Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2019-12-04
Тогтоолын дугаар 638
Хэргийн индекс 172/2019/0061/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Б.О-, Ч.З-, Э.Ү- нар
Зүйл заалт 21.2.1., 21.5.1., 22.1.1.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.О-, Ч.З-, Э.Ү- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02 өдрийн 91 дүгээр цагаатгах тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 30 дугаар магадлалтай, Б.О-, Ч.З-, Э.Ү- нарт холбогдох 1728001420158 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Ч-н З-,

2. Монгол улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 18-ны өдөр, Өмнөговь аймаг, Даланзадгад суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ч овогт Э-н Ү-,

3. Монгол улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, экологич, байгаль хамгаалагч мэргэжилтэй, Т овогт Б-ы О-.

Б.О- нь Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ажиллаж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан тус газарт хадгалагдаж байсан ОР7000 загварын металл хайгчийг 2017 оны 08 дугаар сард албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ч.З-, Д.Т- нарт хууль бусаар буцааж өгсөн, мөн уг металл хайгчийг хууль бусаар буцааж өгсөн гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрч Э.Ү-, Ч.З- нарыг ятгаж, тэднээр зориуд худал мэдүүлэг өгүүлсэн,

Ч.З-, Э.Ү- нар нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Байгаль орчин аялал жуулчлалын газарт хадгалагдаж байсан ОР7000 загварын металл хайгчийг хууль бусаар буцааж өгсөн гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар прокуророос шүүгдэгч Б.О-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ч.З-, Э.Ү- нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.О-, Ч.З-, Э.Ү- нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолын тогтоох нь хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар”, 5 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар” гэснийг тус тус хүчингүй болгож, цагаатгах тогтоолын бусад заалт, хэсгүүдийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Л.Солонго бичсэн эсэргүүцэлдээ “...цагаатгах тогтоол, магадлал нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Давж заалдах шатны шүүхээс хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ гэх боловч хэрэгт цугларсан мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр тоггоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Магадлалд “...Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэрч хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, ....зорилгоор өөрт нь ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн байх зэрэг нөхцөлүүд нь Б.О-гийн гаргасан ямар үйлдэлтэй дээрх Эрүүгийн хуулийн аль шинж нь тохирсон болохыг яллах дүгнэлтэндээ прокурор бичээгүй, үүнийг нотлосон талаар нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна...” гэжээ. Гэвч Давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан Э.Ү-гийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Ч.З-н 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар, Э.Ү-, Ч.З- нарыг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн гэрчээр Б.О-тай тус тус нүүрэлдүүлэн авсан мэдүүлэг болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд хэрэгт авагдсан байхад эдгээр нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй, ямар үндэслэлээр дээрх нотлох баримтад тооцохгүй талаарх няцаасан үндэслэлээ тайлбарлаагүй, бичээгүй байна.

Мөн Б.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон байтал давж заалдах шатны шүүхийн магадлалд прокурорын эсэргүүцлийн талаар дурдахдаа /магадлалын 4 дүгээр тал/ “...Б.О-г Эрүүгийн хуулийн 15.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...” гэж хэрэгт холбогдолгүй өөр гэмт хэргийн зүйл заалт бичсэн байна. Б.О-гийн Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан тус газарт хадгалагдаж байсан ОР7000 маркийн металл хайгчийг 2018 оны 08 дугаар сард албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ч.З-, Д.Т- нарт хууль бусаар буцааж өгсөн гэх хэргийн талаар “...Б.О-гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа түүний албан тушаалын ямар албан үүрэг, ямар бүрэн эрх, мөн албан тушаалын ямар байдлаа албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашигласан, эсхүл зориуд хэрэгжүүлээгүй байж өөртөө, бусдад эдийн буюу эдийн бус ашигтай ямар давуу байдал бий болгосныг нотлон тогтоогоогүй, өөрөөр хэлбэл Б.О-гийн ямар үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ямар шинжийг агуулсан талаар нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй” гэх дүгнэлтийг хийжээ.

Гэтэл хавтаст хэргийн хүрээнд зөрчлийн хэрэгт хураагдсан гэх металл хайгчийг хуульд заасан ямар нэг шийдвэр гаргалгүйгээр Ч.З-, Д.Т- нарт буцаан олгож, Д.Т-тай хамт металл хайгчаа хураалгасан С.М- нарын 3 иргэнээс давуу эрх эдлүүлсэн болох нь гэрч Ж.Э-, Б.Д-, С.М- нарын болон Д.Т-ы өөрийн мөн Э.Ү-, Ч.З- нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байхад эдгээр нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна.

Ч.З-, Э.Ү- нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар дүгнэхдээ "... Гэрч Ч.З-н /1-р хавтасны 28-29, 139-140/, гэрч Э.Ү-гийн /1-р хавтасны 135-136/ мэдүүлгүүдийн аль хэсгийг нь гэрчээр нүүрэлдүүлэн байцаагдахдаа зориуд худал мэдүүлсэн гэж буруутган прокурор яллах дүгнэлтэндээ тодорхойлж бичээгүй, шүүх хуралдаанд энэ талаар тайлбар дүгнэлтээ гаргаагүй байна. Шүүгдэгч Ч.З-, Э.Ү- нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд нь тэднийг яллах үндэслэл болохгүй тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ч.З-, Э.Ү- нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ...” гэж дүгнэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ...”, 4 дэх хэсэгт “...Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ...”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол...” гэж хууль тогтоогч худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг тодорхойлон тогтоож өгсөн байхад, анхан шат болон давж заалдах шатны шүүхүүд нь гэрчээр өгсөн мэдүүлгээр яллах үндэслэл болохгүй хэмээн цагаатгаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, гэрчээр өгсөн мэдүүлгийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа нь тодорхойгүй байна.

Гэтэл Ч.З-, Э.Ү- нар нь “...Б.О-тай хамт явж байхад Б.О- нь миний хэлснээр мэдүүлэг өгвөл хэрэг хаагдах гээд байна гэсний дагуу мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаан дээр тууштайгаар мэдүүлсэн нь тэднийг харилцан нэг нэгнийхээ үйлдлийг нотлож байгаа нотолгооны нэг хэсэг болсон гэдэгт огт дүгнэлт хийлгүйгээр гэрчээр өгсөн мэдүүлгээр яллах үндэслэл болохгүй гэж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Ч.З-, Э.Ү- нар нь гэрчээр Б.О-тай нүүрэлдүүлэн мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагааны үед хууль сануулж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн, тэдний худал мэдүүлэг өгсөн талаарх мэдүүлгүүд нь нэг нэгнийхээ мэдүүлэгтэй уялдан холбогдож нотлох баримтыг бүрдүүлж байхад хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой байтал эдгээр нотлох баримтуудыг эс харгалзан зөвхөн гэрчийн мэдүүлэг нь яллах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь төөрөгдөлд орсон гэж дүгнэхээр байна.

Худал мэдүүлэг өгснөөр хууль хяналтын байгууллагыг төөрөгдөлд оруулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах зорилт, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулсан гэж үзэхээр байхад анхан болон давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг барьж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг гаргасан гэж үзэхээр байна.

Мөн Анхан шатны шүүхээс дээрх гэмт хэргүүдэд хохирол шаардсан атлаа тогтоолдоо ямар хохирол учирсан байх ёстой талаарх тайлбар хийгээгүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэргийг “хэлбэрийн төдий агуулсан, энэ хуулиар хамгаалсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учраагүй байна” гэж дүгнэж, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завшуулж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.О- нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох зорилгоор хураагдсан эд зүйлийг буцаан олгосон. Мөн өөрт ашигтай байдлыг бий болгохын тулд гэрч нарыг худал мэдүүлэг өгөхөөр ятгасан. Э.Ү-, Ч.З- нар нь хууль сануулж, үнэн зөв мэдүүлэг өгөхөөр баталгаа гаргасны дараа худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт, бодит байдалд нийцээгүй дүгнэлт гаргасан гэх үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.О-, Ч.З-, Э.Ү- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-, Ч.З-, Э.Ү- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.О- нь Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ажиллаж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан тус газарт хадгалагдаж байсан ОР7000 загварын металл хайгчийг 2017 оны 08 дугаар сард албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ч.З-, Д.Т- нарт хууль бусаар буцааж өгсөн, мөн уг металл хайгчийг хууль бусаар буцааж өгсөн гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрч Э.Ү-, Ч.З- нарыг ятгаж, тэднээр зориуд худал мэдүүлэг өгүүлсэн,

Ч.З-, Э.Ү- нар нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Байгаль орчин аялал жуулчлалын газарт хадгалагдаж байсан ОР7000 загварын металл хайгчийг хууль бусаар буцааж өгсөн гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүрэлдүүлэгч үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг байдаг.

Анхан шатны шүүх Б.О-, Ч.З-, Э.Ү- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлсний үндсэн дээр тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан шийдвэр нь хууль ёсны байх шаардлагад нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдал болон тухайн хэрэгт холбогдсон хүний гэм бурууг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг бөгөөд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хангалттай хэмжээнд нотлогдоогүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг хөндөж үйлдсэн хэрэгт нь холбогдуулан гэрчээр байцаасан мэдүүлгүүдийг яллах талын гол нотлох баримтаар тооцуулахаар хэрэгт хавсарган ирүүлсэн байдлыг хянан үзэж, түүнчлэн дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалан шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан учир эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, тухайн хэрэгт холбогдсон нэр бүхий шүүгдэгч нарыг цагаатгах зарчмыг баримтлан шүүх шийдвэрээ гаргасныг буруутгах үндэслэлгүй болно.

Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, прокурор Л.Солонгийн бичсэн “...шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтуудыг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх” агуулгатай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02 өдрийн 91 дүгээр цагаатгах тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 30 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонгын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН