Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-03-09
Тогтоолын дугаар 134
Хэргийн индекс 188/2019/1088/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Болдын Амарбаясгалан
Шүүгдэгч О.Г, А.Ц
Зүйл заалт 20.7.1.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

О.Г, А.Ц нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

   Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1087 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 24 дүгээр магадлалтай, О.Г, А.Ц нарт холбогдох 1902006330231 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Баян налайх” төвд үсчин ажилтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт А.Ц,

Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, С овогт О.Г нар нь

гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, гялгар уутны хамт нийт 8 кг 410 грамм жинтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

Улмаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн                             2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, гялгар уутны хамт нийт 8 кг 410 грамм жинтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис /ургамал/-ыг 63-47 УНЯ улсын дугаартай, “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч О.Г, А.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г, А.Ц нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тус тус тэнсэж” шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Г, А.Ц нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн анхан шатны шүүхэд буцаах”-аар шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг дүгнэхдээ бодит байдалтай нийцээгүй байдлаар шийдвэрлэсэн гэж үзэн анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Гэвч анхан шатны шүүх рүү шилжүүлж буй үндэслэлүүдэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйл буюу хэргийг хүндрүүлэх нөхцөл байдлыг дүгнээгүй тухай дурдсан. Хэргийн бодит байдалд шүүгдэгч нарын хувийн байдал шүүх хуралдаанд өөрийн хийсэн гэм буруудаа хэрхэн гэмшиж байгаа талаар тодорхойлохдоо хуулийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалздаг. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй бол хөнгөрүүлэх үндэслэлтэй гэх зарчим Эрүүгийн хуульд бий. Тиймээс анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууг, хэргээ хүлээсэн нөхцөл байдал, цаашид уг гэмт хэргийг үйлдэхгүй байх шинж байдлыг хэргийг шийдвэрлэсэн нь бодит фактад нийцсэн гэж дүгнэхээр байна.

Өнөөдөр гэмт хэргийг нийгмийн аюулын шинж байдлаас хамааран хэргийн хөнгөн, хүндийн шинж тодорхойлогддог. Гэвч зөвхөн ургамал хэрэглэснийхээ төлөө шоронд орж өөрсдийн хувийн хэрэгтээ хар толбо үлдээлгэх нөхцөл байдал нь залуучуудын ирээдүйн сонголт хийх, аж амьдралаа төвхнүүлэх зэрэг нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу жам ёсоор амьдрах боломжид хаалт бий болно. Шүүх энэ өнцгөөс харалгүйгээр прокурорын үндэслэл муутай гомдлоор хэргийг хэт нэг талыг барьж шийдсэнд шүүгдэгчид болон өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлэхдээ “түүхий эдийн хэмжээг харгалзах учиртай” гэж дүгнэж хүндрүүлэх нөхцөл байдал гэж тайлбарласан нь өнөөдрийн хэрэгжиж буй Эрүүгийн хуулийн хүндрүүлэх нөхцөл байдлыг мушгин тайлбарлаж байгааг илтгэж байна. Хэмжээнээс хамааралтай зүйлс олон ч үйлчлүүлэгчдийн үйлдсэн гэмт хэрэгт хэмжээ огтоос яригдахгүй, тиймээс хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Мөн сэтгэцэд нөлөөт ургамлын хувьд хэрэглэж байгаа хүндээ, гэмт хэрэг үйлдсэн хүндээ хохирол учруулдаг. Бусдад дамжмал байдлаар хохирол учруулдаггүй, хэрэглээ, түүнийгээ дагаад бусдад сурталчилж байгаа үйлдэл, зарж борлуулж байгаа үйлдэл чухамдаа хамгийн том хор уршиг, хохирлыг бий болгодог. Гэтэл давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг огтоос харгалзаагүй.

Шүүгдэгчдийн хувьд бусдын хийсэн бичлэг, уриалсан шинжтэй сошиал мэдээллээс болж энэ гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийсэн. Гэвч гэмт үйлдэл хийж байгааг нь зөвтгөж байгаа биш, харин түүний сурталчлаад, бусдад хэрэглэхийг уриалаад байгаа, зарж борлуулаад байгаа үйлдэлд хүндрүүлэх нөхцөлийг түлхүү анхаарах ёстой гэж дүгнэж болохоор байна.

Прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээ тайлбарлахдаа ямар нөхцөл байдлын улмаас хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр болсон гэдгийг тайлбарлаж чадаагүй атал шүүх санаачлагаараа шийдэж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх урьдач болдог.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан нь Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон амьдрах орчноо өөр сонгох эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл юм. Уг заалтыг давж заалдах шатны шүүх хэрэглэсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хэт дордуулсан үйлдэл болно.

Хэргийг Эрүүгийн хуулийн шударга ёсны, хууль ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус буруу хэрэглэсэн гэж дүгнэн хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн Давж заалдах шатны шүүхийн магадлал шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг шүүх дордуулснаас гадна шүүхийн магадлалд заасан үндэслэл нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдож байхад шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шат руу буцаан шийдвэрлэсэн. Иймд хяналтын шатны шүүх хэргийг шалган Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Хэргийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэн, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3, 1.4 дүгээр зүйлүүдэд заасан зарчмыг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан хэргийн бодит байдалд нийцээгүй, гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, мансууруулах бодисыг хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэж, хадгалсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн, тээвэрлэсэн хэмжээг нь харгалзан дүгнэлт хийсэн байх. Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн А.Ц, О.Г нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хүрээнд хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч А.Ц, О.Г нарыг нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, гялгар уутны хамт нийт 8 кг 410 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

Улмаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, гялгар уутны хамт нийт 8 кг 410 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамалыг 63-47 УНЯ улсын дугаартай, “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Ц, О.Г нарыг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэж дүгнэн, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг бодитой үнэлж, дүгнээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн агуулга бодит байдалтай хэрхэн нийцэж байгаад дүгнэлт өгөх учиртай. Хэдийгээр энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах боловч мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр байтал анхан шатны шүүх шүүгдэгч А.Ц, О.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл хувийн байдлыг (шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, урьдчилан төлөвлөж, бүлэглэн, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамалыг орон нутагт очиж хууль бусаар бэлтгэсэн, улмаар уг бодисыг тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан нөхцөл байдал тогтоогдсон байхад) нь харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэр, сэдэл хандлага зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзаж үзээгүй нь Эрүүгийн хуулийн зорилго, хууль ёсны зарчимд нийцээгүй гэж дүгнэн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг буруутгах, няцаан үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд хуульд заасан уг арга хэмжээг заавал авахаар хууль тогтоогч үүрэг болгосон, хэрэв гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдвол хууль ёсны эзэмшигчид нь олгож, тээврийн хэрэгслийн үнийг гэм буруутай этгээдээс гаргуулж, улсын орлого болгуулахаар хуулиар зохицуулсан атал шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг ямар үндэслэлээр хураан аваагүй талаараа огт дүгнэлт хийгээгүй төдийгүй хууль хэрэглээний алдаа, зөрчил гаргасан байх бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзэв.  

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч А.Ц, О.Г нар гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх уг тээврийн хэрэгслийг хураан авахаар заасан зохицуулалтыг хэрэглээгүй нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Иймд магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн “... давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хэт дордуулсан тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 24 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН