Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2020-02-12
Тогтоолын дугаар 93
Хэргийн индекс 160/2017/0164/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Ц.О, Д.Н
Зүйл заалт 097.1., 187.1.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Ц.О, Д.Н нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхбаяр, В.Удвал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа, Г.Баттогтох, иргэний хариуцагчийн төлөөлөгч Х.З, С.Н, Д.А, тэдний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, С.Пүрэвсүрэн, Ө.Учрал, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 199 дүгээр шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаар магадлалтай, Ц.О, Д.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхбаяр, В.Удвал нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Ц.О нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодод хүнд гэмтэл болгоомжгүй учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, Д.Н нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт заасан “Галт зэвсгийг хайхрамжгүй хадгалж, бусдад ашиглах боломж олгосны улмаас бусдад хүнд хор уршиг учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүх шүүгдэгч Ц.О-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Н-ийг галт зэвсгийг хайхрамжгүй хадгалж, бусдад ашиглах боломж олгосноос хүнд хор уршиг учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.Н-т холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож,

Прокуророос шүүгдэгч Ц.О-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Шүүгдэгч Д.Н нь 4 400 000 төгрөг, шүүгдэгч Ц.О нь 2 750 000 төгрөг, “Г” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв 200 000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-д төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 498 дугаар зүйлийн 498.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ын нэхэмжлэлээс 188 797 699 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардалд 3 517 901 төгрөгийг “Гурван тамир” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-аас 750 000 төгрөг, шүүгдэгч Д.Н-ээс 750 000 төгрөг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Зд олгохоор шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Оын өмгөөлөгч Г.Энхбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа“...Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Оыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлсөн, цаашид төлөхөө илэрхийлсэн гэж үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, цаашид хохирлыг ямар эх үүсвэрээр хэдийг төлөх нь тодорхойгүй гэж үзээд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Ц.Оаас хэдэн төгрөгийн хохирол гарах нь тодорхойгүй байхад хэрхэн төлөхөө илэрхийлэх боломжгүй, харин цаашид гарах хохирлыг төлнө гэсэн нь хуульд нийцэж байгаа.

Эрхэлсэн ажилгүй гэж байгаа нь түүнийг хохирол төлөх боломжгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Ц.О гэмт хэрэг үйлдэхдээ 16 настай буюу өсвөр насны хүүхэд байсан. Анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм бурууд маргадаггүй, шүүх хурлаас өмнө хохирлыг өөрийн хэмжээнд төлсөн.

Мөн анхан шатны шүүх хурлаас өмнө 1 500 000 төгрөг төлсөн нь хохирлыг төлөхөө илэрхийлсэн хэлбэр юм. Ц.О ял эдэлснээр хохирогчийн хор уршиг арилахгүй, мөн шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүй байснаараа хохирол төлөгдөх нөхцөл үүснэ. Давж заалдах шатны шүүх хэргийн байдалд нийцээгүй, хуульчлаагүй үндэслэлээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Харин анхан шатны шүүх “Итгэлт Эстимейт” ХХК-иар хохирлын үнэлгээ гаргасан нь буруу байхад уг үнэлгээний зардал болох 1 500 000 төгрөгийн 50 хувь болох 750 000 төгрөгийг Ц.Оаас гаргуулсан нь буруу тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, иргэний нэхэмжлэгчид олгох 750 000 төгрөгийг төлөх хэсгийг хүчингүй болгож, Ц.От холбогдох бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Нийн өмгөөлөгч В.Удвал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлалыг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Д.Нийг 2002 оны Эрүүгийн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх цаг хугацаанд Д.Нийн холбогдсон хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байсан боловч 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэргийн шинжгүй болсон байхад Эрүүгийн хуулийн 20.6 дугаар зүйлийг буруу тайлбарлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх хууль ёсны зарчмыг зөрчиж, Д.Нт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохгүйгээр шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг буруу хэрэглэснээс гадна Д.Нийн хувьд хэрэг маргаанаа түргэн шуурхай шийдвэрлүүлэх эрхийг зөрчиж байна.

Иймд Д.Нт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би Г.Энхбаяр өмгөөлөгчийн гаргасан саналтай нэг байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Баттогтох хэлсэн саналдаа “...Магадлалыг дэмжиж байна. Иргэний хариуцагчаар татагдсан байгууллага, хүмүүсийн буруутай үйлдлээс болж хүний эрүүл мэндэд маш ноцтой хохирол учирсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэсэн нь үндэслэлгүй. Мөн Ц.О хохирлыг төлсөн, төлөхөө илэрхийлсэн асуудал эргэлзээтэй байгаа.

Иймд магадлалыг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа хэлсэн саналдаа “...Миний бие давж заалдах шатны шүүхэд 3 үндэслэлээр гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх нэг үндэслэлээр нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хоёр үндэслэлд дүгнэлт өгөөгүй. Магадлалаар анхан шатны шүүхэд буцаасан учраас хяналтын журмаар гомдол гаргаагүй. Гэхдээ хяналтын шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх дүгнээгүй гомдолд дүгнэлт хийхийг хүсч байна. Х.З, Д.А нарыг иргэний хариуцагчаар татах ёстой, хууль ёсны дагуу шинжээч томилж, дүгнэлт гарсан байхад шүүх үнэлэхгүй байж болохгүй. Энэ хоёр асуудлаар дүгнэлт хийж өгнө үү. Магадлалыг дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагч С.Н-ийн өмгөөлөгч Ө.Учрал хэлсэн саналдаа “...Магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагч Д.Аын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ бодит байдалд зөв дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй.

Иргэний хариуцагч Д.Аыг мөрдөгчийн тогтоолоор иргэний хариуцагчаар татсан хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар 1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй. Хэрэг Д.Аын гэрээс 5 километрийн зайд буюу Д.Нийн гэрт болсон. Дадлага хийж байсан газрыг шүүгдэгч Ц.О сайн дураар орхиж явсан. “Г” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Д.А нарын хооронд дадлага хийлгэх гэрээ байгаагүй талаар гэрч, иргэний хариуцагч С.Н, Д.А нар мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагч Х.Згийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Х.З нь “Г” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш бөгөөд тухайн үед томилолтоор ажиллаж ирээд тайлангаа бичсэн. Гэтэл түүнийг иргэний хариуцагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй.

Анхан шатны шүүх хууль буруу хэрэглээгүй, хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийсэн. Үнэлгээ хийсэн компани нь эрүүл мэндийн бус эд хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй учраас хохирлыг эргэлзээгүй тогтоосон гэж үзэх боломжгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нарт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.От холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Д.Нт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан.

Тэгэхээр Ц.Оын эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн байна. Шүүгдэгч Д.Нийн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж үзсэн. Гэтэл 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр ТОЗ-8 буу нь ангын болон спортын зориулалттай болох нь тогтоогдсон. 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохоор заасан байхад прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүх галт зэвсгийг хайхрамжгүй хадгалж, бусдад ашиглах боломж олгосноос бусдад хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт буруутайд тооцож, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэсэн байна. Иймд дээр дурдсан зүйлсийг тусгаж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхбаяр, В.Удвал нарын гаргасан гомдлыг үндэслэн Ц.О, Д.Н нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Оыг 2017 оны 04 дүгээр сарын 09-ний орой Архангай аймгийн Эрдэнэмандал сум, ... нутаг дэвсгэр “Баартын их өвөлжөө” гэх газарт оршин суух Д.Нийн гэрт Тоз-8 загварын калибр бууг нь оролдож байхдаа Б.Л-ын баруун хацарт буудаж, түүний бие махбодод нь хүнд гэмтэл учруулсан,

Д.Нийг өөрийн эзэмшлийн Тоз-8 загварын калибр бууг хайхрамжгүй хадгалж, Ц.От ашиглах боломж олгосноос Б.Л-ын бие махбодод хүнд гэмтэл учруулсан үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Харин шийтгэх тогтоолын Ц.От оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хийхдээ яагаад ял оногдуулахгүйгээр тэнсэх болсон үндэслэлээ тайлбарлаагүй, хэрэв уг үндэслэл тогтоогдсон бол “тэнсэх” арга хэмжээ авах урьдчилсан нөхцөлд нийцэж байгаа эсэхэд огт дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтыг зөрчжээ.

Энэхүү зөрчлийг давж заалдах шатны шүүх илрүүлж, арилгуулахаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Нт холбогдох хэргийг  шийдвэрлэхдээ 2002 болон 2015 оны Эрүүгийн хуулиудыг харьцуулж, дүгнэлт хийлгүйгээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангаагүй  байна.

Тухайн шийдвэрлэж буй гэмт хэрэг хоёр хуулийг дамнан шийдвэрлэгдэж байгаа нөхцөлд аль хуулийг сонгох, хууль буцаан хэрэглэх эсэх, сүүлийн хуулиар уг үйлдэл, эс үйлдэхүй гэмт хэрэгт тооцогдох эсэх зэрэгт хууль хэрэглээний дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай бөгөөд үүнээс шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх үндэслэл, уг үндэслэл эрх зүй болоод хуульд нийцсэн эсэхийг дээд шатны шүүхүүдээс  хянаж, үнэлгээ, дүгнэлт өгөх боломж бүрддэг.

Анхан шатны шүүх Д.Нт холбогдох хэрэгт дээрх асуудлын талаар өөрийн дүгнэлтийг хийгээгүй, үндэслэлээ тодорхойлоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтын шаардлагыг хангаагүй ноцтой зөрчилд тооцогдоно.

Түүнчлэн тогтоосон үйл баримтаараа Ц.О, Д.Н нарын хэн аль нь тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч нараас хор уршигтай холбоотой хохирлыг гаргуулаагүй нь ойлгомжгүй, огт дүгнэлт өгөөгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа иргэний хариуцагчаар татагдсан этгээдүүдээс энэ гэмт хэргийн хохирол, хор уршигтай холбогдох зардлыг гаргуулах эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргахад энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байгаа нь хэргийн шийдвэрт бүхэлд нь дүгнэлт хийгээгүй, гомдлын үндэслэлд хариу өгөөгүй гэж үзнэ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг хэн хариуцах, эсхүл хариуцахгүй байх асуудлыг шүүх шийдвэртээ зайлшгүй тусгах ёстой бөгөөд үүнд дүгнэлт хийгээгүй тохиолдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5 дахь заалтын шаардлагыг хангаагүй ноцтой зөрчил болно.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг буюу шүүгчийн эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хийдэг өөрийн дүгнэлт нь үйл баримтын буюу гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрддэг бөгөөд тус бүрт тавигдах шаардлагын талаар заавал дүгнэлт хийж байвал зохино.

Дээр дурдсан зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарах тул магадлалын үндэслэлийг зөв гэж үзнэ.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхбаярын “...магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах”, В.Удвалын “...Д.Нт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхбаяр, В.Удвал нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                          ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН