Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-06-14
Дугаар 001/ХТ2016/00690
Хэргийн индекс 101/2014/09758/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам
Хариуцагч “Жи мобайл” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар

төмөр замын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/00508 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 480 дугаар магадлалтай 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй

“Жи мобайл” ХХК-д холбогдох

 Гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 241 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцацралын гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцацрал, хариуцагчийн өмгөөлөгч У.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

      Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Жи мобайл” ХХК-тай “Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ” байгуулсан. Гэтэл “Жи мобайл” ХХК нь 2014 оны 07 дугаар сарын харилцан холболтын төлбөрийг бүрэн төлөхгүй, гэрээний 5.1-д харилцан холболтын төлбөрийг хавсралт 4-т заасан тарифаар cap бүр хийнэ гэсэн үүргээ зөрчиж байна. Гэрээний 7.3.1-д заасны дагуу ачааллын тооцоо нийлэх талаар манайхаас удаа дараа албан тоотоор хандахад татгалзсан учраас гэрээний 10 дугаар зүйлд заасны дагуу маргааныг шийдвэрлүүлэхээр Харилцаа холбооны зохицуулах хороонд хандаж албан бичиг хүргүүлэхэд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01/1650 тоот албан бичгээр дээрх гэрээний дагуу тооцоо нийлж, төлбөрөө барагдуулахыг мэдэгдэж, шаардлагын хэрэгжилтийг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлэхийг үүрэг болгосон. Гэвч “Жи мобайл” ХХК өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй байна. Иймд “Жи мобайл” ХХК нь 2014 оны 07 дугаар сарын харилцан холболтын төлбөрөөс 5 689 163 төгрөгийг төлсөн тул үлдэх 17 241 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцацралаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2014 оны 07 дугаар сарын харилцан холболтын төлбөрт 5 689 163 төгрөгийг төлсөн. Нэхэмжилж байгаа төлбөрийг төлөхгүй үндэслэл нь харилцан холболт хийж олон улсын ярианы гарц ашигласан гэх дуудлагуудыг шалган үзэхэд манай сүлжээнд харьяалагдахгүй буюу харилцан холболтын гэрээний 3.4.3-т заасан 93, 98, 97, 53 дугаарлалтуудаас өөр дугаарлалтаар дуудлага хийсэн байсан. Дуудлага хүлээн авсан гэх дугаарууд нь ямар нэгэн хэрэглэгчийн дугаар гэж үзэх боломжгүй, аль нэг оператор компанид бүртгэлгүй дугаарууд байна. Үүнийг манай сүлжээнээс гарсан бодит дуудлага гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгч нь дээрх төлбөртэй холбоотойгоор транзит үйлчилгээ үзүүлдэг гуравдагч этгээдээс ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийн дэлгэрэнгүй хуулгыг гаргаж ирүүлэхийг удаа дараа хүссэн боловч гаргаж өгөхгүй байна. Иймд 17 241 200 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

       Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/00508 дугаар шийдвэрээр Харилцаа холбооны тухай 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар хариуцагч “Жи мобайл” ХХК-иас 16 042 522 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 198 678 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 480 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/00508 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч У.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Жи мобайл” ХХК-ийн төлсөн 238 162 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцацралаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс тус нэхэмжлэлийн шаардлага нь бодит бус, 2014 оны 7 дугаар сарын төлбөрийг төлж барагдуулсан байтал үндэслэлгүйгээр харилцан холболтын төлбөр нэмж гаргуулахаар нэхэмжилсэн байна хэмээн маргаж байгаа ба анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. “Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ”-ний 5.9 дэх заалтад “талуудын сүлжээнд төгсөж байгаа ярианы дугаарлалт тодорхойгүй тохиолдолд уг ярианы минутыг холбох шугамын нэрээр нь ялгаж тооцоо нийлнэ” хэмээн харилцан тохиролцжээ. Гэтэл нэхэмжлэгчийн шаардсан ярианы төлбөр нь бүгд бодит бус дуудлага байдаг бөгөөд холбох шугамын нэрээр ялгаж тооцоо гаргасан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, холбох шугамын нэрээр ялгаж тооцоо нийлсэн үйл баримт байдаггүй бөгөөд үүгээрээ “Жи мобайл” ХХК нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын сүлжээг ашигласан эсэх нь эргэлзээгүй нотлогдохгүй байгаа юм. Нэхэмжлэгч талаас ялгах шугам гэж чухам юуг хэлж байгааг тодорхойлсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны үед энэ талаар нотлоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх гэрээний дээрх зүйл, заалтыг хэрхэн ойлгож, ямар нотлох баримтын үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 6910 дугаартай захирамж гарч Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор транзит үйлчилгээ үзүүлдэг гуравдагч этгээдээс ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийн дэлгэрэнгүй хуулга буюу Чайна Юникомын 5 157 ам долларын дэлгэрэнгүйг шүүхэд нотлох баримтаар гаргуулахаар болсон. Үүний дагуу Чайна Юникомоос ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийн задаргааг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн боловч энэ нь зөвхөн Монголоос гарч Хятадад төгссөн гэх баримт байдаг. Харин Монголоос гарсан гэх дуудлага нь зөвхөн “Жи мобайл” ХХК-ийн гэсэн ойлголт биш юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн гадаад гарцыг зөвхөн “Жи мобайл” ХХК ашигладаггүй бөгөөд Монгол Улсын бусад үүрэн холбооны операторууд болон нэхэмжлэгч тал өөрөө өөрийн гарцаар дуудлага хийдэг. Гэвч шүүхээс дээрх байдлыг үл харгалзан Монголоос гарсан гэх бүхий л дуудлагыг “Жи мобайл” ХХК-д хамааруулан үндэслэлгүй төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал өөрсдийн шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлага, нотлох баримтаа өөрсдөө үгүйсгэсэн байдаг. Тодруулбал, 5 157 ам.долларын баримт бол Чайна Телеком манай хоёрын хооронд хийсэн гэрээний дагуух харилцан холболтын зөрүү төлбөр. Энэ хэрэгт ямар ч хамааралгүй гэж тайлбарласан нь нэхэмжлэлийн шаардлага бодит бус, үндэслэлгүй төлбөр шаардсан болох нь харагдаж байхад анхан болон давж заалдах шатны шүүх үүнийг харгалзаж үзээгүй. Түүнчлэн нэхэмжлэгч тал өөрсдөө үгүйсгэсэн дээрх баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх түүнийг үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн байна.

4. Дээрхээс үзэхэд талуудын маргаан нь гэрээний үүргийн биелэлттэй холбоотой маргаан биш байх ба “Жи мобайл” ХХК нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хооронд харилцан холболтын төлбөрийн маргаан үүссэн. Үүнээс үүдэн тооцоо нийлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байх ба Харилцаа холбооны зохицуулах газар Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.12 -т “тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ хэмээн заасны дагуу шийдвэр гаргах байсан гэж үзэж байна. Харин Харилцаа холбооны зохицуулах газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01/1650 дугаартай “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичиг тус хорооны маргаан урьдчилан шийдвэрлэсэн хамтын шийдвэр биш, мөн тухайн шаардлагын агуулгаас харвал бидний хооронд үүссэн ямар маргааныг, харилцан холболтын гэрээний ямар үүргээ зөрчсөнийг хичнээн төгрөгийн асуудал хэрхэн, яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй юм. Өөрөөр хэлбэл, бидний хооронд үүссэн асуудлаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос ямар ч шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/00508 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 480 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд тайлбарлахдаа: Гомдол нь хуулийн шаардлага хангахгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д “Хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргана” мөн зүйлийн 172.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” мөн зүйлийн 172.2.2-т “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэсэн заалтын зөрчсөн гомдол байна. Тухайн гомдолд “...холбох шугамын нэрээр ялгаж тооцоо нийлсэн баримт байдаггүй...” гэсэн байна. Тооцоо нийлэх хугацаагаа хариуцагч тал алдсан, нэхэмжлэгч талаас тавьсан хүсэлтэд хариу өгөөгүй, Харилцаа холбооны зохицуулах хорооноос тооцоогоо нийл гэж албан шаардлага өгсөөр байхад биелүүлдэггүй бөгөөд хакерт өртөөгүй хэсэгт ногдох төлбөрөө төлөөд хакерт өртсөн хэсэгт ямар ч хариу өгөхгүй, зугтаах бултах үйл ажиллагаа явуулах, төлбөр төлөх хугацааг саатуулах зорилгоор өмгөөлөгч авч ажиллуулсан тал нь хариуцагч “Жи Мобайл” ХХК өөрөө юм. Хакер халдлагад өртсөн дугаарлалт тодорхойгүй яриа нь хариуцагч “Жи Мобайл” ХХК болохыг “Жем нет” ХХК-ийн албан бичиг нотлох бөгөөд уг хоёр компани нэг эзэнтэй татвараас зайлсхийж хуваасан аж ахуйн нэгжүүд болно. Мөн гомдолд “...УББТЗ-ын гадаад гарцыг зөвхөн “Жи Мобайл” ХХК нь ашигладаггүй бөгөөд Монгол улсын бусад үүрэн холбооны операторууд болон нэхэмжлэгч тал өөрөө өөрийн гарцаар дуудлага хийдэг. Гэвч шүүхээс дээрх байдлыг үл харгалзан Монголоос гарсан гэх бүх дуудлагыг “Жи Мобайл” ХХК-д хамааруулсан...” гэж өөрийн санаж бодсоныг шүүхийн дүгнэлт үнэлэлт мэтээр бичсэн байгаа нь үндэслэлгүй байна. Мөн гомдолд 5 157 ам долларын баримт бол Чайна Телеком манай хоёрын хооронд хийсэн гэрээний дагуу харилцан холболтын зөрүү төлбөр энэ маргаанд ямар хамааралгүй…бодит бус үндэслэлгүй төлбөр тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчсөн байна” гэсэн. Энэ баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг хариуцагч тал анхаараагүй байна. Мөн гомдолд “...талуудын маргаан гэрээний үүргийн биелэлттэй холбоотой маргаан биш...харилцан холболтын маргаан үүссэн. Үүнээс үүдэн тооцоо нийлэх боломжгүй нөхцөл байдалд... Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.12-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шийдвэр гаргах байсан...” гэжээ. Хариуцагч тал нь харилцан холболттой, холбоогүй харин төлбөр тооцоо нийлэхээс санаатайгаар зайлсхийж байгаа заль бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01/1650 дугаартай “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичиг өгөөд ч гэрээний дагуу тохиролцсон төлбөр тооцооны үүргийг гүйцэтгүүлж чадахгүй байна. Иймд хариуцагч талын хууль зүйн үндэслэлгүй гомдлыг хүчингүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Монгол Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь “Жи мобайл” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 2014 оны 07 дугаар сарын ярианы үлдэгдэл төлбөр 17 241 200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр  №ЖМ 13/1700 дугаартай “Жи мобайл” ХХК болон Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ” байгуулсан ба тус гэрээгээр “Жи мобайл” нь өөрийн үйлчилгээг Улаанбаатар төмөр замын хэрэглэгчдэд хүргэх, Улаанбаатар төмөр зам нь өөрийн үйлчилгээг “Жи мобайл”-ын хэрэглэгчдэд хүргэх зорилгоор сүлжээний харилцан холболт хийх нөхцөл, түүнтэй холбоотой харилцан холболтын асуудлыг шийдвэрлэсэн байна.

Гэрээний Гуравдугаар зүйлийн 3.4.3.-т зааснаар “Жи мобайл” үүрэн сүлжээний хэрэглэгчийн дугаарлалт нь 93хх хххх, 98хх хххх, 97хх хххх, 53хх хххх байна гэж,

Тавдугаар зүйлийн 5.9.-д “талуудын сүлжээнд төгсөж байгаа ярианы дугаарлалт тодорхойгүй тохиолдолд уг ярианы минутыг холбох шугамын нэрээр ялгаж тооцоо нийлнэ” гэжээ.

Гэтэл маргаж буй холболтууд нь гэрээнд заасан “Жи мобайл”-ын дугаарлалтуудаар дуудлага хийгдээгүй, түүнчлэн холбох шугамын нэрээр ялгаж тооцоо нийлсэн дугаар хэд болох нь тодорхойгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, бодит хэрэглээ байсан эсэх нь нотлогдоогүй байхад шүүх нэхэмжлэлийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэгэнт дуудлага хийгдэж, бодит төлбөр гарсан тохиолдолд хариуцагч гэрээнд заасан төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй боловч, нэхэмжлэгч бодит дуудлага биш гэдэгтэй маргаагүй атлаа дээрх төлбөрийг гуравдагч этгээдэд төлсөн гэх тайлбараас үзвэл өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн эсэх нь тодорхойгүй гэх хариуцагчийн тайлбарт шүүх дүгнэлт хийгээгүй нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд шугамын аюулгүй байдлыг хэн хариуцах, хэрхэн хамгаалах талаар талууд ямар үүрэг хүлээсэн талаар тодорхой заагаагүйгээс сүлжээ гадны халдлагад өртсөн нөхцөлд хэн, ямар хэмжээгээр хариуцлага хүлээх нь тодорхой бус байхаас гадна хариуцагч “Жи мобайл” ХХК-ийн сүлжээ халдлагад өртсөн эсэх нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх “систем халдлагад өртөж, олон улсын гарц ашиглан холболт хийгдсэн болох нь нотлогдлоо” гэж дүгнэсэн нь шийдвэр нотлох баримтад үндэслэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн “Жи мобайл” ХХК-ийн холбох шугамаар орж ирсэн ярианы дэлгэрэнгүй, CDR-ийн хуулбарууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Хариуцагчийн гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа анхан шатны шүүхийн дээрх алдааг засуулалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

     Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн гэх хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

     1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/00508 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 480 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238 163 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

                                      ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД