image1 image2 image3 image4 image5

Шүүгчийн тангараг

Шүүгч томилогдсон өдрөөсөө хойш 30 хоногийн дотор хамт олон болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийн өмнө “Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ.” гэж Төрийн сүлдэнд тангараг өргөнө


Үзэж буй хуудас: УДШ ШҮҮХИЙН ТУХАЙ

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ШҮҮГЧИЙН ТУСГАЙ САНАЛ

ШҮҮХИЙН ТУХАЙ PDF Хэвлэх И-мэйл
2012 оны 5-р сарын 30, Лхагва гариг, 06:39

suld
МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ

2012 оны 03 сарын 07 өдөр                                Төрийн ордон,   Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг  зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Шүүхийн тухай хууль тогтоомж

2.1.Шүүхийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“шүүх” гэж Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд  заасны дагуу байгуулагдан  хэрэг,  маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх  шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг;

3.1.2.“дагнасан шүүх”  гэж  эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулагдсан шүүхийг.

4 дүгээр зүйл.Шүүхийн эрхэм зорилго

4.1. Шүүх нь дараах эрхэм зорилготой:

4.1.1.хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох;
4.1.2.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг хамгаалах;

4.1.3.хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх;
4.1.4.хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх.

4.2.Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож болохгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРЧИМ

5 дугаар зүйл.Шүүхийн тогтолцооны нэгдмэл байдал

5.1.Шүүхийн тогтолцоо нь нэгдмэл байх бөгөөд шүүх зохион байгуулалтын хувьд бие даасан байна.

5.2.Шүүхийн тогтолцоо, зохион байгуулалтыг Монгол Улсын Үндсэн хууль /цаашид “Үндсэн хууль” гэх/ болон энэ хуулиар тогтоох замаар шүүхийн тогтолцооны нэгдмэл байдлыг хангана.

5.3.Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ.

5.4.Аливаа шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.

6 дугаар зүйл.Шүүхийн бие даасан байдал

6.1.Шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас бие даасан байх бөгөөд шүүх эрх мэдлийг аливаа байгууллага, этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ.

6.2.Шүүхийн бие даасан байдлын зарчмыг алдагдуулсан, дордуулсан  хууль тогтоомж болон захиргааны акт гаргахыг хориглоно.

6.3.Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, энэхүү ажиллагаатай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглоно.

6.4.Шүүх бие даасан төсөвтэй байх бөгөөд шүүхээс үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангана.

6.5.Шүүх  өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг  хуулиар зохицуулна.

6.6.Шүүх нь шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий  шүүхийн ажилтантай байх бөгөөд шүүхийн ажилтны эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.

6.7.Бүх шатны шүүхийн шүүгчийн орон тоо хүрэлцэхүйц хэмжээнд байна.

6.8.Шүүх соёмбо, өөрийн нэр (дугаар) бүхий тамга, тогтоосон загвараар үйлдсэн тэмдэгтэй байна.

6.9.Шүүх  албан бичгийн болон шүүхийн шийдвэрийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд албан хэрэг хөтлөх  журамтай байна.

7  дугаар зүйл.Шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах

7.1.Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.

7.2.Шүүхээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон харилцааг гагцхүү хуулиар зохицуулна.

7.3.Шүүх хүчин төгөлдөр болсон, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.

7.4.Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж шүүх үзвэл тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, уг хууль, Монгол Улсын олон улсын гэрээний талаарх саналаа Улсын дээд шүүхэд гаргана.

7.5.Улсын дээд шүүх энэ хуулийн 7.4-т заасан саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана.

8 дугаар зүйл.Шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх

8.1.Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байна.

8.2.Шүүх хуралдааныг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нээлттэй явуулна.

8.3.Шүүх хуралдааныг нээлттэй явуулах нөхцөл, шаардлагыг хангасан шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт, стандартыг  Шүүхийн ерөнхий зөвлөл баталж, мөрдүүлнэ.

8.4.Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ ил тод байдал, шудрага ёс, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулах бөгөөд иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.

8.5.Шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж архивт хадгална.

8.6.Шүүх бүр өөрийн цахим хуудастай байж, шийдвэр, үйл ажиллагаагаа нийтэд тогтмол мэдээлж байна.

8.7.Шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн тухай төр, хувь хүн, хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан нууцад хамаарахгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж байна.

9 дүгээр зүйл.Мэтгэлцэх зарчим

9.1.Шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна.

9.2.Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно.

9.3.Шүүх хуралдааны үеэр мэтгэлцэх журмыг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх холбогдох хуулиар зохицуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ

10 дугаар зүйл. Шүүхийн  тогтолцоо

10.1.Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх /хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрдэнэ.

10.2.Улсын дээд шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулна.

11 дүгээр зүйл.Шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах

11.1.Монгол Улсад шүүхийг Үндсэн хууль болон энэ хуульд заасан журмын дагуу зөвхөн хуулиар байгуулж, өөрчлөн байгуулж, татан буулгана.

11.2.Улсын дээд шүүхийг Үндсэн хуульд заасан журмын дагуу байгуулна. 

11.3.Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл Засгийн газартай зөвшилцөн  санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид “Ерөнхийлөгч” гэх/ Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

12 дугаар зүйл.Шүүхийн бүрэлдэхүүн

12.1.Бүх шатны шүүх нь Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.

12.2.Шүүхийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч тэргүүлнэ.

12.3.Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.

12.4.Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн болон Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч гурван жилийн хугацаагаар томилж, тухайн шүүхэд нэг удаа улируулан томилж болно.

12.5.Ерөнхий шүүгч, танхимын тэргүүний тусгайлсан бүрэн эрхийг энэ хуулиар, шүүгчийн нийтлэг бүрэн эрхийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхтэй  холбогдсон тодорхой бүрэн эрхийг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх холбогдох хуулиар тус тус зохицуулна.

12.6.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд түүнийг тухайн шүүхэд хамгийн олон жил шүүгчээр ажиллаж байгаа танхимын тэргүүн, бусад шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд түүнийг тухайн шүүхэд хамгийн олон жил шүүгчээр ажиллаж байгаа шүүгч тус тус орлоно.

13 дугаар зүйл.Ерөнхий шүүгчийн бүрэн эрх

13.1.Ерөнхий шүүгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.1.1.тухайн шүүхийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
13.1.2.энэ хуулийн 25.1-д заасан шүүгчдийн зөвлөгөөнийг товлон зарлах, хуралдуулах, удирдах, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

13.1.3.шүүх хуралдааныг даргалах, шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах;

13.1.4.иргэдийг хүлээн авах ажлыг хуулийн дагуу зохион байгуулах;

13.1.5.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах.

13.2.Ерөнхий шүүгч эрх хэмжээнийхээ асуудлаар захирамж гаргана.


14 дүгээр зүйл.Танхимын тэргүүний бүрэн эрх

14.1.Танхимын тэргүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.1.1.танхимыг тэргүүлж, танхимын шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажлыг удирдан зохицуулах;

14.1.2.танхимын эрхэлсэн шүүн таслах ажлын төрлөөр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;

14.1.3.хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааныг даргалах;
14.1.4. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.2-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

14.2.Танхимын тэргүүн эрх хэмжээнийхээ асуудлаар захирамж гаргана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ

15 дугаар зүйл.Улсын дээд шүүх

15.1.Улсын дээд шүүх нь Монгол Улсын шүүхийн дээд байгууллага  бөгөөд хяналтын шатны шүүх мөн.

15.2.Улсын дээд шүүх нь шүүн таслах ажлын төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх иргэн, эрүү, захиргааны хэргийн дагнасан танхимтай байна.

16 дугаар зүйл.Улсын дээд шүүхийн бүрэлдэхүүн

16.1.Улсын дээд шүүх нь Ерөнхий шүүгч, хорин дөрвөөс доошгүй шүүгчээс бүрдэнэ.

16.2.Улсын дээд шүүхийн шүүгч энэ хуулийн 15.2-т заасан танхимын аль нэгд харьяалагдах бөгөөд түүнийг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх өөр танхимын шүүн таслах ажиллагаанд оролцуулахыг хориглоно.

17 дугаар зүйл.Улсын дээд шүүхийн бүрэн эрх

17.1.Улсын дээд шүүх нь давж заалдах шатны шүүхийн иргэн, эрүү, захиргааны хэргийн магадлалтай холбогдуулан гаргасан эрх зүйн маргааныг талуудын гомдол, Улсын ерөнхий прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр хяналтын журмаар хянан шийдвэрлэнэ.

17.2.Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна.

17.3.Улсын дээд шүүх энэ хуулийн 17.1-д заасан бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.3.1.Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх;

17.3.2.шүүхийн шийдвэр, практикт үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа  хууль санаачлагчид уламжлах;

17.3.3.шүүхийн танхимыг энэ хуулийн 19.3-т заасны дагуу  байгуулах;
17.3.4.хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх;

17.3.5.энэ хуулийн 7.4-т заасан саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах;

17.3.6.хуульд заасан бусад бүрэн эрх.

18 дугаар зүйл.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн  бүрэн эрх

18.1.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч  нь энэ хуулийн 13.1-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.1.1.танхимын тэргүүний ажлыг удирдан зохицуулах;
18.1.2.хэргийн харьяаллын талаар шүүх болон танхим хооронд гарсан маргааныг шийдвэрлэх;

18.1.3.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.2-т  заасан бүрэн эрх;

18.2.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь Улсын дээд шүүхийн шүүн таслах ажиллагаанд танхим харгалзахгүй оролцоно.

ТАВДУГААР БҮЛЭГ
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

19 дүгээр зүйл.Давж заалдах шатны шүүх

19.1.Давж заалдах шатны шүүхийг шүүн таслах ажлын төрлөөс хамааран  дор дурдсанаар дагнан байгуулна:

19.1.1.аймаг, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх;

19.1.2.аймаг, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх;

19.1.3.захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх.

19.2.Давж заалдах шатны шүүх  “аймаг, нийслэлийн давж заалдах шатны... дугаар/дүгээр шүүх” гэсэн улсын хэмжээний нэгдсэн дэс дугаартай байх  бөгөөд энэ нь түүний албан ёсны нэр, хаяг болно.

19.3.Давж заалдах шатны шүүх  энэ хуулийн 22.3-т заасан танхимтай байж болно.

20 дугаар зүйл.Давж заалдах шатны шүүхийн бүрэн эрх

20.1.Давж заалдах шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

20.1.1.анхан шатны шүүхийн шийдвэрийг талуудын гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр давж заалдах журмаар хянан шийдвэрлэх;

20.1.2.хуулиар тусгайлан харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

20.1.3.давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны шүүхийн практикт үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа Улсын дээд шүүхэд уламжлах;

20.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

21 дүгээр зүйл.Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн
бүрэн эрх

21.1.Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч энэ хуулийн 13.1-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.1.1.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.2-т заасан бүрэн эрх;

21.1.2. энэ хуулийн 20.1.1-д заасны дагуу хэрэг, маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, томилсон шийдвэрийг албажуулах;

21.1.3. шүүн таслах ажлын чиглэлээр тодорхой  хэргийн харьяаллын талаар анхан шатны шүүхийн хооронд гарсан маргааныг хянаж  зохих харьяаллыг тогтоох;
21.1.4. хуульд заасан бусад бүрэн эрх.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
АНХАН ШАТНЫ ШҮҮХ

22 дугаар зүйл.Анхан шатны шүүх

22.1.Анхан шатны шүүхийн тогтолцоо нь дараах бүтэцтэй байна:

22.1.1.дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх;
22.1.2.дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
22.1.3.захиргааны хэргийн анхан шатны шүүх;
22.1.4.сум буюу сум дундын шүүх.

22.2.Сум буюу сум дундын шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно.

