Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-12-13
Тогтоолын дугаар 645
Хэргийн индекс 188/2018/0834/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Ч.Х, А.Г нар
Зүйл заалт 10.1.1
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ч.Х-, А.Г- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч С.Намжилмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Түвшинтөгс, түүний өмгөөлөгч Д.Даваа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 726 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 898 дугаар магадлалтай, Ч.Х-, А.Г- нарт холбогдох 1808024600569 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч Э.Энххэрлэн, С.Намжилмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, барилгын засалчин мэргэжилтэй, хувиараа барилгын туслахын ажил эрхэлдэг байсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 164 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж байсан, Б овогт Ч-н Х-,

2. Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй 39 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, А уул овогт А-н Г-.

Ч.Х- нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 65-8 тоотод Ч.Г-той маргалдаж толгойн тус газар нь цохиж алсан,

А.Г- нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 65-8 тоотод Ч.Х-тай “цалин өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан биөийг нь маажиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.Х-ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, А.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар 1.1-д зааснаар шүүгдэгч А.Г-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Х-ыг 12 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдпүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч Э.Энххэрлэн гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ч.Х-ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2 гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3 гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр бүрэн дүүрэн нотлогдоогүй гэж үзэж байна.

Учир нь, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.Г-ийн /1-хх-86/, /1хх-90/, гэрч Б.Х-ын /1хх-78-79/, /1хх-80-81/, гэрч Г.Х- /1-хх-59/, насанд хүрээгүй гэрч Г.А- /1-хх-69-70/, /1-ХХ-192/,  насанд хүрээгүй гэрч Г.Х- /2-хх-191/, гэрч М.А- /1-хх-51-52/, /1хх-53-54/, /1хх-55/ нарын өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг харьцуулан судлахад өөр хоорондоо эрс зөрүүтэй, эргэлзээ бүхий байхад миний үйлчлүүлэгчийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ...Ч.Г-той маргалдаж толгойн тус газар нь цохиж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай байна.

Тухайлбал, давж заалдах шатны шүүхийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1989 дугаартай шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 3, 4, 5 дахь заалтуудыг хүчингүй болгож, шүүхийн тогтоолын 1, 2 дахь заалтууд болон магадлалд заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр шийдвэрлэсэн атал дээрх заалтуудад заасан ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвлан хийлгүйгээр шүүгдэгч А.Г-ийг яллагдагчаар татаж, ял сонсгосноос бус магадлалд заагдсан ажиллагаа хийгдээгүй.

Мөн энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй урьд хэргийн талаар ямар нэгэн байдлаар мэдүүлээгүй, насанд хүрээгүй 6 настай гэрч Г.Х-аас “...тоосгоор Ч.Х- нь талийгаач Ч.Г-ын толгой тус газар нь цохисон” гэж авсан мэдүүлэг нь хуулийн шаардлага хангаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйл /Арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах/-д заасан шаардлагад арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахдаа түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл, садангийн хүн, сурган хүмүүжүүлэгч нарыг оролцуулахгүйгээр ямар үндэслэлээр зөвхөн өмгөөлөгч Б.Баттөрийг мэдүүлэг авах ажиллагаанд оролцуулж мэдүүлэг авсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Ингэж хууль зөрчиж мэдүүлэг авсныг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй.

Насанд хүрээгүй гэрч Г.Х-ыг анхан шатны шүүх “...06 настай, 01 жилийн өмнө өгсөн мэдүүлгээ санахгүй байгаа нь түүний нас, сэтгэхүй, биеийн хөгжлийн онцлогтой холбоотой бөгөөд түүний “өмнөх мэдүүлгээ санахгүй” гэж хэлсэн тайлбар түүний өмнө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үгүйсгэх үндэслэлгүй” гэж дүгнэжээ.

Уг хэрэг явдал 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өрнөсөн. Давж заалдах шатны шүүхэд хянагдаж мөрдөн байцаалтын шатанд буцсан хойно 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаан 9 сар өнгөрсний дараа /тухайн үед 5 настай байсан хүүхэд/ 6 настай хүүхэд болсон үйл баримтыг гэнэт тод санаж эрх зүйн бүрэн чадамжтай, насанд хүрсэн хүн мэт өгсөн мэдүүлгийг үндэслэл болгосон анхан шатны шүүхийн тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйл /Яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх/-ийн 1 дэх хэсэг “Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ.” мөн хуулийн 6 дахь хэсэгт “Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.” гэж хуульчилсан атал Ч.Х- нь яллах дүгнэлт гардаж 2019 оны авахгүй байгаа талаар хавтаст хэрэгт тэмдэглэл үйлдэн өмгөөлөгч нарт нь мэдэгдэлгүй хэргийг шүүхэд яаравчлан шилжүүлсэн нь миний үйлчлүүлэгчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, мэдээлэл авах, яллах дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт, гомдол гаргах эрхийг нь зөрчсөн ба анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэх явцад Ч.Х-ыг шүүгдэгч нэр томьёотой оролцож, хэрэг шүүхэд шилжсэн хойно анхан шатны шүүхийн санаачилгаар гардуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчжээ.

Иймд Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч миний үйлчлүүлэгч Ч.Х-ын гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг баримтлан шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Ч.Х-ыг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч С.Намжилмаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх хэрэг учрал болох үед гадаа хамт байсан Г.Х-, Б.Х-, гэрт байсан А.Г-, М.А- нар нь цаг хугацааны хувьд болон болсон үйл явдлын талаар Ч.Х-ын мэдүүлгийг үгүйсгэсэн байдлаар мэдүүлдэг боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Г.Н-ийн “...Намайг гэртээ ирэхэд миний доорх дүү Г.А- “аниа өнөөдөр орой таныг гэртээ ирээд гарсны дараа 19 цагийн үед манай гэрт зодоон болоод Х- ах Г- ахтай зодолдоод, Г- ахын духнаас цус гараад зодсон. Х- ах хашаа даваад зугтаад явчихсан” гэжээ.

Г.Х-, Б.Х-, А.Г-, М.А- нарыг хэн нь ч шүүгдэгч Х-ыг хохирогч Г-ыг юугаар, яаж, хаана цохиж байсныг гэрчлээгүй байхад шүүх хохирлыг үүссэн маргаантай хийсвэрээр холбож ийнхүү дүгнэснийг өөрөөр хэлбэл, Ч.Х- нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 11-17 цаг хүртэл хохирогч Г-, гэрч Б.Х-, А.Г-, Б.Х-, Г.Х-, М.А- нарын хамт байсан болон Х-ын мэдүүлснээр гэртээ харилгүйгээр Г-ийн гэрт хохирогч Г-ын хамт архи ууж 2019 оны 05 дугаар 18-ны өдрийн 16:45 цагт байрныхаа гадаа байсан нь камерын бичлэг, Х-, Э-, Г-, Ч- нарын мэдүүлэг болон ямар ч нотлох баримтаар үгүйсгэгддэггүй цаг хугацааг шүүх анхааран үзсэнгүй.

Насанд хүрээгүй гэрч А-н /1хх-64-67/... архи уугаад нар жаргах гэж байхад... гэснээс дүгнэхэд 2018 оны 05 дугаар сарын 18-нд нар хэдэн цагт жаргаж байсныг цаг уур шинжилгээний газраар тогтоогоогүй. Шүүхийн магадлалд заасан заалтуудыг шалгаж тогтоогоогүй байхад шийдвэрлэснийг мөн шүүх насанд хүрээгүй Г.Н-, Г.А- нарын мэдүүлгийг нотлох баримтанд үнэлж толгойн тус газар нь цохиж цус гаргасан, түүний үйлдлийг шууд гэрчилсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Насанд хүрээгүй гэрч Г.Н- нь Х- Г-ыг цохьсон гэх цаг хугацаа байгаагүй, шууд бус нотлох баримт, харин гэрч Г.А-, Б.Х- хохирогч Г- нарыг зодолдож байсан гэх боловч хаана нь юугаар яаж цохиж байсныг гэрчлээгүй, толгойноос нь цус гоожиж байсан гэснээс дүгнэлт хийхэд толгойноос гарсан цус нь гэмтэл авсан гэж дүгнэхэд эргэлзээтэй байсан байна. Өөрөөр хэлбэл гэрч Г.Н- /хх-64/... ээж намайг харчихаад буцаад унтаад өгсөн, архи үнэртэж гэр орны зүйл замбараагүй, галын дэгээ төмөр голоороо тахийж мурийж дугуй хэлбэртэй болчихсон, цахилгаан тогооны таг хагарчихсан, унь хугарсан, хоёр унь сугарчихсан байсан, тэгээд би хувцсаа сольчихоод гэрээсээ гараад Хилчин хотхон явж сагсан бөмбөг тоглож байгаад 23 цагийн үед гэртээ ирсэн. Намайг ирэхэд ээж Г-, Х-, А-, А- эгч, Х- ах, бас нэрийг нь мэдэхгүй нэг ах нар архи ууж байсан ба... таныг гэртээ ирээд гарсны дараа манай гэрт зодоон болоод “Х- ах, Г- ахтай зодолдоод Г- ахын духнаас цус гараад зодсон. Х- ах намайг гэртээ ирэхэд байхгүй байсан” гэснээс үзэхэд гэрч Н-ийг хичээлээс ирэхээс өмнө гэрт зодоон болсон байна, харин энэ үед хохирогч Г-ын хамраас цус гарсан, биед нь ямар нэгэн гэмтэл авсан талаар мэдүүлээгүй, харин Г.Н-ийн хувцсаа солиод сагсан бөмбөг тоглохооор явсны дараа зодоон болсныг гэрч Ариунхүсэл, Н-д дамжуулан хэлсэн болон шүүгдэгч Х- нь Н-ийг хичээлээс ирэх болон сагсан бөмбөг тоглоод явах, ирэх үед байгаагүй, харин 23 цагт Х-, Х-, А-, А- нар архи ууж байсан болон зодолдож байсан талаар гэрч, Г Ариунхүсэл, Г.Н-д хэлснээс дүгнэлт хийхэд хоёр өөр цаг хугацаанд зодолдсон болон Х- нь хохирогч Г-ын амь насыг хохироосон гэж дүгнэсэн нь эргэлзээтэй болж байна.

Мөн шүүх насанд хүрээгүй Г.Н-, Г.А- нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй орхих нь хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь тал бүрээс нь хянаж насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлгүүд хэргийн бодит байдалд нийцээгүй, цаг хугацааны зөрүүтэй, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.А- “Ээжийн хэл гэснээр хэлсэн юм” гэснээс дүгнэхэд нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байна.

Гэрч Г.Н- хэрэг болох цаг хугацаанд байгаагүй, хэрэг гарсан цаг хугацаанд Г.А-ийн мэдүүлгээр Х- гэж мэдүүлснийг гэрч Н- Х- бригадын дарга гэж залруулсан нь мөрдөн байцаагч мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой, мөрдөн байцаагч Банзрагч энэ хэрэгтэй холбоотой арга хэмжээ авсан хэрнээ өөр мөрдөн байцаагчаар шалгуулахаар хүсэлт гаргуулсан боловч хүсэлтийг хүлээж аваагүй, хэргийн нотлох баримтыг эргэлзээтэй болгосон.

Мөн шүүх яллах дүгнэлтийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гардуулах ажиллагаа хийсэн боловч Х- яллах дүгнэлт гаргуулж авахаас татгалзсан гэжээ.

Шүүгдэгч Х-ыг бичиг үсэг мэдэхгүйг хяналтын прокурор мэдэж байгаа хэрнээ Х-ыг яллах дүгнэлтийг уншаад өг гэхэд прокурор “Надад яллах дүгнэлт унших зав алга” гээд ажлын цаг дуусаж байхад очоод өмгөөлөгчдөд мэдэгдээгүй байна. Шүүгдэгч Х- нь яллах дүгнэлтийг гардан авахаас татгалзаагүй, харин яллах дүгнэлтийг уншиж өгөхийг прокуророос хүссэн байдаг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Даваа хэлсэн саналдаа “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 726 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн  хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 898 дугаар магадлалтай хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нар хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Ч.Х-ад холбогдуулж үйлдсэн яллах дүгнэлтийн зүйлчлэл тохирсон бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг давж заалдах шатны шүүх хянаад шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий гэж дүгнэсэн байгаа учраас хяналтын журмаар дахин шийдвэрлэж, цагаатгах үндэслэл байхгүй. Өмнө нь хэргийг мөрдөн байцаалтад буцааж насанд хүрээгүй гэрчүүдийг асуухдаа хууль зөрчсөн асуудлыг залруулсан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Г- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, Ч.Х- нь хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Ганцхан насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлгээр бус тухайн үед байсан гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдсон. Яллах дүгнэлттэй танилцах эрхийг сануулсан боловч танилцахгүй гэсэн учраас шүүх хурал завсарлаж, уншин сонссон талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон шийтгэлийг оногдуулсан. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч Э.Энххэрлэн, С.Намжилмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн Ч.Х-, А.Г- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ч.Х- нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 65-8 тоотод Ч.Г-той маргалдаж толгойн тус газар нь цохиж алсан,

А.Г- нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 65-8 тоотод Ч.Х-тай “цалин өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан биөийг нь маажиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, насанд хүрээгүй гэрч болон бусад гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ч.Х-, А.Г- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байна.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцжээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр хүнийг алсан гэмт хэрэгт Б.Х-ад 12 жил хорих ял, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт А.Г-ийг гэм буруутайд тооцож,  гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул тус үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ч.Х-ад прокурор яллах дүгнэлтийн хувийг гардуулж өгөөгүй гэх боловч тэрээр яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзсан учир энэ талаар прокурор тайлбар бичиж хэрэгт хавсаргасан, мөн анхан шатны шүүх хурал дээр шүүгдэгчид яллах дүгнэлийг гардуулах ажиллагааг өмгөөлөгч нарыг байлцуулан улсын яллагчаар хийлгүүлэхээр 50 минут шүүх хуралдааныг завсарлуулан гардаж авсны дараа хуралдааныг цааш үргэлжлүүлэн хийсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч Ч.Х-ын гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг баримтлан шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү”, өмгөөлөгч С.Намжилмаагийн гаргасан “...хэргийн нотлох баримтууд эргэлзээтэй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэсэн агуулгатай гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 726 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 898 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч Э.Энххэрлэн, С.Намжилмаа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН