Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-02-12
Тогтоолын дугаар 95
Хэргийн индекс 106/2018/0924/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Г.Б
Зүйл заалт 11.1.2.4.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Г.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 752 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1057 дугаар магадлалтай, Г.Б-д холбогдох 1805012430826 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Д-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 4 дүгээр гудамж, 74 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ширээт овогт Гээхүүгийн Батсүх.

Г.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн ард Аюушийн 4 дүгээр гудамжны 72 тоот дахь иргэн Н.М-гийн гэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Ү.О-той маргалдаж, улмаар нуруун тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-ийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 5 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчиин хууль ёсны төлөөлөгч Ү.Д-ийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Д- гаргасан гомдолдоо “...шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна хэмээн хуульчилсан байна.

Шүүгдэгч Г.Б- нь хохирогч Ү.О-г нуруун тус газарт нь хутгалж, өрц, дэлүү, ходоодны ханыг гэмтээж, духны хэсэгт нягтрал үүсгэж, цус харвалт гэмтэл учруулж, улмаар хохирогчийн дэлүүг эмнэлгийн байгууллага /цэргийн тов госпитал/ хагалгааны аргаар авч, хохирогчийг ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болгож, насан туршдаа эрүүл мэндээрээ хохирох нөхцөл байдалд хүргэсэн байхад шүүх, прокурор, шүүхийн шинжилгээний байгууллагууд тархины цус харвалтын шалтгааныг бодитой тогтоож чадахгүй байгаад туйлын их гомдолтой байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн ял, хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн хэрэг, гэм буруугийн хэлбэр, нийгмийн аюулын шинж чанарт тохирохгүй байна.

Хавтаст хэргийн /1хх-5, 6, 7/ гэрч Б.Н-, Н.М- нарын мэдүүлгээр шүүгдэгч нь санаатай урьдаас төлөвлөж, зорьж зэвсэг, зэвсгийн чанартай зүйл олж, хохирогчид халдаж гэмтэл учруулсан, хохирогчийн эмчилгээний зардал төлбөрийг бүрэн бодитой барагдуулаагүй, гомдолгүй болгоогүй байхад шат шатны шүүхүүд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр нэг талыг барьж шийдвэрлэж байна.

Хохирогч нь шүүгдэгчид хутгалуулахаасаа өмнө эмнэлгийн байгууллагын хяналтап байгаагаагүй, ямар нэгэн ужиг өвчин, даралт ихсэлт, цус багадалт байхгүй байсан бөгөөд шүүгдэгчид хутгалуулж эмнэлгийн байгууллагад хүргэгдэж хагалгаанд орох явцаа тархины цус харвалт өгч дотуур 3 литр цус алдсан нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шинжээчийн 943 дугаартай дүгнэлтээр “Ү.О- нь тархины цусан хангамжийн цочмог хямралын улмаас тархины зүүн тал бөмбөлгийн эдэд цус хомсролын шигдээс үүсчээ. Энэ нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй гэх дүгнэлт нь илэрхий нэг талыг барьсан, онолын үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шударга ёсны зарчимд харшилж, шударга бус, бодит байдалд тохирохгүй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч маш их хэмжээний цус алдсанаас цусан хангамж нь дутагдаж цус харвалт өгөхийг тусгай мэдлэг эзэмшээгүй энгийн хүн ч мэднэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийп бодит байдлыг тоггоох үүрэгтэйгээр хуульчилсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй, шүүх хэргийн бодит байдал, хавтаст хэргийн материалд бодитой дүгнэлт хийгээгүй, гэрч, хохирогчийн тайлбар, мэдүүлгүүдийг огт үнэлээгүй, нэг талыг барьж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбарт бүрэн итгэж байгаад туйлын гомдолтой байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсье” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваа хэлсэн саналдаа “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Г.Б-эд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон. Мөн Ү.Д- давж заалдах гомдол гаргасан бөгөөд огт хуралдаа ирдэггүй. Өнөөдөр ч гэсэн хуралд өөрийн биеэр ирээгүй байна. Г.Б- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн, зүйлчлэлд маргаагүй. Хохирогч их хэмжээний хохирол нэхэмжлэх боловч ямар нэгэн нотлох баримт байдаггүй. Тохиролцоод хохирол төлье гэхэд хүлээж авдаггүй атлаа ял хөнгөдсөн гэж гомдол гаргадаг.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Б-эд холбогдох хэрэгт 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүгдэгч нь хохирогчийн нуруун тус газарт хутгалж хүнд хохирол учруулсан. Мөн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжилгээгээр тархинд цус харвасан болох нь тогтоогдсон бөгөөд энэ асуудлаар хоёр удаа шинжээч томилоход гэмтэлтэй шалтгаант холбоогүй гэх дүгнэлт гарсан. Шүүх Г.Б-эд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй учраас шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Д-ийн гаргасан гомдлыг үндэслэн Г.Б-эд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Г.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн ард Аюушийн 4 дүгээр гудамжны 72 тоот дахь иргэн Н.М-гийн гэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Ү.О-той маргалдаж, улмаар нуруун тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Г.Б-ийн холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон хохиролд төлсөн баримтууд зэргийг харгалзан шүүгдэгч Г.Б-ийг бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд харин шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас шууд хохирол төдийгүй түүнээс үүссэн хор уршиг, түүнд хамаарах зардлыг гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй болохыг үүгээр тодруулах нь зүйтэй.    

Түүнчлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад хохирогч Ү.О-ыг “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч” гэж бичин техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг үүгээр зөвтгөх нь зүйтэй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Д-ийн гаргасан “...шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй, гэм хорын хохирлыг бүрэн барагдуулаагүй тул шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 254 дүгээр 752 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1057 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Д-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                              Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                      Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН