Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-03-02
Тогтоолын дугаар 127
Хэргийн индекс 106/2019/0729/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Болдын Амарбаясгалан
Шүүгдэгч З.Г, Д.А
Зүйл заалт 17.3.2.2.
Улсын яллагч Д.Дамдинсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Д.А, З.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч З.Г-ийн өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 761 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1140 дүгээр магадлалтай, Д.А, З.Г нарт холбогдох 1705004270077 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч З.Г-ийн өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 41 настай, дээд боловсролтой, түүхч, япон хэлний орчуулагч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй С овогт З.Г,

Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 39 настай, дээд боловсролтой, Нягтлан бодогч мэргэжилтэй, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан Ө овогт Д.А нар нь “Зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Д.А, З.Г нарыг зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч З.Г-д 4 жил 8 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.А-д 2 жил 8 сар хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар З.Г-д оногдуулсан 4 жил 8 сар хорих ял, Д.А-д оногдуулсан 2 жил 8 сар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-ийн цагдан хоригдсон 1 жил 6 сар 22 хоног, шүүгдэгч Д.А-ийн цагдан хоригдсон 1 жил 6 сарыг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Ж.Б-с 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.С-т 200.000 төгрөг, Б.Х-д 200.000 төгрөг, шүүгдэгч З.Г-аас нийт 88.850.000 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Ө, Ч.Ө, Я.С, Л.Б, Ц.Ю, Э.Б, Б.Х, Ю.А нарт тус тус 3.500.000 төгрөг, Г.Д-д 10.000.000 төгрөг, Ю.М-т 10.500.000 төгрөг, И.Д-д 4.000.000 төгрөг, Д.С-т 3.800.000 төгрөг, хохирогч Б.П-д 2.500.000 төгрөг, З.Б, Б.М, О.С нарт тус бүр 1.750.000 төгрөг, Ц.Д-д 1.700.000 төгрөг, Б.Б-т 3.550.000 төгрөг, Н.С-д 1.550.000 төгрөг, Б.Б-д 3.750.000 төгрөг, Т.Ү-д 4.650.000 төгрөг, С.Э-д 3.600.000 төгрөг, Д.З, Н.У, Б.М нарт тус бүр 2.000.000 төгрөг олгохоор,

Шүүгдэгч Д.А-с нийт 32.650.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.П-д 2.500.000 төгрөг, З.Б, Б.М, О.С нарт тус тус 1.750.000 төгрөг, Ц.Д-д 1.800.000 төгрөг, Б.Б-т 3.550.000 төгрөг, Н.С-д 1.550.000 төгрөг, Б.Б-д 3.750.000 төгрөг, Т.Ү-д

4.650.000 төгрөг, С.Э-д 3.600.000 төгрөг, Д.З, Н.У, М нарт тус бүр 2.000.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Д.А, З.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч З.Г-ийн өмгөөлөгч Д.Батбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч З.Цэнгэнбаярын гаргасан гомдлыг хүлээн авч хэлэлцсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь З.Цэнгэнбаяр өмгөөлөгчийн давж заалдах гомдолд өмгөөлөгчийн гарын үсэг байгаа боловч үйлчлүүлэгчдээ танилцуулсан эсэх нь эргэлзээтэй. Цагдан хорих 409 дүгээр ангийн тамга тэмдэг дарагдаж баталгаажаагүй байдаг. Миний бие энэ асуудлаар хүсэлт гаргасан боловч хурал завсарлалгүй “хангахаас татгалзлаа” гэж хэлээд үргэжилсэн.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэргийн нөхцөл, гэм буруу, хохирлын хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдалд тохироогүй гэж тодорхойлсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь хөнгөдсөн, хүндрүүлэх шаардлагатай гэсэн агуулгатай байгаа нь эрх зүйн байдлыг дордуулж байна. Дээд шатны шүүх ял хүндрүүлэхгүй байх асуудлыг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэсэн. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1140 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 761 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.А-гийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр хэлсэн саналдаа “... Магадлалыг дэмжиж байна. Учир нь Д.А-гийн үйлдэл оролцоог хангалтай тогтоож чадаагүй. Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий 3.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг давхар журамласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр 3.1, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тусгаагүй. Миний үйлчлүүлэгч энэ хэрэгт хамжигчаар оролцсон юм. Гэмт хэргийн хохирол, хор уршигтай холбоотой асуудал, гэмт хэрэг үйлдсэн оролцоо, гэм буруутай этгээд хохирлыг хэрхэн хариуцах талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тусгаагүй. Мөн гэмт хэргийн хохирлын асуудал бүрэн шийдэгдээгүй. Хяналтын шатны шүүх миний үйлчлүүлэгчээс 6,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад 32,650,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд Д.А-г 6,000,000 төгрөгийг хариуцахаар шийдвэрлэж өгнө үү. Магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч З.Г нь дангаараа 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 60,700,000 төгрөгийг, Д.А-тай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хооронд бэлнээр болон дансаар 65,300,000 төгрөгийг Есүс христийн сүмийн цуглаанд оролцуулах, автомашины үзэсгэлэн худалдаанд оролцуулах, газан машины сургалтанд суулгах шугамаар, барьцаа авахгүй Солонгос улс руу виза гаргаж явуулна зэргээр зохиомол байдлыг зориуд бий болгож, иргэдийг төөрөгдүүлэн, итгүүлэн, үнэмшүүлж, зээлийн гэрээ байгуулах нэрийдлээр иргэний эрх зүйн харилцаа үүсгэн хуурч залилсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх тухайн зүйл, хэсгээр З.Гд 4 жил 8 сар, Д.А-д 2 жил 8 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй, хохирол нөхөн төлөгдөөгүй, ял хөнгөдсөн, шийтгэх тогтоол нь ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэл бүхий болсон байна. Шүүгдэгч З.Г-гийн бусдад учруулсан 88,850,000 төгрөгийн хохирол, Д.Агийн 32,650,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байхад 2 жил 8 сар, 4 жил 8 сарын хорих ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч З.Ггийн өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн З.Г, Д.А нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон хэм хэмжээнд нийцсэн байна.

Шүүгдэгч З.Г нь дангаараа нэр бүхий 12 хохирогчоос залилж нийт 60.700.000 төгрөгийн, шүүгдэгч Д.А-тай хамтран нэр бүхий 13 хохирогчоос залилж 65.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу, цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, тэдний гэм буруу, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үйлдэл, оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүгдэгч нарын үйлдсэн тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-д заасны дагуу шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч З.Г, Д.А нарын үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч нарын үргэлжилсэн олон удаагийн үйлдэлтэй, нэг төрлийн гэмт хэргийн сүүлийн гэмт хэрэг үйлдсэн хугацаа шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойно үйлдэгдсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн “хууль буцаан хэрэглэх”  зохицуулалтыг журамлан хэрэглэсэн нь үндэслэлгүй, учир нь Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлох ёстой.

Түүнчлэн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд З.Г нь нэр бүхий 13 хохирогчоос нийт 65.300.000 төгрөг залилан мэхлэж авсан хэргийг шүүгдэгч Д.А-тай хамтарсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлах нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл бүлэглэн гүйцэтгэсэн шинжгүй байна.

Иймд шүүгдэгч З.Г-гийн өмгөөлөгч Д.Батбаярын “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1140 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 761 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ...” гэсэн хэсгийг хүчингүй болгож шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч З.Г-гийн өмгөөлөгч Д.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

 

                                          ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН