Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-06-14
Дугаар 001/ХТ2016/00695
Хэргийн индекс 101/2016/00695/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашхүүгийн Цолмон
Нэхэмжлэгч Ж.Туул
Хариуцагч С.Нямбаяр, Д.Одонбаатар, Ч.Гэрлээ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Ж.Туулын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01283 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 606 дугаар магадлалтай,

Ж.Туулын нэхэмжлэлтэй,

С.Нямбаяр, Д.Одонбаатар, Ч.Гэрлээ нарт холбогдох         

            2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн С.Нямбаяр, Д.Одонбаатар нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээнүүдийг хүчингүйд тооцуулах, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 45 дугаар байрны 66 тоот орон сууцны өмчлөгч болохыг сэргээн тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

      Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 45 дугаар байрны 66 тоот хаягт байршилтай Ү-2203007337 бүртгэлийн дугаартай 36 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөс Я.Адъяа, А.Сугар, А.Хонгорзул, Ц.Дуламсүрэн нарын өмчлөгчийг хассан 2005 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болгуулж, орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоож, Ж.Туулын 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нотариатчаар гэрчлүүлэн С.Нямбаяртай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, С.Нямбаярын Д.Одонбаатартай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, орон сууц хөлслөх гэрээг тус тус хүчингүйд тооцож гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрхийг сэргээлгэх тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Я.Адъяагийн шаардлагатай иргэний хэргийг,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн       

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, хариуцагч Д.Одонбаатарын өмгөөлөгч П.Алтанчимэг, хариуцагч С.Нямбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

      Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Танил Ч.Гэрлээд мөнгөний хэрэгцээ гарч 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр С.Нямбаяртай уулзуулж, миний байрыг барьцаалан 20 000 000 төгрөгийг зээлж хүүг нь төлж ирсэн. С.Нямбаяр нь зээлийн харилцааг халхавчилж, надад эцсийн үр дагаврыг нь ойлгуулахгүйгээр барьцаа хөрөнгийг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхэд цаг их орно, байрны өмчлөх эрхээ шилжүүлээд зээлээ авчих гэсний дагуу орон сууц худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зуруулсан. Би үл хөдлөх хөрөнгөө худалдаагүй, зөвхөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаа болгох гэж түр шилжүүлсэн. Мөн миний орон сууцыг надад өөрт хөлслүүлэх гэрээ хийсэн. Гэтэл С.Нямбаяр нь бүрмөсөн байрыг худалдан авсан мэт ойлгож, цааш бусдад заржээ. Тухайн үед миний сууц 20 000 000 төгрөг биш 70 000 000 төгрөгөөр үнэлэгдэж зарагдахаар зах зээлийн ханштай байсан. Ч.Гэрлээ нь бусдын байрыг барьцаалж зээл аваад, зээлээ төлөлгүй алга болж жирийн иргэнийг нэг насаар нь хохироолоо. Дээрх гэрээнүүд нь өөр хэлцлийг халхавчилж, дүр үзүүлэн хийсэн хэлцлүүд юм. Ч.Гэрлээ, Ж.Туул нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ байдаг. Иймд С.Нямбаяраас авсан зээлийг би авч ашиглаагүй, намайг хууран мэхэлж төөрөгдүүлэн барьцааны гэрээ байгуулах ёстой атал шууд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж хохироосон тул миний орон сууцаа С.Нямбаярт худалдсан 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ, 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээнүүдийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 45 дугаар байрны 66 тоот орон сууцны өмчлөгч мөн болохыг сэргээн тогтоож өгнө үү. Хууль бус гэрээний үндсэн дээр хийгдсэн 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн С.Нямбаяраас Д.Одонбаатартай хийсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээг мөн хүчин төгөлдөр бус болгож өгнө үү. Орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч нарыг хассан хэлцлийг 2005 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хийж, орон сууцыг зөвхөн өөрийн нэр дээр болгосон. Нөхөр болон хамтран өмчлөгч нарын гарын үсгийг өмнөөс нь зурсан. Я.Адъяа, А.Сугар, А.Хонгорзул нар энэ байрны хамтран өмчлөгч мөн. Энэ хэлцлийг хүчингүй болгохыг зөвшөөрч байна” гэжээ.

    Хариуцагч С.Нямбаяр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан хариу тайлбарт: “Ж.Туул нь орон сууцаа 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр С.Нямбаярт худалдсан. Ж.Туул нь орон байраа олтол түрээслэж суухаар тохиролцож, 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Ж.Туул 2009 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс түрээсийн төлбөрөө хагас дутуу төлж байснаа 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 500 000 төгрөг төлснөөс хойш төлөөгүй ба Ж.Туул нь уг байрандаа өөр хүн суулгаж байсан байна. Ж.Туул, С.Нямбаяр нарын хооронд ямар нэг зээлийн гэрээ хийгдээгүй болно. Барьцаалсан гэж үзэж байгаа бол барьцааны гэрээ хийх боломжтой л байсан. Өөрсдөө байраа чөлөөлж өгсөн. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь бодит үйлдлээр хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл юм. Маргаан бүхий орон сууц нь тухайн үед 70 000 000 төгрөгийн үнэтэй байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна. Ингээд С.Нямбаяр нь энэ орон сууцыг 2012 онд 41 000 000 төгрөгөөр Д.Одонбаатарт худалдсан. Гуравдагч этгээдийн шаардлагын хувьд 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулагдахад орон сууц нь нэг хүний өмчлөлд байсан тул гэр бүлийн бусад гишүүдээс зөвшөөрөл авах шаардлагагүй юм. Иймд нэхэмжлэгч Ж.Туул, гуравдагч этгээд Я.Адъяа нарын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

               Хариуцагч Д.Одонбаатар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин нарын гаргасан хариу тайлбарт: “Манайх Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 45 дугаар байр, 66 тоот орон сууцыг С.Нямбаяраас 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 41 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Уг сууцыг авахдаа Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа авч шалгаж үзсэн ба С.Нямбаярын өмчлөлд бүртгэлтэй байсан. Миний бие уг орон сууцны шударга өмчлөгч юм. Энэ маргаантай асуудлаас болж худалдаж авсан байрандаа өөрсдөө ч амьдарч чадахгүй байна. Анх С.Нямбаяр нэг өрөөнд нь эд зүйл байсныг чөлөөлөөд өгнө гэж худалдсан. Ингээд авахгүй байсан, сүүлдээ Ж.Туул гэдэг хүний эд зүйл болж, нэхэмжлэгч болон түүний гэр бүлийн гишүүд ирж хэл ам хийгээд байхаар нь мөнгөө төлөөд авч болно гэсэн боловч аваагүй. Бид орон сууцны өрөөг чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Хувь хүн хууль мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Гуравдагч этгээдийн шаардлагын хувьд 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулагдахаас өмнө 3 хүний өмчлөлд байсныг хасуулаад Ж.Туул нь дангаараа өмчилж байсан тул энэхүү шаардлага нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

           Хариуцагч Ч.Гэрлээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэгийн гаргасан хариу тайлбарт: “Ч.Гэрлээд 2009 онд мөнгөний хэрэг болж, С.Нямбаяраас 20 000 000 төгрөг зээлж, Ж.Туулын орон сууцыг С.Нямбаяр өөрийн нэр дээр шилжүүлж, зээл төлөгдөж дууссаны дараа Ж.Туулын нэр дээр буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Орон сууцыг Ж.Туул С.Нямбаярт худалдаагүй. Мөнгийг Ж.Туул, Ч.Гэрлээ, н.Оюунцэцэг нар хувааж авсан, та нар ингэж төл гэж хуваарийг С.Нямбаяр өөрөө гаргаж өгч байсан. Ч.Гэрлээ С.Нямбаяраас авсан зээлийн хүүг дансаар болон бэлнээр төлж байсан. Ж.Туул Ч.Гэрлээ нар хоорондоо мөнгө зээлсэн асуудлаа сүүлд бичгээр баталгаажуулсан. Энэ хэрэгт Ч.Гэрлээ нь хариуцагч биш ба харин гэрч болох юм” гэжээ.

             Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Я.Адъяа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр нарын шаардлага болон тайлбарт: “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 45 дугаар байрны 66 тоот хаягт байршилтай Ү-2203007337 бүртгэлийн дугаартай 36 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бөгөөд уг байрыг Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1999 оны 25 дугаар тогтоолоор Я.Адъяа, эхнэр Ж.Туул, охин А.Хонгорзул, хүү А.Сугар, Ц.Дуламсүрэн нарын өмчлөлд хувьчилж өгсөн гэр бүлийн өмч хөрөнгө юм. Энэ байранд бид 30 гаруй жил  хамт амьдарсан бөгөөд манай эцэг, эхийн гал голомт юм. Гэтэл энэхүү орон сууцыг эхнэр Ж.Туул бидэнд мэдэгдэлгүй, зөвшөөрөл авалгүйгээр 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр С.Нямбаяр гэгчид шилжүүлж, С.Нямбаяр нь Д.Одонбаатар гэгчид дахин шилжүүлж бидний хөрөнгийг хууль бусаар авсан байна. Уг байрнаас манай гэр бүл 2009 онд нүүсэн бөгөөд манай эхнэр надад хүнд түрээслүүлж байгаа, хамаатны хүнээ түр суулгаж байгаа гэж тайлбарлаж хэлж байсан. Гэтэл уг байрыг С.Нямбаяр гэгчид зээлийн барьцаанд барьцаалуулсан байх бөгөөд Д.Одонбаатарт шилжүүлж хууль бусаар хөрөнгийг маань эзэмшсэн талаар 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүү А.Сугар надад хэлсэн. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 45 дугаар байрны 66 тоот хаягт байршилтай Ү-2203007337 бүртгэлийн дугаартай 36 м.кв 3 өрөө орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгө бөгөөд энэхүү эд хөрөнгийг захиран зарцуулахдаа гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг авч дараа нь гэрээ, хэлцэл байгуулагдах учиртай. Гэтэл ингэж бидэнд мэдэгдэлгүйгээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь надад болон миний хоёр хүүхдийн эрх ашигт хохиролтой байх тул уг сууцны өмчлөгчөөс Я.Адъяа, А.Сугар, А.Хонгорзул, Ц.Дуламсүрэн нарыг хассан 2005 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болгуулж, орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоож, Ж.Туулын 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нотариатчаар гэрчлүүлэн С.Нямбаяртай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээ, С.Нямбаярын Д.Одонбаатартай байгуулсан 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчингүйд тооцож, гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

           Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01283 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасныг баримтлан Ж.Туул, С.Нямбаяр нарын хооронд байгуулагдсан 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж үзэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-ыг баримтлан С.Нямбаяраас 60 700 000 төгрөгийг гаргуулж Ж.Туулд олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-ыг баримтлан С.Нямбаяр, Д.Одонбаатар нарын хооронд байгуулагдсан 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах, орон сууц өмчлөх эрх сэргээн тогтоолгохыг хүссэн болон Ч.Гэрлээд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Гуравдагч этгээдийн Ж.Туулд холбогдуулж гаргасан орон сууцны өмчлөгчөөс хассан хэлцлийг хүчингүйд тооцуулах, орон сууц дундын өмч байсныг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Туул зөвшөөрснийг баталж шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 606 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01283 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ж.Туулын 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн С.Нямбаяр, Д.Одонбаатар нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээнүүдийг хүчингүйд тооцуулах, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 45 дугаар байрны 66 тоот орон сууцны өмчлөгч мөн болохыг сэргээн тогтоолгох тухай С.Нямбаяр, Д.Одонбаатар, Ч.Гэрлээ нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар…” гэж нэмж, 4 дэх заалтын “… хариуцагч С.Нямбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 328 150 төгрөг гаргуулж Ж.Туулд” гэсэн хэсгийг хасаж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 606 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Туул болон С.Нямбаяр нарын хооронд хийгдсэн 2009 оны 05 сарын 01-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцохдоо Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2 дахь заалтуудыг баримталсан бөгөөд нотлох баримтуудыг хуулийн хүрээнд зөв дүгнэж үндэслэл бүхий шударга шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ж.Туул нь хариуцагч С.Нямбаяраас 20.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр нийт 7 сарын хугацаатай зээлсэн бөгөөд уг мөнгийг Ж.Туул нь өөрийн танил Ч.Гэрлээд өгч ашиглуулсан байдаг. Энэ нь Ч.Гэрлээ, Ж.Туул нарын хооронд хийгдсэн зээлийн тооцоо, Ч.Гэрлээгийн Ж.Туулын хүү А.Сугартай хийсэн 2 удаагийн хэлцэл, гэрээнүүд, утасны бичлэг, шүүхэд гаргаж буй тайлбаруудаар хангалттай нотлогддог бөгөөд Ч.Гэрлээ нь С.Нямбаярт зээлийн хүүг удаа дараа төлж байсан нь банкны мөнгөний баримтуудаар бүрэн тогтоогддог. Хариуцагч С.Нямбаяр нь Ч.Гэрлээгээс шилжүүлж байсан мөнгийг Ж.Туулын орон сууц хөлсөлсний төлбөр гэж тайлбарладаг боловч үүнийг анхан шатны шүүх Ж.Туулын орон сууц хөлсөлж буй төлбөрийг Ч.Гэрлээ, түүний дүү найз нар төлөх учиргүй гэсэн зөв дүгнэлт хийсэн. Харин давж заалдах шатны шүүх үзэхдээ Ж.Туулаас С.Нямбаярт мөнгө шилжүүлсэн баримтанд зээл төлсөн талаар зориулалтыг заагаагүй байх тул мөнгө төлснийг эээлийн гэрээний харилцаа байсан гэж дүгнэх боломжгүй гэж өөрөөр хэлбэл дээрх төлбөрүүдийг орон сууц хөлслөх гэрээний төлбөр гэж үзэж байгаа юм шиг алдаатай дутуу дүгнэлт хийсэн. Гэтэл дээрх төлбөрийн баримтуудад орон сууц хөлсөлсөн төлбөр гэж бас заагаагүй байгаа. Яагаад удаа дараа Ж.Туул болон Ч.Гэрлээ эсхүл өөр бусад хүмүүсээс С.Нямбаярт мөнгө шилжүүлээд байгаад давж заалдах шатны шүүх зөв эргэлзээгүй дүгнэлт хийхгүй байна. Ч.Гэрлээ болон Ж.Туул, н.Оюунаа гэсэн 3 хүний хооронд хийсэн зээлийн тооцооноос харахад 20.000.000 төгрөгийн сарын 6 хувийн хүү болох 1.200.000 төгрөг нь нийт зээлийн хугацаа болох 7 сараар үржүүлэхэд 8.400.000 төгрөг болох бөгөөд үүний дагуу сар бүр төлж байсан зээлийн хүү 1.200.000 төгрөгийг орон сууц хөлслөх гэрээний төлбөр гэж үзээд байгаа нь үнэн бодит байдалд нийцэхгүй бөгөөд орон сууц худалдах, худалдан авах болон хөлслөх гэрээнүүд хийгдэх үед буюу 2009 оны 05 сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 хороолол, 45 дугаар байрны 66 тоот байрандаа Ж.Туул нь өөрийн нөхөр Я.Адъяа. хүү Д.Сугар. А.Хонгорзул, Ц.Дуламсүрэн нарын хамт амьдарч байсан бөгөөд 2010 он гараад гэр бүлийн хамт Баянзүрх дүүрэг рүү шинэ байрандаа нүүсэн бөгөөд Ж.Туулын ээж болох Ц.Дуламсүрэн нь уг байрандаа 2011 он хүртэл амьдарч байгаад нас эцэслэсэн талаарх Ж.Туулын хүү А.Сугарын мэдүүлэг байгаа. Ийм байхад давж заалдах шатны шүүх Ж.Туулаас С.Нямбаярт шилжүүлсэн мөнгөний баримтад зээл төлсөн талаар зориулалтыг заагаагүй тул зээлийн харилцаа гэж үзэх боломжгүй гэж дүгнээд байгаа нь буруу юм. Ж.Туулын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Сүхбаатар дүүрэг, 9 хороо, 7 хороолол, 45 дугаар байрны 66 тоот хаягт байршилтай Ү-2203007337 улсын дугаарт бүртгэгдсэн орон сууц нь нэхэмжлэгч Ж.Туул, бие даасан шаардлага гаргасан Я.Адъяа болон хүү А.Сугар, охнн А.Хонгорзул, Ц.Дуламсүрэн гэсэн хүмүүсийн унаган гал голомт бөгөөд энэ хүмүүстээ өндөр үнэ цэнэтэй эд хөрөнгө юм. Гэтэл энэхүү байраа зах зээлийн үнээс 2 дахин доогуур үнээр бусдад худалдаад эргүүлээд сарын 1.200.000 төгрөгөөр хөлсөлж суугаад байгаа нь хэтэрхий үнэмшил муутай бөгөөд өөрийн гэр бүлийн олон жил амьдарсан гал голомтоо бусдад хямд үнээр худалдаад өөрөө эргүүлээд хөлсөлж суух санаа зориг болон хэрэгцээ шаардлага Ж.Туулд анхнаасаа байгаагүй бөгөөд зөвхөн найз Ч.Гэрлээд зээл авч өгөх үүднээс аргагүй байдалд өөрт илт хохиролтой гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл орон сууцыг Ж.Туул С.Нямбаярт зарах анхнаасаа ямарваа нэг санаа зориг байгаагүй бөгөөд зөвхөн зээл авахын тулд орон сууц худалдах, худалдан авах гэрээг аргагүй байдлаас болж байгуулсан. Энэ нь Ж.Туулаас С.Нямбаяртай байгуулсан 2009 оны 05 сарын 01-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг анхнаас зорилгодоо нийцээгүй, талуудын хүсэл зориг бодитой илэрхийлэгдээгүй, зээлийн харилцааг халхавчилж дүр үзүүлж хийсэн гэж үзэх хуулийн үндэслэл болдог. Гэтэл давж заалдах шатны шүүх Ж.Туул болон С.Нямбаяр нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнд талуудын хүсэл зориг бодитой илэрхийлэгдсэн эсэх, хүсэл зоригийн дагуу хийгдсэн эсэхэд дүгнэлт хийлгүй зөвхөн хэлцлийн гадаад хэлбэрт ач холбогдол өгч Иргэний хуулиин 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулах, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнэ хэд ч байсан хамаагүй талуудыг хэлэлцэж тохирсон гэж үзнэ гээд байгаа нь буруу юм. Тухайн үеийн буюу 2009 оны 05 сарын 01-ны өдрийн байдлаар орон сууцны зах зээлийн үнэлгээг мэргэжлийн компаниар хийлгүүлэхэд 52.000.000 төгрөг гэж гарсан бөгөөд үүний дараа байрны талбай дутуу байсныг дахин хэмжүүлж 62.000.000 төгрөг болохыг хөрөнгийн үнэлгээний компаниар тогтоолгосон. Гэтэл тухайн үеийн зах зээлийн үнээс 2 дахин бага үнээр худалдах, худалдах авах гэрээ байгуулаад байгаа нь хэлцлийг талууд анхнаасаа хүсэл зоригийнхоо дагуу бус дүр үзүүлж зээлийн харилцааг халхавчилж хийсэн болохыг нотолж байгаа юм. Сүхбаатар дүүрэг, 9 хороо, 7 хороолол, 45 дугаар байрны 66 тоот хаягт байршилтай Ү-2203007337 улсын дугаарт бүртгэгдсэн орон сууц нь нэхэмжлэгч Ж.Туул, бие даасан шаардлага гаргасан Я.Адъяа болон хүү А.Сугар, охин А.Хонгорзул, Ц.Дуламсүрэн нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бөгөөд уг орон сууцыг 2005 оны 02 сарын 07-ны өдөр орон сууцны хамтран өмчлөгч хасуулах хэлцлээр Ж.Туул өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Ингэхдээ Иргэний хуулийн 128.2 дахь хэсэгт заасны дагуу гэр бүлийн бусад гишүүдийн зөвшөөрлийг аваагүй тэдэнд мэдэгдэлүйгээр гарын үсгүүдийг дуурайлган зурж танил нотариатчаар гэрчлүүлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр хууль бусаар гаргуулсан байдаг. Үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн болохоо шүүхэд илэрхийлсэн. Ийм учраас дээрх байрны хууль ёсны өмчлөгч болох Я.Адъяа, А.Сугар, А.Хонгорзул, Ц.Дуламсүрэн нар нь байраа Ж.Туул болон С.Нямбаяр, Д.Одонбаатар нарын нэр дээр шилжсэнийг ерөөсөө мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан. Харин сүүлд Ж.Туул шүүхэд нэхэмжлэл гаргасан үед бусад гэр бүлийн гишүүд мэдэж бие даасан шаардлага гаргасан юм. Иргэний хуулийн 128.3 дахь хэсэгт заасны дагуу гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөл аваагүй хэлцэл хүчин төгөлдөр буст тооцогдох бөгөөд 128.4 дэх хэсэгт заасны дагуу гэр бүлийн бусад гишүүд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй. Үүнтэй холбогдуулж Я.Адъяа нь Ж.Туул болон Сүхбаатар дүүргийн нотариатч Г.Аюурзана нарт холбогдуулж бие даасан шаардлага гаргасан бөгөөд шаардлагын утга нь : Сүхбаатар дүүргийн 9 хороо, 7 хороолол, 45 байрны 66 тоот хаягт байршилтай Ү-2203007337 бүртгэлийн дугаартай 36 м.кв 3 өрөө орон сууцыг Я.Адъяа, А.Сугар, А.Хонгорзул, Ж.Туул, Ц.Дуламсүрэн нараас Ж.Туулын нэр дээр шилжүүлсэн 2005 оны 02 сарын 07-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг Иргэний хуулийн 56.1.8, 128.2, 128.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр буст тооцож, үүнтэй холбогдуулан Ж.Туулын 2009 оны 5 сарын 01-ний өдөр нотариатчаар гэрчлүүлэн С.Нямбаяртай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, С.Нямбаярын Д.Одонбаатартай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчингүйд тооцож, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэсэн байсан. Гэтэл зөвхөн нэхэмжлэгч Ж.Туулын зөвшөөрлөөр гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, орон сууц хамтран өмчлөгч хасуулах 2005 оны 02 сарын 07-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах, үүний үндсэн дээр гэр бүлийн бусад гишүүдийн зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээх зэрэг чухал асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулж ойлгомжгүй үлдээж байна. Давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шийдвэрлэхдээ хариуцагч Д.Одонбаатар, С.Нямбаяр нарыг шударга өмчлөгч нар гэж үзээд харин Ж.Туулын нөхөр Я.Адъяа, хүү А.Сугар, охин А.Хонгорзул нарыг дараа дараагийн өмчлөгч нарын эрхийг зөрчих учиргүй гэсэн маш хатуу шийдвэр гаргасан. Гэтэл энэхүү маргаад байгаа орон сууц бол анхнаасаа гэр бүлийн 5 гишүүний нэр дээр хууль ёсоор бүртгэгдсэн эд хөрөнгө байсан бөгөөд С.Нямбаяраас Д.Одонбаатартай 2012 оны 07 сарын 04-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед уг орон сууцны нэг өрөөнд Ж.Туулын эд хогшил байсан болох, Ж.Туул нь С.Нямбаяраас зээл аваад эргүүлж зээлээ төлж чадахгүйн улмаас түүнд байраа шилжүүлсэн болохыг С.Нямбаяр нь Д.Одонбаатарт өөрөө хэлж байсан тухай баримтуудаас харахад Д.Одонбаатар нь шударга өмчлөгч эсэх нь эргэлзээтэй бөгөөд Д.Одонбаатараас С.Нямбаярт орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу 41.000.000 төгрөг төлсөн болох баримт хэрэгт байдаггүй. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 сарын 30-ны өдрийн 606 дугаар магадлал нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтуудад хуулийн зөв дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Туул нь хариуцагч С.Нямбаяр, Д.Одонбаатар, Ч.Гэрлээ нарт холбогдуулан Ж.Туул, С.Нямбаяр нарын хооронд байгуулагдсан 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ, С.Нямбаяр, Д.Одонбаатар нарын хооронд байгуулагдсан 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчингүйд тооцуулах, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 45 дугаар байрны 66 тоот орон сууцны өмчлөгч Ж.Туул мөн болохыг сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч С.Нямбаяр, Д.Одонбаатар нар эс зөвшөөрч,  Ч.Гэрлээ  нь энэ хэргийн хариуцагч биш, харин гэрч гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Я.Адъяа нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 45 дугаар байрны 66 тоот хаягт байршилтай Ү-2203007337 дугаар бүртгэлтэй, 36 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөс Я.Адъяа, А.Сугар, А.Хонгорзул, Ц.Дуламсүрэн нарыг хассан 2005 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болгуулж, орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоож, Ж.Туул, С.Нямбаяр нарын хооронд байгуулагдсан 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ, С.Нямбаяр, Д.Одонбаатар нарын хооронд байгуулагдсан 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчингүйд тооцож, гэр бүлийн гишүүдийн эрхийг сэргээлгэх тухай бие даасан шаардлага гаргаж оролцжээ.

Нэхэмжлэгч  Ж.Туул нь хариуцагч С.Нямбаяртай   2009 оны 05 сарын 01-ний өдөр өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 45 дугаар байрны 66 тоот хаягт байршилтай Ү-2203007337 дугаар бүртгэлтэй, 36 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг  худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тухайн өдөр 20.000.000 төгрөгийг С.Нямбаяраас хүлээн авч, мөн өдрөө  Ч.Гэрлээтэй  20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байна. Зээлийн гэрээний нэмэлт нөхцөлд зээлдэгч нь  “...Ж.Туулын С.Нямбаярт шилжүүлж байгаа орон сууцыг зээл дуустал түр хугацаагаар шилжүүлсэн бөгөөд Ч.Гэрлээ нь С.Нямбаярт зээл төлж дуусах хүртэл хугацаанд Ж.Туул нь үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан тул зээлийг төлж, С.Нямбаяраас Ж.Туулд орон сууцыг шилжүүлэн авч өгөх үүргийг гүйцэтгэнэ” гэж тохиролцож, талууд гарын үсэг зурсан ба гэрээний талаар зохигчид маргаагүй байна.

Түүнчлэн 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дээрх орон сууцыг С.Нямбаяр нь Ж.Туулд хөлслүүлэх гэрээг 05 сарын 04-ний өдөр хийсэн, харин 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр С.Нямбаяр нь уг орон сууцыг Д.Одонбаатарт 41.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар  Д.Отгонбаатар нь орон сууцны өмчлөгч болсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт  авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, Ж.Туул, С.Нямбаяр нарын хооронд хийгдсэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 45 дугаар байрны 66 тоот хаягт байршилтай Ү-2203007337 дугаар бүртгэлтэй, 36 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг  худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хуурамч хэлцэл гэж үзсэнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т нийцсэн гэж үзнэ. 

Ж.Туулын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан үнэлэхэд тэрээр 2009 оны 05 сарын 01-ний өдөр хийгдсэн гэрээгээр өөрийн орон сууцыг  С.Нямбаярт худалдах хүсэл зориг байгаагүй, найз Ч.Гэрлээд зээл авахад нь туслах зорилгоор дээрх гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж  үзнэ. Тухайлбал, гэрээний үнэ нь шүүхээс томилогдсон шинжээчийн гаргасан дүгнэлтээр тухайн үеийн орон сууцны үнэлгээнээс илтэд зөрүүтэй,  Ж.Туул нь С.Нямбаяртай гэрээ байгуулж, мөнгө авсан өдрөө  буюу 2009 оны 05 сарын 01-ний өдөр Ч.Гэрлээтэй байгуулсан 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээний нэмэлтэд зааснаар дээрх худалдах, худалдан авах гэрээний хүсэл зориг  үгүйсгэгдэж байна. Түүнчлэн 20 000 000 төгрөгөөр худалдсан байраа нэхэмжлэгч нь 7 сарын хугацаанд 8 400 000 төгрөгөөр хөлсөлж суухаар гэрээ байгуулсан ч энэ төлбөрийг хөлслөгч Ж.Туул төлж байсан тухай баримт хэрэгт авагдаагүй, Ж.Туул нь 2010 онд шинэ байранд орж нүүсэн, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр С.Нямбаяр нь уг орон сууцыг Д.Одонбаатарт 41.000.000 төгрөгөөр худалдах үед нэг өрөөнд нь Ж.Туулын эд хогшил байсан тул Д.Одонбаатар уг өрөөг суллуулахаар шүүхэд хандсанаар 2014 оны 01 сарын 14-ний өдөр өрөөг суллах шүүхийн шийдвэр гарсан, 20 000 000 төгрөгийн зээлийг Ж.Туулын нэрээр өөрөө авсан тухай хариуцагч Ч.Гэрлээгийн тайлбар, Ч.Гэрлээгээс С.Нямбаярт мөнгө төлж байсан төлбөрийн баримт зэргээс үзэхэд Ж.Туул, С.Нямбаяр нарын хооронд байгуулагдсан 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл, хэлцлийн үр дагавар хоёр нийцсэн байх хуулийн шаардлагыг зөрчөөгүй.

Харин С.Нямбаяр, Д.Одонбаатар нарын хооронд байгуулагдсан 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д нийцсэн байна. Хариуцагч Д.Одонбаатар нь маргаан бүхий  орон сууцыг худалдаж авахад улсын бүртгэлд С.Нямбаяр бүртгэлтэй, тэрээр орон сууцыг өөр этгээдийнх гэж мэдэх боломжгүй тул Д.Одонбаатарын С.Нямбаяртай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.  Өөрөөр хэлбэл,  Ж.Туул, С.Нямбаяр нарын хооронд хийгдсэн 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус болсон нь С.Нямбаяр, Д.Одонбаатар нарын хооронд хийгдсэн хэлцэлтэй шалтгаант нөхцлөөр холбогдохгүй байна.

            Хүчин төгөлдөр бус болсон хэлцлийн үр дагаврыг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ орон сууцыг буцаан өгөгдөх буюу орон сууц өмчлөх эрх сэргээн тогтоогдох  боломжгүй гэж үзээд,  орон  сууцны одоогийн үнэлгээг 60 700 000 төгрөг гэж шинжээчийн гаргаснаар тооцох нь зөв боловч Ж.Туулын авсан 20 000 000 төгрөгийг хасч тооцоогүй нь буруу байх тул шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагч С.Нямбаяраас 40 700 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д нийцнэ гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Нэхэмжлэгч Ж.Туулын өөрийн орон сууцтай холбогдон хийгдсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагад хариуцагч Ч.Гэрлээ  хамааралгүй байх тул анхан шатны шүүх Ч.Гэрлээд холбогдох шаардлага болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн Д.Одонбаатар, С.Нямбаяр нарт холбогдуулан гаргасан  Д.Одонбаатар, С.Нямбаяр нарын  байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтыг зөрчөөгүй байна.

            Гуравдагч этгээд Я.Адъяагийн Ж.Туулд  холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 45 дугаар байрны 66 тоот хаягт байршилтай Ү-2203007337 дугаар бүртгэлтэй, 36 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөс Я.Адъяа, А.Сугар, А.Хонгорзул, Ц.Дуламсүрэн нарыг хассан 2005 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болгуулж, орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоолгож, гэр бүлийн гишүүдийн эрхийг сэргээлгэх тухай” бие даасан шаардлагыг хариуцагч Ж.Туул зөвшөөрснийг шүүх баталсан нь үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэлтэй зөрчилдсөн, Ж.Туулын зөвшөөрөл хэрэгжих боломжгүй юм. Хэрэгт авагдсан баримтаар бие даасан шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй, Я.Адъяа нь шаардлагынхаа үндэслэлийг баримтаар нотлоогүй байх тул Ж.Туулд холбогдуулан гаргасан дээрх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 116 дугаар зүйлийн 116.2-т нийцнэ.

            Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй гэж буруутган, нэхэмжлэгч Ж.Туулын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулсан нь буруу болжээ.  

            Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхойлохдоо хэрэгт авагдсан баримтуудыг зохигчдын тайлбар, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, хэлцлээс бий болсон үр дагавар, үйл баримтыг цаг хугацааны дараалалд зөв  харьцуулан үнэлж чадаагүйгээс Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн    58.2.1-т заасан ноцтой төөрөгдлийн зохицуулалтыг маргаан бүхий хэлцэлтэй холбож  тайлбарласан нь буруу, энэ заалттай хамааралгүй 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтыг хамтатган хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгоно.

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 606 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01283 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...60.700.000 ...” гэснийг “... 40.700.000 ...” гэж, 2, 3 дахь заалтыг нэгтгэн “ ...С.Нямбаяр, Д.Одонбаатар нарын хооронд байгуулагдсан 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах, орон сууц өмчлөх эрх сэргээн тогтоолгохыг хүссэн болон Ч.Гэрлээд холбогдуулан гаргасан Ж.Туулын нэхэмжлэл, гуравдагч этгээд Я.Адъяагийн Ж.Туул болон С.Нямбаяр, Д.Одонбаатар нарт  холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 45 дугаар байрны 66 тоот хаягт байршилтай Ү-2203007337 бүртгэлийн дугаартай 36 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөс Я.Адъяа, А.Сугар, А.Хонгорзул, Ц.Дуламсүрэн нарын өмчлөгчийг хассан 2005 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болгуулж, орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоож, Ж.Туулын 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нотариатчаар гэрчлүүлэн С.Нямбаяртай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, С.Нямбаярын Д.Одонбаатартай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, орон сууц хөлслөх гэрээг тус тус хүчингүйд тооцож гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрхийг сэргээлгэх тухай” бие даасан шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан “ ...хариуцагч С.Нямбаяраас ...328.150....” гэснийг “ ...хариуцагч С.Нямбаяраас ...361.450...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ж.Туулын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 505.000 /таван зуун таван мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Х.СОНИНБАЯР

                                                ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН