Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-02-05
Тогтоолын дугаар 69
Хэргийн индекс 108/2018/0156/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Ч.Х
Зүйл заалт 21.7.1.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Ч.Хд холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших, хохирогч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 1001 дүгээр магадлалтай, Ч.Хд холбогдох 201501080234 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Г.Сын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, А овогт Ч.Х нь Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Хг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокуророос шүүгдэгч Ч.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Ч.Хд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Г.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Г.С гаргасан гомдолдоо: “66 дугаар байрны 12 тоот орон сууц гэдэг нь Шийдвэр гүйцэтгэх албанаас илрүүлээд шалгуулахаар өгсөн, хохирогч миний бие Ч.Хг баривчлуулаад хүлээлгэж өгсөн, хэрэг шийдсэний дараа дуудлага худалдаагаар оруулж хохирол барагдуулах ёстой цорын ганц хөрөнгө бөгөөд Ч.Хгийн охиндоо шилжүүлж шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн өөрийнх нь өмч юм. Ч.Х гэгч нь төлбөр төлөгч бөгөөд тухайн орон сууцны эзэн, хөрөнгө орлогоо нуун дарагдуулж 10 гаруй жил шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж яваа, 5 жил болоход охиндоо орон сууцаа шилжүүлж зайлсхийсэн үйлдлээ хуулийн дагуу шийдвэрлүүлээгүй, эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагаанд саад учруулж зайлсхийж яваа зальт этгээд юм.

Мөрдөгч М.Баярсайхан гэгч нь төлбөр төлөгч Ч.Х өөрийн өмч болох 66 дугаар байрны 12 тоот орон сууцаа охиндоо шилжүүлж зайлсхийсэн үйлдлийг шалган тогтоох эрх бүхий, үүрэг хүлээсэн төрийн гүйцэтгэх албан тушаалтан юм. Хяналтын прокурор Б.Тогтох гэгч нь хяналтын прокурор хэмээх үүрэг гүйцэтгэгч, бичиг үсгийн чадваргүй, албан үүргээ гүйцэтгэх чадваргүй хариуцлагагүй нэгэн эмэгтэй юм. Тухайн хэрэг гэдэг нь төлбөр төлөгч Ч.Х өөрийн өмчлөлийн 66 дугаар байрны 12 тоот орон сууцаа охиндоо шилжүүлж зайлсхийсэн үйлдэл юм.

Нэг. Ч.Х нь төлбөр төлөгч учраас охиндоо тухайн орон сууцыг шилжүүлсэн үйлдэл нь Ч.Х өөрөө шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн гэдгийг тогтоогоод өгч байгаа. Ийм тодорхой бөгөөд хангалттай нотлох баримт бүхий хэргийг мөрдөгч М.Баярсайхан, хяналтын прокурор Б.Тогтох нар нь мөрдөн байцаалтын эхний шатанд тухайн хэргийг шалгаж тогтоохгүй нуун дарагдуулж, үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, яллагдагч Ч.Хг ялаас, тухайн орон сууцыг төлбөрөөс чөлөөлж өөрсдийнхөө хариуцсан хэргийг хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэгдэх ямар ч боломжгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх ... хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэсэн заалтыг, Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн  12-т “Иргэн, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй, төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хоёр. Мөрдөгч М.Баярсайхан нь дүүргийн ерөнхий прокурорын 5/04 тоот тогтоолыг шууд зөрчиж, хэрэг шийдэгдээгүй, хохирол барагдуулаагүй байхад тухайн орон сууцыг иргэн Э.Урантуяад 67 сая төгрөгөөр хууль зөрчин худалдаж зайлсхийсэн үйлдлийг 2015 оны 10 дугаар сарын 28-нд яллагдагчтайгаа үгсэн хуйвалдаж, хамтран давтан үйлдэж тухайн орон сууцыг төлбөрөөс чөлөөлж, энэхүү үйлдлээ нуун дарагдуулж, Өршөөлийн хуулийг буруугаар ашиглан хэргийг хэрэгсэхгүй болгож, яллагдагчаа ялаас чөлөөлж өөрийнхөө хариуцсан хэргийг өөрөө хэзээ ч хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэгдэх ямар ч боломжгүй болгож орхиод хууль бус тодорхойгүй шалтгаанаар 2015 оны 12 дугаар сарын 28-нд тухайн орон сууцыг худалдсан яг тэр өдөр өөр мөрдөгчид хэргээ шилжүүлж зайлсхийсэн.

Өөрөөр хэлвэл М.Баярсайхан нь өөрийнхөө хариуцсан хэргийг өөрөө нотлох баримтгүй, хохирол барагдуулах хөрөнгөгүй, мөрдөн шалгах эзэнгүй болгож орхиод тухайн орон сууцыг төлбөрөөс, яллагдагчаа ялаас чөлөөлж аваад өөрсдийнхөө эдгээр хууль бус үйлдлүүдийг нуун дарагдуулж, өөрөө хамт зайлсхийсэн нь тодорхой харагдаж байхад М.Баярсайханы хэргийг нуун дарагдуулж, хохирол барагдуулах хөрөнгөгүй болчихсон /НҮЦГЭН/ Ч.Хтай мунгинаж, тухайн хэргийг шийдэж чадахгүй 5 жил болж байгаа нь дэндүү гутамшиг, ичгүүртэй явдал гэж үзэж мөрдөгч М.Баярсайханы яллагдагчтайгаа үгсэн хуйвалдаж тодорхой зорилготой, зохион байгуулалттай хамтран үйлдсэн Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.”, Эрүүгийн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ.” гэсэн заалтуудыг үндэслэн бүлэг хэргийн шинжтэй гэж үзэх, эд хөрөнгийн маргаантай холбоотой, шунахайн сэдэлтэй, албан тушаал албаны эрх мэдлээ урвуулан ашигласан, шүүхийн шийдвэр биелүүлэхийн эсрэг, хохирол барагдуулахын эсрэг, яллагдагч Ч.Х охиндоо орон сууцаа шилжүүлж зайлсхийсэн үйлдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийн эсрэг үйлдэлтэй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь заалт, Авлигын эсрэг хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн гүйцэтгэх албан тушаалтан нь албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох .... эрх зүйн зөрчлийг авлига гэнэ.” болон бусад хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй, дахин давтан нуун дарагдуулсан үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтуудыг үндэслэн хянан шийдвэрлэхийн тулд тухайн хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Ч.Хд холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.Хд холбогдох иргэний хэргийн төлбөр авагч нь С.Н бөгөөд итгэмжлэлийг үндэслэн эрүүгийн хэрэгт Г.Сыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна. Хэрэгт авагдсан баримтаар 2014 оны 3 дугаар сарын 21-нд олгосон итгэмжлэлийн хугацаа 2017 оны 3 дугаар сарын 21-нд дууссан байхаас гадна уг итгэмжлэлд ...тайлбар, мэдэгдэл гаргах, шүүх хуралд оролцох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрхийг С.Н нь Г.Сод олгосон байна. Ч.Х шүүхийн шийдвэрээс зайлсхийсэн тухай албан тоотыг Налайх дүүргийн шийдвэр гүйцэтгэх албанаас Цагдаагийн байгууллагад 2015 оны 4 дүгээр сарын 17-нд хүргүүлсэн байна. Шүүхийн шийдвэрээс зайлсхийсэн гэх эрүүгийн хэргийн хохирогч шийдвэр гүйцэтгэх байгууллага дангаараа байх ёстой бөгөөд иргэний хэргийн төлбөр авагчийг гэрчээр оролцуулах боломжтой. Хэрэгт шийдвэр гүйцэтгэх байгууллага болон Г.С нарыг хохирогчоор давхар тогтоосон байна. Шүүх Ч.Хд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Г.Сын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ч.Хд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Налайх, Багахангай дүүргийн прокуророос шүүгдэгч Ч.Хг “Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дугаартай шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 578 дугаартай тогтоолын дагуу дагуу төлбөр авагч С.Нд 25.567.375 төгрөгийн төлбөр төлөөгүй, өөрийн өмч болох Налайх дүүргийн 2 дугаар хороо 66 дугаар байрны 1 дүгээр орцны 12 тоот байрыг охин Х.Эын өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Ү-2207003158 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан шилжүүлсэн, 

2015 оны 10 дугаар сард дээрх байрыг 15.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд Э.Уийн нэр дээр шилжүүлсэн, 

2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 62.000.000 төгрөгийг Э.Уийн данснаас нөхөр Ц.Дийн дансаар дамжуулан авч Ү.Ад худалдан өөрийн эд хөрөнгийг шилжүүлсэн зэргээр шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн, 

мөн Ч.Х нь 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 77 дугаар байрны 1 дүгээр орцны 16, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72-5, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 10 дугаар байрны 46, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны 58, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 103 дугаар байрны 37, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 101 дүгээр байрны 26, Баянзүрх дүүргий 1 дүгээр хороо, 30 дугаар байрны 58, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 55A байрны 406, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 26 дугаар байрны 7 тоотод оршин суух зэргээр шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэлгүйгээр оршин суух хаягаа өөрчлөх, дуудсан хугацаанд ирээгүй зэргээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан” гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Хд холбогдох Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Ч.Х нь Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 578 дугаар тогтоолоор түүнээс гаргуулахаар тогтоосон 25.567.375 төгрөгийг иргэний нэхэмжлэгч С.Нд сайн дураар нөхөн төлөхөөс зайлсхийж, өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдад шилжүүлж, худалдан борлуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэхгүйгээр удаа дараа оршин суух газраа өөрчлөх, дуудахад ирэхгүй байх зэргээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан, зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч шүүхээс Ч.Хгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэлгүй 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр оршин суух хаягаа өөрчилсөн огноог гэмт хэрэг төгссөн өдрөөр тооцсон нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.

Шүүгдэгч Ч.Х шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөхөөс зайлсхийж, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байрны 1 дүгээр орцны 12 тоот өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдад шилжүүлж, худалдан борлуулснаар Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дугаар шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд энэхүү нөхцөл байдал нь шүүгдэгч Ч.Хд холбогдох эрүүгийн хэргийг анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед арилаагүй байх тул Ч.Хгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан, зайлсхийсэн үйлдэл нь удааширсан гэмт хэргийн шинжийг агуулжээ.

Тодорхой цаг хугацаанд тасралтгүй үргэлжилсэн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь нэг гэмт хэргийн шинжийг агуулсан бол удааширсан үйлдэлтэй гэмт хэрэгт тооцогдох бөгөөд тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт үйлдлээ хийж дуусгасан, эсхүл тухайн үйлдэл таслан зогсоогдсон үеэс эхлэн тоолно.

Шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийх зорилгоор өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг нуух, эсхүл бусдад шилжүүлэх замаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан удааширсан үйлдэлтэй хэргийн хувьд гэмт этгээд нуусан хөрөнгөө ил болгосон, эсхүл дүр үзүүлсэн хэлцлээр бусдад шилжүүлсэн хөрөнгөө буцаан авч шүүхийн шийдвэр биелэгдэх бодит нөхцлийг бүрдүүлсэн, эсхүл шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг өөр хөрөнгөөр бодитой нөхөн төлсөн үеэс тухайн гэмт хэргийг төгссөнд тооцож, хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Ч.Хд холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх талаар хохирогч Г.Сын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 1001 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Хд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн гэмт хэргийн оролцогчдыг зөв тогтоосон эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, илэрсэн зөрчлийг хуульд заасан журмын дагуу зөвтгөх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 1001 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Хд холбогдох 201501080234 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Ч.Хд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                          ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН