Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-02-17
Тогтоолын дугаар 108
Хэргийн индекс 141/2018/0052/Э/
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Б.А
Зүйл заалт 10.1.2.1.
Улсын яллагч О.Сарангэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.А, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд, Д.Алтантуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 26 дугаар магадлалтай, Б.Ад холбогдох 201713010014 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч  С.Энхболд, Д.Алтантуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Т овогт Б.А нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх Б.Аг онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар Б.Аг 15 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 272 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Агаас нийт 4.846.131 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Бд олгуулах, нэхэмжлэлийн шаардлагаас 7.678.281 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн шийдвэрийг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хэвээр үргэлжлүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа, С.Энхболд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.А гаргасан гомдолдоо: “...Таксинд суусан хүнийг П харсан байдаг. Тэр хүн юун хүн байсан талаар мэдүүлэг өгөөгүй. Гэрч П гэдэг залууг таниулах ажиллагаанд оруулаагүй. Мөн тамхины ишнүүдээс 3 ширхэг иш нь хэнийх байсныг олоогүй. Энэ бүгдийн жинхэнэ үнэнийг олж өгөөч. Миний хувцсанд цусан толбо байх боломж бий. Яагаад гэвэл 2 сард хүргэн ахын хүүхдийн хамраас цус гоожоод тогтохгүй байсан тул Нэгдсэн эмнэлэгт би дүүгээ харж хэвтсэн. Би цагаан сар болох гэж байхад эмнэлгээс битүүнд гарсан юм. Тэр подволкны цус нь манай дүүгийн цус юм. Би яагаад дүүг авч хэвтэх болсон бэ гэвэл манай хүргэн ахынх хөдөө байдаг. Тэр үед эгч нялх хүүхэдтэй байсан. Гэрчүүд намайг талийгаачтай байхыг хараагүй мөртлөө хамт зогсож байсан гэж худал мэдүүлээд байна. Би талийгаачтай уулзаагүй, хуруугаа ч хүргээгүй байхад намайг худал гүтгээд байдаг учир маш их гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч Г, Г, А нар нь намайг гэж гэрчлээгүй, намайг биш гэж гэрчилсэн. Гэрч П, Э, Г, Д нар нь анхнаасаа үгээ нийлүүлж, бие биеэ хамгаалсан худал мэдүүлэг өгдөг ч зарим нь зөрүүтэй байдаг. Тэд үгээ нийлүүлж, хэргийг нуун дарагдуулж, намайг хэрэгт оруулсан нь мэдээж байна. Миний бие эрүүл мэнд болон сэтгэл санааны маш их хохирол эдэлж байгаадаа гомдолтой байна. Гэрч Гын түргэний машинд нэг хүн орсон байдаг, тэр хүнийг одоо болтол олж тогтоогоогүй. Миний болон талийгаачийн утас олдоогүй. Энэ бүхэн учир битүүлэг гүтгэлэг байна. Энэ бүгдийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Би хүн алаагүй, бие, сэтгэл санааны маш их хямралд байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...1.Магадлалын тодорхойлох хэсэгт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна гэснийг эс зөвшөөрч байна. Учир нь анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолыг хуульд заасан 15 хоногийн дотор үйлдээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн тухай гомдлыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан атал магадлалд дурдаагүй, үнэлэлт дүгнэлт хийгээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байх зохицуулалттай нийцэхгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч миний бие анхан шатны шүүхийн 37 дугаар шийтгэх тогтоолыг 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, тогтоол шийдвэрийг гардан авсан тухай баримтад гарын үсэг зурахад хэргийн оролцогч нарын хэн нь ч гардаж авсан гарын үсэг тэмдэглэлгүй байсан бөгөөд шийтгэх тогтоолыг хуульд заасан хугацаанд 10 дугаар сарын 3-ны өдөр гардуулах байтал 4 хоног хэтрүүлэн оролцогч нарт шийтгэх тогтоолыг гардуулсан байдаг.

2.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт авагдсан баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж дүгнэсэн нь эргэлзээ бүхий, буруу байна.

а/хэрэгт авагдсан баримтаар хэргийн газарт байсан гэх хүн нь Б.А байсан гэх үйл баримтыг гэрч Б.А, С.Г, Д.Г нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн. Мөрдөн байцаалтын шатанд фото зураг таньж олуулах ажиллагаанд дээрх гэрчүүд Б.Аг мөн болохыг гэрчилж байсан боловч шүүх хуралдаанд гэрч С.Г, Д.Г, Б.А нар Б.Аг бүрэн гэрчлээгүй, эргэлзсэн, биш гэсэн мэдүүлэг өгсөн нь хавтаст хэрэгт шүүх хуралдааны хэлэлцүүлгийн тэмдэглэлд тусгагдсан атал шүүх аль мэдүүлгийг нь үнэлэх эсэх талаар дүгнэлт хийлгүй яллах талыг баримтлан гэрчийн мэдүүлгийг үнэлжээ.

б/ хэрэг гарах үед байсан гэх гэрч Ж.Д, П.Г, Б.Э, С.Н, Б.Г, С.С, Х.П, Т.Ёндонжамц, Б.Б, Ш.С нар нь Б.Аг талийгаачтай хамт байж байсан гэж мэдүүлдэг боловч талийгчийн амь насанд хэрхэн халдаж байсныг нэг ч гэрч хараагүй, гэрчлээгүй атал нотлох баримтаар тооцож байгаа нь хэргийн бодит байдал, шударга үнэнд нийцэхгүй байна. Мөн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, цахилгаан холбоо, үүрэн телефон компанийн гар утасны болон түүний хэрэглэгчийн талаарх ямар мэдээллүүд нь талийгаачийн амь насыг хохироосон гэх хэргийн ямар нотлох баримт болж, хэрэгт ямар хамааралтай, хэний ямар үйлдэл, эс үйлдлийг нотолсон болох нь ойлгомжгүй байна.

в/ Гэрч Ш.Г нь шүүгдэгч Б.Агийн өмдний бөгсөн хэсэгт цус болсон гэж мэдүүлснийг нотлох баримтаар тооцож үнэлж буй нь эргэлзээ бүхий байна. Учир нь шүүгдэгч Б.Агийн өмдөнд цус болсон нь хэрэгт авагдсан баримтаар хэзээ, хэрхэн, хаана байхад үүссэн болох нь өөр бусад баримтаар нотлогдоогүй байхгүй байхад нотлох баримтаар тооцож байгаа нь эргэлзээ бүхий байна. Өөрөөр хэлбэл гэрч Ш.Гийн мэдүүлэг нь дан ганц өөрийн мэдүүлгээс гадна өөр бусад баримтаар нотлогдож байж үнэлэгдэх атал хэрэгт хамааралтай гэж үзсэн нь өрөөсгөл болсон байна.

З.Хэргийн нотлох баримтын хувьд шинжээчийн дүгнэлт хэргийг эцэслэн шийдвэрлэхэд чухал эрх зүйн баримт мөн бөгөөд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлууд байсаар атал шүүх нотлох баримтаар тооцож байгаа нь эргэлзээ бүхий байна. Тухайлбал: Шинжээч эмч Б.Тэнүүний гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 305 тоот дүгнэлтээр Б.Агийн өмсөж явсан гэх жинсэн өмд, шаргал өнгийн элгэн гуталд цусан толбо илэрсэн бол шинжээч эмч М.Өнөржаргал, Ш.Пүрэвдулам, Б.Гантуяа нарын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 9378 дугаартай дүгнэлтээр шинээр бор саарал өнгийн хүрэмд цусан толбо илэрсэн. Б.Тэнүүн шинжээчийн дүгнэлтээр хүрэмнээс цусан толбо илрээгүй байснаа 1 жил 5 сарын дараа яагаад гэнэт илрэх болов. Энэхүү зөрүүтэй асуудлаар шинжээч эмч урвалд оруулахад өөрчлөгдсөн гэх боловч яллагдагч уг бээлийг миний өмсөж байсан бээлий эрэгтэй хүний бээлий, энэ нь миний гарт багтахааргүй эмэгтэй хүнийх гэж үгүйсгэдэг. Үүний шалтгааныг одоо хэр нь тодруулаагүй байна. Дээрхи 3056, 9378 дугаартай дүгнэлтээр Б.Агийн өмсөж явсан гэх хар өнгийн хос бээлийнд шинжилгээ хийж урвалд оруулахад цусан толбо илрээгүй. Гэтэл уг бээлийний фото зургийг харахад яагаад хүний нүдэнд илэрхий нилэнхүйдээ хамарсан цусан толбо харагддаг байна вэ? /1хх-85, фото №5/ Эхний удаа урвалд оруулахад бээлийнд цусан толбо илрээгүй байснаа 1.5 жилийн дараа яагаад цусан толбо үүссэн, энэхүү эргэлзээ бүхий байдлыг нотлох баримтаар тооцох боломжгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14.15 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэж байна.

4.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс удаа дараа гаргасан хүсэлтдээ Б.Агийн өмсөж явсан өмд, гутал, хүрэмд үүссэн цусан толбо хэрхэн үүссэн болохыг тогтоолгохыг хүссэн боловч одоо болтол хангагдаагүй. Тухайлбал:

а.Өмдөнд илэрсэн цусан толбо бүрийг хэсэгчлэн гадны ямар хүчний үйлчлэл, үйл хөдөлгөөний явцад бий болсон, энэхүү толбо нь зориуд санаатай арчсан, түрхсэн, арчихад болон арчидсын явцад үүссэн байж болох эсэх, хохирогчийн бие, хувцсанд хийсэн үзлэгээс үндэслэн Б.Агийн өмдөнд илэрсэн цусан толбо ямар үйл явц, хөдөлгөөний явцад үүсэж болох эсэхийг одоо болтол тал бүрээс нь тодруулаагүй. Миний үйлчлүүлэгчийн өмднөөс илэрсэн цусан толбо нь талийгчийнх биш гэж үгүйсгээгүй, энэ асуудалд маргаагүй. Гагцхүү цусан толбо хэрхэн үүссэн асуудалд үнэн зөвөөр, шударгаар тогтоолгохыг хүсэж мэтгэлцсээр ирсэн. Б.А талийгаачтай маргаагүй, уулзаагүй гэсээр байхад гэрч нар яагаад маргаж байсан гэх болов. Үнэхээр хүний амь насанд халдсан хүн өмд, хувцас нь цус болсон байхад харьж унтаад өглөө нь цагдаад баригдаад байж байх уу? Нөгөө талаар хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн өмд, гутал, хувцас, бээлийнд үүссэн гэх цусан толбо нь бусад баримтаар хэрхэн яаж үүссэн болох нь давхар нотлогдоогүй байгааг дурьдах нь зүйтэй. Мөрдөгч Баярмаагийн үйлдсэн мөрдөн байцаалтын туршилтаар Б.А нь талийгаачийг сууж байгаад хоёр хөлнийхөө завсар хавчуулж байгаад амь насанд нь халджээ гэх дүр зураг харагдаж байгаа боловч энэ нь мөрдөгчийн таамаглал болохоос нотлох баримт биш гэж үзнэ.

5.Хэрэгт авагдсан баримтаар хэрэг гарах үед байсан гэх гэрч, талийгаач нарын хооронд ямар нэгэн маргалдах, зодолдох зүйл болжээ гэдэг шалтгаант холбоо илт харагдаж байна. Түүгээр зогсохгүй талийгаачийн цогцсыг гэрч Ж.Дийн хашаанаас зөөвөрлөсөн байж болох нөхцөл байдал илэрхий байна. Шинжээчийн 201730006 тоот дүгнэлтээр нас барагч Б.Бын биеийн хоншоор, духны суурь ясны хугарал, зүүн талын 5 дугаар хавирганы хугарал, тархины зөөлөн бүрхүүлийн цус хуралт, хамар зүүн тийш муруйлт зэргээс гадна биеийн 13 хэсэгт зулгаралт, цус хуралт бий болсон бөгөөд хоншоор, духны суурь ясны хугарал гэмтлүүд нь үхэлд хүргэсэн байдаг. Ийм хүнд гэмтэл авсан хүн ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийх боломжгүй бөгөөд гадна хаалганд хохирогчийн цус арчигдсан байдал нь гадны хүчний үйлчлэлээр зөөвөрлөж авчирсан байх үндэслэл байна. Нөгөө талаар хохирогчийн биед үүссэн 13 зулгаралт, цус хуралтууд нь нэг хүний биш хэд хэдэн хүний үйлдэл байхаар байна.  Пийн: талийгаачийг “пиздаанууд минь яах гээд байнаа гэж орилсон” гэж мэдүүлсэн нь хоёр ба түүнээс дээш хүний халдлагад өртөөд орилж байсан байж болохыг үгүйсгэхээргүй байна. Мөн хэргийн газраас цасан дээр илэрсэн цусан толбо нь цасаар дарагдсан байсан эсэх, тэр шөнө цас орсон тухай цаг уурын байгууллагын баримтгүй байх бөгөөд цасаар шүүрдэж далдлах маягаар цэвэрлэсэн эсэхийг ч нарийн тодруулан шалгах байжээ. Хэрэг гарсан шөнө цас бударч байсан байдаг.

6.Хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч нарын өгсөн мэдүүлэгт Б.А нь талийгаачийн амь насанд хэрхэн халдаж үйлдсэнийг нотолсон нэг ч мэдүүлэг байхгүй байгааг тэмдэглэх хэрэгтэй. Мөн гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо авцалдаагүй, зөрүүтэй эргэлзээ бүхий байгаагийн  зэрэгцээ гэрч Энхмаа нь мөрдөн байцаалтад мэдүүлээгүй мөртлөө шүүхийн хэлэлцүүлэгт Агийн гар нь цус болсон байсан гэх боловч уг цус нь хэний цусан толбо байсныг шүүх хуралдаанаар тогтоох боломжгүйг дурьдах нь зүйтэй.

7.Мөрдөн байцаалтын явцад прокурор Цогт-Эрдэнэ нь миний үйлчлүүлэгчид “чиний үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргээ хүлээ” гээд түүний эх Бад “таны хүүхдийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийг нь хүлээлгэ” гэх байдлаар хандсан, эрүүдэн шүүх хэлбэр болж оролцогчийн эрхийг хууль бусаар зөрчсөн явдал болсон. Энэ асуудлаар Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргаснаар прокурор, мөрдөгч Баярмаа нарт сахилгын арга хэмжээ авагдаж байсан юм.

8.Хэрэгт авагдсан баримтаар Б.А, С, Б, Ё нарыг хамт сургуулийн лагерийн хүнсний дэлгүүрт орж С, Б.Э нар нь архи аваад гарсны дараахан гадаа алхаж яваа Ж.Д нь Ёын утас руу залгаснаар тэд хамт Ж.Дийнд очсон байдаг. Яллагдагч Б.А талийгаачтай уулзаагүй, маргалдсан асуудал болоогүй гэдэг. Түүнд Дийнд өөрийн санаачлагаар очих ямар ч ажил байгаагүй, Ёыг Дийнд очъё гэснээр очсон байдаг боловч талийгаачийн амь насанд халдах санаа зорилго, шалтгаант холбоо тогтоогдохгүй байдаг. Нөгөө талаар үнэхээр хүний амь насанд халдсан хүн өглөө нь цагдаа ирэхэд цус болсон хувцастайгаа байж байгаад баригдаад явах уу?

9.Хэрэг гарах үед Ж.Дийн гэрт түүний эхнэр Г, гэрч Б.Г, Ж.Б, Б.Э, С, Н, талийгаач, шүүгдэгч нар нийт 9 хүн байсан. Гэрч нарын мэдүүлгээр П.Г, Ж.Б, С, Б, Ё, Д нар л энэ хэргийн учиг болж байна. Иймд хэрэг гарсан газар байсан гэрч нар, талийгаач нарын хооронд ямар нэгэн үйл явдал болсныг илтгэх дараахь нөхцөл байдал байна. Хэрэгт авагдсан баримтаар

Text Box:  а.Гэрч Ж.Дийн гэрийн гадна хашааны хаалга салаад унасан байдаг ч гэрч энэ талаараа анхны мэдүүлэгтээ ч дурьдаагүй нь сэжиг бүхий байдаг. Одоо болтол хаалгыг хэн, хэрхэн эвдсэн нь тогтоогдоогүй. Хэн нэгэн гэрийхээ хашааны хаалгыг эвдэрч салаад унасан байхад дуугүй байж чадах уу? Хаалга гадны хүчний үйлчлэлээр эвдэрч салсан нь тодорхой байна гэж үзэхээр байна. Ууж байсан архины шилнээс түүний хурууны хээ илэрсэн.

б.Гэрч Б.Г шинжээчийн дүгнэлтээр хамрын нуруу зулгарсан, түүний өмсөж явсан саарал ноосон цамц, пальто, өмд, гуталнаас өөрийнх нь цусан толбо илэрсэн, архины шил дээрхи цусан толбо нь мөн өөрийнх нь байсан.

в.Гэрч С.Сгийн хурууны хээ нь архины шилнээс илэрсэн, цамцанд 30.52 мм-ийн шинэ урагдалттай, хар бээлий, цамцанд өөрийх нь цусан толботой. Яагаад шинэ урагдалт бий болсон нь тодорхой бус.

г.Гэрч Ш.Сийн биеийн тамирын цамц 70 мм-ийн шинэ урагдалттай.

д.Гэрч Бын хурууны хээ Ерөөл архины шилнээс илэрсэн байдаг. Энэ нь дээр дурдсан Э, С нарын авчирсан архийг уусан, ямар нэгэн барилцаж ноцолдох явцад хувцсанд нь урагдалт болсон нь тодорхой байна.

Яагаад гэрч нарын хувцас урагдан, айлын хашааны гадна хаалга эвдэрч салан унасан, хэргийн газрын үзлэгээр талийгаачийн цус гадна хаалганы гадна, доторгүй болж, айлын довжоо, угаалтуур цусан толбо үүссэн байдал, айлын хог хүртэл яагаад хөдөлгөөнд орсон байдалтай болов, Дийн гэрт байсан хохирогч яагаад нас барсан байдалтайгаар хажуу айлын хашаанд түүний цогцос байсан, энд л хэргийн ээдрээ байна гэж үзэхээр байна. Гэтэл энэхүү нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар хэн үйлдсэн болох нь бүрэн нотлогдоогүй байна. Талийгаачийн цамц, футболк шинэ урагдалттай, гутлын цахилгаан нь гүйдэг замнаасаа шинээр гарсан байдаг бөгөөд Дийн гэрийн гаднах хашааны хаалганы урд талд, жижиг хаалганд үүссэн цусан толбо нь цогцосыг чирэн зөөвөрлөсөн байх үндэслэл бүхий байна гэж үзнэ. Гэрч Ж.Д хийдэд суудаг лам хүн яагаад хүний эхнэрийг дагуулаад шөнө гал түлнэ гээд гарсан, яагаад айлын угаадас асгаад явж байдаг юм. Хэргийн газраа баллахын тулд угааж цэвэрлээд, эд мөрийн баримтыг балласан юм биш үү. Ж.Д, Г, Э, Н... бусад гэрч, талийгаач нарын хоорондын хувийн харилцааг нарийн шалгаж тогтоогоогүй байдаг. Иймд гэрч, талийгаач нарын хувцасны урагдалт, хашааны гадна унасан хаалганд талийгаачийн цус илэрсэн зэрэг нөхцөл байдал илэрхий  нэг үйлдэл биш, гэрч нар үгээ нийлүүлэн худал мэдүүлсэн гэдгийг илт харуулах атал шүүгдэгч Б.Аг гэм буруутайд тооцож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэсэн хэргийн бодит байдлыг тогтоох шударга ёсны зарчимтай нийцэж байна. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 26 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 26 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотлолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн, мөн 39.6 дугаар зүйл, 1.3-д заасныг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйл, 1.6-д заасныг зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна.

2017 оны 3 сарын 10-ны өдрийн үүрээр 3.14 цагаас 3.40 цагийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Дархан-Уул багт байрлах Дийн хашаанд иргэн Б.Бын амь хохирсон хэрэгт шүүгдэгч Б.А буруутгагдсан байна. Анхан шатны шүүхийн 34 дүгээр шийтгэх тогтоолд: “А нь Дийн хашаанд байх түлээний саравчны орчим Бтой маргалдан, улмаар Дийн хашаанаас Пын хашааны хаалга хүрэх хэсэгт ... гэмтлүүдийг учруулсан” гэж буруу дүгнэжээ. Бын амь хохирсон хэрэг 2017 оны 3 сарын 10-ны өдөр гарсан байх тул тухайн үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйл, 24.1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй бол эрүүгийн хэрэг үүсгэсэн шүүгч, прокурор нар хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байх тул гэмт хэргийн бүрэлдэхүүнийг заавал шапгах шаардлагатай байсан.   Гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шалгахад объектив тал буюу А хэзээ хаана, хэрхэн яаж, хэдэн удаагийн ямар үйлдлээр Бын амь насыг хохироосон болон субъектив тал буюу Агийн ямар үйлдэл хийсэн нь тогтоогдоогүй, хөнгөмсгөөр найдсан уу, хайхрамжгүй хандсан уу гэдгийг тогтоож чадаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж хууль зөрчжээ.

1.Объект - хүний амьд явах эрх - Б нас барж, амьд явах эрх нь зөрчигдсөн байна.

2.Объектив тал - үйлдэл, эс үйлдэхүй хийх замаар бусдын амь насыг бусниулсан байх. Мөн бусдыг алсан үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо заавал байх ёстой. Хавтаст хэрэгт цугласан нотлох баримтуудаас Агийн хийсэн ямар үйлдлээр Бын амь нас хохирсон болохыг тогтоож чадаагүй байна. Агийн хийсэн гэх гэмт үйлдлийг хавтаст хэрэгт цугласан нотлох баримтуудаас тодруулж шалгавал:

Хэрэг болсон цаг хугацааг шийтгэх тогтоолд 3 цагаас 3 цаг 40 минутын орчим гэж бичсэн боловч амь хохирсон Бын гар утасны биллээс шалгахад Б 02.59.06-д 32 сек, 03.10.54-д 18 сек тус тус Агийн 80805737 дугаар луу залгаж ярьсан байдаг. Энэ нь тухайн хэрэг болох үед А Бтой хамт байгаагүйг нотолсон нотлох баримт юм. Хамт байсан бол утсаар ярих шаардлагагүй байсан болно. Бын Жи мобайлын гар утасны биллээс Б нь хамгийн сүүлд 03.13.45-д Даваадоржийн 98987246 дугаар луу залгаж 23 сек ярьсан байгаа нь тогтоогдож байна. Үүнээс дүгнэхэд:

1 .Бын амь хохирсон цаг хугацаа 3.14.08 цагаас 3 цаг 40 минутын хооронд болсон байна.

2.Гэрч Б, Г нарын хэлснээр 3 цагийн үед А, Б нар түлээний саравчны урд зогсож байсан гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны дүгнэлт өөрчилж болохгүй нотлох баримт болох Бын утасны биллээр худал мэдүүлэг дээр үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг нотолж байна. Хэрвээ Б, А нар хамт зогсож байсан бол бие бие рүүгээ утсаар ярихгүй байсан болно.

Иймд хэрэг болохын өмнө А, Бтой хамт байгаагүй болох нь энэ нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Гар утасны биллийг бодит байдалтай харьцуулахад үнэмшилгүй эргэлзээтэй нэг зүйл байна. А амь хохирогч Быг огт таньдаггүй, хэрэг болсон өдөр анх харсан бөгөөд нэрийг нь мэдэхгүй учир махлаг ах гэж мэдүүлэг өгсөн байдаг. Үүнээс Б Агийн утасны дугаарыг мэддэг учраас түүн руу залгаж ярьсан гэж дүгнэлт хийх боломжгүй юм. Харин амь хохирогч Бтой цуг байсан бөгөөд Агийн утасны дугаарыг мэддэг хүн Бын утаснаас А руу залгаж ярьсан байх боломжтой байж болох юм. Гэтэл гэрч Э амь хохирогч Б гэрээс гарахдаа утсаар ярьсан тухай мэдүүлнэ. Амь хохирогч Б нэг хүнтэй их ууртайгаар яриад гарч явсан тухай, дахин буцаж орж ирээгүй тухай мэдүүлдэг. Түүний мэдүүлснээр энэ үед гэрт Энхмаа, Гүндсамбуу нар сэрүүн байсан гэнэ. Эгийн мэдүүлэг үнэн байх боломжтой эсэхийг шалгая: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас гэрч Э анх Б, Г гурвуулаа гал түлэхээр явсан гэж мэдүүлэг өгсөн байна. Хоёр дахь мэдүүлгээс эхлэн Гтай гэрт үлдсэн болгож өөрчилсөн байдаг. Иймд Эгийн мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэх боломжгүй байна. Эгийн мэдүүлгээс дүгнэлт хийхэд тэрээр хэн нэгэн Бын гар утаснаас А руу залгаж ярьсан болохыг мэдэж байх нь нотлогдож байна. Иймд тухайн үед сэрүүн байсан гэх Э, Г нар Агийн гар утасны дугаарыг мэддэг эсэх, энэ хоёр хүн Бын гар утаснаас А руу залгаж ярьсан эсэхийг шалгаж тогтоогоогүй байна. Дээрхи нотлох баримтуудаар 3 цагийн үед А амь хохирогч Бтой түлээний саравчны урд зогсож байсан гэх анхан шатны шүүхийн дүтнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэдэг нь тогтоогдож байна. Түүнчлэн амь хохирсон Бын гар утас, шүүгдэгч Агийн гар утас өнөөдрийг болтол олдоогүй байдаг. Гэтэл Бын олдохгүй байгаа юнителийн 89970614 дугаараас нас барсан хойно нь буюу 03.46.57-д Барбаатарын 80909760 дугаар луу залгаж 7 сек ярьсан байдаг. Утсаар ярьсан нотлох баримт нь гэрчүүдийн А, Б нар хоёулахнаа үлдсэн гэх мэдүүлгийг няцаасан нотлох баримт бөгөөд Бын амь насыг хөнөөсөн хүн утсыг нь аваад Бтай ярьсан байна. Энэ хүн Бын утасны дугаарыг мэддэг учраас түүн руу утасдсан байх бүрэн боломжтой байна. Үүнийг шалгаж тогтоогоогүй. Мөн Агийн утасны билл хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан боловч түүнийг хоригдож байх хооронд Агийн огт танихгүй дугаарууд руу залгаж ярьсан байхад уг гар утас хэнд байгаа талаар огт шалгаж тогтоогоогүй байдаг. Бын амь хохирсон газрыг анхан шатны болон давж заалдах шатны шүүх “Дийн хашаанаас Пын хашааны хаалга хүрэх хэсэгт ... гэмтлүүдийг учруулсан” гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгээр талийгаач Б гэрт зодолдож, улмаар байшингийн довжооны урд талд 23 см зайд нас барсан болох нь тогтоогдсон байдаг. Шинжээчийн 3056 дугаар дүгнэлтээр Дийн байшингийн довжооны урд талд 23 см зайд шороон хөрсөн дээр талийгаач Бын цус 53x45 см зайд буюу их хэмжээгээр тунасан байдалтай байгааг тогтоосон байдаг. Үүнээс дүгнэхэд хэрвээ талийгаач Б ямар нэг хөдөлгөөн хийж амьд байсан тохиолдолд түүний цус нэг газар их хэмжээгээр тунаж үлдэхгүй байсан байх нь хэнд ч ойлгомжтой юм. Хэргийн газрын үзлэгээр Дийн байшингийн довжооны банзны ирмэгийн хэлтэрхий 24x2 см салмарсан буюу санжсан байдалтай байсан байдаг. Газрын хөрсний дээд талын банзан довжоон дээр 1,5x0,5 см, 2x1 см, 1x1 см, 4,5x1 см, хэлтэрхий банзны хэсэгт нь түүний доод нүүр хэсэгт 6x2, 1x1,5, 1x0,5, 0,5x0,5 см газруудад цусан толбо байгаагаас үзэхэд Б хэн нэгэнтэй зодолдсон үйл баримт нь тогтоол, магадлалд бичсэн шиг түлээний саравчны урд биш, харин Дийн гэрт эхэлсэн гэдэг нь тогтоогдож байна. Гэрээс эхэлсэн зодоон гэдэг нь нэгдүгээрт, довжоон дээр цусан толбо үүссэн, хоёрдугаарт, довжооноос төө хүрэхгүй зайд шороон хөрсөн дээр хэрэг болсноос хойш 13-14 цагийн дараа Бын цус 53x45 см харьцаатай их хэмжээгээр илэрсэн, гуравдугаарт, банзан довжоо 24x2 см хэмжээтэйгээр хэлтэрч салмарсан зэргээр зодоон гэрээс эхэлж гадаа үргэлжилсэн гэдэг нь тогтоогдож байгаа болно. Байшингийн довжооны урд 23 см зайд шороон хөрсөн дээр Бын цус 53x45 см зайд буюу их хэмжээгээр илэрсэн байгаа нь шархнаас гоожсон цусаар Б яг энд огт хөдөлгөөнгүй хэвтэж байсныг нотолж байгаа том нотлох баримт байна. Энэ үед гэрт Энхмаа, Гүндсамбуу хоёр сэрүүн байсан гэж гэрчүүд мэдүүлдэг. Мөн банзан довжоон дээрээс олдсон 8 ширхэг цусны толбо Гнх гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байдаг. Ийнхүү хөдлөшгүй, өөрчилж болохгүй нотлох баримт болох хэргийн газрын үзлэгээр Бын амь хохирсон газар Дийн хашаанд байшингийн довжооны урд талд 23 см зайд гэж тогтоогдож байхад 37 дугаар тогтоолд “түлээний саравчны орчим Бтой маргалдан улмаар Дийн хашаанаас Пын хашааны хаалга хүрэх хэсэгт ... гэмтлүүдийг учруулсан”  гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хэрэг болсон цаг хугацаанд Дийн хашаанд архи ууцгааж байсан хүмүүсээс гадна өөр хүмүүс байсныг нотлох баримт хэрэгт авагдсан байна. Хэргийн газрын үзлэгээр Дийн хашааны довжооны урдаас Алтан навч, Улаан шонхор тамхины нийт 8 ширхэг ишийг хураан авсан байна. Шинжилгээгээр эдгээр 8 ишний 5 нь шинжилгээнд тэнцэхгүй, 3 нь шинжилгээнд тэнцсэн боловч зодооны үеэр Дийнд байж архи ууж байсан хүмүүсийн ДНК-тай тохирохгүй байна гэх дүгнэлт гарсан байдаг. ДНК тохирохгүй байна гэх шинжээчийн дүгнэлт хашаанд тэднээс гадна өөр хүмүүс байжээ гэдгийг нотолсон баримт юм. Быг олон хүн зодож байсан тухай Пүрэвсэнгийн “Намайг Бтой уулзчихаад хашааны булан тойрч байх үед Бын пиздануудаа гэж орилох дуу сонсогдож байсан” гэх мэдүүлэг хэрэг болсон цаг хугацаанд Дийн хашаанд олон хүн байсныг баталж байхад энэ нөхцөл байдлыг анхааралгүй орхигдуулсан байна. Амь хохирогч Бын аав хохирогч Ж.Б шүүх хурал дээр энэ банди манай хүүг ганцаараа хүчрэхгүй ээ гэж хэлсэн зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Эдгээр нотлох баримтуудаар Быг олон хүн зодож, амь насыг нь хохироосон болох нь тогтоогдож байна. Хэрэг болсон цаг хугацаанд зодолдсон нь нотлох баримтаар тогтоогдсон хүмүүс:

-Хэрэг болсон цаг хугацаанд Агийн нүд домбойж хавдаагүй, харин гэрч гэх Пийн нүд домбойж хавдсан тухай Пгийн мэдүүлэг хэрэгт авагдсан байна.

-37 дугаар шийтгэх тогтоолд “...шинжээчийн дүгнэлтээр Гийн хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдсон...”, “...архины шилэн дээрээс авсан гэх цус нь Гүийн цусны ДНК-ийн тогтоцтой...” гэх нотлох баримт,

1806 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “С.Сийн ... цамцанд 30 мм /шинэ/ 52 мм /шинэ/, Ш.Сийн ... цамцанд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан 70 мм хэмжээтэй шинэ ханзарсан уранхай байна” гэх нотлох баримтуудаар хэрэг болсон цаг хугацаанд Агаас гадна П, Г, С нар зодолдсон нь тогтоогдсон байхад дээрхи хүмүүсийг огт шалгаагүй байна. Үүнээс гадна тус 1806 дугаар шинжээчийн дүгнэлтэд бичсэнээр “С.Сгийн хөх хүрмэнд 2 ширхэг, шаргал хүрмэнд 1 уранхайг хуучин, Ж.Бын хөх цамцанд 1 ширхэг, футболканд 2 ширхэг, хар өмдөнд 1 ширхэг уранхайг хуучин, Ж.Дийн цамцанд 10 ширхэг, футболканд 11 ширхэг, хар өмдөнд 1 ширхэг уранхайг тус тус хуучин” гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байна. 20-25 насны залуучууд 5-аас дээш 23 хүртэлх олон тооны уранхайтай хувцас өмсөөд буюу ноорхой хувцастай явдаг гэх нь дэндүү үнэмшилгүй байгаа болно. Иймд эдгээр хувцаснуудын уранхайг шинэ, хуучныг дахин шинжлүүлэх шаардлагатай юм.

-Таньж олуулах ажиллагааны талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйл, 9-д зааснаар таньж олуулах ажиллагаа хийхдээ гаднах байдлаараа төстэй хүний дундаас таньж олуулах ажиллагааг хийнэ гэснийг зөрчсөн. Хэргийн газар байсан бүх хүмүүсийн зургийг таньж олуулах ажиллагаанд оролцуулаагүй, ганц Агийн зургийг таних ажиллагаанд оролцуулж Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн. Мөн тухайн үед хэргийн газраас зугтсан, нүд нь домбойсон, шаргал өнгийн курткатай туранхай залууг харсан гэрч бага эмч Пунсалдулам, жолооч Гантулга, хөрш Амарсанаа нар Аг биш гэж хэлцгээсэн байдаг. Ганц бага эмч Пунсалдулам “энэ залуу биш байнаа, таньж олуулах ажиллагаанд төстэй болохоор нь заасан юм” гэдэг. Жолооч Гантулга мөн л Аг биш гэдгийг хэлсэн бөгөөд куртка таниулах үед Агийн өмсөж явсан курткийг үзээд “биш байнаа, үүнээс тод шаргал өнгийн курткатэй залуу байсан” гэж хэлдэг. Гэрч А “энэ залуу бишээ, би сэтгэцийн өвчтэй, би сайн хараагүй” гэж мэдүүлсэн нотлох баримтуудыг орхигдуулсан. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас Агийн өмсөж явсан хүрмийг бор өнгийн гэж бичсэн байдаг бөгөөд С.С хөх өнгийн, шаргал өнгийн 2 ширхэг хүрэм хураалгасан тухай бичигдсэн байна.

А Бтой зодолдоогүйг нотолсон нотлох баримтын талаар: Хэргийн газар байсан гэрчүүдээс нэг нь ч А, Б нар зодолдож байхыг харсан гэж гэрчлээгүй буюу хараагүй байна.

Аг буруутгасан нотлох баримтууд: 1.“Агийн биед хийсэн үзлэгээр ... хуучин сорвиуд, зүүн шанааны дээд хэсэгт, баруун бугуйн ар хэсэгт улаан хүрэн өнгийн зулгаралтууд, баруун гарын хурууны хоёрдугаар үенд цус хуралттай, шинжээчийн дүгнэлтээр зүүн хацрын төвгөрт, баруун бугуйн үений ар хэсэгт, баруун 3 дугаар хурууны 2 дугаар үенд зулгаралт гэмтэл, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт зэрэг гэмтлүүд үүссэн болох нь тогтоогдлоо” гэж 37 дугаар шийтгэх тогтоолд бичээд энэ нотлох баримтаар А, Бтой зодолдож улмаар амь насыг нь хохироосон нотлох баримт гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл, 13-д заасныг баримтлан үнэлсэн гэж буруу бичсэн. Гэтэл мөн зүйл хэсэгт: “ ...нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь хянана” гэсэн байхад зөвхөн дээрх Агийн биед учирсан гэмтлийг хангалттай гэж үзсэн нь хууль зөрчиж байгаа хэрэг бөгөөд бусад нотлох баримтуудтай харьцуулахад дээрхи гэмтлийг А тухайн өдөр болсон дараахь маргаануудын үеэр авсан байж болзошгүй байна. Дтой барьцалдаж гэрээс гадагш хашаа руу гарах үед: гэрчүүд бүгд энэ тухай мэдүүлдэг бөгөөд харилцан бие биеэ цохисон гэдэг. Б Аг 2 удаа алгадсан гэж өөрөө мэдүүлдэг, харин А Барбаатар миний нүд рүү цохичихлоо гэж нүд руугаа заагаад байсан тухай бүх гэрчүүд мэдүүлдэг. Согтуу гэртээ ирэхдээ ч лам хүн хүн зоддог юм уу гэж ээжээсээ асуусан байдаг. Гэрт А орж ирэх үед Гтай муудалцаж, Аг газар унагаад дээр нь мордчихсон байх үед, Барбаатар, Сумъяасүрэнг зодох гэхэд Бын гарнаас зүүгдэж байх үедээ гэх зэрэг эдгээр нотлох баримтуудыг орхигдуулан зөвхөн Бт хамаатуулж үнэлснээ 16.1 дүгээр зүйлийн 13-д зааснаар бүхэлд нь хянасан гэж буруу дүгнэсэн байна.

2. 37 дугаар шийтгэх тогтоолд Аг Бын амь насыг хохироосон нотлох баримтад “Түүнчлэн Б.Агийн тухайн үед өмсч явсан хөх өнгийн жинсэн өмдний баруун, зүүн өвдөгний урд, дотор талдаа, өмдний арын өгзөгний хэсэгт тус бүр цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, шаргал өнгийн дотуур өмдний өгзөгний ар хэсэг, өвдөгний дотор хэсэгт бүдэгхэн цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ... подволкны зүүн урд гадна хэсэгт цэгчилсэн цус мэт зүйлээр бохирлогдсон, ... бор өнгийн куртик ... баруун талын хормойн үзүүр хэсгээрээ, мөн баруун ар талын хормойноос дээш баруун талын оёдлоос хойш хэсэгт цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, бор шаргал өнгийн богино түрийтэй гутал цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон байгаа талаар тэмдэглэсэн бөгөөд Б.Агийн гэх цайралттай цагаан цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн үдээстэй бор шаргал өнгийн элгэн гутал зэрэгт илэрсэн цус нь ... Бын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гээд эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл 13 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан хууль ёсны баримтууд байна гэж буруу дүгнэсэн. Агийн хувцсан дээрээс илэрсэн Бын цус Агийн үйлдлийг хангалттай нотолж чадахгүй юм. Харин Агийн хувцсанд илэрсэн цус ямар байдлаар үүссэн байж болох талаар үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй байна. Үүнд:

-Агийн өмдний баруун, зүүн өвдөгний урд талыг нэлэнхүйд нь хамарч илэрсэн цусаар Бын цусан дээр Аг өвдөглүүлсэн байж болзошгүйг шалгаж тогтоогоогүй. Агийн өмдний өгзөгний ар хэсэг, бор өнгийн куртикны баруун талын хормойн үзүүр хэсэг, мөн баруун ар талын хормойноос дээш баруун талын оёдлоос хойш хэсэгт илэрсэн цусаар А Бын цусан дээр баруун ар талаараа унасан байж болзошгүйг илтгэж байхад үүнийг шалгаж тогтоолгүйгээр хувцсан дээр цус илэрсэн тул амь насыг хохироосон гэж үзэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэн үйлдсэн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаагүй хууль зөрчсөн, мөн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д зааснаар тухайн хүн үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон хариуцлага хүлээнэ гэснийг тус тус зөрчсөн байна.

Гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй талаар: Тухайн үед хэрэг болсон газар байсан гэрчүүдийн мэдүүлэг бүгд зөрүүтэй байдаг. Энэ талаар огт шалгаж тогтоогоогүй. Худал мэдүүлэг өгсөн гэрчүүдийг шалгаж тогтоох, хариуцлага тооцох ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай байгаа болно. Мэдүүлгийн зөрүүний талаар олон удаа ярьсан нь тэмдэглэгдсэн болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж, хууль зөрчсөн нь шийдвэрт нөлөөлсөн тул бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох хэлсэн саналдаа: “Шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна. Мөн оршуулгын зардал 4.846.131 төгрөг, өмгөөлөгчийн зардал 6.000.000 төгрөг, нийт 10.846.131 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Ад холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна. Зүйлчлэл тохирсон. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч С.Энхболд, Д.Алтантуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 3 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 03 цагаас 03 цаг 40 минутын орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт иргэн Б.Быг зодож, биед нь хоншоор, дух, суурь ясны хугарал, зүүн талын 5 дугаар хавирганы хугарал, тархины зөөлөн бүрхүүлийн цус хуралт, хамар зүүн тийш муруйлт, нүүрний дух, хацар, хамар хэсэгт зулгаралт, уруулын дотор хэсэгт хэгзэрсэн шарх бүхий олон тооны гэмтэл учруулж алсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Аг онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутой тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 15 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэргийн материалыг судалж үзэхэд 2017 оны 3 дугаар сарын 9-ний орой Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан уул багт оршин суух Ж.Дийн гэрт Ж.Д, Ж.Б, Б.Э, С.Н, Б.Б нар уулзан, согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ С.Санжренчин, Б.Гүндсамбуу нарыг утсаар дуудаж, улмаар шөнийн 01 цагт С.С, Б.Э нар дэлгүүрээс архи авахаар явахдаа Б.А, Т.Е, Б.Б, Ш.С нартай тааралдан хамтдаа Ж.Дийн гэрт буцаж ирж үргэлжлүүлсэн согтууруулах ундааны зүйл хэрэглэх үед тэдний хооронд таарамжгүй харилцаа үүсч, улмаар шүүгдэгч Б.А нь амь хохирогч Б.Быг зодож алсан талаар анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.А нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй, мөн түүний гэмт хэрэг үйлдэж байгааг шууд харсан гэрч байхгүй хэдий ч тэрээр гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө Ж.Дтой таагүй харилцаа үүсгэн маргалдах үед Ж.Б тэднийг салган гадагш гаргаж, Ж.Дийг гэрт нь буцаан оруулж,  Б.Аг явахыг шаардаж алгадсан, улмаар Б.А нь Ж.Дийн гэрийн гадна түлээний саравчны урд амь хохирогч Б.Бтой муудалцсан байдалтай юм яриад зогсож байхыг харсан талаар гэрч Ж.Д, П.Г, Ж.Б, Т.Ё нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, мөн хэсэг хугацааны дараа Б.А нь Ж.Дийн гэрт орж ирээд Ж.Д, Б.Г нартай маргалдаж, Б.Гийн нүүрэнд цохиж, хамраас нь цус гаргах үед түүнийг Ж.Б салгаж гадагш гаргасан талаар гэрч Ж.Д, П.Г, Б.Г, Ж.Б нарын өгсөн мэдүүлэг, Б.Агийн малгайг авч өгөхөөр тонгойхдоо түүний өмсөж явсан жинсэн өмдний ар тал нь цусаар бохирлогдсон байсныг харсан талаар гэрч П.Гийн өгсөн мэдүүлэг, “Б.А гаднаас орж ирээд удалгүй гараад явсан. Талийгаач хэнтэй муудалцсаныг нь сайн мэдэхгүй, алчихъя гээд л хувцсаа өмсөөд гараад явсан. Тэрний дараа нэлээн байзнаж байгаад А орж ирэхэд гар нь цус болсон байсан. А нь Гийн хамар луу цохиж цус гарахаас өмнө түүний баруун талын гарын сарвуу хэсэг нь цус болсон байсныг харсан” талаар гэрч Б.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөн “гэрт ороход Д, А хоёр том өрөөнд муудалцаад нэг нэгнийгээ заамдалцаад авсан байсан. Тэгээд Б бид хоёр салгасан. Гэтэл Дийг А цохиод авсан, би хүүе яаж байна гэсэн чинь намайг цохиод авсан, тэгээд Гг цохиод хамраас нь цус гаргасан, А гэрээс гарахгүй байхаар нь Б гаргаад би араас нь гарсан. Гадаа гараад байж байтал намайг дахиад цохисон, тэгэхээр нь би нэг хавсарч унагасан” талаар гэрч Г.Пийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, амь хохирогч Б.Б нь хоншоор, дух, суурь ясны хугарал гэмтлүүдийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан болохыг тогтоосон Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны нэр бүхий 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 201730006 тоот дүгнэлт /2хх-162/, мөн Б.Агийн тухайн үед өмсөж явсан хувцсанд үзлэг хийж, хөх өнгийн жинсэн өмд, шаргал өнгийн дотуур өмд, цагаан өнгийн подволк, бор өнгийн куртик, хар өнгийн савхин бээлий, бор шаргал өнгийн гутал зэрэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон байсан тухай тэмдэглэл /1хх-85/, Б.Агийн өмсөж явсан жинсэн өмд, гутал, куртикнээс илэрсэн цус талийгаач Б.Бын ДНХ-ийн тогтоцтой 16 локусын аллериар тохирч байгааг тогтоосон Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3056 тоот /2хх-235/ болон 9378 тоот дүгнэлт /4хх-245/, мөн гэмт хэрэг үйлдэгдсэний дараа 04 цагийн үед дуудлага авч, хэргийн газарт ирсэн яаралтай түргэн тусламжийн автомашин дотор Б.Атай төстэй хүн гэнэт орж ирж, улмаар газар хэвтэж байгаад хэргийн газраас зугтаж явсан талаар гэрч С.Г, Д.Г, Б.А нарын өгсөн мэдүүлгүүд, гэрч нараар Б.Аг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-66, 68/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудыг анхан шатны шүүх харьцуулан судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар шүүгдэгч Б.Аг 2017 оны 3 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 02 цагаас 03 цаг 40 минутын хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан Уул багийн нутаг дэвсгэрт байрлах Ж.Дийн хашаанаас зэргэлдээ байрлах Пын хашааны хаалга хүрэх хэсэгт амь хохирогч Б.Быг зодож, биед нь хоншоор, дух, суурь ясны хугарал гэмтлүүдийг учруулж санаатай алсан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосныг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Түүнээс гадна шүүгдэгч Б.Агаас өөр хэн нэгэн хүнийг амь хохирогч Б.Быг алсан хэрэгт холбогдуулан шалгах, мөн Б.Агийн согтуурсан үедээ бусадтай маргаж, биеэ зохисгүй авч явсан талаар нэр бүхий гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг хэргийн бодит байдалд нийцээгүй, нэр бүхий гэрчүүдийг үгсэн тохиролцож Б.Агийн эсрэг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх, мөн тухайн үед Б.Агийн түүний өмсөж явсан өмд, куртка, гутал дээрээс амь хохирогчийн цус илэрснийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг хяналтын шатны шүүх хуралдаанаар өөрчлөн дүгнэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Б.Агийн “Гэрч нар нь үгээ нийлүүлж, ...хэргийг нуун дарагдуулж, намайг хэрэгт оруулсан, ...Би хүн алаагүй, ...хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболдын “...анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж дүгнэсэн нь эргэлзээ бүхий байна, ...Б.А нь талийгаачийн амь насанд хэрхэн халдаж үйлдсэнийг нотолсон нэг ч мэдүүлэг байхгүй, ...хэрэгт авагдсан баримтаар хэн үйлдсэн болох нь бүрэн нотлогдоогүй. Гэрч, талийгаач нарын хувцасны урагдалт, хашааны гадна унасан хаалганд талийгаачийн цус илэрсэн зэрэг нөхцөл байдал илэрхий нэг үйлдэл биш, гэрч нар үгээ нийлүүлэн худал мэдүүлсэн гэдгийг илт харуулна, ...Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяагийн “...А хэзээ хаана, хэрхэн яаж, хэдэн удаагийн ямар үйлдлээр Бын амь насыг хохироосон нь тогтоогдоогүй, ...3 цагийн үед А амь хохирогч Бтой түлээний саравчны урд зогсож байсан гэх анхан шатны шүүхийн дүтнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, ...Бын олдохгүй байгаа юнителийн 89970614 дугаараас нас барсан хойно нь буюу 03.46.57-д Бын 80909760 дугаар луу залгаж 7 сек ярьсан байдаг... Үүнийг шалгаж тогтоогоогүй, ...Хэргийн газрын үзлэгээр Бын амь хохирсон газар Дийн хашаанд байшингийн довжооны урд талд 23 см зайд гэж тогтоогдож байхад 37 дугаар тогтоолд “түлээний саравчны орчим Бтой маргалдан улмаар Дийн хашаанаас Пын хашааны хаалга хүрэх хэсэгт ... гэмтлүүдийг учруулсан”  гэж шүүх дүгнэсэн, ...хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Быг олон хүн зодож, амь насыг нь хохироосон болох нь тогтоогдож байна, ...Хэргийн газар байсан бүх хүмүүсийн зургийг таньж олуулах ажиллагаанд оролцуулаагүй, ганц Агийн зургийг таних ажиллагаанд оролцуулсан, ...Агийн хувцсан дээрээс илэрсэн Бын цус ямар байдлаар үүссэн байж болох талаар үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй, ...Тухайн үед хэрэг болсон газар байсан гэрчүүдийн мэдүүлэг бүгд зөрүүтэй байдаг. Энэ талаар огт шалгаж тогтоогоогүй, ...Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 26 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч С.Энхболд, Д.Алтантуяа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

                                                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                        ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                                                             Ч.ХОСБАЯР