Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-02-05
Тогтоолын дугаар 71
Хэргийн индекс 108/2019/0063/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Х.Я
Зүйл заалт 11.6.1.
Улсын яллагч О.Сарангэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

    Х.Я-д холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Х.Я- болон түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 770 дугаар магадлалтай, Х.Я-д холбогдох 1807006110003 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1961 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, М овогт Х-н Я-.

Х.Я- нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” худалдааны төвд Б.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Х.Я-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Я-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Я- нь оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Я-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Я- гаргасан гомдолдоо “...Магадлал нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлэлгүй шийдвэрлэсэн тул гомдолтой байна.

Анхан  шатны шүүх нотлох баримтуудыг харьцуулж, нэгийг нь үгүйсгэж, нөгөөг нь шийдвэрийн үндэслэл болгосон дүгнэлтийг бүхэлд нь хийлгүйгээр шүүх өөр өөр өнцгөөс харсан гэж тайлбарлан мэдүүлгийн агуулга нь адилхан гэж таамаглал дэвшүүлэн мэдүүлгийн зөрүүг гаргалгүй үйл баримтыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагыг хангаагүй бөгөөд энэхүү зөрчил нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарах тул үүнтэй холбоотой Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Мөн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт үндэслэл муутай гарсан. Миний зүгээс давтан дүгнэлт гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргасныг хангасан боловч хэргийн материалаар бус урьд гарсан дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү явуулж дүгнэлтийг бүрэн бодитой гаргах боломжгүй байхад анхны дүгнэлт үндэслэлтэй гэж гаргасанд гомдолтой байна. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар хэлсэн саналдаа “Мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч дахин дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэн. Дүгнэлтэд тархи доргилт гэх гэмтлийг хөнгөн зэрэгт тооцсон буюу бусад оношийг нотолсон баримтгүйгээр тогтоосонд гомдолтой байна. Мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй. Шүүгдэгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь дэмжиж байна” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон. Иймд шийдвэрүүдийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.Я-гийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Х.Я- нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” худалдааны төвд Б.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Я-гийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял шийтгэж шийдвэрлэхдээ холбогдох зүйл, заалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрч Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Х.Я-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Х.Я-гийн гаргасан “...хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй, шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож намайг цагаатгаж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 770 дугаар магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Х.Я-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Х.Я-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                              Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                      Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН