн боловч хотын төвийн А зэрэглэлийн 2 өрөө орон сууцны үнийн доод түвшингээр буюу 110 057 891 төгрөг гэж үнэлсэнд гомдолтой байна. Манай байр үйлчилгээний зориулалтаар бүх талбайгаа тохижуулсан, үйлчилгээ явуулдаг, орон сууцны зориулалт нь өөрчлөгдсөн байрыг гэрчилгээ нь орон сууцны зориулалттай байна гэж шалтаглан, хямд төсөр үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг байрыг 110 057 891 сая төгрөгөөр үнэлж, үнийн дүнгийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдаа хийх тухай 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гарсан мэдэгдлийг би 2015 оны 06 дугаар сарын 08-ны хүлээж аваад хүлээн зөвшөөрөхгүй гэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан боловч хариуг өгөөгүй бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр анхны дуудлага худалдааг явуулахаар болсон. Иймээс анхан шатны шүүхэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилогдсон үнэлгээчний тогтоосон манай байрны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүхээс миний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. Би өмгөөлөгч А.Баярсайханаас татгалзаж өөр өмгөөлөгч авах, хяналтын шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байна. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

    Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Байгалмаа нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан, зээлийн төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа зах зээлийн үнээс хямдаар үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Төлбөр төлөгч Б.Байгалмаа төлбөрт хураагдсан өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх алба шинжээч томилж, эд хөрөнгийг үнэлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх заалтад нийцсэн байна.

Шинжээчийн үнэлсэн үнэлгээг зах зээлийн үнийн доод түвшингээр, хямд төсөр үнэлсэн гэх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй байна.

Иймд шийдвэр, магадлал хууль зүйн үндэслэлгүй гарсан гэх хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг засч шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2.-т нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

     1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 755 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Байгалмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

                                      ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД