Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-02-12
Тогтоолын дугаар 90
Хэргийн индекс 187/2019/0589/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Х.Ц
Зүйл заалт 20.7.1.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Х.Цод холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 612 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1162 дугаар магадлалтай, Х.Цод холбогдох 1902000840149 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга, Х.Мөнгөнсүх нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2017 оны 12 дугаар сарын 4-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б овогт Х.Ц нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Х.Цыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 800 дугаар шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Бэйс овогт Х.Цыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “...шүүгдэгч Х.Цод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож...” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Цын өмгөөлөгч Х.Мөнгөнсүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга, Х.Мөнгөнсүх нар хамтран гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна” гэж заасан бөгөөд прокурорын зүгээс бичгээр дүгнэлт үйлдээгүй байхад ижил шатны шүүх Х.Цод холбогдох өмнөх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялыг нэмж нэгтгэсэн шийдвэр нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдоогүй эрхийг буюу тус хуулийн 36.7, 36.8-д тусгагдаагүй асуудлаар шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүгдэгч Х.Цод урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 800 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн бөгөөд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн ял оногдуулсан нь мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Ял оногдуулахыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй хүнд ял оногдуулахад энэ бүлэгт заасан журмыг хэрэглэхгүй.” гэж хуульчилсантай зөрчилдөж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.” гэж заасныг зөрчсөн нөхцөл байдал үүссэн байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 612 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1162 дугаар магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга хэлсэн саналдаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт тусгагдаагүй зүйлээр дүгнэлт хийсэн нь олгогдоогүй эрхийг эдэлсэн байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Х.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ял оногдуулахыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй хүнд ял оногдуулахад энэ бүлэгт заасан журмыг хэрэглэхгүй гэж заасан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг хэрэглэхгүй. Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор Г.Гэрэлтуяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Цод холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна. Анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 800 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан хүчингүй болгож, 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан биечлэн эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосон нь үндэслэлтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга, Х.Мөнгөнсүх нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Х.Цод холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Х.Ц нь 2019 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Коко коло” гэсэн бичиглэл бүхий шошготой хуванцар саванд хийсэн 36 грамм жинтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Цын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цыг 2 жил хорих ялаар шийтгэж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасны дагуу Х.Цод өмнөх үйлдсэн гэмт хэрэгт нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 800 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, шүүгдэгч Х.Цод оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 800 дугаар шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Цод өмнөх үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, түүний үйлдсэн гэмт хэргүүдэд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах талаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга, Х.Мөнгөнсүх нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 612 дугаар шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1162 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга, Х.Мөнгөнсүх нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                                                         

                                                     ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                                     ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН