Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-06-17
Дугаар 001/ХТ2016/00719
Хэргийн индекс 130/2015/00590/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч Д.Сүхбаатар
Хариуцагч С.Мөнхзаяа
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Д.Сүхбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 49 дүгээр шийдвэр

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаар магадлалтай

Д.Сүхбаатарын нэхэмжлэлтэй

С.Мөнхзаяад холбогдох         

Газрын эзэмшигч, өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Сүхбаатар, түүний өмгөөлөгч С.Алтай нарын гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

     Нэхэмжлэгч Д.Сүхбаатараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1976 онд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумаас цэргийн албанд татагдаж Баян-Өлгий аймаг дахь Хилийн цэргийн 0165 дугаар ангид алба хаасан юм. 1976-1984 онд Заставт цэрэг, ахлах ахлагч, жолоочоор ажиллаж, 1980 онд Баян-Өлгий аймгийн төвд хилийн цэргийн ангийн захирагчийн жолоочоор томилогдон ирж, хилийн цэргийн албаны хашаанд бууж амьдарсан. 1991 онд албаны хашаа, байрыг татан буулгах үед би гэр бүлээрээ одоогийн 01 дүгээр багийн газарт 3 тал банзан хашаатай эсгий гэртэйгээ нүүн ирж амьдарч эхэлсэн. Тэр үед манай урд талд машин зам, баруун талд хөрш Багайгийх, зүүн талд хилийн цэргийн ангид надтай хамт жолоочоор ажилладаг Г.Стахановынх тус тусдаа газартай амьдарч байсан. Би Багай, Г.Стахановын нарын газрын дунд амьдарч байгаад Казахстан улс руу нүүсэн Г.Берден гэдэг хүний эзгүй үлдсэн тэр хашааны буйрын газарт амьдарч эхэлсэн. Улмаар 1991 оны намар Буянт сумаас миний эхнэрийн аав, ээж болох Ө.Чойбал, Д.Арлаа нарыг хашаандаа нүүлгэж авч ирсэн. Тэр намар хашаан дотроо 4х4 м-ын хэмжээтэй шургаагаар байшин барьсан бөгөөд одоо хүртэл байгаа. Манай хашаанд 88 настай хадам ээж Д.Арлаа эсгий гэр, байшинд амьдарч байна. Уг хашаанд хадмынх амьдарч байхад 1994 онд хилийн цэргийн ангийн орон сууц ашиглалтад орж ангийн даргын жолооч заавал даргын ойролцоо байх ёстой гэж удирдлага үзэж, хилийн цэргийн 60 айлын орон сууцанд 2 өрөө байр авч өгч тэнд оршин суулгасан. Тэр цагаас хойш би 60 айлын орон сууцны 331 тоотод гэр бүлээрээ амьдарч, өвөлжиж байгаа бөгөөд зун, намар өөрийн хашаандаа хадам ээжийн хажууд гэртээ амьдардаг. Би хашаандаа хадам ээж Д.Арлаагийн хамт, нийт 24 жил амьдарч байна. Энэ хашаанд хадам аав Ө.Чойбал нь амьдарч байгаад өвчний улмаар 2004 онд нас барсан. Мөн миний 3 хүүхэд өсөж төрсөн юм. Улсын хэмжээнд 2009 онд суурин эдлэн газрын улсын тоо бүртгэл явагдахад 9 дүгээр сарын 01-ний өдөр уг бүртгэлд би хамрагдаж одоогийн хадам ээжийн амьдарч буй өөрийн хашаа байгаа газрыг бүртгүүлж кадастрын зураглалд орж №635542 дугаартай бүртгэлийн хуудас авсан. Уг бүртгэлийг Улаанбаатар хотоос ирсэн бүртгэгч Х.Дэлгэрсүрэн одоогийн газрын албаны дарга Х.Насихат нар кадастрын зургийг гаргаж өгсөн. Би кадастрын зурагт эзэмших, өмчлөх улсын гэрчилгээ авч чадаагүй байгаа тул хайнга хандсан асуудал байна. Би хүүхдүүдэд газрын гэрчилгээ ав гэж хэлж шаардахад тэд авсан, бүртгүүлсэн гэсэн хариуд итгэж өдий хүрсэн юм. Гэтэл хөрш амьдарч буй С.Мөнхзаяа нь 2014 орны 6 дугаар сард миний газрыг ямар ч зөвшөөрөлгүй өөрийн газар болгон газрын гэрчилгээ авсан байна. Иймд намайг Өлгий сумын 01 дүгээр багт оршдог 6.2 мкв газрын эзэмшигч, өмчлөгч мөн гэдгийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Мөнхзаяагаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Сүхбаатарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие одоо амьдарч байгаа газартаа 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000504819 дугаарын гэрчилгээг авсан юм. Энэ газарт Хилийн цэргийн 0165 дугаар ангид олон жил жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан миний аав Г.Стаханов гэр бүл, үр хүүхэд бидэнтэйгээ хамт 1986 оноос эхлэн амьдарч байсан. Аав маань тухайн үедээ газар ашиглах, эзэмших гэрчилгээнүүдийг гаргуулан авсан бөгөөд дээрх 000524819 дугаарын гэрчилгээг өмнөх гэрчилгээг болон бусад нотлох баримтуудыг үндэслэж дахин сэргээлгэж хийлгэсэн юм. Энэ газар нь 700 мкв хэмжээтэй бөгөөд эзэмших эрх зөвхөн С.Мөнхзаяа миний нэр дээр бүртгэлтэй юм. Үндсэндээ би аавын эзэмшил газарт аавтайгаа болон гэр бүлээрээ 20 гаруй жил амьдарч байгаа болно. Аав Г.Стаханов нь 1995 онд ээжийг нас барахад хэдэн хүүхдүүддээ бараа болог гэж бодож аавтай хамт хилийн цэрэгт жолооч байсан Д.Сүхбаатарын хүсэлтээр тэднийхийг хашаандаа зуны улиралд суулган зусуулж байсан бөгөөд ер нь нэг хашаанд хэд хэдэн монгол айл гэрүүд хамт амьдардаг байсан уламжлалын дагуу аав тэднийхийг түр сууж байхыг зөвшөөрсөн юм. Д.Сүхбаатар нь өөрөө жолооч байсан болохоор хөдөө, гадаа тээвэрт явж зарим жил хавар, зун, намар хүртэл хашаанд амьдарч тэр үед гэрийнхээ өмнө талд жижиг модон амбаарыг цай хоол хийх, түр юм хадгалахад ашиглахад тустай гэж аав Г.Стахановт 2007 онд хэлж байгаад гуйгаад түр хугацаагаар барьсан юм. Энэ хугацаанд Д.Сүхбаатар нь Хилийн цэргийн 4 давхар орон сууцанд 1994 оноос эхлэн оршин сууж өөр багийн харьяалалд амьдарч байсан ба өвөл, намрын үед тэдний үлдээсэн гэр, амбаарыг бид харж хамгаалдаг байсан. Сүүлд нь Д.Сүхбаатар нь намайг заставт ажлаар явахад 2005 оны үед Буянт сумын харьяат иргэн, өөрийн баз нь Ч.Чагнааг хамт түр оршин суулгаж эхэлсэн ба одоо Ч.Чагнаа, хадам ээж Д.Арлаа нар одоо хүртэл амьдарч байна. Гэтэл аавын үеэс танил байсан, сайн харьцаж, хашаандаа амьдруулж, зусуулж байсан Д.Сүхбаатар нь бидэнд мэдэгдэлгүйгээр хөөцөлдөж миний газрыг залилан авч, итгэл эвдэн эзэмшихээр хөөцөлдөж шүүхэд нэхэмжлэл өгчээ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 49 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-т зааснаар Д.Сүхбаатарын Өлгий сумын 01 дүгээр багт байрлалтай 620 мкв газрын эзэмшигч, өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

     Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 49 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Сүхбаатарын хариуцагч С.Мөнхзаяад холбогдуулан гаргасан “620 мкв газрын эзэмшигч, өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж шийдвэрлэжээ.

      Нэхэмжлэгч Д.Сүхбаатар, түүний өмгөөлөгч С.Алтай нараас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хот, тосгон бусад суурины эдлэн газрын Улсын бүртгэлд бүртгүүлж, бүртгэлийн №635542 дугаар хуудас авсан. Энэ хуудсанд кадастрын зураг ба газрын бүртгэлийн төсөл хариуцсан байцаагч Х.Дэлгэрсүрэн, мөн тус аймгийн газрын албаны дарга гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дарсан байдаг. Шинээр хийгдсэн кадастрын зурагт миний өөрийн оршин сууж буй газрыг Д.Сүхбаатар гэж тэмдэглэж, зүүн талын газрыг С.Мөнхзаяагийнх гэж бичсэн. Энэ баримт нь нотолгооны нэг хэсэг нь байгаа юм. Гэвч хөрш байсан С.Мөнхзаяа, түүний эхнэр Л.Наранжаргал  нар газрын албаныхантай үгсэн тохирч бидэнд мэдэгдэлгүйгээр миний амьдарч буй 620 мкв газрыг 2014 онд эзэмшиж улмаар өмчилж авсныг мэдээд би холбогдох даргад хандсаны эцэст шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэр бүлийн гишүүд болох С.Мөнхзаяа нь миний газрыг 0.07 га болгож өөрийн нэр дээр гаргуулж, харин эхнэр Л.Наранжаргал нь талийгаач Г.Стахановын эзэмшиж байсан газрыг тус тус өмчилж авсан нь хавтаст хэрэгт авагдсан кадастрын зураг, тайлбар, гэрчилгээ зэргээр нотлогдож байгаа юм. Хэрэгт 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн С.Мөнхзаяагийн өмчлөлд байгаа газрын байршлын кадастрын зураг байгааг эрхэм шүүгчид анхаарч харна уу. Энэ зураг дээр 1-23 хүртэл цэг тавьж өнцөглөн зурагдсан газар бол миний өмч, хөрөнгө байгаа газар бөгөөд энэ газрыг С.Мөнхзаяа нь надад мэдэгдэлгүйгээр өмчилж авсан нь тодорхой нотлогдож байна. Харин 9, 10, 11, 12 гэсэн цэгийн ар талд байгаа хэсэг бол өмнө нь Г.Стахановын газар байсан бөгөөд одоо энэ газрыг Л.Наранжаргал өмчилж авсан бөгөөд үүнийгээ “миний нэр дээр өмчлөгдсөн аавын газар” гэж шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Би Л.Наранжаргалын газартай маргаагүй, миний үл хөдлөх хөрөнгө болох хашаа байшин байгаа, 25 жил амьдран сууж буй газраа буюу одоо С.Мөнхзаяа өмчилж авсан газрыг миний газар гэж ойлгогдохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа тухайн маргаантай газрын талаар тодорхой зурж тэмдэглэсэн тул схем зургийг анхаарч үзэхийг хүсье.

Анхан шатны шүүхээс тухайн маргаж буй газрыг С.Мөнхзаяа эзэмшээгүй байна гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүхээс мөн “маргаж буй газрыг С.Мөнхзаяа нь эзэмшсэн нь нотлогдохгүй байна” гэсэн үндэслэлээр нотлох баримтыг ил тод байхад үнэлэлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Би нэхэмжлэлдээ “миний 25 жил амьдарч байгаа газрыг С.Мөнхзаяа нь хууль бусаар эзэмшиж улмаар өмчилж авсан тул энэ газрыг миний өмчлөлийнх гэдгийг тогтоож өгнө үү” гэж бичсэн. Гэтэл шүүхээс “С.Мөнхзаяа нь газрыг хуульд заасан журмын дагуу авсан байна, та газраа эзэмшил, өмчлөлдөө аваагүй нь хохино” мэтээр миний зөрчигдсөн эрхийг хамгаалж өгөөгүйд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

    Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Сүхбаатар С.Мөнхзаяад холбогдуулан “Мөнхзаяа нь 2014 оны 06 дугаар сард миний эзэмшлийн газрыг зөвшөөрөлгүй өөрийн газар болгож, газрын гэрчилгээ авсан байна. Иймд намайг олон жил амьдарч, эзэмшиж байсан Өлгий сумын 01 дүгээр багт оршдог 6.2 мкв газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэсний хариуцагч эс зөвшөөрч, “миний хууль ёсоор өмчилж авсан газар тул зөвшөөрөхгүй”  гэж маргажээ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/630 дугаартай Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжийн хавсралтын 15 дугаарт бичигдсэн бичвэр, эрхийн улсын бүртгэлийн Г-0213005541 дугаарт бүртгэгдсэнийг гэрчилсэн №0002868875 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр С.Мөнхзаяа нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн Хуст арал 07-03 тоот 700 мкв газрыг гэр бүлийн хэрэглээний зориулалтаар өмчлөх эрхтэй болох нь нотлогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Сүхбаатарын тус газрын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг оновчтой зөв хэрэглээгүй байсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж зассан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Сүхбаатар, түүний өмгөөлөгч С.Алтай нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР      

                                      ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД