Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-03-09
Тогтоолын дугаар 133
Хэргийн индекс 188/2019/0911/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Болдын Амарбаясгалан
Шүүгдэгч Э.Т
Зүйл заалт 27.10.3.
Улсын яллагч Д.Дамдинсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Э.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 919 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1136 дугаар магадлалтай, Э.Т-д холбогдох 1803005490290 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Э.Т нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны Хөтөлийн зам “Шижир” авто төвийн арын замд 2018 оны 06 дугаар сарын 26-ны шөнийн 22 цаг 34 минутын орчимд Дүүргийн цагдаагийн хэлтсийн эзэмшлийн “Kia Rio” маркийн 06-37 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь заалтын “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 5.2 дахь заалт “хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 25 настай С.А-ийг мөргөж, амь насыг хохироосон, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Э.Т-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдэж, нэг хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр” шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж, шүүгдэгч Э.Т-ийн өмгөөлөгч Х.Даваахүү, Ж.Уранчимэг нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан болон давж заалдах шатны шүүх миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Мөн Э.Т-д оногдуулсан ял нь түүний гэм бурууд тохирсон гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Б, Г.Ц, А.С, А.Т, Б.Т, О.Б, Э.Т, шинжээч М.Г, Б.Э нарын мэдүүлэг, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 456 дугаартай дүгнэлт, “А Б” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, ШУТИС-ийн механик тээврийн сургуулийн 12/38 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар явган зорчигч С.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-т заасан явган зорчигч дор дурдсан зүйлийг хориглоно:

А. Явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах,

Г. Өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан нь осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайн үед явган зорчигч бусадтай маргалдан зодолдож, гарцгүй газраар айж сандран 2 удаа гүйж зам хөндлөн гарсныг гэрч мэдүүлдэг. Мөн ШУТИС-ийн механик тээврийн сургуулийн 3 шинжээчийн дүгнэлтээр Киа Рио маркийн 06-37 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь зогсоох арга хэмжээ авсан байна. Зорчигч С.А нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь тухайн осол хэрэг гарах үндсэн шалтгаан болсон байна гэж дүгнэсэн. ШУТИС-ийн механик тээврийн сургуулийн 5 шинжээч дүгнэхдээ жолооч Э.Т-ийн гүйцэтгэсэн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй, харин дээрх осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл шууд нөлөөлсөн байна гэж дүгнэсэн. Машины хурдыг тодорхойлох зорилгоор туршилт явуулж, дээрх автомашинтай ижил цаг хугацаанд Монгол Улсад ирсэн, цагдаагийн байгууллагад ашиглагдаж байгаа 5 машиныг оношлогоонд оруулахад тоормосны хувьд 06-37 УНҮ улсын дугаартай машины тоормос ойролцоо байсан нь тухайн тээврийн хэрэгслийн тоормос бариагүй гэх дүгнэлтийг үгүйсгэж байна. Мөн тухайн машины хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо нь тухайн осол болох үед алдагдсан, осол болохоос өмнө үүсээгүй гэж шинжээч дүгнэсэн. С.А нь давуу эрх бүхий тээврийн хэрэгслийн хурд болон чиглэлийг өөрчлөхгүй, хөдөлгөөнөө эхлэхгүй, үргэлжлүүлэхгүй, явган зорчигчийн гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарсан бол осол гарахгүй байх нөхцөл байдал байсан гэж дүгнэж байна. Э.Т тухайн үед ажлаа тараад явж байхад нь дарга Түвшинбаатар тушаал өгснөөр бүрэн бүтэн эсэхийг нь нарийвчлан сайн мэдэх боломжгүй нөхцөлд тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлж арга хэмжээ авахуулсан байдаг. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Боломжгүй бол хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Э.Т нь Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн эзэмшлийн “Kia Rio” маркийн 06-37 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь заалтын а, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 5.2 дахь заалт “хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 25 настай С.А-ийг мөргөж, амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулсан нь хууль буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Э.Т нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны Хөтөлийн зам “Шижир” авто төвийн арын замд 2018 оны 06 дугаар сарын 26-ны шөнийн 22 цаг 34 минутын орчимд дүүргийн цагдаагийн хэлтсийн эзэмшлийн “Kia Rio” маркийн 06-37 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь заалтын “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 5.2 дахь заалт “хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 25 настай С.А-ийг мөргөж, амь насыг хохироосон, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Тус гэмт хэрэг үйлдэгдэхэд явган зорчигч буюу амь хохирогч С.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан “явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а “явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтыг зөрчсөн байх хэдий ч энэ нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг шууд үгүйсгэх үндэслэл болохгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд харин гэмт хэрэг гарахад явган зорчигчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байдлыг харгалзан анхан шатны шүүх тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээ буюу 1 жил хорих ялыг шүүгдэгч Э.Т-д оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэх үндэслэлтэй.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Э.Т нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 болон 7.1 дүгээр зүйлийг хэрэглэхэд “гэм буруугаа хүлээж, хохирлыг нөхөн төлсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн” байхаас гадна гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хохирол зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хэрэглэхээр зохицуулсан төдийгүй хорих ял оногдуулахгүйгээр “тэнсэх” нь шүүхэд үүрэг хүлээлгэсэн бус харин эрх олгосон зохицуулалт тул шүүгдэгч Э.Т-д хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр, тус шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй гэж дүгнэлээ.    

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 919 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1136 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                        ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН