Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-03-09
Тогтоолын дугаар 132
Хэргийн индекс 165/2019/0072/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Болдын Амарбаясгалан
Шүүгдэгч Р.В, А.Э, П.Б
Зүйл заалт 28.3.1., 10.6.
Улсын яллагч Д.Дамдинсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

А.Э, Р.В, П.Б

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч А.Э-ын өмгөөлөгч Э.Нарангарав, Н.Мандах, шүүгдэгч Р.Вгийн өмгөөлөгч Ж.Чимэг, Ц.Жавхлантөгс, шүүгдэгч П.Б, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 83 дугаар шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар магадлалтай, А.Э, Р.В, П.Б нарт холбогдох 1919000490019 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Р.Вгийн өмгөөлөгч Ж.Чимэг, Ц.Жавхлантөгс, шүүгдэгч А.Э-ын өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, хуягт танкийн албаны офицер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт А.Э,

Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, тусгай дунд боловсролтой, танкийн механик мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Д овогт Р.В нь “Бүлэглэн цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн”, мөн “Бүлэглэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, Артиллерийн командын офицер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт П.Б нь “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх   “... шүүгдэгч А.Э-ыг бүлэглэн цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн бүлэглэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Р.В-г бүлэглэн цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн бүлэглэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч П.Б-г цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч А.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Р.В-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж шүүгдэгч А.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж шүүгдэгч Р.В-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э, Р.В, П.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э, Р.В нарын цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэсэн байна.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх   “... Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01 -ны өдрийн 2019/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “... шүүгдэгч тус бүрийн “... зодсон” гэсний ард бичигдсэн “хүч хэрэглэсэн” гэснийг тус тус хасч, шүүгдэгч А.Э, Р.В нарын тус бүрийн “хүний амь насыг хохироосон “ гэснийг “хүний амь насыг болгоомжгүй хохироосон” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын шүүгдэгч А.Э, Р.В нарт Эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7-р зүйлийн1 дэх хэсгийг журамлан” гэснийг заалт тус бүрээс нь тус тус хасч, шүүгдэгч А.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан “4, жил” гэснийг “2 жил” гэж, шүүгдэгч Р.Вд мөн зүйл, хэсгээр оногдуулсан “4 жил” гэснийг “2 жил 06 сар” гэж,

Шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар” гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай ” гэж,

Тогтоох хэсгийн 3 дугаар заалтын ... “шүүгдэгч А.Э-т холбогдох хэсгийн “4 жил гэснийг "2 жил”, ... “5 жил” гэснийг “3 жил” гэж, Р.В-д холбогдох хэсгийн ... “4 жил “гэснийг “2 жил 06 сар”, ... ”5 жил” гэснийг “3 жил 06 сар” гэж,

Тогтоох хэсгийн 4 дүгээр заалтын ... шүүгдэгч А.Э-т оногдуулсан “5 жил” гэснийг “З жил”, Р.В-д оногдуулсан “5 жил” гэснийг “3 жил 06 сар” гэж,” шүүгдэгч П.Б-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг" гэснийг хасч ,

Тогтоох хэсгийн 9 дүгээр заалтын ... “П.Б” гэснийг хасч тус тус өөрчлөлт оруулж,

Тогтоох хэсгийн 10 заалт болгон “ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, албадлагын арга хэмжээ авсугай” гэсэн,

Тогтоох хэсгийн 11 дүгээр заалт болгон “ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан П.Б-д хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэсэн заалтуудыг тус тус нэмж, тогтоох хэсгийн 10 дугаар заалтыг 12, 11 дүгээр заалтыг 13 болгон дугаарлаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Р.В-гийн өмгөөлөгч Ж.Чимэг,  Ц.Жавхлантөгс гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Р.В нь Дорноговь аймгийн Сайншанд сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус ангид хугацаат цэргийн алба хааж байсан захирагдагч, байлдагч Б.А, Б.С нартай цэргийн дүрмийн бус байдлаар харьцан, зодож хүч хэрэглэн, А.Э-тай бүлэглэн захирагдагч, байлдагч Б.А, Н.Б, Б.Т, С.О, И.Б, Б.Т, Б.С, Ч.Б, Г.Б, Б.Б, Б.О, Ө.Ж, И.Г, К.К, Э.Б, Ч.Б, Ч.Т нартай цэргийн дүрмийн бус байдлаар харьцан, гар утас хэрэглэсэн гэх шалтгаанаар хөнжил, пүүгээг үүрүүлэн гүйлгэж, галуун цуваагаар алхуулсан, мөн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, хугацаат цэргийн алба хаагч нарт гүйлгэх дүрмийн бус шийтгэл оногдуулсны улмаас байлдагч Б.А-н амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогдсон хэмээн прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Миний үйлчлүүлэгч Р.В анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш талаар маргаснаас гадна хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий тогтоох агуулгатай гомдол гаргасан боловч хоёр шатны шүүх хүлээж аваагүй болно.

Нэгэнт хоёр шатны шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоосон нөхцөл байдалд дүгнэлт хийж, Р.В нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа өмгөөлөгчөөр дамжуулан хяналтын шүүхэд уламжилж байна.

Мөн анхан болон давж заалдах шат шүүх хэргийг шийдвэрлэхдээ Р.В-г бусдад төлөх төлбөргүй болохыг шийдвэртээ тусгаагүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлд зааснаар хорих ялын хугацаанаас нь өмнөх суллагдах боломжгүй байдлаар бичигдсэн байна. Мөн Р.В нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Миний үйчлүүлэгч Р.В нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэмт хэрэгт шалгагдаж эхэлсэн бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар татагдаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул тус зүйл ангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж болно. Иймд хохирогчоос хяналтын шатны шүүхэд тайлбарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Э-ын өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал ойлгомжгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа хэт нэг талыг барьсан, тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

А.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан цэргийн албан хаагч нарыг хөнжил пүүгээг үүрүүлэн, галуун цуваагаар алхуулсан гэм буруутай, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гүйлгэх дүрмийн бус шийтгэл оногдуулсны улмаас байлдагч Б.А-н амь насыг болгоомжгүй хохироосон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүхээс үндэслэлтэй гэж үзсэн нь учир дутагдалтай болсныг дээд шатны шүүх эрүүгийн хэргийг хэргийн оролцогчдын гомдлоор хэлэлцэхдээ бүрэн гүйцэд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Бүлэглэн үйлдэх гэмт хэрэгт санаатай хамтарсан байх, бүх оролцогчид гэмт хэргийг бусадтай хамтран үйлдэж буй гэдгээ мэдсэн байхыг шаарддаг ойлголтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй үйлдэгдэх гэмт хэрэгт бүлэглэн гэж давхар зүйлчилж хэргийг шийдвэрлэж байгаа нь шийтгэх тогтоол, магадлал үндэслэл бүхий болж чадаагүйг харуулахын сацуу бүлэглэн гүйцэтгэсэн гэх гэмт хэргийн гүйцэтгэгчдийн үйлдлүүдийг нэгтгэн зүйлчилсэн гэсэн атлаа гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн оролцоог тодорхой зааглаагүй нь ойлгомжгүй болсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-т заасан “... Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” зохицуулалтаар захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн байх материаллаг хохирол шаарддаг гэмт хэргийн ойлголтыг С.О-г зодсон гэх А.Э-ын үйлдэлд нэмж уг зүйлчлэлд хамаатай байдлаар цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж нэр бүхий 17 цэрэгтэй харьцсан гэх агуулгаар зүйлчилж байгаа нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэх зохицуулалтыг зөрчсөн төдийгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэр бүхий 16 байлдагчийг хүчээр шууд хохирогчоор тогтоон, биед нь үзлэг хийсэн, хохирогчоор тогтоогдсон гэх нэр бүхий 16 байлдагч нар нь хохирол нэхэмжлэх зүйлгүй, хохирогч гэж өөрсдийгөө үзэхгүй, гэрчийн байр суурьнаас хандаж мэдүүлгүүдээ өгсөн нь байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-т “... Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” заасантай нийцэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Гурван удаагийн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийг гадны нөлөөгүй, зүрхний хурц дутагдалд орсны улмаас нас барсан гэдгийг тогтоосон. Гэтэл А.Э нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Мотобуудлагын батальоны танкийн ротын механик, жолоочоор ажиллаж байсан Р.Вд зөвхөн цэргүүдийг гүйлгэх үүрэг өгсөн боловч гүйлгээд, галуун цуваагаар алхуулж өгсөн үүргийг зөрчсөн. Хэрэв дээд албан тушаалтны зөрчиж өгсөн үүргийг гүйцэтгэсэн гэж үзвэл таслан зогсоож, дараагийн шатны албан тушаалтанд мэдэгдэх боломжтой байсан талаар ангийн дарга мэдүүлсэн. Мөн гүйцэтгэгч тус бүрийн оролцоог тодорхой зааж өгөөгүй. А.Э-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дахь хэсэгт заасан үйлдлийг хүлээн зөвшөөрсөн, мэдүүлгээ үнэн зөв өгсөн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасан “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” заалтыг зөрчсөн, гэмт хэрэгт урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй тухай тодорхойлолт, хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, А.Э-ын хувийн байдлын талаарх гэрчийн мэдүүлэг, гэр бүлийн байдал, цэргийн алба хааж буй тухай ажлын газрын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор хэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг шүүх хэрэглэх боломжгүй байдлаар дүгнэлт хийсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж ял оногдуулсан гэж үзэхээр байна.

Дорноговь аймгийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн яллах дүгнэлтэд хохирол, төлбөр нэхэмжилсэн зүйлгүй гэж дурдсан байдаг. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа хохирогч хохирол нэхэмжилсэн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хохирол төлөгдөөгүй гэж дүгнэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. А.Э нь өмнө нь ял шийтгэлгүй, хохирогчид эмнэлгийн тусламж өөрөө үзүүлсэн. Хохирол төлсөн баримтыг гомдолд хавсаргаж өгсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бичгээр тайлбар ирүүлээгүй ч тэнсэхэд гомдолгүй гэж надад хэлсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.

Мөн Давж заалдах шатны шүүх үйлдлээрээ нэгдэн хэт хайхрамжгүй хандаж бусдын амь насыг хохироосон гэж дүгнэсэн. Зэвсэгт хүчний байгууллагуудын дунд марш тактикын тэмцээн 2019 оны хавар явагдах хуваарьтай байсан бөгөөд тухайн ангиас оролцох 20 цэргийн 3 нь сонгон шалгаруулалтаар ороогүй. Амь хохирогч сонгон шалгаруулалтаар ороогүй гурван цэргийн нэг нь байсан. Хэрвээ ачаалал даах чадварыг нь бүрэн судалсан бол энэ асуудал яригдахгүй байх байсан. Мөн болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэрэгт үйлдлээрээ бүлэглэсэн гэх асуудалд эрх зүйн дүгнэлт хийж өгнө үү. Р.В болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хоёр зүйлчлэлд маргахгүй байна гэж ойлголоо. Шат шатны шүүх А.Эын өгсөн тушаал нь дүрмийн бус эсвэл мөн эсэх талаар тодорхой дүгнэлт хийхгүй байна. Тухайн 20 цэрэг өдөр тутам бэлтгэл хийдэг бөгөөд галт зэвсгийг өглөө, орой бүр өгч гүйлгэх боломжгүй учраас хөнжил, пүүгээгээр орлуулсан талаар бүх цэргүүд мэдүүлэгтээ дурдсан. Иймд үйлдлээрээ нэгдэн, бүлэглэсэн гэх асуудалд эрх зүйн дүгнэлт хийж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч А.Э нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хугацаат цэргийн алба хааж байсан захирагдагч, байлдагч С.О-тай дүрмийн бус байдлаар харьцан, зодож, хүч хэрэглэсэн, яллагдагч Р.Втай бүлэглэн нэр бүхий 17 байлдагчтай цэргийн дүрмийн бус байдлаар харьцан, гар утас хэрэглэсэн гэх шалтгаанаар хөнжил, пүүгээг үүрүүлэн гүйлгэж, галуун цуваагаар халуулсан, мөн хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, хугацаат цэргийн алба хаагч нар гүйлгэх дүрмийн бус шийтгэл оногдуулсаны улмаас байлдагч Б.А-н амь насыг болгоомжгүй хохироосон, шүүгдэгч Р.В нь Б.А, Б.С нартай дүрмийн бус байдлаар харьцан, зодож, хүч хэрэглэн, яллагдагч А.Э-тай бүлэглэн нэр бүхий 17 байлдагчтай цэргийн дүрмийн бус байдлаар харьцан, гар утас хэрэглэсэн гэх шалтгаанаар хөнжил, пүүгээг үүрүүлэн гүйлгэж, галуун цуваагаар халуулсан, мөн хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, хугацаат цэргийн алба хаагч нар гүйлгэх дүрмийн бус шийтгэл оногдуулсаны улмаас байлдагч Б.А-н амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх шүүгдэгч нарт прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байна. Шүүгдэгч А.Э нь гар утас хэрэглэсэн гэх шалтгаанаар гүйлгэх буюу дүрмийн бус үүрэг өгч, Р.В хэрэгжүүлсэн. Үүний улмаас Б.А-н амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан баримтуудад үндэслэн шүүгдэгч А.Э, Р.В нарт 5 жилийн хорих ял оногдуулсан нь хэргийн бодит байдал, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн. Харин давж заалдах шатны шүүх 2 жилийн хорих ял хасч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэргийн материалаас үзэхэд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдохоор байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Э-ын өмгөөлөгч Э.Нарангарав, Н.Мандах, шүүгдэгч Р.В-гийн өмгөөлөгч Ж.Чимэг, Ц.Жавхлантөгс нарын гаргасан гомдлыг үндэслэн А.Э, П.Б, Р.В нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ. 

Шүүгдэгч А.Э, Р.В, П.Б нар нь цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагдагч нарт хүч хэрэглэн, илт хайхрамжгүй үйлдлийн улмаас захирагдагчийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулж шийдвэрлэснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба А.Э нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ротын захирагчаар ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр байлдагч С.О-г гар утас хэрэглэсэн гэх шалтгаанаар цэргийн дүрмийн бусаар харьцаж зодсон, улмаар цэргүүдийг  хөнжил, пүүгээг нь үүрүүлэн гүйлгэх үүргийг дэд ахлагч Р.Вд өгсөн, шүүгдэгч Р.В нь уг үүргийг биелүүлж байлдагч нарыг хөнжил, пүүгээг нь үүрүүлэн гүйлгэж, галуун цуваагаар алхуулах зэрэг үйлдлийн улмаас “байлдагч Б.А зүрхний хурц дутагдалд орж нас барсан” нь шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх тус тус дүгнэсэн байх тул шүүгдэгч А.Э-ын ... цэрэг байлдагч нарыг хөнжил, пүүгээг нь үүрүүлэн гүйлгэх үүрэг, Р.В-гийн хувьд А.Э-ын өгсөн үүргийг гүйцэтгэж, хэрэгжүүлсэн нь бусдын амь нас хохироход хүргэсэн буюу хор уршигтай харилцан шалтгаант холбоотой байх учраас шүүгдэгч А.Э, Р.В нарыг тус бүр гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр бусдын амь нас хохирооход тус тус гэм буруутай гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэснийг үгүйсгэх боломжгүй.   

Харин шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо “бүлэглэсэн” гэж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлаж, хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөх нь зүйтэй. Учир нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт шүүгдэгч нар бүлэглэсэн шинж тогтоогдоогүй харин шүүгдэгч А.Э ... цэрэг байлдагч нарыг хөнжил, пүүгээг нь үүрүүлэн гүйлгэх үүрэг өгсөн,  Р.В-гийн хувьд А.Эын өгсөн үүргийг гүйцэтгэж, хэрэгжүүлсэн нь тус тус харилцан шалтгаант хамааралтай байх тул бусдын амь нас хохироход шүүгдэгч А.Э, Р.В нарын тус тусын эс үйлдэхүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэр, тэдгээрийн шалтгаант холбоотойг тогтоосон үйл баримтуудыг үгүйсгэн няцаах үндэслэл тогтоогдохгүй байна.    

Шүүгдэгч А.Э-ын өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо “А.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй, А.Эын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан журмыг хэрэглэх”, шүүгдэгч Р.В-гийн өмгөөлөгч Ж.Чимэг, Ц.Жавхлантөгс нар нь “шүүгдэгч Р.В-гийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгийг журамлан хөнгөрүүлж өгөх”-ийг хүсчээ.

Шүүгдэгч А.Э нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ротын захирагчаар ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байлдагч С.О-г Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 883 дугаартай “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” тушаалын 1 дэх хэсгийн е-д заасан “Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын байнгын байрлалд хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдад үүрэн телефон утас ашиглахыг хориглох” гэх заалтыг зөрчсөн гэх шалтгаанаар цэргийн дүрмийн бус харьцаж зодсон, мөн Цэргийн сахилгын дүрмийг үл биелүүлэн тухайн ротын байлдагч нарыг хөнжил, пүүгээг нь үүрүүлэн гүйлгэх үүргийг дэд ахлагч Р.В-д өгч, улмаар байлдагч Б.А-н амь насыг болгоомжгүйгээр хохироосон нь нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогджээ.

Цэргийн сахилгын дүрэмд заасан сахилгын шийтгэлд сануулах, түр чөлөө хасах, түрүүчийг албан тушаалаас бууруулах, 10 хүртэл хоног тусгаарлан саатуулах зэрэг хамаарах бөгөөд харин хөнжил, пүүгээ үүрүүлэн гүйлгэсэн шийтгэлийг зөвшөөрөгдсөн харилцаа гэж үзэн зөвтгөх боломжгүй болно. Гар утас илэрсэн зөрчилтэй холбоотойгоор ротын захирагч нь цэргүүдийн бэлтгэлийг хангуулах зорилгоор бус харин хариуцлага тооцох байдлаар зөрчил гаргасан этгээдтэй, нийтэд нь бүгдийг хамруулж гүйлгэсэн нь Цэргийн сахилгын дүрмийн 62 дугаар заалтад “Сахилгын шийтгэлийг оногдуулахдаа давхардуулах, цэргийн алба хаагчийн нэр хүндийг гутаах, ширүүн догшин бүдүүлгээр харьцах, хамт олноор нь залхаахыг хатуу хориглоно” гэж заасныг зөрчсөн ба энэ нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэхэд “гэм буруугаа хүлээж, хохирлыг нөхөн төлсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн” байхаас гадна гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хохирол зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хэрэглэхээр зохицуулсан төдийгүй хорих ял оногдуулахгүйгээр “тэнсэх” нь шүүхэд үүрэг хүлээлгэсэн бус харин эрх олгосон зохицуулалт байх тул шүүгдэгч А.Э, Р.В нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй гэж дүгнэлээ.   

Иймд шүүгдэгч А.Э-ын өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав, Р.В-гийн өмгөөлөгч Ж.Чимэг, Ц.Жавхлантөгс нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 83 дугаар шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар магадлалд

“.... шүүгдэгч А.Э, Р.В нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...” гэсэн заалтаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ...” гэснийг хүчингүй болгож,

 “... шүүгдэгч А.Э, Р.В нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...” гэж өөрчилж шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч А.Э-ын өмгөөлөгч Э.Нарангарав, Н.Мандах, шүүгдэгч Р.В-гийн өмгөөлөгч Ж.Чимэг, Ц.Жавхлантөгс нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                                     ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                     ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН