Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-02-17
Тогтоолын дугаар 109
Хэргийн индекс 176/2018/0258/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Б.Б
Зүйл заалт 20.4.1., 10.1.2.2.
Улсын яллагч О.Сарангэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Б.Бд  холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, М.Мэндсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цгийн өмгөөлөгч Д.Ганбат, И.Чимэдбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 88 дугаар магадлалтай, Б.Бд холбогдох 1834000000154 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Чимэдбадам, Д.Ганбат нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 оны 8 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2007 оны 2 дугаар сарын 26-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлсэн, У овогт Б.Б нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.2, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүнийг алсан, галт зэвсэг, галт хэрэгслийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар 16 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт 18 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 489 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цамцыг устгах, Мосины 1891/30 загварын Винтов маркийн буу, 2 ширхэг хонгио, 1 ширхэг сумын хошуу, 1 ширхэг сумыг Төв аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бэс 13.350.700 төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цд олгуулах, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц нь бусад хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 “Төв аймгийн прокурорын газраас Б.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй" гэсэн нэмэлт заалт оруулж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч У овогт Б.Бийг хүнийг алсан, байлдааны зориулалттай галт зэвсэг, галт хэрэгслийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч У овогт Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйпийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 15 /арван таван/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай." гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол гарснаас хойш Б.Бийн цагдан хоригдсон 75 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Чимэдбадам гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан шатны шүүх Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шийтгэснийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж мэтгэлцэж байгаа болно. ШШҮХ-ийн 5665 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх-78/, ШШҮХ-ийн 1644 дугаар шинжээчийн дүгнэлт /2хх-187/, гэрч Д.Хын мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Б гэгээн цагаан өдөр буу агсаж, голын хөндийгээр хашгирч, улмаар 3 хүний нэг нь айгаад хутга гэр лүүгээ оруулж байх үед 2 хүн рүү зүг чиггүй 2 удаа буудсан, дахин буудах гэж байхад нь бууг нь булааж авсан нөхцөл байдал тогтоогддог. Энэ үйл явдлыг хуульчид өөр өөрөөр дүгнэж байна. Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд “Олон хүний амь насанд аюултай аргаар бусдыг алах” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 1961 оны Эрүүгийн хуульд оруулан “Эрүүгийн хуулийн 70 дугаар зүйлийн “Г” Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхдээ гэмт этгээд тодорхой хүнийг алах санааг хэрэгжүүлэхдээ зөвхөн нэг хүний амь насыг бус, хэд хэдэн хүний амь насыг бусниулах аргыг хэрэглэдэг байна. Жишээ нь: “Олон хүний дотор зүг чиггүй буудах, тэсрэх дэлбэрэх зүйл хэрэглэх, олон хүнд зориулсан хоол ундаанд хор хийх арга хамаарна” гэжээ. / БНМАУ-ын ЭЭЗТА сурах бичиг УБ хот 1979/ Олон хүний аминд аюултай арга хэрэглэж бусдыг алсан бол объектив талын хүндрүүлэн үзэх шалтгаан болно. Гэмт этгээд тодорхой нэг хүнийг алах зорилгоо биелүүлэхийн тулд хэрэглэсэн арга нь бусад хүмүүсийн аминд аюул учруулах боломжийг бий болгосон бол олон хүний аминд аюултай арга гэж үзнэ.” Г.Совд “БНМАУ Эрүүгийн эрх” сурах бичиг 1965 он/. 2015 оны Эрүүгийн хуульд хүний амь төдийгүй, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох арга гэж хүндрүүлэн зохицуулсан байна. Тэгэхээр Б.Бийг 2 хүний амь нас, эрүүл мэнд, бусдын амьдрах зориулалтай орон байр, эд хөрөнгөд аюултай арга хэрэгслээр бусдыг алсан гэж үзнэ. Шүүгдэгч Б.Б нь нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байгаа болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ганбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Төв аймгийн прокурорын газраас ялтан Б.Бат-Эийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.2, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэнд тооцож, ял сонсгон яллагдагчаар татан шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 274 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Бд сонсгосон хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар 16 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, нийт 18 жил хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь хэрэгт авагдсан бүхий л нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өрнөсөн 2 талын мэтгэлцээнд үндэслэсэн хууль ёсны, үндэслэл бүхий шийтгэх тогтоол болсон. Гэтэл ялтан Б.Б, түүний өмгөөлөгч нарын гомдолд үндэслэн Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялтны эдлэх ялын хэмжээг багасгасан нь хэргийн бодит байдал, хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Учир нь:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь заавал хоёр буюу түүнээс дээш хүний амь нас хохирсон байхыг шаардаагүй. Харин хэрэг үйлдэгдэх үед тухайн орчинд амь хохирогчоос гадна өөр амь нас нь хохирох, аюулд өртөх хэд хэдэн хүмүүс, малчин айлууд, амралтын газар, хүүхдийн Сөгнөгөр зуслан, тэдгээрийн орон байр, эд хөрөнгө, мөн эргэн тойрны 1000-2000 метр дотор мал бэлчиж байсан бөгөөд ялтан Б.Б нь өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан үедээ, хаашаа хичнээн удаа буудаж байгаагаа ч мэдэхгүй, буудсан бууны сумны хөнөөх чадвар, холын тусгалын хүчин чадал нь хааш хаашаа 4 км газарт хүн, амьтны амь насыг хөнөөх чадалтай гэдэгт оршиж байгаа юм.

Ийм нөхцөл байдалд хоёр удаа буудахад эхний сум гэрч Хын гутлын өлмийгөөс 1-2 метрийн зайтай газарт тусаж, хоёр дахь сум талийгаачийн ар нуруунд туссан байдаг. Улмаар ялтан нь гурав дахь сумаа буудахад бэлдээд замгаа татах мөчид гэрч Хадбаатар бууг амжиж очиж, булаан авсан нөхцөл байдлууд тогтоогдсон юм. Иймд хэргийг хуулийн дагуу хянан, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга хэлсэн саналдаа: “Шүүгдэгч нь эхнээсээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлгүүдийг өгсөн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан бөгөөд давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргасан. Шинжээч Мосины 1891/30 загварын Винтов бууг ан, агнуурын чиглэлээр иргэд эзэмшиж байгаа гэх дүгнэлтийг гаргасан. Мөн гохны нэг даралтаар нэг сум гардаг гэх шинжээчийн мэдүүлэг зэргийг үндэслэж гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 5 дугаар зүйлийн 5.14 дэх хэсэгт нийтэд аюултай арга гэдэгт олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан буюу учруулж болох байсан арга хэрэгслийг ойлгоно гэж тайлбарласан. Тэгэхээр шүүгдэгчийн үйлдэл нь нэг удаагийн буудалтаар олон хүнийг алах арга биш юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн асуудал байхгүй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх хүндрүүлэх нөхцөлгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргээр зүйлчилсэн. Шүүгдэгч хэрэг хийсэн өдрөөс шууд цагдан хоригдож, хохирол төлөх боломжоор хангагдаагүй. Иймд хорих байгууллагын дэглэмийг өөрчилсөн заалтыг магадлалд оруулж өгнө үү” гэв.

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн хэлсэн саналдаа: “Эхний сум гэрч н.Хын хөлийн ойролцоо туссан гэдэг нь тогтоогдоогүй, сумны хошуу олдоогүй. Шүүгдэгч эхний сумыг дээшээ буудсан гэж мэдүүлсэн. А.Мөнхтулга өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна” гэв.

Мөн шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна. Анхан шатны шүүхийг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх зүйлчлэлийг өөрчилсөн нь үндэслэлтэй байна. Амь хохирогч шүүгдэгчийг “яв” гэж хөөсний дараа шүүгдэгч буугаа авчирч амь хохирогч руу чиглүүлж буудлага хийсэн. Шүүгдэгчийн буу нь ангийн зориулалттай буу гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, буудлагыг гар аргаар нэг нэгээр сумлаж буудлага хийдэг тул олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах аргаар үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй.

Шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, Зөрчлийн хуулиар шийдвэрлэнэ. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

                                                       ТОДОРХОЙЛОХ НЬ:                           

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Чимэдбадам, Д.Ганбат нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг “Сөгнөгөр” гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Мосины 1891/30 загварын Винтов маркийн буугаар иргэн М.Мыг буудаж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Бийн согтууруулах ундаа хэрэглэж, морь унасан үедээ Мосины 1891/30 загварын Винтов маркийн буугаар 10 орчим метрийн зайнаас хохирогч руу 2 удаа буудсан үйлдэл нь амь хохирогч М.Маас гадна бусад хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд бодитой эрсдэл учруулж болзошгүй байсан нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Бд холбогдох галт зэвсэг ашиглан хүн алсан хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүнийг алсан” гэмт хэргээр зүйлчилж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдлыг харгалзан түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Мосины 1891/30 загварын винтов буу нь зөвхөн гараар цэнэглэгддэг механик ажиллагаатай, мөн шүүгдэгч бусдыг алах гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдэх гэсэн сэдэлт тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч Б.Бийн үйлдлийг “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжгүй гэсэн үндэслэл муутай дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчилсөн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.

Учир нь шүүгдэгч Б.Бд холбогдох галт зэвсэг ашиглан хүн алсан хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар” үйлдсэн гэх шинжээр хүндрүүлж зүйлчлэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ, морин дээрээс, холын зайнаас, гол төмрийг урдаас нь тайрч гар аргаар овоог суулгаж, гол төмөр нь элэгдэж хуучирсан Мосины 1891/30 загварын винтов буугаар хохирогч М.М руу чиглүүлэн 2 удаа буудлага үйлдэхэд амь хохирогчоос гадна хохирогчтой хамт байсан Д.Х, мөн тухайн үед хохирогчийг буудсан чиглэлд байрлах байшин дотор байсан Ц.Ч зэрэг өөр хүмүүс суманд оногдож, амь нас эрүүл мэнд нь эрсдэж болзошгүй байсан хэргийн бодит нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ.

Хүнийг алах гэмт хэргийг үйлдэхдээ сонгож авсан аргын улмаас амь хохирогчоос гадна өөр хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө эрсдэж болзошгүй объектив нөхцөл байдал тогтоогдсон бол тухайн хэргийг “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүнийг алсан” гэж хүндрүүлэн зүйлчлэх бөгөөд тухайн үед амь хохирогчоос бусад хүн хэргийн газарт байсан, эсхүл тухайн мөчид хэргийн газарт гарч ирснээр гэмт халдлагад өртөж хохирч болзошгүй байсан нөхцөлийн аль алиныг нийтэд аюултай нөхцөл байдалд хамааруулан авч үзэх ба амь хохирогчоос өөр хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол бодитой учирсан эсэх нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэргийг зүйлчлэхэд нөлөөлөхгүй болно. Харин амь хохирогчоос гадна бусад хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгө гэмт халдлагад өртсөн бол учирсан хохирлын шинж чанараас хамаарч хэргийг Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчилж шийдвэрлэнэ.

Шүүгдэгч Б.Бийн хувьд амь хохирогч М.Мыг ална хэмээн заналхийлж 2 удаа буудлага үйлдэхдээ амь хохирогчоос гадна тухайн хэргийн газарт байсан бусад хүний амь бие, эрүүл мэнд эрсдэж болзошгүй гэдгийг ухамсарлан ойлгох боломжтой байсан боловч тэрээр гарч болзошгүй үр дагаварт хайхрамжгүй хандаж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, нийтэд аюултай аргаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Бийг “бусдыг алах гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдэх гэсэн сэдэлт тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Чимэдбадам, Д.Ганбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Түүнээс гадна шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мосины 1891/30 загварын Винтов маркийн буу нь анх 1943 онд ЗХУ-д /хуучнаар/ байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн боловч автоматаар буудах боломжгүй, орчин үеийн байлдааны зэвсгийн хүч чадал, техникийн үзүүлэлтийг гүйцэхгүй, буудлага хийхийн тулд зөвхөн гар ажиллагаагаар цэнэглэж, буудлага үйлдсэний дараа сумны хонгиог механик ажиллагаар авч дараагийн сумыг хийдэг ажиллагаатай бөгөөд орчин үед тухайн бууг иргэд ан агнуурын зориулалтаар эзэмшиж байгаа болох нь шинжээчийн 1644 дугаартай дүгнэлт /2хх-187/, шинжээч П.Хосбаярын мэдүүлэг, Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл, мэнд, спортын сайд нарын хамтарч баталсан А/250, A/379, 437 дугаар тушаал /2хх-176/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Тухайлбал, Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл, мэнд, спортын сайд нарын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/250, A/379, 437 дугаар хамтарсан тушаалаар /2хх-176/ иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсгийн жагсаалтыг баталсан бөгөөд уг тушаалын хавсралтад “Мосин-нагант” загварын бууг ажиллагааных нь онцлог шинж, калибрийн хэмжээ болон сумны ангиллыг харгалзан ан агнах зориулалтын галт зэвсгийн ангилалд хамааруулсан байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “байлдааны зэвсэг, галт хэрэгслийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн, холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтаас шүүгдэгч Б.Бийг галт зэвсэг, галт хэрэгслийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан заалтыг, мөн шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 88 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

                                                     

                                                     ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                     ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                                                          Ч.ХОСБАЯР