22.3.Анхан шатны шүүх тодорхой хэрэг, маргааны төрлөөр насанд хүрээгүй хүмүүсийн хэргийн, гэр бүлийн, хөдөлмөрийн маргааны зэрэг танхимтай байж болно.

22.4.Энэ хуулийн 22.3-т заасан танхимыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор Улсын дээд шүүх тухайн шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөн байгуулна.

22.5.Анхан шатны шүүх “анхан шатны... дугаар/дүгээр шүүх” гэсэн улсын хэмжээний нэгдсэн дэс дугаартай байх  бөгөөд энэ нь түүний албан ёсны нэр, хаяг болно.

22.6.Анхан шатны шүүх нь шүүн таслах ажлыг иргэдэд ойртуулах зорилгоор нүүдэллэн ажиллаж болох бөгөөд ийнхүү ажиллах нийтлэг журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална.

23 дугаар зүйл.Анхан шатны шүүхийн бүрэн эрх

23.1.Анхан шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

23.1.1.хуулиар харьяалуулсан эрүүгийн болон  захиргааны хэрэг, эрх зүйн  маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

23.1.2.анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны практикт үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа Улсын дээд шүүхэд уламжлах;

23.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.

24 дүгээр зүйл.Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн
бүрэн эрх

24.1.Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь энэ хуулийн 13.1-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

24.1.1.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.2-т заасан бүрэн эрх;

24.1.2.энэ хуулийн 20.1.2-т заасны дагуу хэрэг, маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, томилсон шийдвэрийг албажуулах;

24.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.

25 дугаар зүйл.Шүүгчдийн зөвлөгөөн

25.1.Шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн шүүгчдийн зөвлөгөөн ажиллана.

25.2.Шүүгчдийн зөвлөгөөн нь тогтмол хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

25.2.1.тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс бусад  шүүхийн дотоод ажлын зохион байгуулалт, журмыг шүүхийн тамгын газартай хамтран тогтоох;

25.2.2.шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох;

25.2.3.хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгчийг болон шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх хэрэгт оролцох шүүгчийг томилох дарааллыг тогтоох;

25.2.4.шүүгчийн мэргэжлийг дээшлүүлэх саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжлах;

25.2.5.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх;
25.2.6.тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх;
25.2.7.Шүүхийн ёс зүйн  хорооны гишүүнд нэр дэвшүүлэх;
25.2.8. хуульд заасан бусад бүрэн эрх.

25.3.Шүүгчдийн зөвлөгөөнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч товлон зарлаж, удирдан явуулах бөгөөд тухайн шүүхийн шүүгчдийн олонхын саналаар шүүгчдийн ээлжит бус зөвлөгөөнийг зарлан хуралдуулж болно.

25.4.Шүүгчдийн зөвлөгөөн хуралдааныхаа дэгийг өөрөө тогтооно.

25.5.Шүүгчдийн зөвлөгөөн энэ хуулийн 25.2-т заасан асуудлыг тухайн зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд уг тогтоолын биелэлтийг Ерөнхий шүүгч зохион байгуулна.

ДОЛДУГААР БҮЛЭГ
ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БАТАЛГАА

26 дугаар зүйл.Шүүхийн бие даасан байдлыг хангах баталгаа

26.1.Шүүхийн бие даасан байдлыг хангах улс төр,  хууль зүй, эдийн засгийн болон бусад баталгаа, нөхцөлийг төрөөс хангана.

27 дугаар зүйл.Шүүхийн улс төр, хууль зүйн баталгаа

27.1.Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, хуулийн этгээд, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ  хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно.

27.2.Шүүгч, шүүх бүрэлдэхүүний хэрэг, маргаан шийдвэрлэхдээ гаргасан алдааны улмаас бусдад учирсан хохирлыг төр хариуцаж, улсын төсвөөс нөхөн төлнө.

27.3.Шүүхийг үл хүндэтгэсэн, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан, шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шийдвэр гүйцэтгэгчийг гүтгэсэн гэм буруутай этгээдэд  хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэж, зөрчигдсөн эрх, нэр төрийг нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу сэргээнэ.

27.4.Шүүгч болон шүүхээс шүүн таслах  ажиллагааг хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэгтэй шүүхийн ажилтан нь улс төрийн нам, хөдөлгөөний гишүүн байхыг хориглоно.

28 дугаар зүйл.Шүүхийн эдийн засгийн баталгаа

28.1.Бүх шатны шүүхийн шүүгчийн орон тоо нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд хүрэлцээтэй байна. 
28.2.Шүүх  бие даасан төсөвтэй байх бөгөөд Монгол Улсын шүүхийн төсөв нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.

28.3.Шүүхийн төсөв Улсын дээд шүүхийн, аймаг, нийслэлийн шүүхийн, дагнасан шүүхийн болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвөөс тус тус бүрдэнэ.

28.4.Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Улсын Их Хуралд шууд өргөн мэдүүлнэ.

28.5.Шүүхийн үйл ажиллагааны төсвийг өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно.

28.6.Шүүх нь гадаад, дотоодын хувь хүн, хуулийн этгээдээс аливаа хэлбэрээр хандив, санхүүгийн туслалцаа авахыг хориглох бөгөөд үүнд Монгол Улсын олон улсын гэрээгээр нийлүүлэх эд хөрөнгө,  зээл, тусламж, олон улсын болон хүмүүнлэгийн тусламжийн төсөл, хөтөлбөр хамаарахгүй.

29 дүгээр зүйл.Шүүхийн  зохион байгуулалтын баталгаа

29.1.Шүүх  өөрийн байртай байна.

29.2.Нүүдэллэн ажиллаж байгаагаас бусад тохиолдолд шүүх хуралдааныг зөвхөн шүүх хуралдааны танхимд хийнэ.

29.3.Шүүх, шүүгч нь үйл ажиллагаагаа хараат бусаар явуулахад шаардагдах байнгын болон нүүдэллэн ажиллах байр, иргэдийг хүлээн авах болон шүүх хуралдааны танхим, тээвэр, холбоо,  мэдээллийн болон тусгай зориулалтын техник хэрэгсэл, тавилга, тоног төхөөрөмж, хамгаалалтаар хангагдсан байх бөгөөд тэдгээрийн стандарт, нөхцөлийг Шүүхийн ерөнхий зөвлөл тогтооно.

29.4.Шүүхийн байранд шүүн таслах ажиллагаанаас өөр үйл ажиллагаа  явуулахыг хориглоно.

30 дугаар зүйл.Шүүхийн аюулгүй байдлын баталгаа

30.1.Шүүхийн байр төрийн  хамгаалалтад байна.
30.2.Шүүх хуралдааны дэгийг сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудлагаар ирээгүй шүүгдэгч, гэрч, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлах үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.
30.3.Энэ хуулийн 30.2-т заасан үүргийг гүйцэтгэх журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл  хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.

НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

31 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр

31.1.Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана.

31.2.Шүүхийн шийдвэрийг бичих аргачлал, журмыг Улсын дээд шүүх тогтооно.

31.3.Шүүх захиргааны зөрчил, хэрэг, маргааныг хянан хэлэлцээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

31.3.1.анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр;

31.3.2.давж заалдах шатны шүүх магадлал;
31.3.3.хяналтын шатны шүүх тогтоол.

31.4.Энэ хуулийн 31.3-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.

31.5.Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргах ба цөөнх болсон шүүгч тусгай саналаа, хэрэв хэд хэдэн шүүгч тусгай саналтай бол тэдгээрийг нэгтгэж шүүхийн шийдвэрт хавсаргана.

31.6. Хяналтын шатны шүүх шийдвэрээ энэ хуулийн 31.5-д  заасан тусгай саналын хамт, бусад шүүх шийдвэрээ өөрийн цахим хуудсанд байрлуулж, хэвлэн нийтэлнэ.

32 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
32.1.Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх  үүрэгтэй.

32.2.Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

32.3.Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

32.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

33 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

33.1.Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