Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-01-29
Тогтоолын дугаар 63
Хэргийн индекс 176/2019/0244/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Ц.М
Зүйл заалт 11.1.2.5.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ц.Мад холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ч, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 256 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 80 дугаар магадлалтай, Ц.Мад холбогдох 1734004600039 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч А.Мөнхтулга нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 оны 2 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2013 оны 4 дүгээр сарын 15-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Т овогт Ц.М нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Мыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Мыг 8 жил 5 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Маас 33.986.749 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чд олгуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, А.Мөнхтулга нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.М гаргасан гомдолдоо: “...Миний бие 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр баг, Бэрхийн карьер гэдэг газар мотоциклийн дугуй хагараад талийгаачийн ах Төөс талийгаач Бийн утасны дугаарыг авч дуудсан, найз Дүүрэнбилэг ирж мотоцикл харж үлдсэн. Б бид хоёр миний авч явсан хонийг аваад сумын төв явсан. Сумын төвд хонио зараад дэлгүүрээс 1 шил архи /0.75/, 1 пиво /2.5 литр/ авч, мотоциклын дугуй янзлуулж, өөрийн мотоцикл дээр очин дугуй угсрах хооронд бид гурав пиво хувааж уусан. Дүү Бд баярласнаа хэлээд өөр өөрийн мотоциклоо унаад найз Д бид хоёр явах гэтэл талийгаач Б дагахад нь “Дүү хүү одоо ажлаа бод” гээд бид гурав зэрэг хөдөлсөн. Найз Эынд очиход Э, Д хоёр байсан. Гэтэл Б араас ирсэн. Бид тав нийлэн 1 шил архи хувааж уусан. Д нь Эаас 2 ямаа авсан. Бид гурав мотоциклоо орхин Эын машинтай 20 цагийн үед сум орж, Д ямаагаа заран дэлгүүрээс 1 шил архи, 1 пиво авч, бид нар Бийн ах Тийг авах гэж Бийн суман дээрх гэр рүү явсан. Явах замдаа Б нь агсарч, /ер нь Б нь архи уухаараа их агсам, сумын хүн болгон мэднэ/ хашааны гадаа очиход Б гэр рүүгээ түрүүлэн, бид нар араас нь цувран орсон. Гэрт нь ах Т болон дүү Б нар нь байсан. Б нь баруун орныхоо толгой тус газар дээл, бүсээ тайлаад дахин агсарч, Дтэй ноцолдож, зодолдож эхэлсэн. Дийн энгэр урагдаж, дэлгүүрээс авсан архи болон пиво, тамхи нь газарт унаж, тэр хоёр багана, ширээ хоёрын дунд газарт унасан. Энэ үед Э, архи, пиво, тамхи хамж авсан. Ах Т нь салгах гэж байхад нь би “нэг нутгийн улс байж больцгоо” гэхэд Б нь “М гөлөг минь дуугүй байгаарай” гэхээр нь би хэрүүлийн нэмэр гэж бодоод Энын араас гарсан. Гэрийн гадаа байж байтал Б гарч ирж намайг зуурч авсан. Араас нь ах Т нь утасны гэрэл тусган хажууд ирсэн. Би Бд түлхэгдэж байгаад гарыг нь тавиулах санаатай түлхтэл Б нь хойш унахдаа намайг татан, бид хоёр давхарлалдаж газар унасан. Т нь хажууд хараад зогсож байсан. Гэтэл гэрээс Д гарч ирээдТийн араас тойрон бид хоёрын толгой дээр ирж, Бийг өшиглөх гэхэд нь би цааш нь хөөж, Бийг тайвшруулан өөрөө босоод нөгөө хэдийн араас явахад Т нь дүү Бийг хүн болгон руу агсарлаа гээд өшиглөн цохиж байсан. Би эргэж хараад “одоо болноо” гэж байхад хашааны үүднээс Э миний хажууд ирээд зодохыг нь болиулах гэж бас хэлсэн. Т нь уурлан “Та нарт хамаагүй” гээд дүүгээ чирч гэртээ орсон. Би араас нь гэрт орсон. Энэ бүхнийг Э харсан. Т нь дүүгээ “Маяглаад бай, пизда минь” гээд баруун орны урд газар хэвтүүлсэн. Э гэрт орж ирээд Д бид хоёрыг явъя гээд бид нар гарсан. Би гарах замдаа Төөс мотоциклоо яах вэ гэж асуухад дараа болъё гэж хэлсэн. Би машинд орж суухад Баттөрийн дээл, бүс нь суудал дээр байсан. Би Эаас “Энийг яах гэж авсан юм” гэтэл “Дүү охин Б нь авчирч тавьсан, та нар О ахыг /Б/ аваад яв, одоо унтахгүй, та нар явангуут агсам тавьж, юм эвдчих нь гэж хэлээд орхиод явсан” гэсэн. Би дээл, бүсийг нь орхи гээд Эд өгөхөд цааш Төд өгсөн. Д нь айлд ороогүй, машинд сууж байсан. Бид дөрөв Энынд очиж, эхнэрээр нь Дийн дээлийг оёулж, бид дөрөв архи уусан. Тухайн үеийн болсон явдлыг хохирогчийн дүү Б нь Дийн охин О рүү мессеж бичин “Танай аав, манай ах О /Б/ хоёр зодолдсон, дараа нь Т нь зодсон, тэгээд бөөн юм болсон” гэж хэлж байсан. Дараа өдөр нь Д охин Оээс мэдсэн гэж надад хэлж байсан. Үүний дараа цагдаад мэдүүлэг өгөхөд нь би Дээс нөгөө мессеж нь байгаа юу гэхэд Д байхгүй гэж хэлсэн.

Болсон явдалд би үнэхээр харамсаж байна. Хэт нэг талыг барьж, хэргийн үнэнийг олохгүй шийдвэрлэсэнд нь харамсаж байна. Хэргийг анх байцаасан байцаагч Бийн хэргийн талаарх бичсэн мессежийг шалгаагүй. Найз Э тэр өдөр талийгаач Бийн гэрт болсон бүх зүйлийг харсан. Дү болон талийгаач Бтэй зодолдсон, Т нь дүүгээ зодсон. Т нь намайг Бтэй зодолдоогүй,тэврэлдэн унасныг харсан. Хохирогчийн гэрт бид нарыг явсны дараа юу болсныг мэдэхгүй. Бид нар гэрийнх нь юмыг эвдсэн бол дараа өдөр нь зөндөө таарахад янзлуулах, эс бол цагдаад өгөх байсан. Ах Т нь маргааш нь эмийн сангаас эм авахдаа морь, мотоциклоос унасан гэж худлаа ярьсан. Дараа нь байцаагч солигдон Ууганбаатар байцаагч дуудахаар нь очтол хохирогчийн ээж Ч, охин Б нар нь хавтаст хэрэг үзэн тоог нь хусаж арилгаж байсан. /Хавтаст хэрэг ингэж үзэж болдог юм уу/ Намайг байцаагч маргааш ир гээд явуулсан. Ер нь цагдаагийн алба хаагч хийх ёстой ажлыг яагаад хохирогчийн ээж Ч хийсэн, шинжээч эмчийн дүгнэлт байхад хэргийн нууц алдагдуулсан, хэрэгт юм хасаж нэмсэн. Дараа нь Т нь мэдүүлгээ өөрчлөх болсон. Төрмөнх нь Дийг Бийн гэдэс рүү жийж боссон, дараа нь цээжин дээр нь өвдөглөж боссон гэж мэдүүлэх болсон. Т нь хохирогчийг зодчихоод энэ хоёр хүн хэргээс ямар шалтгаанаар мултарсан. Т тухайн үед архи уугаагүй, намайг өшиглөсөн бол хэлэх байсан. Хохирогч хүртэл гайгүй байсан. Нууж хаах зүйл байхгүй байсан. Хохирогч Б анх хэлээгүй байж, үхэх үед нь байцаагч намайг 2 өшиглөсөн гэдэг мэдүүлэг яаж авсан, Бийн гарын үсгийг шалгуулах, нэг хүний дөрвөн мэдүүлэг зөрүүтэй байхад мэдүүлэг нэгтгээгүй, шууд шүүн хэлэлцсэн. Хохирогчийн ээж Ч нь хэргийн үнэн зөвийг олохгүй, зөвхөн миний дансан дахь мөнгө, мал хөрөнгө рүү өнгийж байгаад нь гомдолтой байна. Прокурор нь хавтаст хэргийг хянах байтал хэт нэг талыг баримтлан шүүхээр хэлэлцсэнд гомдолтой байна. 8 жил 5 сар гэдэг бол миний хувьд болон манай гэр бүлд маш хүнд тусч байна. Иймд эрхэм шүүгч та хэргийн үнэнг олж өгч тусална уу” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:

“Хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд. Шүүхийн шийдвэрийн шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар гэсэн хэсэгт “Шүүгдэгч Ц.М нь ... амь хохирогч Л.Бийн хэвлий тус газар өшиглөж ... гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв” гэжээ. Шүүгдэгч амь хохирогчийн хэвлий тус газар өшиглөсөн гэдэг нь бодит байдал дээр эргэлзээтэй, түүнийг өшиглөж байсныг харсан гэрч байхгүй, зөвхөн амь хохирогч мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч мэдүүлэхдээ түүний ах болох Л.Т гэрээс гарч ирээд өшиглөсөн гэдэг. Тухайн үед болсон бодит байдлыг харсан байх магадлалтай гэрч хохирогчийг хэн аль нь өшиглөж байгааг хараагүй, харин Ц.М хохирогчийг барьсан ах нь дүүтэйгээ ноцолдсон байдалтай байсан гэж мэдүүлдэг. Тэгэхээр шүүгдэгч, хохирогч, түүний ах гурав байсан. Хохирогчийн ах Л.Тийн талаар юу ч мэдүүлээгүй, гэхдээ эргэлзээтэй байдлыг бий болгосон буюу мэдүүлгээ янз бүрээр өгсөг байсан. Тухайлбал морь, мотоциклоос ойчсон гэх мэт. Гэхдээ ахыгаа өшиглөсөн, эсвэл өшиглөөгүй гэдэг талаар ямар нэг зүйл хэлээгүй. Тэгэхээр бодит байдал дээр хэн нь хичнээн удаа хаана нь өшиглөж, ямар гэмтэл учруулсан бэ гэдэг нь өөрөө эргэлзээтэй, нотлогдон тогтоогдоогүй гэж үзнэ.

Мөн шалтгаант холбоо буюу хохирогч 2017 оны 10 дугаар сарын 16-ны орой унтсан, өглөөнөөс өвдсөн байдал тогтоогдож байгаа. Гэхдээ ямар шалтгаанаар өвдсөн гэдэг нь эргэлзээтэй, түүнийг шинжээчдийн дүгнэлтээр нотлон тогтоогоогүй нөхцөл байдал байна. Нойр булчирхай тасарсан гэдэг боловч хэзээ тасарсан, ямар шалтгаанаар тасарсан, ЭХО болон эмчийн үзлэгээр тухайн үед яагаад илрээгүй, яагаад хөдөөний эмнэлгээс хүргэгдэж ирсэн өвчтөнийг хэвтэн эмчлэлгүй гаргаад явуулав, тухайн үед нойр булчирхай нь тасраагүй байсан юм уу, тасарсан байсан юм уу, 4 хоног эмчилгээ хийлгээгүй гадуур байсан болон ийм олон хоног амьдрах боломжтой эсэх зэрэг олон асуудалд нарийн мэргэжлийн эмч нарын шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй нь эргэлзээг бий болгож байна. Нойр булчирхай нэлээд олон шалтгаанаар тасардаг гэж үздэг. Тухайлбал цохилт, өвдөлт, маш хүчтэй өвдөлтийн улмаас гэх мэт. Амь хохирогч архи уудаг байсан уу, нойр булчирхай нь өвддөг байсан уу, тухайн үед ч архи уусан байсан тул нойр булчирхай өвдөх магадлал байсан. Хэрвээ өвдсөн бол 4 хоногийн өвдөлтийг хүн даах уу, яг ямар шалтгаан нөхцлийн улмаас нойр булчирхай тасарсныг эргэлзээгүй тогтоож чадаагүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Мөн эмнэлэгт эмчлүүлж байгаад 3 сарын дараа нас барсан нь эмчилгээний болон эмнэлгийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн үү гэдгийг яагаад тогтоосонгүй вэ? Дээрх гомдолд дурдсан асуудлууд эргэлзээтэй байхад анхан шатны шүүх гэм буруутай гэж үзэн 8 жил 5 сар хорих ял оноосон нь шийтгэх тогтоолын гол хэсэг болох тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн шинжийг тогтоож чадаагүй, хэргийн талаарх нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй учраас зүйлчлэл, гэм буруу, гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байдал нь бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай ... эргэлзээ гарвал ... шүүгдэгч ... ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалттай нийцэхгүй байна.

Эрүүгийн хууль, бусад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд. Хохирогч эмнэлэгт хагалгаа хийлгэсэн шалтгаанаар амь хохирогчийн аав С.Л цагдаад гомдол гаргасан. Тэгэхээр хохирогч гомдол бичих чадваргүй байсан гэж үзнэ. Хохирогч 2 удаа мэдүүлэг өгсөн, мэдүүлгийг эмнэлгийн байгууллагад авсан байх. Мэдүүлэгтээ ах Л.Тийн талаар дурдаагүй, мөрдөгч ч асуугаагүй бөгөөд Д, М нарт гомдолтой гэсэн байдаг. Гэхдээ хохирогч мэдүүлэг өгөх чадвартай байсан уу гэх асуудал хөндөгдөнө. Хичнээн удаа, хэдийд ямар хагалгаанд орсон, биеийн байдал нь тухайн үед ямар байсан талаар нотлох баримт авагдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Дараах мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй”, 8.4-т “өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон гэрч, хохирогчийн мэдүүлэг” гэсэн зохицуулалтаар мэдүүлэг өгөх чадвартай байсан эсэх асуудал нь эргэлзээг бий болгож байна. Ийм байхад шүүх энэ талаар тус зүйлийн 9-д зааснаар харьцуулах боломжгүй нөхцлийг харгалзан үзэлгүй, хохирогчийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэх, мөн мэдүүлэг өгөх чадвартай эсэхийг эмчлэгч эмч нараар нотлуулаагүй, хөндлөнгийн гэрч нарыг байлцуулаагүй нь эргэлзээг бий болгож байна.

Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлуудыг харгалзан үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэснийг зөрчиж эргэлзээтэй буюу хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийн шинжийг агуулаагүй болон мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдал нотлогдохгүй байхад гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм.

Мөн давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан” гэж тодорхойлсон нь хохирогч Л.Бийн хүнд гэмтэл болон үхлийн шалтгаан нөхцөл юу байв, өвчний улмаас уу, эсвэл түүний ах Л.Тийн цохилтоос болсон уу гэдэгт хууль зүйн дүгнэлт өгч чадаагүй байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 256 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 80 дугаар магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар хэлсэн саналдаа: “1 дүгээр хавтаст хэргийн 117 дугаар талд хавсаргасан өвчний түүхээс харахад “Биеийн байдал хүндэвтэр, ухаан санаа хэвийн” гэж тэмдэглэгдсэн байгаа учраас эргэлзэх зүйл байхгүй гэж үзэж байна. Тэрээр Ц.Мад зодуулсан талаар мэдүүлсэн бөгөөд энэ нь бусад гэрч нарын мэдүүлгээр буюу дүү нарынх нь “Орж ирэхдээ гэдсээ дараад ёолж орж ирсэн” гэх мэдүүлгээр нотлогдсон. Мөн шинжээчийн дүгнэлтүүдээр давхар нотлогддог. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч одоо болтол гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, хор уршгийг арилгаагүй байгаа” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Мад холбогдох хэрэг мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн шалгагдаж тогтоогдсон. 2017 оны 11 дүгээр сарын 7, 12 дугаар сарын 21-ний өдрүүдэд хохирогч Л.Б “...Мыг гэрээс гарахад нь би араас нь гараад бариад автал намайг тонгорч унагаагаад баруун хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн. Миний гэдэс эвгүй өвдсөн. Ах Төрмөнх гарч ирээд намайг маяглаад бай гээд баруун шанаан тус газар нэг удаа алгадаад гэрт оруулсан, ...намайг Ц.М өшиглөж гэмтээсэн...” гэж мэдүүлсэн нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон. Хохирогч Л.Б нь Ц.Мад гэдэс рүүгээ өшиглүүлсэн даруйд гэдсээ дараад ёолоод гэрт орж ирсэн талаар гэрчүүд мэдүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрч Л.Т, И.Д, М.Э нар тухайн үед болсон нөхцөл байдлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн. Шүүх Ц.Мад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч А.Мөнхтулга нарын гаргасан гомдлыг үндэслэн Ц.Мад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

 Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.М нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд иргэн Л.Бийн хэвлийн тус газар өшиглөн зодож, эрүүл мэндэд нь нойр булчирхайн тасралт бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч Л.Б нь Гэмтэл согог сэргээх үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Мыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар 8 жил 5 сар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчид оногдуулсан ял гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Амь хохирогч Л.Б, насанд хүрээгүй гэрч Л.Б, Л.Б, гэрч Л.Т нарын мэдүүлэг, шинжээчийн 706, 333, 553 тоот дүгнэлтүүд зэрэг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, түүнчлэн уг гэмт хэргийг Ц.Маас өөр хэн нэгэн хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан “Хэт нэг талыг барьж, хэргийн үнэнийг олохгүй шийдвэрлэсэнд харамсаж байна, Хэргийн үнэнг олж өгч тусална уу”, мөн “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэх гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 256 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 80 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.М болон түүний өмгөөлөгч А.Мөнхтулга нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.                                                                           

                                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                                      ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                                                              Ч.ХОСБАЯР