Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-06-17
Дугаар 001/ХТ2016/00720
Хэргийн индекс 134/2016/00010/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч Ц.Нансалмаа
Хариуцагч Н.Алтанхундага
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ц.Нансалмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Сүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 134/ШШ2016/00035 дугаар шийдвэр

Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 202/МА2016/00021 дүгээр магадлалтай

Ц.Нансалмаагийн нэхэмжлэлтэй

Н.Алтанхундагад холбогдох

Зээл, зээлийн хүү 3 852 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтанцэцэгийн гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хэрлэнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

   Нэхэмжлэгч Ц.Нансалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очироос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Алтанхундага нь надаас анх 3 840 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар зээлсэн бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөгийг төлсөн. 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр машины зөрүүд 700 000 төгрөг надад төлсөн. Ингээд үндсэн зээлийн үлдэгдэл 2 140 000 төгрөг, 8 сарын хүү 1 712 000 төгрөг, нийт 3 852 000 төгрөгийг төлөхгүй байгаа. Бид нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дууссан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Талуудын байгуулсан зээлийн гэрээнд мөнгийг 3 хувааж төлнө, 10 хувийн хүүтэй, зээлийн хугацаа дууссанаас хойш 10 хоног өнгөрмөгц алданги, хохирлоо гаргуулж авах эрхтэйгээр байгуулсан. Зээлийн гэрээг байгуулахдаа мөнгийг бэлнээр өгсөн байдаг. Гэвч хариуцагч мөнгийг төлөхгүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тухайн үед хариуцагч нь Япон улс руу явах гэж байсан болохоор мөнгөний хэрэгцээ гарч уг мөнгийг зээлсэн. Зээлсэн үндсэн мөнгө болон хүүг удаа дараа нэмсэн боловч өнөөг хүртэл төлөхгүй байна. Иймд Н.Алтанхундагаас 3 852 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

   Хариуцагч Н.Алтанхундагаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтанцэцэгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Нансалмаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Ц.Нансалмаатай найз нөхдийн харилцаа холбоотой байсан бөгөөд тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бодит байдлаас өөр утга агуулга бүхий нэхэмжлэл гаргасан байна. Бид хоёр 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулаагүй, мөн энэ өдөр Ц.Нансалмаа нь 3 840 000 төгрөг шилжүүлээгүй, би ч Өвөрхангай аймагт байгаагүй болно. Би 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мөнгө зээлж аваагүй. Харин 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр анх түүнээс 200 000 төгрөг зээлж авсан. Анх 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мөнгө зээлж авснаас хойш Ц.Нансалмаагаас цувуулж мөнгө зээлж авч байсан бөгөөд зээлж авсан мөнгийг хүүгийн хамт тухай бүр төлж байсан. Хамгийн сүүлд Ц.Нансалмаагаас 2015 оны 02 сард мөнгөний хэрэгцээ гарч 600 000 төгрөг зээлж авснаас хойш дахин мөнгө зээлсэн асуудал байхгүй. Гэтэл Ц.Нансалмаа нь 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 3 840 000 төгрөг зээлсэн мэт түүнээсээ 1 700 000 төгрөг төлсөн, үлдсэн 2 140 000 төгрөгт нь сарын 10 хувиар хүү тооцож, 8 сарын хүү гэж 1 712 000 төгрөг, нийт 3 852 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би Ц.Нансалмаагаас урьд өмнө зээлж авсан зээл, зээлийн хүү тухай бүр төлж барагдуулан түүний “ХААН банк” дахь 5556233447 тоот данс руу шилжүүлж байсан. Үүнээс 1 900 000 төгрөг үлдсэнийг 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бэлнээр 1 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр машины зөрүүд 700 000 төгрөг, нийт 1 700 000 төгрөг төлсөн. Одоо 200 000 төгрөг төлөх ёстой. Намайг 2015 оны 11 сард Япон улсаас ирсний дараа Ц.Нансалмаа нөхөртэйгээ Говьсүмбэр аймагт ирж мөнгөө нэхэхдээ чи энэ зээлийн гэрээн дээр гарын үсэг зур гэж шахалт үзүүлж байгаад зуруулсан. Би тухайн үед он сар өдрийг анзаарч хараагүй байсан. Гэтэл гэрээг 2015 оны 05 сард байгуулсан мэтээр шүүхэд нотлох баримт гэж гаргаж өгсөн нь ойлгомжгүй байна. Ц.Нансалмааг найз нөхөд гэж түүнд итгэж байхад үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэж байгааг ойлгохгүй байна. Н.Алтанхундага нь Ц.Нансалмаагаас 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 3 840 000 төгрөгийг зээлж авсан гэдэг нь худлаа. Энэ хоёр багын найзууд учраас өмнө нь мөнгө төгрөг өгөлцөж, авалцаж байсан. Тэр тооцоог бодож үзэхэд 150 000 төгрөгийн үлдэгдэл байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас 150 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Н.Алтанхундага нь Ц.Нансалмаагаас мөнгө авахдаа хэзээ ч бэлнээр авч байгаагүй. Дансны хуулгаас үзэхэд 3 840 000 төгрөг Н.Алтанхундагын дансанд орж ирээгүй. Энэ гэрээг Ц.Нансалмаа нь 2015 оны 11 дүгээр сард нөхөртэйгээ Хамарын хийд явж байх замдаа галт тэргэн дотор Н.Алтанхундагад манай нөхөр мэдээгүй байгаа энэ гэрээн дээр гялс гарын үсгээ зур гэж дарамталж байгаад гарын үсэг зуруулсан. Н.Алтанхундага нь хүнд итгэмтгий хүн учраас тэр үед Ц.Нансалмаад хэдэн төгрөг өгөх нь үнэн байсан болохоор л гарын үсэг зурсан. Гэрээний нэг хувийг тэр үед Н.Алтанхундагад өгсөн байсан. Гэхдээ энэ гэрээний огноог 05 дугаар сарын 05-ны өдөр гэж бичсэнийг огт мэдээгүй, сая л мэдсэн гэжээ.

     Говь-Сүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 134/ШШ2016/00035 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4-т зааснаар хариуцагч Н.Алтанхундагаас зээл 150 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нансалмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээл, зээлийн хүү 3 702 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Нансалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76 582 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 5 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрийг гардан авах болон давж заалдах гомдол гаргах эрхийг дурдаж шийдвэрлэжээ.

      Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 202/МА2016/00021 дүгээр магадлалаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 134/ШШ2016/00035 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцааж, нэхэмжлэгч Ц.Нансалмаагийн давж заалдах гомдлыг хангаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Нансалмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 590 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтанцэцэгээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 202/МА2016/00021 дүгээр магадлалыг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Ц.Нансалмаа нь хариуцагч Н.Алтанхундагаас зээл, зээлийн хүү 3 852 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, бодит байдалд үндэслэн “... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4-т зааснаар хариуцагч Н.Алтанхундагаас зээл 150 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Нансалмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээл, зээлийн хүү 3 702 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож” үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “анхан шатны шүүх нь хариуцагчийн хүсэлтээр “ХААН банк”-наас гаргуулж авсан нэхэмжлэгч Ц.Нансалмаагийн 5556233447 тоот дансны хуулгыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт мөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, нотлох баримт нь хэрэгт бүрэн цуглараагүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, мөн хэрэгт авагдсан Ц.Нансалмаагийн дансны хуулгаар орлого, зарлагыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй зэргийн улмаас шийдвэр нь үндэслэл бүхий болж чадаагүй байна” гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн. Тухайлбал, хэрэгт авагдсан зээлийн гэрээнд ач холбогдол өгөхөөс аргагүй байсан бөгөөд Ц.Нансалмаагаас Н.Алтанхундага нь 3 840 000 төгрөг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж аваагүй болохыг хоёр талаас гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарт бүрэн үндэслэсэн байсан. Ц.Нансалмаагаас 2014 оны 04 дүгээр сараас эхлэн мөнгө цувуулан авч, буцаан Ц.Нансалмаагийн “ХААН банк”-ны 5556233447 тоот данс руу нь шилжүүлж өгч байсан болохоо тогтоолгохын тулд түүний дансны хуулгыг гаргуулан орлого, зарлагыг тооцсоноор өгсөн мөнгөн дүнг бодитой тооцох үндэслэл болсон. Ийнхүү дээрх нэхэмжлэгчийн дансны хуулгаар өгсөн авсан мөнгөн дүнг тооцсоноор анхан шатны шүүх Н.Алтанхундагаас Ц.Нансалмаад 150 000 төгрөг гаргуулахаар бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэн зөв тогтоосон. Иймд Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 202/МА2016/00021 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Говь-Сүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 134/ШШ2016/00035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

     Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Ц.Нансалмаа нь талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээг үндэслэж төлөгдөөгүй зээл, хүүгийн төлбөрт 3 852 000 төгрөгийг гаргуулахаар хариуцагчаас нэхэмжилснийг хариуцагч Н.Алтанхундага эс зөвшөөрч, тус зээлийн гэрээгээр ямар нэг мөнгө хүлээж аваагүй, 2014 оны 4 дүгээр сараас хойш зээлж, буцаан өгч байсан зээлийн үлдэгдэл төлбөрийн тооцоо 200 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2015 оны 11 дүгээр сард нөхөртэйгээ ирж, шахалт үзүүлж байгаад гарын үсэг зуруулсан тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө шилжүүлэн өгснөө нотлоогүй боловч хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйгээс маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

 Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлох баримтыг дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан хэргийг бүхэлд нь хянах давж заалдах шатны шүүхийн үүрэгт нийцсэн байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 202/МА2016/00021 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтанцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74 182 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

                                      ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД