Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-12-13
Тогтоолын дугаар 646
Хэргийн индекс 105/2017/0395/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Ү.С
Зүйл заалт 17.3.2.2.
Улсын яллагч О.Сарангэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

   Ү.С-д холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров, Р.Оюунцэцэг, Т.Урангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1207 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 941 дүгээр магадлалтай, Ү.С-д холбогдох 201525013077 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ү.С- болон түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, Р.Оюунцэцэг, Л.Данзанноров нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 46 настай эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ү-н С-.

Ү.С- нь 2015 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын 09-ний хооронд өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхонд байрлах газар дээр Б.Ж-тай 178,000,000 төгрөгийн барилгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 3 давхар барилга бариулах ажлыг гүйцэтгүүлсэн боловч мөнгийг буцаан төлөлгүй, 148,495,545 төгрөгийн хохирол учруулсан буюу уг барилгын ажлыг дахин өөр этгээдээр бариулан ашиглалтад оруулж, Б.Ж-гийн хөрөнгө оруулалт хийсэн мөнгийг нь төлөлгүй залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ү.С- бусдыг хуурч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Ү.С-д 3 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ү.С-гаас нийт 83,995,545 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ж-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.С-, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, Т.Урангэрэл нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ү.С- гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2015 онд Б.Ж- гэх залуутай зарын дагуу утсаар ярьж уулзаад Баянзүрх дүүрэгт байрлалтай миний эзэмшил, газрын гэрчилгээтэй, зоорийн давхар нь бүрэн цутгагдсан барилгыг очиж үзсэн. Би Ж-д мөнгөгүйн улмаас ажил зогссон учир зарах санал тавьсан. Маргааш нь Ж- над руу яриад та зээлээ хөөцөлдөж бай, би авах боломжгүй, харин үргэлжлүүлээд барьж байя гэсэн саналыг өөрөө гаргасан. Ингээд 10Ч12 харьцаатай барилгын 1, 2, 3 давхрын карказыг 2015 оны 09 дүгээр сарын 21-нээс эхлэн хийж цутгасан боловч 2015 оны 11 дүгээр сарын 05-ны үед ажлаа хаяад явсан. Энэ хугацаанд би банкны зээл хөөцөлдсөн боловч улирлын чанартай олгодог учраас хавар 4 сараас зээл олгохыг зөвлөсөн. Ж-д үнэн байдлаа хэлсэн. Гэтэл таныг эмэгтэй хүн болохоор хүмүүс элэг бариад байх шиг байна. Та газрын гэрчилгээгээ түр над дээр шилжүүлчих надтай хамтарч ажилладаг Канадууд бий. Би тэд нараас хөрөнгө оруулалт олж өгье гэсэн. Гэтэл Ж- нь газрын гэрчилгээ аваад хөрөнгө оруулалт орохгүй сар гаран болсон, гэрчилгээгээ авая гэхэд маш дургүй буцааж өгсөн. Тэр үед Ж-г хөрөнгө оруулалт олоод ирье гэхэд нь итгээд газраа шилжүүлсэн гэтэл шүүх хурал дээр барьцаанд өгсөн гэж худал мэдүүлсэн. Хэрэв би барьцаанд тавьсан бол барьцааны гэрээ хийх байсан, мөн Ж- тус газрыг эргүүлж өгөхгүй байх байсан.

2015 оны 09 дүгээр сарын 21-нээс 11 дүгээр сарын 05 хүртэл хугацаанд ажиллахдаа ойр, ойрхон 3 удаагийн гэрээг намайг шахаж байж хийлгэн гарын үсэг зуруулсан, гэрээнд гарын үсэг зуруулахдаа барилгыг 100 хувь дуусгаж өгнө гэж зуруулсан боловч сүүлийн гэрээн дээр гарын үсэг зуруулаад маргааш нь ажлаа өөрөө хаяад явсан. Сарын дараа намайг цагдаад өгч эрүүгийн хэрэг үүсгүүлсэн.

Б.Ж- хөрөнгө оруулалт олж өгье гэж газрын гэрчилгээ шилжүүлэн авсныгаа цагдаад анх мэдүүлэхдээ энэ газар минийх байсан гэж гүтгэсэн, мөн барилгыг 100 хувь дуусгана гэж гарын үсэг зуруулаад зөвхөн 1, 2, 3 давхрын карказ босгоод л гэрээний дүнгийн дагуу 178 сая төгрөг нэхсэн нь байж боломжгүй зүйл юм.

Надтай хамтарч ажиллахдаа материалын баримт нэхэхэд өгөөгүй байж цагдаад өгөхдөө ямар ч нотолгоогүй хуурамч, НӨАТ-гүй баримтуудыг үйлдэж өгсөн нь хэргийн материалд байдаг. Гэтэл баримтуудыг шалгаж үзэлгүй илт, их хэмжээний материал, үнийн дүн гаргасан хуурамч падан дээр үндэслэж нэг талыг барьж шинжээчийн дүгнэлт гаргасан байна.

Би банкнаас зээл аваад Ж-д 60 сая төгрөг бэлэн өгөх саналыг хэлэхэд авахгүй, барилгаа авна гэж уурласан нь гэрчийн мэдүүлгээс харагдаж байгаа. Би Ж-г анх ажил хаяад явснаас хойш юу ч хийгдээгүй байхад барилга дээр гавъяат эдийн засагч Бадамчулуун гэх хүнийг дагуулан очиж бодит үнэлгээг хийлгэхэд 1, 2, 3 давхрын карказанд нийт 27 сая орчим материалын зардал гарсныг тухайн үнээр нь бодож гаргасан.

Би Ж-д одоогийн байдлаар нийт 66 сая төгрөгийг бэлэн өгсөн, мөн тухайн үед барилгын материал 29,250,000 төгрөгийн хөрөнгө оруулсан эдгээр нь бүгд хэргийн материалд байгаа.

Энэ хэргийг прокуророос 2 удаа хэрэгсэхгүй болгохдоо үүнийг тогтоосон байдаг. Би энэ хүнийг залилах битгий хэл тийм санаа бодол ч байгаагүй. Гэтэл анхан шатны шүүх залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэнд гомдолтой байна. Харин Б.Ж- нь хөрөнгө оруулалт олж өгнө гэж худал ярьж, гарын үсэг зуруулан газрын гэрчилгээг шилжүүлсэн, мөн гарын үсгээ гэрээнд зурснаа анхнаасаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байхад зураагүй гэж худал хэлж гарын үсгийн шинжилгээ гаргуулсан. Эдгээрээс харахад зориуд худал баримтууд цуглуулж миний эрх зүйн байдлыг дордуулж, олон үйлдэлтэй мэтээр шүүхэд харагдуулж байгаад 3 жилийн ял өгүүлээд, өөрийн гараар барьж дуусгасан хөрөнгийг минь минийх гэж хэлээд явж байгаа нь хууль зөрчсөн хэрэг гэж бодож байна.

Мөн шинжээчийн дүгнэлтүүдийг  зөвшөөрөх үндэслэлгүй, худал зүйл явагдаж байна. Иймд үнэн зөвийг олж өгнө үү.

Ж- нь хэрэгт баримт бүрдүүлж өгөхдөө ямар ч худалдан авсан НӨҮТ-ийн баримтгүй, тамга тэмдэггүй баримт өгдөг. Гэтэл шинжээчийн дүгнэлт гаргахдаа НӨҮТ-ийн татвар гэх мэт шууд бус зардлууд 41 сая төгрөгийг оруулж дүгнэлт гаргасан. Үүн дээр хоёр шатны шүүх дүгнэлт хийлгүй хохирлыг тогтоосон. Ямар ч хуулийн этгээд нь тухайн ажилчдын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварыг хариуцаж шимтгэлээ төлдөг шүү дээ. Гэтэл үүнийг надаар төлүүлэхээр тогтоосон байгаа” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүхийн шийдвэрүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй юм.

Давж заалдах шатны шүүх өмгөөлөгч миний гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, хэрэгт нотолбол зохих зүйлийг нотолж мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдэж шүүгдэгч Ү.С-гийн гэм бурууг нотолж чадсан гэсэнд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Хэргийг 2015 оны 12 дугаар сарын 16-наас эхлэн Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон одоогийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүдийг гаргуулсан байдаг боловч хэрэгт нотолбол зохих зүйлийг нотолж, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсэн, шинжээчийн дүгнэлт болон зарлагын баримтууд хоорондоо зөрүүтэй гэдэг нь бодит байдалд нийцэхгүй байгаа юм.

Учир нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд буюу хохирогч Ж-гийн маргаан бүхий барилгад худалдаж авсан гэх барилгын материалуудаар Ү.С-гийн 10x15м харьцаатай, зоорийн давхар бэлэн болсон 3-н давхар цэцэрлэгийн барилгын зөвхөн карказ угсралтын ажлыг гүйцэтгэхэд дараах бараа, материалыг хохирогч зарцуулсан гэдэг нь ямар ч боломжгүй, бараа материал нь хэд дахин өссөн үнийн дүнгээр байдаг бөгөөд тоо хэмжээ нь илтэд өндөр байгаа юм. Тухайлбал:

Хохирогч барилгын карказ угсралтанд 250М маркын бетон зуурмагнаас нийт 260м3 хэмжээтэй орсон гэх баримтыг хэрэгт өгчээ. Энэ нь нийт 40,300,000 төгрөг болсон гэдэг нь үндэслэлгүй юм. Үүнийг нотолсон санхүүгийн анхан шатны баримтууд нь бүгд засвартай, давхардаж бичигдсэн, өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, зах зээлийн ханш 128,000 төгрөг байсныг 155,000 төгрөгөөр тооцсон баримтууд байдаг. Карказ угсрахад шаардагдах брус модноос нийт 7700 ширхэгийг худалдаж авсан гэдэг ба 1 бүрийг нь 5000 төгрөгөөр тооцож нийт 35,000,700 төгрөг зарцуулсан гэжээ. Барилгын 1 давхрын нийт талбай 120м2 гэж үзэхэд дээд тал нь 1 давхартаа 200 ширхэг брус мод шаардагдах ба 3 давхарт нийт 600 ширхэг брус мод орохоор тооцоо гарч байгаа. Хохирогч арматур худалдаж авахдаа 3 давхарт нийлээд 41.4 тонныг буюу 44,369,900 төгрөгийг зарцуулсан гэдэг. Гэтэл 1 давхар нь 120-150м2 талбайтай гэж тооцохоор 1 давхарт дээд тал нь 5 тонн, 3 давхарт нийт 15 тонн арматур орохоор байгаа. Хохирогч нь төмөр сапудыг “Таурас” ХХК-иас 2150 ширхэгийг, 60 хоногийн хугацаатай, 25,800,000 төгрөгөөр түрээсэлж авсан гэдэг. Гэтэл 1м2 талбайд барилгын норм, дүрэм, стандартаараа 3 ширхэг сапуд ордог байна. Гэтэл 1м2 талбайд 23 ширхэг тулаас төмөр орохоор тоо, хэмжээ, мөнгөн дүнг хохирогч гаргаад байгаа нь үндэслэлгүй юм. Бодит байдал дээр 1 давхарт 300 ширхэг орно гэж тооцвол нийт 3 давхрын барилгад 900 ширхэг тулаас орохоор байгаа. Барилгын ажил гүйцэтгэсэн хугацаа нь 33-45 хоног байсан.

Барилгын ажил гүйцэтгэсэн гэх хуулийн этгээд нь 21 ажилтандаа 4 удаа нийт 50,205,000 төгрөгийг ажлын хөлсөнд олгосон гээд цалингийн цэсийг хэрэгт өгсөн байдаг боловч үүнийг нь нотлох Нийгмийн даатгалын тайлан, Хөдөлмөрийн гэрээ огт байдаггүй. Түүнчлэн ажиллаагүй буюу гэрээний хугацаа дууссан хугацаанд цалин хөлс олгосон гэж хохирол нэхэмжилсэн.

Мөрдөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Бишрэлт-Өргөө констракшн” ХХК-ийн Ү.С-гийн барилга дээр хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, барилгын материалын үнийг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож тогтоолгохоор Барилгын хөгжлийн төвийн шинжээчдийг томилсны дагуу шинжээч гэх Д.Б-, Д.Б-, Ч.М- нар нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг гаргажээ. Энэ дүгнэлтийг гаргахдаа магадлагдаагүй ажлын зургаар тооцоог гаргасан гэж маргадаг тул 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дахин шинжилгээ хийлгэх прокурорын 07 тоот тогтоолыг үндэслэн Барилгын төсөвчдийн холбоо 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг Т.Батбаяр, А.Энхчимэг гэсэн 2 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр мөн ажлын зураггүйгээр тооцооллыг гаргасан байна.

Дээрх 2 удаагийн шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх” гэсэн заалтыг зөрчсөн. Тухайлбал, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, шинжээчээр оролцож болохгүй үндэслэл байгаа эсэхийг дүгнэлт гаргасан шинжээч нараас урьдчилан тодруулаагүй байдаг. Давтан шинжилгээг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20.1-д зааснаар дахин шинжилгээ хийлгэхдээ 21 дүгээр зүйлд... шинжилгээг бүрэлдэхүүнээр хийх тохиолдолд ижил буюу өөр өөр мэргэжлийн 2-оос дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэнэ гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн учраас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлтийн агуулгад нийцэхгүй болсон байгаа юм.

Түүнчлэн энэ хэрэгт Т.Батбаяр, А.Энхчимэг гэдэг хүмүүсээр шинжээчийн дүгнэлт гаргуулахаар эрх бүхий байгууллагаас нь тэднийг томилсон тушаал, шийдвэр, эрхийн ямар нэгэн акт байхгүй ба шинжилгээний объект нь /батлагдсан зураггүй, санхүүгийн анхан шатны баримт хуульд заасан шаардлага хангахгүй тамгагүй, хэн авсан, хэнээс авсан, дагалдах баримтууд нь байхгүй, зарлагын баримтууд нь засвартай, давхардуулсан, ойлгомжгүй/ шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага хангаагүй байхад дүгнэлтээ гаргасан гэж үзэхээр байгаа.

Барилгын Хөгжлийн төв болон Барилгын төсөвчдийн холбоо нь батлагдаагүй зургаар ажлын тоо, хэмжээн дээр тооцоолол хийгээд аливаа барилгыг барихад урьдчилж гаргадаг хийсвэрээр гаргадаг, төсвийг хэмнэж болдог.../ төсөвт өртөг гэсэн дүгнэлт гаргасан нь Гүйцэтгэлийн зураг хийлгэж, эсхүл Улсын Төв архиваас барилгын батлагдсан зургыг аваад гүйцэтгэлийн төсвийг гаргах байсан учраас буруу юм. Хэргийг шалгах явцад нэгэнт батлагдсан зураг байхгүй үндэслэлээр шинжээчийн дүгнэлт гарах боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад харин хохирогч Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хавсаргаж өгсөн санхүүгийн шаардлага хангасан анхан шатны баримтын хүрээнд хохирол тооцогдох учиртай байжээ.

Шинжээч нар хуулийн этгээдийн хийгээгүй ажлыг хийснээр, аваагүй материалыг авснаар бараа, материалыг нь 2015 оны зах зээлийн ханшаас илтэд өндөр үнээр 2018 онд тооцоолсон. Жишээ нь огт мөнгө зарцуулаагүй усыг 1л ус 1 төгрөг байхад 1мЗ=1000  төгрөг гэсэн. Хог хаягдал гаргаагүй, цэвэрлээгүй байхад 3,480,000 төгрөг, том машин огт хэрэглээгүй байхад тээврийн хөлс 5,390,000 төгрөг, 1 удаа ашигласан машин, механизм нь фан буюу краны ажлын хөлсөнд 500,000 төгрөгийг Ү.С- өөрөө төлсөн байхад машин, механизмын зардалд 5-6 сая төгрөг тооцоолсон байдаг. Шинжээчийн дүгнэлтэнд дурдсан хохирогчийн хийж гүйцэтгэсэн гэх шатны төмөр, төмөр шат, Фарпетны ажлыг хохирогч гүйцэтгээгүй, барилгын карказны ажлыг гүйцэтгэхэд банз, тоосго, элс, цемент, блок зэрэг барилгын материал нь хохирогчоос огт гаргаагүй байхад өөрсдийн тооцоололд оруулсан учраас хохирол үндэслэлгүй гарсан гэж үзээд байна.

Хэрэг шүүхээс Хөрөнгийн үнэлгээний тевөөр шинжээчийн дүгнэлт гаргуулахаар 2017 онд буцаж байсан, урьдчилсан хэлэлцүүлгээр дахин шинжээч томилуулах хүсэлтийг  өмгөөлөгч Р.Оюунцэцэг гаргасаар байхад анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг хэлэлцсэнд тооцогдохоор байна.

Шинжээч нар дүгнэлтээ гаргахдаа хөнгөн блокыг Ү.С- авч өгсөн л гэсэн ба С-гийн Ж-д авч өгсөн 29,250,000 төгрөгийн барилгын материал болох элс, цемент, краны ажлын хөлс, хөөс, тоосго, цонх зэргийг тооцооноосоо хасаагүй юм.

Хэргийн материалд дээрх 2 удаагийн шинжээчийн дүгнэлтүүдээс гадна Барилгын гавъяат эдийн засагч Бадамчулуун /3хх-183 талд/-ны ... барилгыг дээш нь бариагүй байхад, Ж-гийн үлдээж явсан барилга дээр материалын тоо, хэмжээ, төрөл маш тодорхой байхад Гүйцэтгэлийн төсөв бодогдсон гэдэг мэдүүлгээс дүгнэхэд энэхүү дүгнэлтээр хохирогчийн оруулсан хөрөнгө оруулалт хийсэн ажил нь бодитой байж болохоор байгаа юм.

Ийм учраас Эрүүгийн хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг тогтоохдоо тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүдийг гаргуулсан, хэрэгт нотолбол зохих зүйлийг нотолж, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсэн гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлгүй байгаа юм.

Иргэний хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршдог. Харин Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог тул хэрэгт дурдагдсан үйл баримт нь Эрүүгийн хэрэг гэсэнд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Залилан мэхлэх гэмт хэргийг Иргэний эрх зүйн төсөөтэй зөрчлөөс ялгах үндсэн шинжүүд байдаг бөгөөд Залилан мэхлэх гэмт хэргийн объектив тал нь бусдын өмчлөх эрхэд хуурч мэхлэх буюу итгэл эвдсэн үйлдлээр илэрч ашиглан шамшигдуулах шинжтэй, Эрүүгийн хуульд заасан эд хөрөнгийн материаллаг хохирол учирч байж гэмт хэрэг төгсдөг, шунахайн сэдэлтээр өдөөгдсөн гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэрээр субъектив шинж илэрдэг, Эрүүгийн эрх зүйн харилцаанд оролцогч нэг тал болох төр давуу эрхтэй байдаг бол байдаг Иргэний эрх зүйн төсөөтэй зөрчил нь хуурч мэхлэх, итгэл эвдэж бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүй авсан үйлдлээр илэрч ашиглан шамшигдуулах шинжгүй, гэрээ, хэлцлээс үүссэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй эс үйлдэхүйгээр төгсдөг, ашиглан шамшигдуулах гэм буруу, шунахайн сэдэлт үгүйсгэгддэг, Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч 2 тал тэгш эрхтэйгээр оролцдог билээ.

Ж- нь өөрийн үүсгэн байгуулсан 1 гишүүнтэй “Бишрэлт-Өргөө констракшн” ХХК-ийн нэрээр барилга барина гэдэг зар өгчээ. Уг зарын дагуу С- нь надад хөрөнгө мөнгө байхгүй, бариад дуусгавал хамтарч зараад ашгаа хуваах талаар харилцан тохиролцсоноор Ж- нь 3-н давхар барилгын карказыг компанийнхаа хөрөнгөөр барьж дуусгах үүрэг хүлээжээ. Улмаар Ж-гийн компани нь хөрөнгө мөнгөгүй болж барилгын ажлыг дуусгалгүй 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дутуу орхиод цагдаад Ү.С- намайг залилан мэхэлсэн гэдэг өргөдөл гаргасан нь нотлогддог.

С- нь Ж-д өөрийн бодит байдлыг нууж, гуйвуулж мэдээллээгүй, худлаа хэлж төөрөгдөлд оруулж итгэл төрүүлээгүй, барилгыг гүйцээж барих санхүүгийн боломжгүй, хөрөнгө байхгүй, байсан мөнгөөрөө зоорийн давхраа хүнээр гүйцэтгүүлсэн, дулааны улирал эхлэхээр банкнаас зээл авах боломжтой, зээл бүтэхгүй бол барилгыг худалдаад мөнгийг нь Ж-д буцааж өгнө гэдэг саналыг анхнаасаа түүнд хэлснийг тэрээр хүлээн зөвшөөрч барилгын ажлыг үргэлжлүүлсэн гэдэг нь ямар нэгэн баримтаар няцаагдахгүй байна.

С-, Ж- нарын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаатай холбоотой үйл баримтуудыг шүүх яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгааг анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнээгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн арга, сэдэлт, санаа, зорилго тодорхойгүй байгаа.

Хөрөнгө оруулалтын гэрээгээр халхавчлан бусдыг залилан мэхлэх, эд хөрөнгийг авсан гэж үзэж байгаа тохиолдолд энэ санаа нь Ү.С-д хэзээ төрсөн, хэрвээ гэрээ байгуулахаас өмнө төрсөн юм бол бодит байдлыг нуух, гуйвуулах байдлаар хохирогчийг анхнаасаа хэрхэн төөрөгдүүлж гэрээний харилцаанд татан оролцуулсан, эсхүл гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж төлбөр хийхгүй байх гэмт санаа зорилго агуулах болсон шалтгаан зэргийг тогтоож шалгах учиртай байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг зөрчсөн шалтгаан, энэ нь С-гийн хүсэл зоригоос хамааралтай эсэх зэргийг нягтлан шалгаагүй юм.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Ү.С- нь хохирогч Б.Ж-тай 3 удаа 178,000,000 төгрөгийн барилгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 3 давхар барилга бариулах ажлыг гүйцэтгүүлсэн байх боловч Ү.С-д уг мөнгийг эргүүлж төлөх санаа бодол байхгүй байсан байх ба тухайн цаг хугацаанд ямар нэгэн байдлаар төлбөрийг төлж барагдуулсан үйлдэл хийгээгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжийг хангасан гэдгийг үгүйсгэж байгааг та бүхэн анхаарна уу.

Анхан шатны шүүх Ү.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж, 3 жил хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хор хохирол, хувийн байдалд нь тохирсон гэдэгтэй санал нийлэх боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч Ү.С- нь Ж-гийн компанийн оруулсан хөрөнгө оруулалтыг 3 хоногт банкны зээл нь бүтээгүй учраас өгөх боломжгүй болсон, карказ угсрах үйл ажиллагааны явцад 29,250,000 төгрөгийн барилгын бараа, материалыг хохирогч Ж-д өгсөн, барилгын ажлын явцад харилцан бие биедээ хяналт тавиагүй, акт үйлдээгүйн улмаас ажлын тоо хэмжээ, барилгын материалын үнэ дээр маргаан үүссэн ба шинжээч нар гүйцэтгэлийн бодитой дүгнэлтийг гаргахгүй байсны улмаас шүүгдэгч нь хохирогчид бодитой дүгнэлт гартал бэлнээр 66,500,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөнтэй хэргийн оролцогч нар маргаагүй, шинжээчийн дүгнэлтэд дурдсан шууд хохирлыг бүрэн төлсөн байхад шүүх Ү.С-г хохирол төлөөгүй, анхнаасаа төлөх санаа зорилгогүй байсан нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж дүгнээд түүнийг заавал нийгмээс тусгаарлаж хорих ял өгч байгаа нь сонгох санкцтай хэрэгт дэндүү хатуурхсан явдал гэж үзэж болохоор байгаа юм.

Эцэст нь Залилан мэхлэх гэмт хэргийг халхавчлаад байгаа гэх удаа, дараа үзэглэгдсэн “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний нэг тал нь иргэн Ү.С-, нөгөө тал нь хуулийн этгээд гэж тодорхойлогдсон байхад 178 сая төгрөг нь компаниас хэзээ, ямар зориулалтаар хэрхэн гарч Ү.С-гийн барилгад материал болж үлдсэн, Иргэний нэхэмжлэгчээр хуулийн этгээд яагаад тогтоогдоогүй, шүүгдэгч Ү.С- хууль зүйн ямар үндэслэлээр иргэн Ж-д гэмт хэргийн улмаас учирсан гэх үндэслэлгүй хохирлыг төлөх ёстой гэж шүүх үзээд байгаа нь ойлгомжгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь үнэлж үнэлэлт дүгнэлт өгөлгүй, зөвхөн нэг талыг барьж хохирогчийн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Учир нь Ү.С- В.Ж- нар нь анхнаасаа харилцан тохиролцож 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр барилгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа 14 хоногийн хугацаатай 50,000,000 төгрөгийн барилгын ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 78,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ хийхээр 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар 178,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тус тус нэмэлт гэрээ байгуулсан.

Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч Ү.С- болон В.Ж- нарын хооронд ажил гүйцэтгүүлэх, хөрөнгө оруүлалт хийх гэрээний харилцаа үүссэн бөгөөд энэ нь Эрүүгийн биш Иргэний эрх зүйн гэрээний харилцаа юм. Талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаа нь эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг буюу гэрээний эрсдэл нь залилан мэхлэх гэмт хэрэг биш юм.

Тийм ч учраас мөрдөн байцаалтын шатанд 2 ч удаа прокуророос тухайн үйлдэл нь гэмт хэрэг биш гэж хэрэгсэхгүй болгосон байдаг. Улсын яллагч болон анхан шатны шүүхээс хохирогч В.Ж-гийн төлбөрийг төлөөгүй гэдгээр хэргийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзсэн нь үндэслэлгүй, түүний үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогддоггүй болно.

Ү.С- нь барилгын ажил гүйцэтгэх хөрөнгө байхгүй гэдгийг анхнаасаа В.Ж-д хэлснээр хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн бөгөөд барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад өөрийн хөрөнгөөр барилгын материалыг нийлүүлж байсан баримтууд хавтаст хэрэгт авагдсан байдаг. Энэ нь Ү.С- нь В.Ж-г залилан мэхлэх субъектив санаа зорилго байхгүй байсан гэдэг нь нотлогдоно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн барилга дээр В.Ж-гийн хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээн дээр маргаж шинжээчийн дүгнэлт гаргуулахад 3 өөр дүгнэлт гарсан байдаг ба энэ талаар нэг мөр болгуулахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гарган хэлэлцүүлсэн боловч шүүх хүлээн аваагүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.

Ү.С- нь В.Ж-гийн гүйцэтгэсэн ажлын төлбөрийг буцаан өгөхгүй гэсэн ямар ч санаа зорилго байхгүй, харин уг төлбөрийг бодитой үнэн зөвөөр тооцож төлөхөөр хүсэлт санал тавьж байсан болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогддог. Мөн тэдний хооронд байгуулсан гэрээнүүдийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотойгоор гарсан маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлэнэ" гэж заасан байдаг нь иргэний эрх зүйн харилцаа гэдэг нь давхар нотлогдож байгааг шүүх бүрэлдэхүүн анхааран үзнэ үү.

Талууд харилцан тохиролцож, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан атлаа В.Ж- нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийг биелүүлэх нөхцөл боломжгүй байдалд хүргэж, гэрээгээ дүгнэлгүйгээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар гэрээний үүрэг биелэгдээгүй нь гэмт хэрэг биш бөгөөд Иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг гэмт хэрэг гэж үзэж шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн тогтоогоогүй хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Ү.С-д холбогдох хэргийг цагаатгаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлал нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.

Шийтгэх тогтоол магадлал хууль зүйн үндэслэлгүй болох нь:

Нэг. Ү.С- нь хохирогч гэх Б.Ж-гийн эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар шилжүүлэн авах санаа зорилготой байсан нь тогтоогдоогүй. Залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байдаг. Мөн бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байх нь залилах хэргийн гол шинж. Гэтэл Ү.С-д ийм санаа сэдэл огт байгаагүй бөгөөд тухайн барилгыг ашиглалтад оруулж дуусгаад банкны барьцаанд тавьж, хохирогч гэх Б.Ж-д мөнгийг нь өгөхөөр анхнаасаа тохиролцсон. Харин банкны зүгээс барилга барих улирал дуусч байсан тул зээл олголт зогссонтой холбоотойгоор зээл авч чадаагүй тул Б.Ж-гийн мөнгийг даруй өгч чадаагүй. Мөн Б.Ж- нь 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2 дахь нэмэлт гэрээг байгуулан 178,000,000 төгрөгийг 3-хан хоногийн дотор төлөх үүргийг зохиомлоор бий болгосон ба уг хугацаанаасаа хойш ганц сар ч болоогүй байхад өөрийг нь Ү.С- залилсан мэтээр цагдаагийн байгууллагад гомдол гарган өгсөн. Үүний цаана мөн л Б.Ж- барилгад оруулсан мөнгөө буцаан авах бус Ү.С-гийн бариулсан, одоо 150 хүүхэд хүмүүжиж байгаа цэцэрлэгийн барилгыг өөрийн болгох санаархал байсан. Мөнгийг өдийг хүртэл буцаан төлөөгүйн 3 дахь шалтгаан нь Б.Ж-гийн гүйцэтгэсэн гэх ажлын үнэлгээ нь 3 өөр, хоорондоо эрс зөрүүтэй гарсан явдал юм.

Хоёр. Ү.С- хохирогчийг залилах үйлдэл хийгээгүй тухайд:

Ү.С- өөрөө барилга барих мөнгөгүй гэдгээ ч тодорхой хэлсэн ба “Японоос хөрөнгө оруулна” гэсэн талаар Б.Ж-тай яриагүй. Энэ нь Ү.С- өөрийг нь залилсан болгож ойлгуулж, хууль хяналтын байгууллагыг төөрөгдүүлэн “чулуу хөөлгөх” гэсэн “эрх зүйч” Б.Ж-гийн л санаа байсан энэ нь хэрэгжсэн.

Б.Ж-гийн мэдүүлэгт тусгагдсан шиг эхнээсээ л Японы хөрөнгө оруулалтаас өөрийн гаргасан зардлаа гаргуулна гэж бодсон бол тэр өөрийн боловсруулсан гэрээндээ энэ талаар яагаад тусгасангүй вэ? Гэрээ боловсруулсны хувьд үүнийгээ тодорхой тусгах боломж байсан. Гэрээ байгуулах үед байсан гэх гэрч Наранцэцэг “долоо хоногийн дараа хөрөнгө оруулалт орж ирнэ гэж ярьсан эсэхийг сонсоогүй” гэж мэдүүлдэг. Ү.С-г “Японоос хөрөнгө оруулна” гэж залилсан болгож харагдуулах санаа харьцангуй сүүлд, цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөх үед төрсөн гэж үзэхээр байна. Нэгэнт ийм зүйл Ү.С- хэлээгүй тул мөнгийг нь буцаан төлнө гэж тохиролцсон гэх хугацааны талаар Б.Ж- хавтаст хэрэгт янз бүрээр, зөрүүтэй илэрхийлсэн байдаг. Тэрээр анх гаргасан өргөдөлдөө "...14 хоногийн дараа төлье” гэсэн талаар бичсэн байдаг ч ганцхан хоногийн дараах мэдүүлэгтээ “... 7 хоногийн дараа” гэсэн байдаг. Тэгээд ч Б.Ж-д 7 хоногийн дараа хөрөнгө оруулалт орж ирнэ гэж хэлж 2015 оны 09 дүгээр сарын 21-нд гэрээ байгуулснаас хойш Ү.С-д “хөрөнгө оруулалт огт орж ирэхгүй” байхад Б.Ж- нь өөрийн санаачлагаар 14, 48 хоногийн дараа нэмэлт гэрээ байгуулаад, мөн нэмж зардал гаргаад, ажлаа үргэлжлүүлээд байгаа нь угаас Б.Ж- нь өөрийн хөрөнгөөр ажлыг дуусгаж дараа нь ажлын хөлс, оруулсан зардлаа авах тохироотой байсныг харуулдаг.

Үйлдлийн шинжийг харгалзан залилах гэмт хэрэг үйлдэгдээгүй гэж үзэж прокуророос Ү.С-д холбогдох хэргийг 2 удаа хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан ба уг тогтоолуудын үндэслэлүүд маш ойлгомжтой бичигдсэн.

Гурав. Шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

Давж заалдах шатны шүүх магадлалын тодорхойлох хэсэгт дүгнэхдээ "... Ү.С-д /магадлалд бичсэнээр/ уг мөнгийг эргүүлж төлөх санаа бодол байхгүй байсан байх ба тухайн цаг хугацаанд ямар нэгэн байдлаар төлбөрийг төлж барагдуулсан үйлдэл хийгээгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ” гэжээ. Энэ нь үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан баримтаар Ү.С- барилгад зориулж өөрөө Б.Ж-д 8,250,000 төгрөг шилжүүлсэн, 6,225,700 төгрөгийн блок, 1,260,000 төгрөгийн тоосго, 500,000 төгрөгийн цемент, 250,000 төгрөгийн хөөс, 500,000 төгрөгийг краны хөлсөнд гэх зэргээр төлбөр болон эд зүйл шилжүүлж байсан. Ү.С- өөрөө дээврийн материал гаргасан ба нийт дүнгээрээ барилгад 37,5 сая төгрөг оруулсан. Хэрэв Б.Ж-г залилж, барилгаа бариулан, эргэж төлбөр хийхгүй гэсэн санаатай байсан бол тэрээр өөрөөсөө зардал гаргахгүй л байсан болов уу.

Мөн Б.Ж-гийн төлбөрт Ү.С- нь багагүй хэмжээний мөнгө өгөх гэсэн боловч тэрээр авахаас татгалзсан байдаг.

Хавтаст хэргийн 133 дугаар талд байгаа Ү.С-гийн мэдүүлэгт 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дуүргийн Цагдаагийн үүдэнд 60,0 сая төгрөг өгөхөөр санал тавьсан боловч Ж- “Чам шиг гуйлгачингаас 60,0 сая төгрөг авахгүй, авах юм бол нүдэн дээр чинь урж хаяна, 60,0 сая төгрөг авах байсан бол би ингэж явахгүй” гэж хэлсэн талаар тусгагдсан. Энэ талаар 2 дугаар хавтаст хэргийн 127-д гэрч Л.Мөнхтөр мэдүүлэгтээ давхар баталж “С- барилга дээр ирээд нөгөө залуутай уулзаад ... би чамд 60,0 сая төгрөг өгье, гэж хэлтэл нөгөө залуу би 60,0 сая төгрөг авахгүй, нүүрэн дээр чинь урж хаяна, би энэ барилгаа авна гэж дайрсан талаар хэлдэг. Энэ нь нэгдүгээрт Б.Ж- залилуулаагүй болохыг, нөгөө талаар Б.Ж- нь үндэслэлгүй их мөнгө нэхэж дарамт үүсгэж Ү.С-гийн барилгыг авах зорилготой байсныг харуулдаг.

Мөн Ж- барилгаа миний нэр дээр шилжүүлчих тэгвэл би гомдлоо татлаа гэж 3 удаа санал тавьсан талаар Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл, давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ч Ү.С- хэлсэн байна. Зөвхөн дээрх 60,0 сая төгрөгийг авахаас татгалзаад зогсохгүй 2018 оны 6 дугаар сард хохиролд тооцож 48,0 сая төгрөг төлье гэхэд ч бас авахгүй гэж цааргалж, өөрийн дансны дугаарыг өгөөгүй Ү.С- өөрөө түүний дансыг олж 48,600,000 төгрөг шилжүүлснийг шүүх хохирлоос хасч тооцоод байгаа болно.

Бас нэг чухал зүйл нь Ү.С- өөрийн эзэмших эрхийг Б.Ж-д Хөрөнгө оруулалт олуулахаар шилжүүлэн өгч байсан талаарх баримт хавтаст хэргийн 140 дүгээр талд байдаг. Залилах сэдэлтэй байсан, мөнгийг нь буцаан өгөхгүй гэж бодсон бол газрынхаа эрхийг Ү.С- түүнд гэрээгээр бүрэн шилжүүлэн өгөхгүй байсан нь ойлгомжтой.

Хохирогч гэх Б.Ж- өөрөө хохирчихлоо гэж гомдол гаргаж шалгуулж байгаа атлаа хохирлоос төлье гээд мөнгө санал болгоход авахгүй, урж хаяна гэж байгаа нь хохирлоо барагдуулах зорилготой гэхээсээ илүүтэй бусдын өмчлөлийн барилгад санаархаж, өөрийн шунахай сэдлээ хэрэгжүүлэх л зорилготой гэж үзэхэд хүргэж байгаа юм. Б.Ж-гийн гэмт зорилгыг батлах үндэслэлүүд хэргийн материалыг анхааралтай уншвал улам бүр тодордог. Харин үүнд цагдаа, прокурорын байгууллага шууд татагдан орж, Ү.С-г яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн улмаар шүүхээр шийтгүүлсэн нь хэлмэгдүүлэлт. Төлбөрөө төлнө гэдгээ тэр ойлгож байгаа, гэхдээ шударга үнэлгээгээр.

Дөрөв. Ү.С-, Б.Ж- нарын хооронд үүсэн харилцаа нь “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэг зөрчсөн талаарх маргаан болох тухайд:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ч давж заалдах шатны шүүхийн магадлалд ч Ү.С-гийн гэм буруутай үйлдлийг тодорхойлж бичихдээ "... шунахай сэдэлтээр 2015 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын 09-ний хооронд өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 16-р хороо, 72-р хотхонд байрлах газар дээр Б.Ж-тай 3 удаа “Барилгын хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж 3 давхар барилгын ажлыг гүйцэтгүүлсэн боловч мөнгийг буцаан төлөлгүй 148,495,545 төгрөгийн хохирол учруулсан буюу уг барилгын ажлыг дахин өөр этгээдээр бариулан ашиглалтанд оруулж Б.Ж-гийн хөрөнгө оруулалт хийсэн мөнгийг нь төлөөгүй... ” гэж дүгнэжээ. Энэ харилцаа бол бидний амьдралд түгээмэл тохиолддог “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргийн зөрчил. Нэг тал нь дуустал нь хийнэ гэсэн ажлаа дутуу хийгээд мөнгө нэхсэн, нөгөө тал нь төлбөрийг төлөөгүй. Анхааралтай уншвал шүүхийн тогтоол, магадлалд залилан мэхлэх гэмт хэргийн гол шинж болох хуурч мэхэлсэн, зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бусдын итгэлийг урвуулан ашигласан, төөрөгдөлд оруулсан талаар нэг ч үг үсэг байхгүй, угтаа тийм зүйл ч болоогүй.

Б.Ж- 3 дугаар хавтаст хэргийн 247-д ”... Гэрээн дээр барилга барих үйл явц буюу аль аль зүйлийг хэд хоногийн дотор дуусгана, тэгж хүлээлгэж өгнө, барих ёстой зүйлээ бариагүй бол тэгнэ, ингэнэ гэсэн утга, өгүүлбэр байхгүй” гэж мэдүүлсэн байдаг. Угаас Б.Ж- Ү.С-тай барилгыг дуусгах тохироо хийсэн боловч уг ажлаа дуусгах сэдэлгүй байсан, ийм ч учраас гэрээ нөхөн хийхдээ гүйцэтгэгчийн үүрэг, уг үүргийг зөрчсөнөөс үүдэх хариуцлагын талаар гэрээнд тусгаагүй. Угтаа гэрээг Б.Ж- “зөрчиж” болно, Ү.С- зөрчвөл яллагдагч, улмаар шүүгдэгч, ялтан болно гэж урьдчилан харж хийсэн мэт байдаг.

Мөн тэдний хооронд хийсэн гэх Б.Ж- өөрийн дүү Б.У-гийн зөвлөснөөр төслийг нь бэлтгэж Ү.С-гаар гарын үсэг зуруулсан гэрээний 5.1.3-д Б.Ж- нь 1 хоногийн дотор хөрөнгө оруулалтыг хийнэ гэсэн. Хэрэв Б.Ж- 178,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт гэж үзэж байгаа бол энэ хэмжээний бараа материал, хөрөнгө оруулалтын зардлыг Б.Ж- гаргаагүй. Түүнчлэн Гэрээний 7.1-д "гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хүчингүй болгох, дуусгавар болгохтой холбоотой гарсан маргаантай асуудлыг ШҮҮХЭЭР шийдвэрлүүлнэ” гэж талууд тохиролцсон байна.

Үүнд хөндлөнгөөс цагдаа прокурорын байгууллага хутгалдан орж, улмаар шүүх нь олон жилийн ял шийтгэл оноож байгаа нь илтэд хууль бус.

Тав. Гэмт хэрэг гарсан байдал буюу хэрэг хэзээ гарсан талаар аль ч шатны шүүх шийдвэртээ үндэслэлтэй тусгаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан "Нотолбол зохих байдал”-ын 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал”-ыг зайлшгүй нотолсон байхыг шаарддаг. Гэтэл шийтгэх тогтоолд ч, магадлалд ч гэмт хэрэг хэзээ дууссаныг тогтоож тодорхойлж, дүгнэсэн зүйлгүй байна. Дээр дурдагдсан 2015 оны 09 дүгээр сараас 11 сарын 09-ний өдөр гэдэг бол Б.Ж- тухайн барилга дээр ажилласан гэж үзэж болох л хугацаа. Залилан мэхлэж авах гэмт хэрэг гэж үзэж байгаа бол Б.Ж-гийн эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж хэзээ бүрдсэн, хэзээ хэргийг төгс үйлдсэн гэж үзэж байгаа талаар ямар ч шийдэл, дүгнэлт харагдахгүй байна. Хэрэгт байгаа баримтуудаас харахад Б.Ж- нь өөрийн дүү Б.У- гэгчтэй зөвлөлдөж бэлтгэсэн гэрээнд заасан төлбөр төлөх үүрэг Ү.С-д үүссэн гэх 2015 оны 11 сарын 12-ны өдөр л лав тухайн дуусаагүй барилга, барилгад оруулсан хөрөнгө оруулалт, материал хэнийх ч биш байсан. Учир нь түүнийг хаана ч, ямар ч байгууллагад бүртгүүлээгүй, захиран зарцуулах эрх хэнд нь ч үүсээгүй байсан.

Зургаа. Шүүх хохирлыг илтэд буруу тооцож хууль зөрчсөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно" гэж заасан.

Гэтэл шинжээчийн дүгнэлтийг “хэт шүтэж” шууд бус хохирлыг Ү.С-гаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэнд тооцогдоно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Т.Батбаяр, А.Энхчимэг нарын гаргасан гэх Шинжээчийн дүгнэлт 3 дугаар хавтаст хэргийн 193 дугаар талд байх ба уг дүгнэлтэд илэрхий шууд бус зардлууд болох ашиг 15 хувь болох 17,579,401 төгрөг, нэмэгдэл зардал /72.3 хувь/ гэх 9,468,943 төгрөг, нөат 13,477,541 төгрөг, нормчлолын сан /0.18 хувь/ гэх 242,596 төгрөгийг хохирол зардлын дүнд оруулан тооцжээ. Шүүх эдгээр зардлыг нэмж тооцсон дүнгээр хохирлыг тооцож Ү.С-гаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус юм.

Хэн боловч өмчийн эсрэг гэмт хэрэг үйлдэхдээ НӨАТ-тай нь хулгайлъя, залилья, олох байсан ашигтай нь хамт залилъя гэж гэж сэдэхгүй, шийдэхгүй, авахгүй шүү дээ. Гэмт хэргийн шууд үр дагавраар л хохирлыг тооцдог.

Ажиллах хүчний зардал гэх 25,130,549 төгрөг, машин механизмын зардал 5,309,912 төгрөгийг залилан авсан гэж үзэж хохирлын тооцоонд оруулсныг мөн л ойлгохгүй байна. Залилах гэмт хэргийн үйлдлийн шинж болох “...бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан...” гэдэгт өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг зөрчих замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг ойлгоно. Ажилчдын цалин, бусад зардал, машин техникийн түрээс зэргийг Ү.С- өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй.

Залилах гэмт хэргийн халдлагын зүйл нь эд зүйл, өмчлөх эрх байдаг хэн нэгний хөдөлмөрийг ажил үйл гэх утгаар нь залилах ойлголт байхгүй. Харин хөдөлмөрийн хөлсийг залилсан гэж үзвэл дээр дурдсанчлан Ү.С- түүнийг өөртөө шилжүүлж аваагүй. Тэгэхээр Ү.С-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэж буруу дүгнэснээс гадна хохирол гэх зүйлд шууд бус зардлуудыг тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн, хохиролд огт тооцох боломжгүй зардлуудыг нэмж тооцсонд гомдолтой.

Мөн Б.Ж- тухайн барилгад 178,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан гэдэг нь ямар ч тооцоо судалгаа, баримтгүй.

Долоо. Хохирлыг тодорхойлох шинжээчийн дүгнэлт хууль бус тухайд:

Ү.С-д холбогдох хэрэгт хохирлын үнэлгээг хийсэн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт нь шинжилгээний байгууллагаас гадуур хийгдсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа энэ хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална" гэж заасан. Тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол ... шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж ... сэжигтэн яллагдагч, хохирогчтой ямар холбоотойг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгана” гэж заажээ. Мөн зүйлийн 9.2-т заахдаа “Энэ зүйлийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол захирамжийг гардуулан өгч эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна" гэж заасан байдаг. Гэтэл шинжээч Т.Батбаяр, А.Энхчимэг нарыг хэргийн оролцогчтой ямар холбоотойг тодруулаагүй, ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг шалгаагүй, энэ талаар баримт хэрэгт байхгүй байна. Үүгээрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн тул мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүчингүйд тооцогдох ёстой.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17.6 дугаар зүйлд “Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг тухайн байгууллагын тэмдэг, шинжээчийн гарын үсгээр баталгаажуулна” гэснийг зөрчсөн. Дүгнэлтэд байгууллагын тэмдэг дарагдаагүй, зөвхөн хувийн тэмдэг, гарын үсэг байгаа тул хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Найм. Хохирогч, иргэний нэхэмжлэгчийг буруу тогтоосон.

Ү.С- нь “Барилгын хөрөнгө оруулалтын гэрээ” гэх хэлцлийг “Бишрэлт Өргөө констракшн” ХХК гэх аж ахуйн нэгжээр байгуулсан, гэрээ тус байгууллагын тамгаар баталгаажсан бөгөөд энэ байгууллагын өмнө л Ү.С- төлбөрийн үүрэг хүлээсэн. Харин 2, 3 дахь гэрээнүүд эхний гэрээний үргэлжлэл гэхэд эргэлзээтэй, тамга тэмдэггүй, хоёр талын гарын үсгээр л баталгаажсан байна.

Гэтэл аж ахуйн нэгжээр байгуулсан гэрээний үүргийг тухайн аж ахуйн нэгжийг төлөөлөх эрхтэй эсэх нь хэрэгт тодорхойгүй Б.Ж- гэгч иргэн шаардаад, улмаар хохирогчоор тогтоогдоод, төлбөрийг хүлээн авахаар болоод байгаа нь хууль бус. Зүй нь “Бишрэлт Өргөө” ХХК тухайн харилцаанд хохирогчоор тогтоогдон, уг компанийг Б.Ж- нь төлөөлөх эрхтэйгээ нотлоод, хохирол тухайн компанид олгогдохоор шийдвэрлэгдэх нь зөв байсан.

Яллах дүгнэлтэд ч, шийтгэх тогтоол, магадлалд ч яллах үндэслэл болгосон гэх энэ хэрэгт ач холбогдолгүй нотолгоонууд дурдсан байх ба яллах талын гэж хэлж болохоор ганц баримт нь Б.Ж-гийн өгсөн зөрүүтэй мэдүүлэг л байна. Бусад нь Ү.С-, Б.Ж- нарын асуудалд огт хамаагүй, аль хэдийн хэрэгсэхгүй болсон хэрэгт хамаарах хүмүүсийн мэдүүлэг, гэрчилгээний хуулбар, үнэлгээ зэрэг л байгааг анхаарах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд дээрх бүхий л нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Ү.С- нь залилах гэмт хэрэг үйлдээгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр тус тус хүчингүй болгож, Ү.С-д холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Ү.С-д холбогдох хэргийн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад Ү.С- нь Б.Ж-тай өөрийн өмчлөлийн газар дээр дутуу баригдсан барилгыг үргэлжлүүлэн 1-3 давхрыг барихаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. Энэ гэрээг аль аль тал нь хүлээн зөвшөөрдөг бөгөөд гэрэээний дагуу Б.Ж- хөрөнгө оруулалт хийсэн. 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр орчим тус барилгын ажил явагдаж байсан. Ү.С- нь 30 хувийн гүйцэтгэлтэй барилгад үл хөдлөхийн гэрчилгээ авсан байх бөгөөд 2016 оны 8 дугаар сард барилгаа барьцаалж 330,000,000 төгрөгийн зээл авч, тус барилгын ажлыг дуусгаж, цэцэрлэгийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн баримт хэрэгт авагдсан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг үндэслэлтэй, залилах гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Цагаатгагдсан этгээд болон түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, Р.Оюунцэцэг, Л.Данзанноров нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Ү.С-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ү.С-г  2015 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын 09-ний хооронд өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхонд байрлах газар дээр Б.Ж-тай барилгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 3 давхар барилга бариулах ажлыг гүйцэтгүүлсэн боловч мөнгийг буцаан төлөлгүй, 148,495,545 төгрөгийн хохирол учруулсан буюу уг барилгын ажлыг дахин өөр этгээдээр бариулан ашиглалтад оруулж, Б.Ж-гийн хөрөнгө оруулалт хийсэн мөнгийг нь төлөлгүй залилсан гэх гэмт хэрэгт буруутган ял шийтгэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна эдгээрт дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үздэг болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал Ү.С- нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхонд байрлах өөрийн эзэмшил газар дээр баригдаж буй барилгын гүйцэтгэлийг бүрэн дуусгах, холбогдох хөрөнгө оруулалт олох зорилгын хүрээнд иргэн  Б.Ж-тай харилцан санал бодол, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн тохиролцож, барилгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулжээ. Улмаар гэрээний үүргийн биелэлт, хугацаа, хөрөнгө оруулалтын дүнгийн хэмжээ зэрэг асуудлаар талууд хооронд маргаан өрнөсөн байх бөгөөд энэ талаар Б.Ж- нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, Ү.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан бусдыг хуурч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно. 

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байвал зохино.

Дуусаагүй барилгын гүйцэтгэл, түүний хөрөнгө оруулалтын гэрээний харилцаанаас үүдэлтэй маргааны шинжийг шүүх буруу тайлбарлаж, гэрээний үүргийн үнэлгээг эс зөвшөөрч маргасан санаа зорилгыг бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байхаар урьдаас төлөвлөж хэрэгжүүлсэн байдаг залилан мэхлэх гэмт хэргийн субъектив санаатай адилтган буруу дүгнэлт хийснээс иргэний эрх зүйн харилцааны асуудлыг залилах гэмт хэрэгт тооцсон байна.

Ү.С-гийн үйлдэлд хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан авах санаа зорилго үгүйсгэгдэж байх бөгөөд тэрээр өөрийн өмчлөлийн барилгад Б.Ж-гийн зүгээс хөрөнгө оруулаагүй, эсхүл түүнийг мөнгийг төлөхгүй гэж маргаагүй бөгөөд гагцхүү барилгын ажлын гүйцэтгэлийн зардал болон түүнд оруулсан бодит хөрөнгийг төлөх хүсэлтэй байгаагаа тогтвортой мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар батлагдаж байхад түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Ү.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Ү.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, цагаатгагдсан этгээд Ү.С- болон түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, Р.Оюунцэцэг, Л.Данзанноров нарын гаргасан “...залилах гэмт хэрэг үйлдээгүй, Иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах” агуулгатай гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1207 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 941 дүгээр магадлалыг  тус  тус  хүчингүй  болгож,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Ү.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН