Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-01-13
Тогтоолын дугаар 31
Хэргийн индекс 176/2018/0320/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч М.Ц-, Э.Б-, Ж.Т-, У.П- нар
Зүйл заалт 24.3.1.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

М.Ц-, Э.Б-, Ж.Т-,

У.П- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Э.Б-, Ж.Т-, У.П- нарын өмгөөлөгч Д.Батбаяр, Ю.Сэвлэгмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 254 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 74 дүгээр магадлалтай, М.Ц-, Э.Б-, Ж.Т-, У.П- нарт холбогдох 1834002300154 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Б-, Ж.Т-, У.П- нарын өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1964 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, усалгаачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт М-н Ц-,

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Б овогт Э-н Б-,

3. Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Сэлэнгэ аймгийн сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, А а овогт У-н П-,

4. Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ж-н Т-.

М.Ц- нь Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 онд бусдаас химийн хорт бодис болох мөнгөн усыг хууль бусаар олж авч, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хадгалсан, мөн уг мөнгөн усыг 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бусдад дамжуулсан гэмт хэрэгт,

Э.Б-, У.П-, Ж.Т- нар нь бүлэглэн, Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр химийн хорт бодис болох мөнгөн усыг алт угаах зорилгоор иргэн М.Ц-аас хууль бусаар олж авч, улмаар тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Ц-ыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, хадгалсан, бусдад дамжуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Б-, У.П-, Ж.Т- нарыг бүлэглэж, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ц-ыг мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1 жил, 1 сар хорих ял, шүүгдэгч У.П-, Ж.Т- нарт тус бүр 1 жил хорих ял тус тус шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-, У.П-, Ж.Т- нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн, Д.Батбаяр, Ю.Сэвлэгмаа нарын гаргасан “ял хөнгөрүүлж, тэнсэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд нэр бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Батбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Э.Б-, У.П-, Ж.Т- нар нь гэм буруугийн тал дээр маргаангүй, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд ялаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх талаар хуульчилсан. Миний үйлчлүүлэгч Э.Б- нь эрүүл мэндийн байдал муу тархи толгойны өвчтэй хорих ангид хоригдож байх хугацаандаа удаа дараа унаж байсан, У.П- нь өндөр настай аав ээжийн хамт амьдардаг, Ж.Т- нь бага насны олон хүүхэдтэй зэрэг ар гэрийн байдал эрүүл мэндийн байдал зэргийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэн тэдэнд оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзаж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд нэр бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа хэлсэн саналдаа “Гэмт хэргийн улмаас нийгэмд ямар нэгэн хор уршиг, хохирол учраагүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нийгэмд хор уршиг учраагүй, төлөх төлбөргүй зэрэг байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч М.Ц- нь химийн хорт бодис болох мөнгөн усыг хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад дамжуулсан хэргийг, шүүгдэгч Э.Б-, Ж.Т-, У.П- нар нь бүлэглэн олон хүний амь нас, эрүүл мэндэд аюултай химийн хорт бодис болох мөнгөн усыг хууль бусаар олж авч тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдон тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон ял оногдуулсан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул, шийтгэх тогтоол магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэр бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн М.Ц-, Э.Б-, Ж.Т-, У.П- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч М.Ц- нь Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 онд бусдаас химийн хорт бодис болох мөнгөн усыг хууль бусаар олж авч, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хадгалсан, мөн уг мөнгөн усыг 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бусдад дамжуулсан,

Э.Б-, У.П-, Ж.Т- нар нь бүлэглэн, Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр химийн хорт бодис болох мөнгөн усыг алт угаах зорилгоор иргэн М.Ц-аас хууль бусаар олж авч, улмаар тээвэрлэсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх М.Ц-, Э.Б-, Ж.Т-, У.П- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, тэдгээрийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, тэдэнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзлээ.

Мөн тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан “...хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хуулийг хэрэглээгүй, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан ял хөнгөрүүлэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 254 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 74 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-, Ж.Т-, У.П- нарын өмгөөлөгч Д.Батбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                      Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН