Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-06-16
Дугаар 001/ХТ2016/00701
Хэргийн индекс 101/2016/00701/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашхүүгийн Цолмон
Нэхэмжлэгч Д.Дэлгэрнаран
Хариуцагч “Кредит банк” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Д.Дэлгэрнарангийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 7145 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 646 дугаар магадлалтай,

Д.Дэлгэрнарангийн нэхэмжлэлтэй,

           “Кредит банк” ХХК-д холбогдох           

            Эдийн бус гэм хорын хохиролд 62.640.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

 Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувдын  гаргасан тайлбарт: “Д.Дэлгэрнаран нь Кредит банкны БНСУ-ын Сөүл хот дахь салбарт 2002 оны 07 дугаар сарны 02-ны өдрөөс 2003 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах ажилтан, 2003 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үндсэн ажилтан, 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл салбарын эрхлэгчээр ажиллаж байсан. Дээрх ажилласан жилийг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 798 дугаар магадлалаар тогтоосон. БНСУ-ын Сөүлийн төв нутгийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр Д.Дэлгэрнаранд БНСУ-ын банкны хууль болон гадаад валютын арилжаа явуулах зөвшөөрөлгүйгээр Сөүл дэх салбарыг үүсгэн байгуулж, Солонгос дахь Монгол иргэдээс хадгаламж авах, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлж, банкны төв рүү болон Монгол дахь хэрэглэгчид 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл нийт 13 251 удаагийн үйлдлээр 18.808.361.782 воныг шилжүүлсэн, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан хугацаа нь хэтэрхий урт, мөнгөний хэмжээ нь их байгаагаас ял оноох шаардлагатай гэж 10 сарын хугацаагаар хорих ял оноосон. Кредит банкыг БНСУ-д банкны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй байсан талаар сүүлд БНСУ-ын хууль хяналтын байгууллагаас шалгалт хийхэд мэдсэн. Ийнхүү эрүүгийн хариуцлага хүлээж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахад ихээхэн бэрхшээл үүсч, хувь хүнийхээ хувьд хохирсон. Кредит банк Солонгос улсад банкны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байхдаа Сөүл хот дахь салбартаа хөдөлмөрийн харилцааны үндсэн дээр Д.Дэлгэрнаранг ажилд томилон ажиллуулж байсан буруутай үйлдлийн улмаас хуулийн байгууллагад баривчлагдан цагдан хоригдож, 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэнд Кредит банкны буруутай үйлдэл нөлөөлсөн тул хохирлоо шаардах эрхтэй юм. Д.Дэлгэрнарангийн халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн хохирлоо Кредит банкнаас гаргуулахаар шаардаж байна. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэсний дагуу тухайн үед нэг сарын 1 500 000 воны цалинтай байсан тул түүнийг үржүүлэн нийт 62 640 000 төгрөгийг Кредит банкнаас гаргуулж өгнө үү” гэжээ.

           Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Манай банкыг БНСУ-д салбар ажиллуулах зөвшөөрөл аваагүй байсныг мэдээгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт “Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно” гэсэн заалтыг үндэслэн Д.Дэлгэрнарангийн нэхэмжилсэн 62 640 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй” гэжээ.

           Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 7145 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Кредит банкнаас эдийн бус гэм хорын хохиролд 39 150 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Дэлгэрнаранд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 23 490 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 471 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Кредит банк” ХХК-иас 353 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Дэлгэрнаранд олгож шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 646 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 7145 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Кредит банк” ХХК-д холбогдуулан эдийн бус гэм хорын хохиролд 62 640 000 төгрөг гаргуулах тухай Д.Дэлгэрнарангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгч Тулин О.Д-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувдын хяналтын журмаар гаргасан гомдолд: “С.Эрдэнэсувд миний бие Д.Дэлгэрнарангийн нэхэмжлэлтэй “Кредит банк” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хурлаар Д.Дэлгэрнарангийн нэхэмжлэлтэй, Кредит банк ХХК-д холбогдох “Эдийн бус гэм хорын хохиролд 62 640 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцээд "... Д.Дэлгэрнарангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгч Тулин О.Д-гийн гаргасан гомдлыг хангасугай... ” шийдвэрлэсэн билээ. Тус шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 646 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: Болсон явдлын талаар: Д.Дэлгэрнаран нь 2002 Кредит банкны БНСУ-ын Сөүл хот дахь салбарт 2002 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2003 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах ажилтан, 2003 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үндсэн ажилтан, 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл салбарын эрхлэгчээр ажиллаж байсан. Дээрх Д.Дэлгэрнарангийн ажилласан жилийг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 798 дугаар магадлалаар тогтоосон байдаг. БНСУ-ын Сөүлийн төв нутгийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр Д.Дэлгэрнаранд "... энэхүү гэмт хэрэг нь БНСУ-ын банкны хууль болон гадаад валютын арилжаа явуулах бүртгэлийг албан ёсоор авалгүйгээр Монголд төв нь байрших банкны Сөүл дэх салбарыг үүсгэн байгуулж, Солонгос дахь Монголчуудаас хадгаламж авах, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлж банкны төв рүүгээ болон Монгол дахь хэрэглэгчид рүүгээ 2007 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл нийт 13.251 удаагийн 18.808.361.782,00 воныг шилжүүлсэн. Ийм маягаар албан ёсны зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан хугацаа нь хэтэрхий урт, мөнгөн дүнгийн хэмжээ нь их байгаагаас ял оноох шаардлагатай ...хэрэгтнийг 10 сарын хугацаагаар хорих ял оноож байна гэж ял оноосон. Энэ шүүхийн шийдвэр бол Д.Дэлгэрнаран нь Монгол Улсын Кредит банкны Сөүл дахь салбарт ажиллаж байсан, Кредит банк нь БНСУ-д зөвшөөрөлгүй банкны үйл ажиллагаа явуулсан гэдгийг нотолж өгсөн эрх зүйн акт юм. Тухайн үед банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан С.Дэмбэрэл, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Басбиш нар шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд тэр бээр ... банкны салбарыг зөвшөөрөлгүй нээн ажиллуулж байсан, салбарын зөвшөөрөл авахаар БНСУ-ын “Хан Мек” хууль зүйн товчоотой гэрээ байгуулан ажиллаж байсан ... зөвшөөрөл авч чадаагүй байтал БНСУ-ын хуулийн байгууллагад баригдан шалгагдаж, ажилчид ял авсан ...” гэж тухайн үед болсон нөхцөл байдлыг тодорхой тайлбарласан байгаа. Д.Дэлгэрнаран нь БНСУ-д суралцаж, Солонгос хэлний орчуулагч мэргэжил эзэмшсэн бөгөөд Кредит банкны салбарт ажиллаж байсныхаа төлөө БНСУ-ын Сөүл хотын шүүхээс банкны үйл ажиллагаа зөвшөөрөлгүй эрхэлсэн гэсэн хэрэгт 2007 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 10 сар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаатайгаар тэнссэн. Өмнө нь Д.Дэлгэрнаран нь ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж үзээгүй, гэтэл дээр дурдсан хэргээс болж Солонгос улсын хуулийн байгууллагад баривчлагдан, цагдан хоригдож, 2 жилийн тэнсэн харгалзах ял авсан нь эрх зүйн байдлыг дордуулсан юм. Ийнхүү Эрүүгийн хариуцлага хүлээж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахад ихээхэн бэрхшээл үүсч, хувь хүнийхээ хувьд томоохон хохирол амсаад байна. Гомдлын хуулийн үндэслэл: Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан “...зөрчигдсөн эрхийг сэргээх” зарчимд нийцэхгүй байгаа ба гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болох зохицуулалтыг хэрэглэлгүй, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй ...” гэж заасан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байдаг. Дээр дурдсанаар Кредит банк Солонгос улсад банкны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй байхдаа Сөүл хот дахь салбартаа хөдөлмөрийн харилцааны үндсэн дээр ажилчныг ажилд томилон ажиллуулж байсан буруутай үйлдлийнх нь улмаас Д.Дэлгэрнаран нь Солонгос улсын хуулийн байгууллагад баривчлагдан цагдан хоригдож, 2 жилийн тэнсэн харгалзах ял авч, Үндсэн Хуулиар олгогдсон халдашгүй чөлөөтэй эрхээ хязгаарлуулсан бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан бусдын эрхийг Кредит банкны буруутай үйлдлээс болж хохирч, эрхээ хязгаарлуулсан болохыг харуулж буй тул дээрх хуулийн заалтын дагуу Д.Дэлгэрнаран нь Кредит банкнаас хохирлоо шаардах эрхтэй юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “... Нэхэмжлэгчийн эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэх, шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлсон хуулийн хэм хэмжээ байхгүй нөхцөлд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзэв.” гэжээ. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ", 4.2-т “Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна” гэж тус тус заасан. Үүнээс үзвэл Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй ч гэсэн төсөөтэй харилцааг зохицуулсан хэм хэмжээ байж болно. Энэ тохиолдолд хуулийг төсөөтэй хэрэглэж болно. Тиймээс Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй",  230.2-т "Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан байх бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д "Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэх заалтыг төсөөтэй хэрэглэх замаар Д.Дэлгэрнарангийн “Нэр төр” гэдэг нь “нийгмийн зүгээс бодгальд өгсөн ёс суртахууны үнэлэлт, түүнчлэн хүн өөрөө өөрийгөө үнэлсэн үнэлгээг тэмдэглэсэн ухагдахуун, нэр төр нь хүний төрснөөс хамааралтай бөгөөд бусдад шилжүүлж ба дамжуулж болдоггүй эдийн бус баялгийн нэг, ингэхээр нэр төр хэмээх ойлголт нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ гэж ойлгох” бөгөөд Д.Дэлгэрнаран нь БНСУ-ын шүүхээс ял шийтгүүлж, ялтай байдалтай болсон нь энэхүү эерэг үнэлгээг бууруулах үндэслэл болох бөгөөд энэхүү буурсны улмаас түүний нэр төрд гэм хор учирч, халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн хохирлоо Кредит банкнаас гаргуулах, шаардах эрхтэй болно. Мөн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно" гэж заасны дагуу Д.Дэлгэрнаранд учруулсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг Кредит банкнаас шаардаж байгаа билээ. Тухайн үед халдашгүй чөлөөтэй байх эрх нь хязгаарлагдаж, нэхэмжлэгч туйлын их хохирол амссан нь одоогийн нөхцөл байдлаас үнэлж үзвэл угаас сэргээх боломжгүй зөрчигдсөн эрх байх тул мөнгөөр төлөхийг шаардсан болно. Иймээс Иргэний хуулийн “зөрчигдсөн эрхийг сэргээлгэх” зарчмыг баримтлан Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дэх хэсэгт “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж заасан. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь зөрчигдсөн эрхийг сэргээх үндсэн зарчим, хуулийн заалтыг үл баримтлан Д.Дэлгэрнарангийн зөрчигдсөн эрхийг сэргээлгүй, хуулийн хэм хэмжээ байхгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн хариуцагчийн давж заалдах гомдлыг авч, давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн талаар: Нэхэмжлэгч Д.Дэлгэрнаран нь анхан шатны шүүхэд 62 640 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гарган шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын 39 150 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Харин хариуцагч Кредит банк нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Ингэхдээ улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн байдаг. Гэтэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн үнийн дүн нь тодорхой нэхэмжлэлийн шаардлага анхан шатны шүүхэд гаргаж үүнийхээ дагуу Д.Дэлгэрнаран нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрт мөн хариуцагчаас үнийн дүн нь тодорхой шийдвэр гарсан байгаа. Гэтэл давж заалдах гомдол гаргахдаа үнийн дүн тодорхойгүй гэж үзэн улсын тэмдэгтийн хураамжаа төлсөн байгаа, үүнийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэж байгаа Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх процессын алдаа гаргасан гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хуулийг буруу хэрэглэж, процессын алдаа гаргасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Д.Дэлгэрнарангийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Д.Дэлгэрнаран нь хариуцагч “Кредит банк” ХХК-д холбогдуулан “БНСУ-ын Сөүл хотод хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан тус банкны салбарт ажиллаж байгаад хувийн дансаараа мөнгө гуйвуулсан хэрэгт БНСУ-ын шүүхээс 10 сар хорих ял оноосныг 2 жилээр тэнсэн харгалзсан. Банкнаас авч байсан цалингийн хэмжээгээр дээрх хорих ялыг тэнсэн харгалзсан хугацаагаар тооцож, өөрийн нэр төр, сэтгэл санаа, халдашгүй байдалд гэм хор учирсан буюу эдийн бус гэм хорын хохирол гэж 62.640.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэсэн шаардлага гаргажээ.

Хариуцагч “Кредит банк” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, банкыг БНСУ-д салбар ажиллуулах зөвшөөрөл аваагүй байсныг мэдээгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт зааснаар банк хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.Дэлгэрнаран нь 2002 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Кредит банк” ХХК-ийн харьяа БНСУ-ын Сөүл хот дахь салбарт туслах ажилтан, салбарын эрхлэгчээр ажиллаж байсан болохоо онцгой ажиллагааны журмаар шүүхээр тогтоолгосон. /xx-6-8/

Нэхэмжлэгчийг тус банкны салбарт ажиллаж байх хугацаанд банк нь БНСУ-д банкны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан, Д.Дэлгэрнаран нь өөрийн нэрийн дансаар монгол иргэдээс хадгаламж цуглуулан Кредит банкны төв рүү шилжүүлэн банкны үйл ажиллагаа явуулж байсан  үндэслэлээр 2008 оны 07 сарын 22-ны өдрийн Сөүл төв нутгийн шүүхийн шийдвэрээр 10 сар хорих ял оноож, ялыг 2 жилээр тэнсэн харгалзахаар шийдвэрлэсэн үйл баримтын тухайд талууд маргаагүй байна.

Анхан шатны шүүх “...Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийг төсөөтэй хэрэглэх замаар нэхэмжлэгчийн БНСУ-д гэмт хэрэгт шалгагдаж эхэлсэн өдрөөс хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн өдрийг хүртэл хугацааг, түүний авч байсан сарын цалингаар тооцож 39 150 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй” гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэлийн шаардлагаас 39 150 000 төгрөгийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж болохгүй буюу нэхэмжлэлийн шаардлагад энэ хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгийг төсөөтэй хэрэглэх нь хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т нийцээгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын шаардах эрхийн үндэслэл нь Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэх нөхцөлд хамаарахгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 646 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.           

 2. Нэхэмжлэгч Д.Дэлгэрнаран хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 353.700 /гурван зуун тавин гурван мянга долоон зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                           ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН