Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-02-12
Тогтоолын дугаар 96
Хэргийн индекс 187/2019/0499/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч М.М
Зүйл заалт 20.7.1.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

М.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч М.М- болон түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 533 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1080 дугаар магадлалтай, М.М-д холбогдох 1902004350192 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт М-н М-.

М.М- нь 2019 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 720 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

мөн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.М-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3-т тус тус зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч М.М-ад зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.М-ад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.М- гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Би цэргийн үзлэгээр 7 удаа ороод тэнцэж байгаагүй дотор эрхтэн муу, жингийн дутагдалтай. Бага байхад ээж минь дүү бид 2-ыг хаяж явсан үеэс аав минь архины хамааралтай болж би эрт сургуулиасаа гарч ажил хийж, дүү болон гэр орноо авч явсаар ирсэн. Одоо дүү минь дээд сургуулийн оюутан болсон би ажил хийж дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлдөг. Хэрвээ би одоо ял аваад явчихвал ганц дүү минь сургуулиа ч төгсөж чадахгүй буруу замаар орчих вий гэдгээс айж байна. Дүү минь миний гар дээр өссөн болохоор ял аваад явчих вий гэдгээс надаас илүү айж байгаа би дүүгээ орхиод явмааргүй байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх шийдвэрт шүүгдэгч болон өмгөөлөгч миний бие гомдолтой байна. Учир нь давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох болон тогтоох хэсэг нь ойлгомжгүй анхан шатны шүүх Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль заалтыг зөрчсөн, хэрэглэх ёсгүй ямар хуулийг хэрэглэсэн, ямар хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарласан тухай огт байхгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг зөрчсөн, тодруулбал прокурорын “...гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд бодитой үнэлэлт дүгнэлт хийгээгүй ...” гэсэн Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар заагаагүй тодорхой бус санааг давж заалдах шатны шүүх үндэслэл болгож байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1, 49 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн.

М.М- нь хүнд өвчтэй, дүүтэйгээ амьдардаг. Түүний амьжиргааны түвшин маш муу буюу бусад төрлийн шалтгаанаар мансууруулах бодис хэрэглээгүй. Би гэрт нь очиход маш хүнд байдалд байсан. Өнөөдрийн шүүх хуралд М.М- болон түүний дүү нар ирсэн байна. Багаасаа хүнд зодуулж, боолчлолын маягийн амьдрал туулсан. Анхан шатны шүүх түүнд нэг удаа боломж олгож хорих ялыг тэнссэн нь хууль зөрчөөгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “М.М-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний бие болон гэрээс 720 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодис илэрсэн. 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр М.М- нь 2016 оноос эхлэн каннабис буюу өвсийг хэрэглэж эхэлсэн байх боломжтой, одоо Каннабинолын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй, сэтгэцийн олдмол өвчтэй байна гэж дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэмжээг бодитой үнэлж дүгнээгүй” гэсэн нь үндэслэлтэй. Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарын гаргасан гомдлуудыг үндэслэн М.М-ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

М.М- нь 2019 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 720 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

мөн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх М.М-ад холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Мөн анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.М-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болдог. 

Анхан шатны шүүх М.М-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, шүүх М.М-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлийг харгалзан үзсэн байх бөгөөд, үүний зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь заалтын үндэслэлд хамаарах буюу түүний амьдралын түүх, бага наснаасаа хүнд, хэцүү амьдрал туулж хүмүүжиж өссөн орчин нөхцөл, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж буй байдал, амьдралын талаарх хүсэл зорилго, хандлага, хүмүүжил болоод цаашид өөрийн төрсөн дүү охин болоод гэр бүлээ тэжээн тэтгэж, хариуцлага хүлээж байгаа байдал зэрэг онцгой нөхцөл байдлыг харгалзсаныг зөв гэж үзнэ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, энэ төрлийн гэмт хэргийн криминологийн нөхцөл байдлыг харгалзах нь зүй ёсны хэрэг боловч тухайн гэмт хэргийн ангилал, оногдуулж болох эрүүгийн хариуцлагын төрөл, хэр хэмжээг хууль тогтоогчийн зүгээс тодорхойлсон хууль ёсны байдал, түүний зэрэгцээ гэмт хэрэг нэг бүрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хамгийн зүй зохистой байдлаар тухайлан оногдуулах зарчим зэрэгт нийцүүлэн гарсан анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй болно.         

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 533 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1080 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                              Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                      Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН