Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-01-15
Тогтоолын дугаар 39
Хэргийн индекс 166/2017/0184/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч О.С
Зүйл заалт 17.3.2.2.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

О.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 79 дүгээр магадлалтай, О.С-т холбогдох 201609000609 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,

Баянгол дүүргийн шүүхийн 1995 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 348 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Е овогт О-н С-.

О.С- нь 2013 оны 09 дүгээр сард өөрийн эзэмшлийн газар дээр барилга барихаар Т.Н-гийн 7,000,000 төгрөгийн барилгын хийцийн материалыг худалдаж авахаар тохиролцож, уг зарцуулсан материалыг байшингийн үнэд өгнө хэмээн итгүүлж, улмаар ямар ч төлөлт хийлгүйгээр 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр дур мэдэн гаргуулж, хуурч мэхлэн 27,000,000 төгрөгийн,

иргэн Г.О-ыг өөрийн эзэмшлийн дээрх газар дээр баригдах сууцын суурийг цутгаж өгсний ажлын хөлсөнд 1 ширхэг сууцыг өгнө гэж итгүүлэн 2 амины сууцыг барихад 8,330,000 төгрөгийн барилгын материал гаргуулж, улмаар Г.Н-с худалдаж авахаар тохиролцсон 1 сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Г.О-ын нэр дээр шилжүүлж, “Болор зоос” банк бус санхүүгийн байгууллагаас 30,000,000 төгрөгийн зээл авахуулан үүнээс 20,000,000 төгрөгийг авсан,

мөн 2013 оны 09 дүгээр сард мөн өөрийн эзэмшлийн дээрх газар дээр Ч.Р-гийн амины орон сууцыг бариулж, түүнээс худалдаж авах хэлцэл хийгээгүй, төлбөр төлөөгүй байхдаа 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр уг орон сууцыг өөрийн өмчлөлийн мэт материал бүрдүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан 2013 оны 11 дүгээр сард банканд зээлийн барьцаанд тавьж, түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар 54,000,000 төгрөг буюу бусдад нийт 109,330,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.С-т холбогдох хэргээс Т.Н-, Ч.Р- нарыг залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч О.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцэл болон хохирогч Г.О-, Ч.Р- нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч О.С-ын өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.С-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

О.С-т холбогдох эрүүгийн хэргийг Хяналтын шатны шүүх хуралдаанаар өмнө нь хэлэлцээд ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолоор ...түүний зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож, О.С-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь миний үйлчлүүлэгчийн хийгээгүй хэргийн төлөө ял шийтгэл оногдуулсан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Мөн давж заалдах шатны шүүх ...-ийн дүгнэлт анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зөрчсөн, хуулийг буруу тайлбарласан гэх үндэслэл болж байна.

Хуулийг буруу хэрэглэсэн, хууль зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухай гомдлыг тайлбарлахын тулд хэрэгт авагдсан нотлох баримтыг болон хохирогч, гэрч нарын мэдүүлгийг дахин тодруулах шаардлагатай байгаа болно.

Г.О- нь 2 ширхэг амины орон сууцны суурийн ажил биечлэн гүйцэтгэсэн, суурийн ажилд ... эд зүйлийн үнэ болох төгрөгийг зарцуулсан гэх боловч ... энэ талаар болон зарцуулсан материалтай холбоотой нотлох баримт авагдаагүй ...бөгөөд энэ нь гэрч О.Сайнбаяр /2 хх-ийн 89 тал, Зхх-ийн 75 тал/, гэрч Н.Мөнхбат /3хх-ийн 77 тал/, гэрч Э.Энхбаатар /4хх-ийн 78 тал/, гэрч Б.Жаргалсайхан /Зхх-ийн 72 тал/, гэрч Б.Балжинням /3хх-ийн 73 тал/, гэрч Ж.Алтанцэцэг /Зхх-ийн 74 тал/ нарын мэдүүлгээр нотлогддог. ...Түүнчлэн хохирогч Ч.Р- 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн ... шүүх хуралдаанд Г.О- хоёр суурийн ажил огт гүйцэтгээгүй, Г.О-ын нэхэмжилж байгаа хүчний кабел утас зэрэг материалыг гэрч О.С- өгч байсан талаар мэдүүлсэн байдаг. ... зарцуулсан материалын 8,330,000 төгрөгийн хөдөлбөргүй үнэн зөв санхүүгийн баримт хэрэгт авагдаагүй байдаг болно.

... хохирогч Г.О- нь 30,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд О.С-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болохоос өөрийн өмчлөл, эзэмшилд байдаг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан зүйл байдаггүй болно. “Болор зоос ББСБ” ХХК-иас зээлсэн 30,000,000 төгрөгөөс Г.О-ийн зээлсэн гэх 10,000,000 төгрөгийн нэг сарын хүү 500,000 төгрөг болох бөгөөд зээл авсан 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс “Болор зоос ББСБ” ХХК-ийн шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандах хүртэл буюу 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 17 сарын хүү нийт 8,500,000 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байсан байна.

Гэрч Ш.Чинцэцэгийн /2 хх-ийн 8/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр “Болор зоос ББСБ” ХХК-д Г.О-ын төлсөн 12,503,333 төгрөгөөс иргэний хариуцагч О.Амартуяагийн шилжүүлсэн 3,700,000 төгрөгийг хасч тооцвол Г.О- нь зээлийн хүүнд 8,803,333 төгрөгийг төлж үндсэн зээлэнд 303,333 төгрөгийг төлсөн болох нь нотлогддог. Эдгээр хэрэгт авагдсан нотлох баримтаар Г.О- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээд биш болох нь нотлогддог атал анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх тухай заалтыг хэрэглээгүй нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй үндэслэл болж байна.

О.С- нь ... Т.Н-тай байшингийн хийцийг худалдаж авах талаар тохиролцсон зүйл байхгүй, түүний талаар огт мэдээгүй байдаг. ...энэ нь хохирогч Т.Н- /1хх 92,93,94, 2хх 11/, гэрч Ж.Маанийдаарий /1хх 98 , Зхх 79/ нар хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчээр удаа дараа өгсөн мэдүүлэгт байдаг.

...Харин Т.Н-гийн зөвшөөрөлгүйгээр Ш.Эрдэнэбаяр, Ч.Р- нар бидний эзэмшлийн байшин гэж итгэл үнэмшил төрүүлж О.С-т худалдаж, байшингийн хийцийн үнэ төлбөрт 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Хаан банкны 5062043435 тоот харилцах дансаар болон бэлнээр нийт 10,100,000 төгрөгийг авч байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.

хохирогч Ч.Р- нь /3хх 113-114, 2хх 33/ 2013 оны 08 дугаар сард  О.С-ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан үл хөдлөх эд хөрөнгөө буцааж авах баталгаа болгох зорилгоор буцааж худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх бөгөөд энэхүү байдлаар Ч.Р- өмчлөх эрхийн гэрчилгээ О.С-ын нэр гарсан талаар огт мэдээгүй гэх нөхцөл байдал үгүйсгэгддэг болно. Хохирогч Ч.Р-гийн хүсэлтээр О.С- нь өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, байшингийн хийцийг буулгасан боловч хохирогчийн зүгээс байшингийн хийц авахгүй зөвхөн 54,000,000 төгрөг авна гэх шаардлага тавьж байгаа бөгөөд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр буулгасан байшингийн хийцийн үнийг 54,000,000 төгрөгөөр үнэлсэн зэрэг байдлаар хохирогч Ч.Р-д ямар нэгэн эд хөрөнгийн хохирол учраагүй болох нь нотлогддог.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж миний үйлчлүүлэгч О.С-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч О.С-ын хувьд бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотлогдсон. Учир нь бусадтай худалдах, худалдан авах гэрээ хэлэлцээр хийлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөр хүний нэр дээр авч, банкнаас бусдаар зээл авахуулан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр прокурор эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүх хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн О.С-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос О.С- нь 2013 оны 09 дүгээр сард өөрийн эзэмшлийн газар дээр барилга барихаар Т.Н-гийн 7,000,000 төгрөгийн барилгын хийцийн материалыг худалдаж авахаар тохиролцож, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр дур мэдэн гаргуулж, хуурч мэхлэн 27,000,000 төгрөгийн,

иргэн Г.О-ыг өөрийн эзэмшлийн дээрх газар дээр баригдах сууцын суурийг цутгаж өгсний ажлын хөлсөнд 1 ширхэг сууцыг өгнө гэж итгүүлэн 2 амины сууцыг барихад 8,330,000 төгрөгийн барилгын материал гаргуулж, улмаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Г.О-ын нэр дээр шилжүүлж, “Болор зоос” банк бус санхүүгийн байгууллагаас 30,000,000 төгрөгийн зээл авахуулан үүнээс 20,000,000 төгрөгийг авсан,

мөн 2013 оны 09 дүгээр сард мөн өөрийн эзэмшлийн дээрх газар дээр Ч.Р-гийн амины орон сууцыг бариулж, түүнээс худалдаж авах хэлцэл хийгээгүй, төлбөр төлөөгүй байхдаа 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр уг орон сууцыг өөрийн өмчлөлийн мэт материал бүрдүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан 2013 оны 11 дүгээр сард банканд зээлийн барьцаанд тавьж, түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар 54,000,000 төгрөг буюу бусдад нийт 109,330,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэх гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.С-ын гэм бурууг хянан хэлэлцэж, түүний Т.Н-, Ч.Р- нарыг залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, харин иргэн Г.О-ын эд хөрөнгийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангаагүй, дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй бөгөөд хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл хохирогч гэх иргэд О.С-ын эзэмшлийн газар дээр хөрөнгө оруулагч, барилгын гүйцэтгэгчийг оролцуулан хамтран барилга барих хэлцлийн хүрээнд харилцан тодорхой эрх, үүрэг хүлээн ажиллахаар тохиролцож, тухайн хэлцлийн хүрээнд талууд харилцан мэдээлэл солилцон ажиллаж байх явцдаа уг барилгын ажлын гүйцэтгэлийн үр дүн, удаашрал, үүссэн эрсдэлээс улбаалан хэлцэлд оролцогч талууд гомдлын шаардлага гаргаж маргалдсан байх бөгөөд үүнийг бусдын эд хөрөнгийг хариу төлбөр хийх бодолгүйгээр, залилан мэхэлж авсан гэж үзэх үндэслэлгүй.  

Өөрөөр хэлбэл, дээрх хэлцлийн хүрээнд О.С-ын хийсэн үйлдлүүдийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх субъектив санаа зорилгын хүрээнд үйлдсэн байж болзошгүй гэж удаан хугацааны турш холбогдох бүх шалгалтуудыг хийсэн байх боловч мөрдөн байцаалтаар түүнийг гэм буруутай болохыг тогтоож чадаагүй байх бөгөөд энэ нь О.С- болон бусад хүмүүсийн хооронд үүссэн харилцаа Иргэний хуульд тогтоомжийн дагуу шийдвэрлэгдвэл зохих, гэрээний эрсдэлээс үүдсэн иргэний эрх зүйн маргааны шинжтэй болохыг харуулж байна.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.  Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.

Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байвал зохино.

Гэрээний үүргийн биелэлтээс шалтгаалсан зардлуудыг гэрээ болон Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой буюу энэ хэрэг нь гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан байхад хоёр шатны шүүх О.С-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр О.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан “...шүүхээс залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь буруу, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж миний үйлчлүүлэгч О.С-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 79 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр О.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Цагаатгагдсан О.С-ын өмгөөлөгч Л.Батжаргалын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                      Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН